III Чарльзын засаглах эрхгүй хаанчлал эхэллээ


Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс 70 жилийн дараа эзэн хаантай боллоо. Цаг агаар таагүй байсан ч Их Британи даяар олон нийтийг хамарсан баярын үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилж, иргэд байшин, гудамж талбайг төрийн далбаагаар чимэглэн шинэ хаантайгаа мэндчиллээ.  Вестминстерийн сүмд болсон хүндэтгэлийн ёслолд хааны гэр бүлийн гишүүд, дэлхийн удирдагчид, төрийн тэргүүнүүд, хүндэт 2300 гаруй зочин урилгаар оролцов.  Чарльзыг хэвлэлүүд “70 жилийн туршлагатай хунтайж”  гэж бичдэг байв. Тэрбээр Уэльсийн хунтайж хэргэмийг 1969 онд хүртсэн юм. XXI зуунд болж буй анхны хаан ширээнд залах ёслол гэдэг утгаараа энэ удаагийн үйл явдал олон улсын анхаарлыг татсан. Феодализм ба христийн зан үйл ихтэй  ч Вестминстерийн сүмд бусад шашны төлөөлөгч оролцон хүндэтгэл үзүүллээ.  Түүхэнд анх удаа шинэ хааныг ислам, хинди, сикх, еврей, буддын шашны төлөөлөл угтсан байна. Гэхдээ  II Элизабетыг 1953 онд хаан ширээнд өргөмжлөх ёслолтой харьцуулбал цомхон болжээ. Ёслолд гэр бүлийн гишүүний хувиар оролцсон ханхүү Гарри хэрхэн биеэ авч явах, хааны удмынхан  түүнтэй хэрхэн харилцахыг гэрэл зурагчид, хэвлэлийнхэн ажиглаж байсан. Гарри Вестминстерийн сүмд болсон ёслолд оролцохдоо гуравдугаар эгнээнд  авга ах нарын хамт сүмд суужээ. Тэрбээр ёслолын дараа нисэх  буудлыг зорьсон.  Титэм залах ёслолын дараа хааны гэр бүл Букингемийн ордны тагтнаас иргэдтэйгээ мэндчилэхэд Гарри оролцоогүй юм.

 

42 тэрбум ам.долларын хөрөнгө өвлөв

 

III Чарльзын хаанчлал эхэлсэн ч тэр засаглах эрхгүй. Их Британид парламентын засаглал бэхэжсэнээр  хаад, хатад эрх мэдлээ аажмаар алдсан. Одоо хааны үндсэн эрх бол Үндсэн хуулийн болон төлөөллийн үүргээ биелүүлэх явдал юм.  Хаан дайн зарлах, энхтайван тогтоохдоо парламентад мэдэгдэх шаардлагагүй.  Их Британийн хаан Зэвсэгт хүчний дээд командлагчийн хувиар тушаал өгдөг.  Хаант засаглалд бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг ч  хаан Англикан сүмийн тэргүүн хамбыг сонгох, сайд нар, ВВС телевизийн захирал, Үндэсний эрүүл мэндийн албаны дарга, Элчин сайд томилох, одон, медалиар шагнах, цол хэргэм өгөх, хуулийн төсөлд хориг тавих эрхтэй. Улс төрийн чиг хандлага, дотоод, гадаад бодлого, дэлхийн нэг, хоёрдугаар дайн зэрэг олон өөрчлөлт XX зуунд өрнөсөн ч Их Британийн улс төрийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөөгүй. Энэ бол гайхах зүйл биш.

Хаант засаглал уламжлал болсноос гадна иргэдэд залгамж чанар, тогтвортой байдлын баталгаа билээ.  Тиймээс нийгмийн судалгаагаар ард түмний олонх нь хаант засаглалыг хадгалахыг хүсдэг. III Чарльзын эрин хаант засаглалын үүрэг, эрх мэдэлд ямар ач холбогдолтой болохыг батлах ёстой.  Хааны удмынхан гэр бүлийн бизнест хамрагдах нь нэр хүнд, насан туршдаа давуу эрх эдлэх боломж юм. Чарльз Британийн эдийн засаг хүнд хэцүү цаг үед хаан ширээнд сууж байна. Тэрбээр цайз, эдлэн газар, уран зураг, үнэт эдлэл зэрэг 42 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Түүний зарим хөрөнгөд татвар ногдуулдаггүй. Хатан хаан өмч хөрөнгөө хэрхэн хуваасан нь одоогоор ил болоогүй. II Элизабетын гэрээслэлийг хуулийн дагуу 90 жилийн дараа нууцын зэрэглэлээс гаргана. “Форбс” сэтгүүлд бичсэнээр,  Чарльзид Балморал шилтгээн, Сандрингемийн ордон, “Аскот” морин тойруулга, урлагийн бүтээлүүд, ховор маркны цуглуулга, хөрөнгө оруулалтын хувьцаагаа өвлүүлжээ. Харин  Букингемийн ордон, Виндзорын шилтгээн, худалдааны Режент гудамж, Лондоны цамхгийг хааны эрх мэдлийн хүрээнд эзэмшдэг.   Букингемийн ордны 1993 онд Засгийн газартай байгуулсан Өмч шилжүүлэх гэрээгээр Чарльз өв залгамжилсны татвар төлөхгүй.  Британийн хааны гэр бүлийн бүх гишүүний нэгэн адил Чарльз сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, 350 орчим буяны сан, байгууллагыг ивээн тэтгэдэг.  “Дэйли телеграф”  сонин 2008 онд Чарльзыг хааны гэр бүлийн хамгийн хөдөлмөрч гишүүнээр нэрлэсэн удаатай.  Эх сурвалжид мэдээлснээр тэрбээр 2008 онд 560, 2010 онд 499, 2011 онд 600 гаруй албан ёсны уулзалтад оролцжээ. Чарльз байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог бөгөөд 2009 онд Бразилын Ой хамгаалагч шагнал, Хатан хааны нийгэмлэгийн  шувууг хамгаалагч медалиар шагнуулжээ.  Тэрбээр 2016 онд Шекспирийн нас барсны 400 жилийн ойд зориулсан жүжигт тогложээ. “Орших уу эс орших уу” гэсэн асуултад хариулт хайсан уг жүжигт Бенедикт Кэмбербэтч, Иан МакКеллен, Дэвид Теннант, Жуди Денч нарын алдартай жүжигчин тоглосон байна.

 

Шинэ хатан хаан Камилла

 

Нэгэн цагт Чарльз, Диана хоёрыг салгасан гэж “Ард түмний үзэн яддаг эмэгтэй” болсон  Корнуоллын гүнгийн авхай Камиллаг хатан хаан болсонд Дианаг хүндэтгэн бишрэгчид таагүй хүлээж авсан. Камиллад Британийн эзэнт гүрний агуу цаг үеийн бэлгэдэл болсон хатан хаан Мэригийн титмийг залсан нь гал дээр тос нэмэх шиг үзэн ядагчдын  дургүйг хүргэлээ.  Энэхүү титмийг 2200 очир эрдэнийн чулуугаар чимэглэсэн бөгөөд 590 гр жинтэй.  Титмийг 1911 онд V Жоржийн хатан Мэрид зориулан урлажээ. Камилла хунтайжтай 1970-аад оны эхээр  дотно харилцаатай байсан ч хатан хааны гэр бүлийн шаардлагад тэнцээгүй. II Элизабета ирээдүйн эзэн хааныг Ерөнхий сайд асан Черчиллийн үеэл, сурвалжит авхай Диана Спенсертэй гэрлүүлсэн. Чарльз хоёр хүүтэй болсон ч Камиллатай  1986 онд харилцаагаа сэргээжээ. Диана гүнж амьд ахуйдаа Камиллаг үзэн яддаг  бөгөөд царай муутай,  ротвейлер гэж хочилж байсан. Гэхдээ түүнийг “Дианагийн сүүдэрт дарагдсан” гэж өмөөрөх нь ч бий.  Харилцаагаа илчлэхгүйн тулд тэд бие биеэ Фред, Глэдис гэж нууц нэрээр дууддаг байв. Сонирхуулахад, Камиллагийн элэнц эмээ Алис Кеппел залуудаа VII Эдвард хаантай дотно харилцаатай байжээ. Тэдний харилцаа хааныг таалал төгсөх хүртэл үргэлжилсэн гэдэг.   Чарльз Камиллатай болзож эхэлснээ 1994 онд олон нийтэд  зарлав. Жил ирэх тусам иргэдийн уур хилэн багасаж, хатан хаан хүртэл тэдний хайр сэтгэлийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд  Чарльз Камилла Паркер-Боулзтай 2005 оны дөрөвдүгээр сард гэрлэсэн.  Виндзорын шилтгээнд  гэр бүлийн хүрээнд хуримын даруухан цайллага хийхэд хатан хаан II Элизабета нөхрийн хамт оролцоогүй юм. Хэдийгээр Камилла хунтайжтай гэрлэсэн ч Уэльсийн гүнж хэмээх эрхэм алдрыг зүүх эрхгүй байлаа. Диана Спенсерийг таалал төгссөний дараа хатан хаан Уэльсийн гүнж хэргэмийг нь үүрд үлдээснээ мэдэгджээ. Чарльз хаан ширээнд суух нь тодорхой. Тэр цагт Камилла ямар цол хэргэмтэй болох вэ гэдэг асуулт 2022 он хүртэл олны дунд яригдсан. “Кроун” цувралд Чарльз Диана гүнжтэй гэрлэхдээ урвасан түүхийг сануулж, Гарри, Меган нарын ярилцлага хааны гэр бүлийн нэр хүндийг ганхуулав. Букингемийн ордноос гүнгийн авхайг хатан хаан болохгүй гэж амласан. Хатан хаан II Элизабета өнгөрсөн оны хоёрдугаар сард Камиллаг “консорт” буюу удаах хатанд өргөмжлөхийг зөвшөөрчээ. Мэдээж Камилла удаах хатан  болохыг хүсээгүй нь лавтай.  II Элизабетаг таалал төгссөний дараа Чарльз Камиллаг удаах хатан бус Их Британийн хатан хаанд өргөмжлөхийг зорьж, ээжийнхээ зарлигийг хүчингүй болгосон юм.  

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 18 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 18 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 20 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 20 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 20 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 21 цагийн өмнө