Цахиурын хөндийн хатан хаан


“Google”-ийн тэргүүн хатагтай, “YouTube”-ийн хүндэт CEO Сюзан Войжицкийн амжилтын түүх старт-ап эхлүүлэгч, технологи сонирхогчдод цагаан толгой болдог. Интернэт ертөнцийн хамгийн хүчирхэг эмэгтэй мэдээллийн технологийг бизнес хэмжээнд хүртэл хөгжүүлсэн. Технологийн суутнуудыг эрчүүдээр төсөөлдөг. Тэгвэл Сюзан Войжицки бол эрчүүдийн байгуулсан Цахиурын хөндийн хамгийн үнэтэй CEO билээ. 1998 оны есдүгээр сарын жирийн өдөр “Intel” корпорацын ажилтан Сюзан Войжицки халагдах өргөдлөө өгөв. Тэрбээр  Сергей Брин, Ларри Пэйж нартай хамтран ажилласнаар “Google”-ийн түүх эхэлдэг. Тэд Сюзаны гараашийг түрээсэлдэг байв. Оюутан залуусын дэврүүн төлөвлөгөөг Цахиурын хөндийн гигант компани болтол өргөжүүлжээ. Цахим орчинд сурталчлагчдыг татах, зохиогчийн эрхийг хамгаалах, хэрэглэгчдийг бухимдуулахгүй видео хостинг  хийх мэргэн санааг бизнесийн хүрээнд нэвтрүүлсэн юм. 

 

“Google”-ийн тэргүүн хатагтай

 

Түүний гялалзсан карьер, Цахиурын хөндийн хатан хаан болтол дэвжсэн түүх гараашнаас эхэлжээ.  “Google” компанийн түүх, бизнесийн  олон номонд энэ тухай онцолсон байдаг.  Гэхдээ Сюзан зөвхөн гараашийг карьерынхаа  эхлэл гэж боддоггүй. Тэрбээр “Google”-ийг байгуулахын тулд  “Intel” компани дахь тогтвортой ажлын байраа  орхисон. Хоёр оюутны боловсруулсан эргэлзээтэй төслийг дэмжиж, хамтран ажиллахаар ирэхдээ дөрвөн сартай жирэмсэн байжээ. Нөхөр Денистэйгээ ярилцаж зөвлөлдөөд гараашаа түрээслүүлэхдээ “Google” төслийг бичсэн Сергей, Ларри нарт “Би байшин худалдаж аваад удаагүй байна. Моргейжийн зээлээ төлөх ёстой” гэснээр компанийн түүхэнд "16 дугаар ажилтан" нэрээр мөнхөрсөн. Түүнийг “Google”-д очиход ойр тойрныхон нь гайхан асууж байсан гэдэг. Гэхдээ Сюзан дөнгөж өрхөө татаж байсан компанийн хэтийг олж харсан, ирээдүйд хэрхэн өсөхийг мэдэж байлаа. Тэрбээр урьдчилан таамаглах чадвар, зөн бэлгэдээ итгэж шийдвэр гаргадаг. Багадаа мэдээллийн технологийн чиглэлээр амжилтад хүрнэ гэж зүүдлээгүй явжээ. Түүнийг нэр хүндтэй гэр бүлд төрсөн азтай охин гэдэг байв.  Сюзан Войжицки Стэнфордын их сургуулийн профессор Стэнли, Эстер нарын гэр бүлд 1968 оны долдугаар сарын 5-нд  мэндэлжээ.  Эцэг эх нь Польшоос АНУ-д суурьшсан еврей гаралтай хүмүүс байлаа.  Калифорни мужийн Пало Алто хотын ахлах сургуулийн сонины редактор, уран зохиолд дуртай охин байв.  Зохиолч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Харвардын их сургуульд элсэж, утга зохиол судлалаар 1990 онд төгсжээ. Дараа нь Калифорнийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр 1993 онд магистр, 1998 онд докторын зэрэг хамгаалав. Войжицкийн гэр бүл Америкийн нэр хүндтэй “Роялти” клубийн гишүүд. Сюзан хоёр эгчтэй. Энн “Google”-ийн босс Сергей Бринтэй гэр бүл зохиож байв. Тэд 2015 онд албан ёсоор салж, Энн биотехнологийн “23andMe” компаниа байгуулжээ.  Жанет нь салбартаа хүлээн зөвшөөрүүлсэн антропологич.  Тэдний ээж Эстер Войжицки “Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  “Миний охид миний боловсролын туршилт байсан.  Тэдэнд усанд сэлэх, ном унших, дугуй унах, амьдралын ухааныг зааж сургасан. Сахилга бат, хүмүүжил нь охидын минь карьерт нөлөөлсөн.   Сюзан ямар ч нөхцөлд үргэлж ухаалаг байдаг” гэжээ. Тухайн үед компьютерын шинжлэх ухаан  хөгжиж байсан бөгөөд технологийн эрин эхэлснийг анзаарсан Сюзан төлөвлөгөөгөө өөрчилсөн. “Финансиал таймс”сонинд өгсөн ярилцлагадаа "Би инновацыг дэмждэг интернэт компаниудын ирээдүйг харсан. Сергей Брин, Ларри Пэйж нар манай гараашийг түрээслээд таван сар болж байв.  Би тэднээс эгч, технологийн компанид ажилладаг туршлагатай байсан.  Тэр үед ууган хүүхдээ, “YouTube”-д ирээд удалгүй гурав дахь хүүхдээ төрүүлсэн.  Тиймээс энэ хоёр компанийн  талаар ярихдаа “өсгөх” гэдэг үгийг хэлэх  дуртай. Би эдгээр компанийг хөгжүүлэхдээ эхийн сэтгэлээр хандсан.  Төрүүлсэн таван хүүхдээсээ гадна хоёр хүүхдээ эрийн цээнд хүргэсэн” гэжээ. Удирдах түвшинд эрчүүд зонхилж байсан Цахиурын хөндийнхөн түүнийг  “Google”-ийн тэргүүн хатагтай гэдэг байлаа. Сюзан хүүхэд асрах чөлөө авсан “Google”-ийн анхны ажилтан.  Цахиурын хөндийд эмэгтэйчүүдэд чиглэсэн корпорацын соёлыг бий болгосон. 2016 онд “Google” эмэгтэй ажилтнуудынхаа хүүхэд асрах асрах цалинтай чөлөөг  18 долоо хоног болгох өөрчлөлт хийсэн. Тэрбээр АНУ-ын төрийн тэргүүнд хандан эхчүүдийн ажлын байр, цалингийн асуудлыг анхааралдаа авахыг уриалжээ.  Түүний тухай хуучин хамтрагч Шерил Сэндберг  "Сюзан зөвхөн агуу удирдагч биш. Тэр миний төдийгүй олон эмэгтэйн сайн найз, зөвлөгч” гэсэн байдаг.  Войжицки “Google”-ийн зар маркетингийн ажилд анхаардаг байв. Тэрбээр AdWords, контекст сурталчилгааны үйлчилгээ, дараа нь AdSense-ийг хөгжүүлэхэд шууд оролцсон. Түүний санаачилгаар компанийн ашиг орлого 2002-2013 онд  400 саяас 55 тэрбум ам.долларт хүрч өсжээ.  Хамгийн гол нь  Сюзан “Google”-ийг хамгийн хэмнэлттэй хайлтын систем болгосон.  Сюзаны хэлтэс 2014 онд корпорацын нийт ашгийн 87 хувийг бүрдүүлж байлаа. Энэ үеийн хамгийн амжилттай, гайхалтай хэлэлцээрүүдийн нэгийг  2006 онд хийсэн юм. “Google” видео байршуулах үйлчилгээг нэг тэрбум ам.доллароор худалдаж авав.  Үүнийг  Сергей, Ларри нар эрсдэл гэж үзэж дурамжхан хандаж байлаа.  Тухайн үед Сюзан видео үйлчилгээг хөгжүүлбэл, шинэ тутам гарч ирэх өрсөлдөгчдийг зах зээлээс төвөггүй зайлуулна гэж ятгаж чадсан юм.

 

“YouTube”-ийн хүндэт CEO

 

Видео контентын эрэлт нэмэгдсэн шинэ эринийг түрүүлж харсан Войжицкийн ачаар “Google” компани “YouTube”-ийг худалдаж авсан билээ. “YouTube” анх “Flash” технологид суурилсан байв.  Сергей Брин “YouTube”-ийг эхнэр Энндээ хариуцуулав. Тэд 2014 онд гэр бүлээ цуцлуулж,  гүйцэтгэх захирлын алба  Сюзан Войжицкийд иржээ. Өөрөөр хэлбэл, эгчийнх нь салалт Сюзаны карьерт үсрэлт болов.  Гэхдээ  Войжицкийн гэр бүл ажил,  хувийн амьдралаа хольдоггүй дүрэмтэй. Тэрбээр 18:00 цагт харьж, гурван цагийг гэр бүлдээ зориулдаг аж. “Исламын улс” бүлэглэлийн халдлагад  2015 онд өртөн Парист амиа алдсан америк эмэгтэйн ар гэрийнхэн “YouTube”-ийн алгоритмууд террорист бүлэглэлийг элсүүлэхэд тусалсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргав.  Хэрэв шүүх технологийн компанид хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзвэл “YouTube”-ийг хаагаад зогсохгүй интернэтийг бүхэлд нь донсолгох байлаа. АНУ-ын хуулийн дагуу интернэтийн компаниуд хэрэглэгчдийн сүлжээнд нийтэлсэн материалын хариуцлагаас ерөнхийдөө чөлөөлөгдсөн байдаг.   Тухайн үед “YouTube”  зохиогчийн эрхийн зөрчил, зохисгүй агуулга, тэр байтугай хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан дуулианы бай байлаа. Томоохон зар сурталчилгааны компаниуд 2017 онд “YouTube”-тэй хамтран ажиллахаас татгалзжээ.  Сюзан үйлчлүүлэгчдээ эргүүлэн татахын тулд олон нийтээс уучлалт гуйж, “YouTube”-ийн шүүлтүүрийн системийг сайжруулжээ. Тэрбээр “Google”-д байхдаа  мэдээллийг оновчтой болгохыг зорьсон бол “YouTube”-т арай өөр төлөвлөгөөтэй ирсэн. “YouTube”-ийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эко систем гэж харж байлаа. “YouTube”-ийн гүйцэтгэх үүргийг өргөжүүлж, хүн бүрийн дуу хоолойг түгээх, арилжаанаас ангид байлгахыг хүсэж байв.  Цаг хугацаа өнгөрч, хандалт өсөх тутамд бодлогоо шинэчилж эхлэв.  Сурталчлагчдад төлбөр төлөх (мянган үзэлт тутамд ойролцоогоор 20 ам.доллар) болон зохиогчийн эрх эзэмшигчдийн шаардлагыг зөрчсөн контентыг блоклов.  Улмаар шууд дамжуулалт хийж эхэлснээр “YouTube”  телевизтэй өрсөлдөж,  залуу үзэгчдийг урвуулсан юм. Түүгээр ч зогсохгүй есөн жилийн дотор соёл урлаг, улс төрийг өөрчилсөн видео сайтыг бий болгосон.

“YouTube” олон тэрбум үзэгчийг татсан соёлын үзэгдэл болсноос гадна жилд 29 тэрбум ам.долларын ашиг олдог мөнгөний урсгал болов.  Технологийн суурь боловсролгүй, таван хүүхдийн ээж Сюзан Войжицки “YouTube”-ийг мэдээллийн их тэсрэлтийн эриний хамгийн алдартай хэвлэл мэдээллийн платформ болгож чаджээ. Тэрбээр гэр бүл, эрүүл мэнд болон бусад төсөлдөө анхаарах  шалтгаанаар “YouTube”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа өнгөрсөн хоёрдугаар сард орхисон.  Цар тахлын үеэр технологийн салбарт гарсан шилжилт хөдөлгөөний сүүлийг мушгижээ. Тухайлбал, 2021 онд “Амазон”-ы Жефф Безос, 2022 онд “Фэйсбүүк”-ийн Шерил Сэндберг, “Твиттер”-ийн Параг Агравал нар гүйцэтгэх захирлын  албаа өгсөн. Сюзан албаа  олон жил хамтран ажилласан Нейл Монханд шилжүүлжээ. Түүнийг явсны дараа зар сурталчилгааны орлого өмнөх оны мөн үеэс таван хувиар буурчээ. Энэ бол Войжицки “YouTube”-ийн хамгийн том давуу тал байсныг илтгэх бодит тоо. “Google”-ийн удирдлагууд хатагтай Войжицкийг явуулах дургүй байсан бөгөөд  толгой компанид  зөвлөхөөр авч үлдсэн юм.


Сюзан Войжицкийн тухай баримтууд

-Сюзан Войжицки Стэнфордын оюутны хотхонд өссөн.

-Технологийн гигант “Google” компанийн  16 дахь ажилтан. Түүнийг компанийнхан нь “Дугаар 16” гэж нэрлэдэг.

-“Google”-ийг үүсгэн байгуулсан Сергей Брин, Ларри Пэйж нар Калифорни мужийн Менло Парк дахь Войжицкийн гараашийг 1998 онд түрээслэн, хайлтын системээ хөгжүүлжээ.

-Тэрбээр AdSense, “Google Analytics”, “Google Books”, “Google Images”-ийг санаачлан хөгжүүлсэн.

-“YouTube”-ийг 2006 онд 1.65 тэрбум ам.доллароор худалдаж авах санал гаргаж, идэвхтэй хэрэглэгчийн тоог 2.5 тэрбумд хүргэсэн.

-“Google”-ээс өмнө тэрбээр “Intel” компанийн маркетингийн хэлтэст зөвлөхөөр ажиллаж байв.

-Сюзан Войжицки “Форбс” сэтгүүлийн “Хүчирхэг 100 эмэгтэй” жагсаалтын 18-д бичигдсэн.

-Тэрбээр 2014 онд “YouTube”-ийн гүйцэтгэх захирал болсон.

-Сюзан гэрийнхээ оройн хоолыг алгасдаггүй  бөгөөд 18:00-21:00 цагийг  гэр бүлдээ зориулдаг.

-Түүний  хөрөнгийг  815 сая ам.доллар гэж тооцоолжээ.

-Түүний өвөө Францисик Войжицкий  1947 онд Польшийн парламентын гишүүнээр сонгогдсон улстөрч байв. Эмээ Жанина Войжицкий Конгрессын номын сангийн эрдэм шинжилгээний ажилтан байсан гэдэг.

-Тэрбээр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг дэмжсэн.

-2015 онд “Тайм”  сэтгүүлээс тодруулсан дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгд багтжээ.

Х.Эрдэнэзаяа


0
angry
2
care
0
haha
7
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.100.4
2023/05/10
0
0
Aa bas mundag emegtei bna. hun hicheevel ur dund hurj boldgiin jishee bna
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө