Олон улсын сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй Пулитцерын шагналын эздийг зарлалаа. Энэхүү шагналыг Америкийн сэтгүүлч, нийтлэлч Жозеф Пулитцерын гэрээслэлээр 1917 оноос олгож эхэлсэн. Түүний Колумбын их сургуульд 1904 онд хандивласан хоёр сая ам.долларыг Америкийн сэтгүүл зүй, уран зохиол, жүжиг, хөгжмийн салбарт гаргасан амжилтыг хүндэтгэх зорилгоор оны шилдгүүдэд олгодог. Утга зохиол, хөгжмийн салбарын шагналыг зөвхөн АНУ-ын иргэнд олгодог сэтгүүл зүйн бүтээлд улс үндэс угсаа хамаардаггүй. Пулитцерын шагналд жил бүр гурван мянга орчим бүтээл нэр дэвшдэг аж. Ангилал тус бүрээс шалгарсан гурван нэр дэвшигчийг 20 шүүгчтэй зөвлөл олонхын саналаар шалгаруулдаг байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн байгууллагын тэргүүн, хэвлэн нийтлэгч, сэтгүүлч, зохиолчид, эрдэмтэд багтдаг. Энэ жил шилдгүүдийг сэтгүүл зүйн 15 төрлөөс гадна ном, хөгжим, театр зэрэг урлагийн найман төрөлд шалгаруулжээ. Ялагчдад тус бүр 15 мянган ам.доллар дагалддаг байна. Америкийн алдартай зохиолч Маргарет Митчелл, Эрнест Хэмингуэй, Уильям Фолкнер, Харпер Ли, Норман Майлер нар Пулитцерын шагналыг хүртэж байлаа. Пулитцерын шагналыг хүртсэн анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч бол Жон Кеннеди. Тэрбээр 1957 онд "Эр зоригийн тухай" намтар номоороо уран зохиолын төрөлд шалгарсан удаатай. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Лос-Анжелес таймс” сонин Шилдэг нийтлэлийн шагналыг зургаан удаа хүртсэн амжилтаараа тэргүүлдэг. Пулитцерын шагналыг зарим шүүмжлэгч либерал үзэл баримтлалыг дэмжигч, эсвэл консерватив үзлийг эсэргүүцдэг хүмүүст давуу эрх олгосон гэж буруутгадаг. Консерватив тоймч Жуниор Л.Брент Бозелл “Пулитцерын шагнал бол либерал өв. Өнгөрсөн хугацаанд ердөө л таван консерватив сэтгүүлч шагнал авсан” гэж бичиж байв. Миссуригийн их сургуулийн сэтгүүл зүйн профессор Ян Волс, Хятадын сэтгүүлч Фрэнсис Ли нарын судалгаанд дурдсанаар 1991 оноос хойших Пулитцерын шагналтнуудын 27 хувь нь эмэгтэйчүүд бол редакцаас нэр дэвшүүлсэн авторуудын 33 хувь нь эмэгтэй сэтгүүлч байжээ. Тэр дундаа “Нью-Йорк таймс” зэрэг элит хэвлэлд ажилд орохын тулд эмэгтэй өргөдөл гаргагч эрчүүдээс илүү боловсрол, туршлагатай байхыг шаарддаг. Энэ бүхэн шүүмжлэл дагуулсан сэдэв. Тиймээс 2019 оноос Пулитцерын шагналд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг харгалздаг болсон. 107 дахь удаагийн шагналд “Ассошиэйтед пресс”, “Нью-Йорк таймс”, “Лос-Анжелес таймс” сонины сэтгүүлчид өнгөлжээ. АНУ-ын Дээд шүүхээс үр хөндөлтийн стандартыг хүчингүй болгосон шийдвэр, хилийн цэргийн бүсэд цагаач хүүхдүүдийг эцэг, эхээс нь тусгаарлах бодлого, Миссисипи дэх халамжийн зардлыг тойрсон дуулианыг баримтжуулсан нийтлэлийг дурдаж болно. Тухайлбал, “Нью-Йорк таймс” сонины редакц олон улсын сурвалжилга, гэрэл зураг, тайлбарын төрөлд шагнал хүртсэн. Харин “Ассошиэйтед пресс” агентлагийн бэлтгэсэн Мариуполь хотыг бүсэлсэн үеийн тусгай сурвалжилга хоёр төрөлд шагнал хүртсэн байна. “Вашингтон пост” сонины Каролин Китченер үр хөндөлтийг стандартын тухай нийтлэлдээ Техасын өсвөр насны охин үр хөндүүлэхийг хориглосон шинэ хязгаарлалтын дараа ихэр хүүхэд төрүүлсэн тухай дурджээ. Мөн тус сонины сэтгүүлч Эли Саслоу уран зохиолын төрөлд шалгарсан юм. “Лос-Анжелес таймс” сонины редакц одоо ч амь бөхтэй оршиж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хөндөж, хотын удирдлагуудын нууц яриаг дэлгэсэн шуурхай мэдээгээрээ түрүүлжээ. Тус сонины фото сурвалжлагч Кристина Хаус уран сайхны гэрэл зургийн төрөлд түрүүлсэн байна.
Сэтгүүл зүйн салбарын шилдгүүд
Шилдэг нийтлэл: “Ассошиэйтед пресс” агентлагийн сурвалжлагч Мистислав Чернов, Евгений Малолетка, Василиса Степаненко, Лори Хиннант нарын бэлтгэсэн Мариуполь хотын бүслэлтийн тухай тусгай сурвалжилга. Украины сэтгүүлчдийг халуун цэгт эр зоригтой ажилласны төлөө Пулитцерын шагнал олгожээ.
Шуурхай мэдээ: “Лос-Анжелес таймс” сонины редакц арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл баримтлалыг харуулсан хотын захиргааны нууц яриаг илчилсэн. Шуурхай мэдээнд орон нутгийн улс төрд нөлөөлж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг товч, тодорхой тусгасныг Колумбын их сургуулийн зөвлөл үнэлжээ.
Эрэн сурвалжлах нийтлэл: Холбооны 50 агентлагийн албан тушаалтнуудын санхүүгийн ашиг сонирхлын зөрчил, тэдний зохицуулж байсан хувьцааг худалдаж авсан, худалдсан этгээдүүд болон олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүмүүсийн ёс зүйн бусад зөрчлийг илчилсэн цуврал нийтлэлээрээ “Уолл стрийт журнал” сонины редакцад олгосон.
Асуудал дэвшүүлсэн нийтлэл: Цагаач хүүхдүүдийг эцэг, эхээс нь хүчээр салгаж, хүний эрх зөрчиж буйг баримтжуулсан сурвалжилга, тайлан нийтлэлээрээ “Атлантик” сэтгүүлийн Кэйтлин Дикерсон шалгарчээ.
Орон нутгийн сэдэв: Бруксид хотын цагдаа нар хэрэг илрүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд оршин суугчдыг хэрхэн хулгайлж байсныг илчилсэн цуврал бүтээлээрээ Бирмингемийн “AL.com” сайтын Жон Арчибалд, Эшли Ремкус, Рэмси Арчибалд, Челлен Стивенс нар Пулитцерын эзэн боллоо. Тэдний нийтлэлийн мөрөөр төрийн аудитын шалгалт хийж, хотын цагдаагийн даргыг огцруулжээ. Мөн энэ төрөлд Миссисипи мужийн амбан захирагч албан тушаалаа ашиглан гэр бүл, найз нөхдөдөө хувийн ашиг тусын тулд төрийн халамжийн олон сая ам.доллар завшсаныг мэдээлсэн сэтгүүлч Анна Вулф шалгарчээ.
Үндэсний сэдэвт нийтлэл: “Вашингтон пост” сонины Каролайн Китченерийн үр хөндүүлэхээс татгалзсан шинэ хязгаарлалтын дараа Техасын өсвөр насны охин ихэр хүүхэд төрүүлсэн тухай нийтлэлийг шалгаруулжээ.
Олон улсын сэдэвт нийтлэл: “Нью-Йорк таймс” сонины редакц ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг найман сарын турш сурвалжилсан цуврал сурвалжилгаараа Пулитцерын шагнал хүртэв.
Онцлох нийтлэл: “Вашингтон пост"-ын Эли Саслоу тахал өвчин, донтолт, тэгш бус байдалтай тэмцэж буй хүмүүсийн тухай өгүүлсэн нийтлэлээрээ хүртжээ. Түүнийг орчин үеийн Америкийн хурц тод дүр зургийг хөндсөн гэж үзсэн байна.
Тайлбар: Алабамад арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт өнөөдөр ч байгааг баримтжуулсан фото, аудио, бичлэгийн төрөл хосолсон нийтлэлээрээ Бирмингем хотын “AL.com” сайтын Кайл Уитмирийг шалгаруулжээ.
Шүүмжлэл: “Нью-Йорк” сэтгүүлд утга зохиол, нийгмийн соёлын шүүмж бичдэг Андреа Лонг Чуд олгожээ.
Редакцын нийтлэл: Флоридагийн төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн тохижилт, үйлчилгээг хийгээгүй тухай цуврал нийтлэл бичсэн “Майами гералд” сонины Нэнси Анкрум, Эми Дрисколл, Луиса Янез, Исадора Рангел, Лорен Костантино нар шалгарсан юм.
Фото нийтлэл: "Нью-Йорк таймс” сонины Мона Чалабид “Амазон”-ы үүсгэн байгуулагч Жефф Безосын асар их баялаг, эдийн засгийг харуулсан статистик тайланг сэтгүүл зүйн дүн шинжилгээтэй хослуулсан гэрэл зургийн нийтлэлээрээ энэ төрөлд шагнал хүртжээ.
Шуурхай мэдээний гэрэл зураг: ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны дараах Мариуполь хотын төрхийг харуулсан “Ассошиэйтед пресс” агентлагийн гэрэл зургуудыг онцолсон байна.
Уран сайхны гэрэл зураг: “Лос-Анжелес таймс” сонины Кристина Хаусын дуранд буусан гудамжинд амьдардаг 22 настай жирэмсэн эмэгтэйн зургийг шалгаруулжээ.
Аудио баримт: “Гимлет” медиагийн Конни Уолкер Канадын сургуульд сурдаг уугуул иргэдийн хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн тухай эрэн сурвалжлах нийтлэлд Пулитцерын шагнал олгожээ.
Уран зохиол, жүжиг, хөгжмийн салбарын шилдгүүд
Уран зохиол: Энэ төрөлд Пулитцерын шагналыг хоёр зохиолд олгосон. Дэвид Копперфилдийн тухай зохиолоос сэдэвлэсэн Барбара Кингсолверын “Чөтгөр Копперхед” номд олгожээ. Уг зохиолд тогтолцооны доголдол, ёс суртахууны уналттай нүүр тулсан Аппалачийн хүүгийн тухай өгүүлдэг. Мөн Эрнан Диаз “Итгэл” романаараа утга зохиолын шинэ хэв маягийг тунхагласан юм.
Жүжиг: Саназ Тооссийн "Англи хэлээр шагнуулсан нь" жүжигт Тегеран хотын сургуульд англи хэлний шалгалт өгөхөөр хичээж буй дөрвөн хүний тухай гардаг. Гэр бүл салалт, зорчих эрхээ хязгаарлуулсан шалтгаанаар англи хэл сурч эхэлсэн тэдний мөн чанарыг жүжигт өгүүлдэг.
Түүх: Жефферсон Коугийн “Эрх чөлөөний ноёрхолд: Холбооны эрх мэдлийн эсрэг цагаан эсэргүүцлийн тухай” номыг энэ төрөлд шилдгээр нэрлэжээ.
Намтар: Беверли Гэйжийн “G-Man: Ж. Эдгар Гувер ба Америкийн зууны бүтээн байгуулалт” номыг онцолжээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн туйлширсан дүрүүдийн нэг болох Холбооны мөрдөх товчооны даргаар олон жил ажилласан эрхмийн нарийн төвөгтэй амьдрал, ололт амжилтын тухай намтар зохиол аж.
Дурсамж: Хуа Хугийн “Үнэн хэвээр” дурдатгалд олгожээ.
Яруу найраг: Карл Филлипсийн “The War: And Selected Poems, 2007-2020” номыг цар тахал, өөрчлөгдөж буй дэлхийд Америкийн соёлыг харуулсан гайхалтай бүтээл гэж үнэлсэн байна.
Нийгмийн зохиол: Роберт Самуэлс, Толуз Олоруннипа нарын “Жорж Флойд: Нэг хүний амьдрал ба арьс өнгөний шударга ёсны төлөөх тэмцэл” номыг онцолжээ. Олон улсын хөдөлгөөнийг өдөөсөн эгэл жирийн хүний хөрөг. Нийгмийн өөрчлөлтийн төлөөх хүн чанар, ээдрээтэй түүхийг бичжээ.
Хөгжмийн салбар: Рианнон Гидденс, Майкл Абелс нарын “Омар” дуурийг шилдэг бүтээлээр нэрлэлээ. Энэ дуурьт АНУ-ын Чарлстон хотод болсон “Сполето” фестивалын үеэр исламын шашинт орнуудаас Хойд Америкт боол болж ирсэн хүмүүсийн түүхийг шинэлэг бөгөөд сэтгэл татам байдлаар харуулжээ.
Түүнчлэн афро америк уламжлал, дуурийн хэлбэрийг өргөжүүлсэн бүтээлээр “Омар” дуурийг нэрлэдэг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна