Эрвээхэйн сүнс


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Эрвээхэйн сүнс” шинэ  өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарчээ. Энэхүү уран бүтээл нь дан уран зургаас сэдэвлэн бичсэн 11 өгүүллэг, 11 зургаас бүрдсэнээрээ өвөрмөц бүтээл болжээ. Номын нэр болсон “Эрвээхэйн сүнс” өгүүллэгийг бид зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр  уншигчдадаа хүргэж байна. Энэхүү бүтээл нь зураач Бямбасүрэнгийн Хонгорзулын “Амирлан” зургаас сэдэвлэсэн уран сэтгэмжийн өгүүллэг юм.

  

Өндгөн сүй хагалж би ургийн газарт мордов. Урт холын аян мэт бүхий л амьдралыг хамтдаа туулах ханьтай минь намайг таван настайд сүйлсэн байв. Манайхаас олон олон өртөө алсад их говийн цаадтайх ээрэм талын нэгэн овог аймгийн эрэлхэг баатрын удамт хөвүүнд гэргий болж мордох учиртайг би ижийгээсээ сонссоор өсөв.  Манай ойн овгийнхон цөөхөн үхэр маллаж амь зууна. Би багаасаа цэцгэн дунд зуныг өнгөрөөж, эрвээхэй мэт эрвэлзэн цэцэг цэцэгсийн сайханд баясан цэнгэж өсөв. Хаврын яргуй цасан дороос соёолох нь цэцгийн улирлын даллага болдог. Зуны эхээр цээнийн ягаан цэцэг дэлбээлэхэд ойн овгийн охид цэцгийн баяр хийж, цэцгэн титмээр толгойгоо гоёж дуулан цэнгэнэ.  Залгаад галын дөл мэт улаан шаргал өнгөөр ойн цоорхой асаж бадардаг нь жамьянмядаг цэцгийн сар юм.

Эрт урьдын цагт нэгэн баян өвгөн ганц охинтой байж. Баян өвгөний ганц охин нь өсч том болоод нуурын мандалд гэрэлтэх бадам цэцэг мэт гоо үзэсгэлэнт бүсгүй болжээ. Өвгөн охиноо нутгийн хамгийн баян айлд бэр болгон өгөх гэтэл охин зэргэлдээх овгийн ядуу зүдүү ч царайлаг сайхан залууд сэтгэлтэй болжээ. Бүсгүйн сүй бэлэгт баяных авдар дүүрэн алтан зоос илгээж гэнэ. Охин тэр баяныд очихгүй гээд авдартай алтыг талаар нэг цацаад зугтан одоход алтан зоос гал шаргал жамьянмядаг болон дэлгэрсэн юм гэнэ хэмээсэн домог үлгэрийг эмгэчүүл хүүрнэдэг юм.

Харин би тэр домог үлгэрийн бүсгүй  шиг сүйт эрээсээ зугтах тухай бодож явсангүй. Хэдүй ганц удаа ч барааг нь хараагүй ч, нялх багаас түүний л тухай сонсож өссөн учир алсаас би түүндээ ээнэгшин дасаж бодол сэтгэлдээ дүрийг нь ургуулан хайрласаар явдаг байв. Огторгуйд тэргэл саран мандахад би сүйт хөвүүнээ саран дээрх сэвхэн дундаас хайж сэтгэлдээ түүнийгээ дүрсэлнэ. Өвлийн анхны цасан малгайлахад би түүнийгээ даарахвий гэж сэтгэлдээ эвийлэн бодно. Хаврын өвс соёолоход, бургас гөлөглөхөд би цээжиндээ хайрын дуу  аялан түүндээ шившлэг илгээнэ. Хос хараацай үүрээ засан нисэлдэхэд би түүндээ “Хурдхан уулзан учрах сан” гэж учралын болзоо шивнэн хүлээнэ. Тийн учралт түүнээ хүлээх зуур аяганы уут урлаж буланд нь цэнхэр эрвээхэй, цэнхэр цэцэг хатгамалдсан юм.

Тийн арван зургаан нас хүрч айраг исэн, мойл боловсрох мэт бэрийн насанд хүрсэн зун байлаа.

Тэр зун их эрт эхлэв. Нугад хөх дэгд, бэр цэцэгс, хонхон цэцэг, гэзэгт цэцэгс дэлгэрч номин эрдэнийн хөв хөхөөр тунарсан тэр зун хөх  цэцэгсээс мэндэлсэн гэлтэй хөх цэнхэр эрвээхэй тэнгэр бүрхсэн зун болов.

Тэгтэл өндгөн сүй хагалж алсын алсаас их хөсөг намайг авахаар ирж, хадмын овгийнхон манай гадаа буулаа. Ижий намайг гарч илүү гэрт ор, бэрийн гуйлгынханд бүү үзэгд гэв.

Миний сүйт эр хэн юм бол? Сэтгэлдээ зурж хүлээсэн тэр хөвүүн мөн болов уу гэсэн догдлолд автсан би түүнд зориулан урласан аяганы уутаа өвөртлөөд илүү гэртээ орж хүлээв. Гадаа ачаа буулгах, ургийн газраас ирэгсэд манайхантай нийлж гэр барингаа хөөрцөглөн шуугих чимээ сонсогдоно. Эртний ёсоор хүргэний талынхан бэрийн гадаа шинэ гэрээ нүүлгэж авчран барьж байгаад найрладаг.

Манайд айл хотлынхон цуглаж найр эхэлсэн ч би тэнд очих ёсгүй юм. Үеийн хоёр гурван охид үзэгдэх ч надад хүргэний тухай үг алдах ёсон үгүй.

Найр гурван хоног үргэлжлээд намайг эхнэрийн хувцсаар гоёж их гэрт оруулахад би хадам талынхнаа хүндэтгэн ёслов. Гаднаас аав хүргэнээ мөн хувцаслаад оруулж ирэхэд бид хоёр анх нүүр нүүрээ харсан юм. Манай ёсонд бэрийн тал нь хүргэнээ иж бүрэн хувцасладаг уламжлалтай. Ногоон даавуу дээл, арьсан додиг, хар булган малгай асааж, булганы  сортой хоршин гялалзах сайхан хар нүд. Өндөр нуруу, ханхар цээжтэй нүд сайхан алдам эр миний нөхөр аж. Зүүдэнд минь ирж шанхны үс илбэдэг асан тэр сайхан залуу мөнөөс мөн байлаа. Түүний нэрийг Ачу гэдгийг хадам эхээсээ сонсов. Эр нөхрийнхөө сайхан зүсийг нь үзээд зүрх сэтгэл минь догдлолд автав. Харин намайг Сахай гэдэг. Ачу намайг хараад инээмсэглэх нь би ч эр нөхөртөө таашаалтай харагдсаных гэж бодон зүрх догдлон хэнгэрэг мэт дэлдэх нь хүмүүст дуулдахвий гэж айдас хүрмээр.

Бэрийг үдэх найрын эхэнд хүргэндээ хонины шагайт чөмөг дээжилсэн мах шүүсээр дайлдаг ёстой. Хүргэн шагайт чөмгийг түрүүлэн мөлжиж “Боллоо” гээд дагаж ирсэн залуу эрд өгөхөд цагаан бөсөөр ороож гэр доторх зочдыг гурав тойруулна. Тэгээд хүргэн чөмөгний ясыг хуга цохиж хадамдаа бяр чадлаа харуулаад охин үрийг нь хайрлан асарч, хамгаалан тэтгэж явахаа андгайлдаг юм.

Ачу мөлчийтөл мөлжсөн бүдүүн хонины чөмгийг ганц цохиод л хугалав. Гэр дүүрэн зочид уухайлав.

Харин тэр минь андгайгаа хэлсэнгүй. Оронд нь аман хуур гарган хөгжимдсөн юм. Хадам эх “Хүү минь арван дөрвөн насандаа анхны тулаандаа явж мориноос унаад сэргэхдээ дүлийрч хэл үггүй болсон юм” гэлээ. Учралт ханийгаа хэлгүй гэлээ гээд сэтгэл минь гонсойсонгүй. 

Найр жаргахад ургийн газрынхан шинэ гэрээ буулгаж ачаалаад бид хөдлөв. Ижий, аав, төрөл төрхмөө орхиход сэтгэл уйтай ч, эр нөхрөө дагаад насан үүрд хамт аж төрөхөөр явах нь сэтгэл сэргээнэ.

Миний нөхөр унасан морийг минь хөтөлсөөр  их говийг туулахдаа дашмагтай усныхаа ихэнхийг надад уулгаж, ээрэм цөлийн халуунд халх барин сүүдэрлүүлж, урссан хөлсийг минь арчиж, үг хэлэхгүй ч үнэн сэтгэлээ дэлгэж явсан юм. Тэгж явахдаа Ачу миний  зүүн нүдэн дээр энхрийлэн үнсдэг байлаа. Харин би түүнийгээ миний урлаж өгсөн цэнхэр цэцэгт аяганы уутыг бүсэндээ хавчуулсныг харан харан баясна. Тийнхүү олон хоног аялсаар хараа гүйцэмгүй цэлгэр талд хөл тавьж, ойн овгийн охин би сэтгэл тэнийн баясав.

Их талын энгээр хуйлран давхилдах зээрийн сүрэг, эх газрын хээлнээс гэнэт хөөрөн мандах улаан наранг хараад баярлах намайг Ачу инээвхийлэн энхрийлж явах аж.

Тийнхүү би ургийн газарт ирлээ. Ирсэн даруйдаа хадмын галыг асааж, бэрийн цай чанаж, өөрийнхөө гэрийн өрхийг татан өдрийг эхлүүлэх болов. Төрж өссөн ой хөвч нутгаа, төрөл төрхмөө, ижий ааваа санан уйлах нулимсаа нууж, уйдах завгүй малаа маллаж, эр нөхөртөө эрхлэн жаргаж өдөр хоног урссаар нэгэн жилийг үдэв.

Тэгтэл гэнэт их хааны аян дайны дуудлага ирэв. Талын овгийн эрүүл саруул эрс  бүгд хөтөлгөө морьтой, хуяг дуулгаа агсаж, үхрийн давсагт борцоо чихэж, үнхэлцэг дүүрэн хойлгийн мах зэхэн их дайнд мордов.

Ачу мордохын өмнө аман хуурын аялгуугаар надад захиасаа үлдээгээд, заншсан ёсоороо зүүн нүдэн дээр минь үнсээд их дайнд одсон юмсан.

Өглөө бүхэн түүнийхээ мордсон дорно зүгт сүүн цацал өргөж, үдэш бүр онго шүтээндээ сүнсийг нь даатган өргөл өргөнө.

Хоног өдөр урссаар хоёр жил өнгөрөв. Их аян дайн шувтарч эрчүүд гэрийн зүг хөдөлсөн сураг дуулдсаны шөнө. Нойрон дунд нүүр сэрвэгнэн хүн намайг татах шиг болоход би гүн нойрноос сэрлээ.

Тулганд гал цогшиж, гэр доторх тавьц нүднээ тодхон. Гар ирвэгнэх шиг болоход нь харваас  алган дээр цэв цэнхэр эрвээхэй нисэн бууж байв. Хаврын дунд сар гарч яргуй дөнгөж соёолж байх цагаар хэрхэн эрвээхэй ниснэ вэ хэмээн гайхсаар би өндийлөө.

Эрвээхэй намайг өндийхөд хаалга өөд нисэв. Тулганд улалзах аргалын цогийн бүүдгэр гэгээнд цэнхэр эрвээхэйнээс хөх дөл бадарч байх шиг. Эрвээхэй гэрт ингэж нисдэг бил үү. Дэнгийн эрвээхэй ийм дөл бадарсан хөх цэнхэр өнгөтэй байдаг бил үү? гэж би гайхширсаар хувцаслав.

“Эрвээхэй чи хаанаас нисэж ирэв” гэхэд минь хүний хэл ойлгох шиг өнөөх эрвээхэй долоовор хурууны өндөг дээр ирээд буучихав. Би гайхаж босон   онго шүтээндээ залбирлаа.

Гэтэл гайхалтай юм болох нь тэр. Өнөөх эрвээхэйн ижил зуу зуун цэв цэнхэр эрвээхэй хаанаас ч юм нисэлдэн ирж онго шүтээнийг тойрч дугуйран хөх  цэнхэр цагариг болон эргэлдэх юм. Цэв цэнхэр цагариг онго шүтээний хүрээ мэт эргэлдсээр л. Тэгж байснаа хөх цагариг  задран зуу зуун эрвээхэй үүд рүү хөх усан мэт урсан нисэлдлээ. Гэтэл, тэр хөх урсгал дундаас  ганц цэнхэр эрвээхэй тасран ирж  миний зүүн нүдэн дээр суун далавчаа дэвэхэд яг л миний зүрхний хайрт Ачу минь үнсэх шиг санагдаж би гэнэт ухаан орлоо.

Эр нөхрийн  минь сүнс эрвээхэйд хувираад эхнэртээ ирсэн бус уу. Эрвээхэйн сүнс эр нөхрийн минь үгийг дайж ирсэн ч юм бил үү?

Эргэлзэлгүй хөдлөхөөр шийдэв. Эмээлээ аваад гэрээс  гарлаа. Зуу зуун цэнхэр эрвээхэй уяан дээр хөх дөл бадраан нисэлдэх аж. Чөдөрлөж хоносон мориндоо мордож хаашаа ч юм давиртал зуу зуун цэнхэр эрвээхэй намайг дагуулан хөх цэнхэр зам татуулан нисэлдэв. Хөх цэнхэр эрвээхэйн мөрөөр шөнөжин яваад үүр цайхад  би үл мэдэгдэх газарт, элсэн манхан дунд ирлээ. Манхайн цайх үүрийн гэгээнд ганц морь торойн үзэгдэх нь миний Ачугийн хайртай хилэн хар хүлэг аж.

Мориндоо ташуур өгч хилэн харын зүг давхилаа. Тэгтэл намайг замчилсан зуу зуун цэнхэр эрвээхэй хаашаа ч юм алга болж, ганцхан эрвээхэй морины тийш нисэн одов. Загийн үндэснээс морио уяад гүйн очтол Ачу минь шархтай хэвтэх аж. Дух нь бүлээн, сулхан амьсгаатай аж.

Тийн эр нөхрөө ээрэм их говийн элсэн манхан дундаас би олж гэртээ авчирсан юм. Эрвээхэйн сүнс тийнхүү намайг эр нөхрийн минь энэлэн хэвтээ ээрэм говьд замчлан хүргэсэн ажгуу...

 2023 он

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22