Францад энэ сарын 1-ний өдөр болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 291 жагсагчийг баривчиллаа. “Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, жагсаалыг улсдаа тэргүүлэх Үйлдвэрчний найман эвлэлээс зохион байгуулжээ. Жагсаалд 780 мянга гаруй хүн оролцсон байна. Хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал Парист болсон бөгөөд 110 мянган хүн нэгджээ. Жагсаал тайван замаар эхэлсэн ч нийгэмд шударга ёс тогтоохыг уриалж, Ерөнхийлөгч Макроныг огцрохыг шаарджээ. Мөн “Louis Vuitton” тэргүүтэй тансаг зэрэглэлийн дэлгүүрээр алдартай Вендом талбайд улбар шар будаг цацаж танхайрчээ. Бухимдсан олон нийт үймээн дэгдээхэд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан тараасан байна. Парисын шүүх цагдаа нарт аюулгүй байдлын арга хэмжээ авах, нисгэгчгүй онгоц ашиглах зөвшөөрөл өгчээ. Лион, Тулуз, Марсель, Ренн, Нант хотод жагсагчид машин шатааж, дэлгүүрийн хаалга, цонх хагалжээ. Ерөнхий сайд Элизабет Борн хариуцлагагүй хандлага, хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Үйлдвэрчний эвлэлүүд дахин жагсаал зохион байгуулахаа зарлаад “Францын уур хилэн намжаагүй” гэдгийг анхаарууллаа. Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэж өнгөрсөн гуравдугаар сараас жагсаал зохион байгуулж байна. Францад одоо мөрдөж буй хуулиар тэтгэврийн насны доод хязгаар 62 байдаг. Макроны Засгийн газар хуулийн төслийг парламентын доод танхимын санал хураалтгүйгээр баталж, Үндсэн хуулийн 49.3-т заасан онцгой эрхээ хэрэгжүүлсэн. Макрон 49.3 дугаар заалтыг хэрэгжүүлсэн Францын анхны Ерөнхийлөгч биш. Шарль де Голлиос эхлэлтэй 49.3 заалтыг баруун, төв, зүүний Засгийн газрууд хэд хэдэн удаа хэрэгжүүлжээ. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалт зэрэг энгийн тохиолдолд энэхүү механизмыг ашигласан байдаг. Макрон Үндсэн хуулийн онцгой эрхээ иргэдийг бухимдуулсан тэтгэврийн шинэчлэлийн хуульд ашигласнаараа ялгаатай. Улмаар Тэтгэврийн шинэчлэлийн тухай хууль ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Дотоод хэргийн сайд Дарманин жагсагчдыг “хар блок” гэгддэг хэт зүүний үзэлтнүүд гэж буруушааж, цагдаа болон нийтийн өмчид халдсан этгээдүүдийг хатуу шийтгэхээ мэдэгдлээ. Гурван сар үргэлжилсэн ажил хаялт, тэтгэврийн тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглааны дараа Засгийн газар Үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээр хийхээ амласан ч шинэчлэлийг эсэргүүцэгчид буулт хийхээс татгалзжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Францын нийгмийн тогтолцоо амьжиргааны тодорхой түвшинг хангахад төрөөс идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Тус улсын тэтгэвэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо нэгэн цагт дэлхийн жишиг байсан юм.
Засгийн газраа үр ашигтай болгох нь түүний зорилго
Сөрөг хүчин болох хэт барууны удирдагч Марин Ле Пен Хөдөлмөрийн өдрөөр Нормандад цуглаан хийж, нийгмийг хурцатгасан гэж Макроныг буруутгалаа. Макроны төв үзэлт бүлэг парламентад үнэмлэхүй олонх болоогүй. Тиймээс иргэдийн эсэргүүцэл тэтгэврийн шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхэд саад болж магадгүй. Засгийн газар тэтгэврийн настай холбоотой хямралыг намжаахыг хичээж байгаа бөгөөд Макрон томоохон хотуудад томилолтоор ажиллажээ. Засгийн газар олон нийтийн дэмжлэгийг авахаар цагаачлалын бодлогоо чангатгаж, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авч, сувилагч, багш нарын цалин, төрийн үйлчилгээний нэмэлт санхүүжилтийг амласан бодлого боловсруулжээ. Макроныг бизнес сэтгэлгээтэй Ерөнхийлөгч гэж иргэд дүгнэдэг. Тиймээс улсаа бизнест ээлтэй, Засгийн газраа илүү үр ашигтай болгох нь түүний эрхэм зорилго. Тэрбээр нийгмийн, тэр дундаа тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг улиран сонгогдох гол бодлого болгохыг хичээж байна. Макроны нэр хүнд 2022 оны арванхоёрдугаар сараас хойш 30 хувиар буурчээ. 2018 онд Шар хантаазтнуудын жагсаалын үеэр түүний нэр хүнд ийм хэмжээгээр буураагүй. Шар хантаазтнуудын нэгэн адил тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид Францад төдийгүй барууны ертөнцөд ардчилал уналтад орсныг харууллаа. Хэвлэлүүд Макроны хоёр дахь бүрэн эрхийн хугацааг Барак Обамагийн засаглалтай зүйрлэж “Макронизмын хязгаар байж магадгүй” гэж бичиж байна. Өсөн нэмэгдэж буй тэтгэвэрийн насныхны зардал хөдөлмөр эрхлэгчдэд түшиглэдэг одоогийн тогтолцоонд нийцэхгүй гэж Макрон үзсэн. Хөдөлмөрийн сайд Оливье Дюссоптын хэлснээр яаралтай арга хэмжээ авахгүй бол 2027 он гэхэд тэтгэврийн алдагдал жил бүр 13 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр, 2018 онд Францын ДНБ-ий 14 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг тэтгэвэрт зарцуулсан байна.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна