Шагналын тавцанд зогсоогүй шог зураач


Бөх хүнд л баймаар хүнд лагс алхаагаар, лужир шуутай бахим гар унжуулан ширвээ хар сахал доорх зузаан уруулаар ёжтойхон мушийж, насны эрхээр усан хүрээ татсан дөлгөөхөн бор нүдээр урдах замаа харан яльгүй бөхийсхийн алхах эрийг шог зураач Лхагвын Өлзийбат гэх бөлгөө. Говийн жижигхэн толгой нүүж явна уу гэж хармаар энэ нүсэр хүний толгойд ямархан хоржоонтой бодол төрснийг хэн, хэрхэн тааварлах. Гаднаас нь харахад номхон, даруухан гэмээр ч гашуунаар мушийн, нийгмийн нулимстай хашхирааныг тархиныхаа урланд дүрслэн бүтээж, ганцаардах ч завгүй алхаж яваа нь энэ.

Хамтрагчаа олсон нь

Ухаан орохоосоо л хоттой хонь, ногттой тугалтай ноцолдож өссөн түүний гарт хувь заяа нь харандаа цаас атгуулахдаа хоржоон, егөөг хамтад нь өгчихөө юу гэлтэй. Үзэл бүү хэл үсэг сураагүй байхдаа сахалт Сталины хөрөг зургийн ард анхныхаа бүтээлүүдийн нэгийг туурвисан эсэргүүн. Хөдөөх нутгийн хүү онцгой хурдан, ажнай их насны морь хэмээн нэрлэсэн зургаа Октябрийн хувьсгалыг манлайлагчийн хөрөг дээр зурж, омголон дошгин азарганыхаа зургийг он цагийг эзэлсэн их эрдэмтний хөргийн ард хэнэггүйхэн буулгаж орхисон, хүүхэд л юм даа. Хүүхэд насны хөгтэй хөөртэй өдрүүдээ дурсамж болгон, галын хайч барьсан ээжийгээ тулганы өмнө сууж байгаагаар дүрсэлсэн нь түүний анхны шог зураг байсан гэдэг. 1950-аад оны сүүлээр түүний том ах Г.Сосорбарам нь цэргээс халагдаж ирэхдээ хамт алба хааж байсан цэргийн андынхаа дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр таван хошуу эцэг мал дүрслэн буулгасныг авчирч өгсөн нь зурах шуналыг нь дүрэлзүүлж өгсөн тос байлаа. Түүнийг анхныхаа шог зургаар ээжийгээ шоглож суухад, ээж нь хөх өнгөтэй картон цаасыг од, цэцгэн хээтэй ягаан эрээн даавуугаар өнгөлөн, уртаас урт бүч нандигнан хадаж байсан гэдэг. Хүүгийнхээ ирээдүйг ийн баринтаглаж суухдаа өөрөө ч мөн хамтран зүтгэгч нь болохоо төсөөлөн инээвхийлж байсан ч юм билүү. Мөнөөхөн цэцэгт ягаан хавтаснаа ахын авчирсан эцэг малын хуулбар хийгээд эх зургууд одоо ч гэсэн эхний нүүрэнд хүндэтгэлтэйгээр залсан нь Л.Өлзийбат гуайн архивт хадгалагдсан байдаг. Л.Өлзийбат гуайн төрж, өссөн Баянбараатын дэл цэнхэр уулсын дундах тайтгарах юмгүй таанын цагаан цэцэгст боржигоны бор тал, Тэмээнчулуут, Зост, Гангын даваа, Зоргол, Аргалийн уулсыг зурахаар аймгаас Базарваань гэдэг том зураач иржээ. Тухайн үед сумын зочид буудлын бүхий л ажлыг хариуцдаг байсан ээж нь “том” хүнийхээ хэргийг гарган “арын хаалга”-даж аймгийн том зураачтай хүүгээ танилцуулсан нь түүний үгийн санд “грүүнт”, шүдний оо шиг шахдаг тосон будаг, урын санд нь хуулж зурах үй олон зураг нэмэрлэв. Базарваань гуай буцахдаа 12 өнгийн харандаа бэлэглэн мөн ч их баярлуулсан даа. Зураачийг буцсаны дараа “Сүхбаатар Ленинтэй уулзсан нь” зургийг хуулбарлан зурахаар шийдсэн нь анхных нь буурьтай бүтээл. Ээжтэйгээ элбэн хийсэн 50х60-ын хэмжээтэй модон жаазандаа цагаан даавуу тэлж татан, элсэн чихрийг усанд уусган цардаж наранд тавьсан нь мөн л өөрийн гараар үйлдсэн анхны “грүүнт” болов. Шахдаг будагны олон сав хоосолсон энэ уран бүтээл хожмоо пионерын улаан буланд тавигдан магтаал сайшаал бишгүй л хүртсэн.

 

Хөтөлгөө морьтой ирсэн хөдөөх шогч

 

Бэх атгаж, бийр зууж төрөөгүй ч билгийн мэлмий, биелэх төсөөлөл, цуцашгүй хүсэл, унтаршгүй тэмүүлэл нь мань эрийг хөгжим бүжгийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч дээр, ээжийнх нь оёж өмсгөсөн хар даавуун дээлийнх нь өвөрт түнтийтэл чихсэн уран бүтээлтэй нь чихдээд, чирээд очив. Наймдугаар ангийн хүүхэд авахгүй, төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн хичээлийн эрхлэгчийн үг сонсож зогсоо түүнийг он цаг нь хат суулган, огтоос ч яаралгүй аядуухан урагшилсаар л авай. Он цаг өөрөө шүүмжлэгчээ бэлдэж байгаа нь энэ. 1968-1969 оны хичээлийн жилд Ажилчны районы 18 дугаар сургуульд  түүнтэй Сонгины 10 жилийн сургуульд зэрэгцээ бүлэгт нь суралцаж байсан Лувсангийн Хүрэлбаатартай нэг ангид суралцах болов. Тэр жил “Пионерын үнэн” сонин түүний “Найрамдлын дууг дуулж байна” гэх харандаа хар тушиэр урласан зургийг “сурагч Л.Өлзийбат зурав” хэмээн нийтлэв. Ингэж сонин хэвлэлтэй холбогдох гүүрийнх нь анхны шонг одоогийн “Монос” группийн үүсгэн байгуулагч мөнөөхөн ангийн анд Л.Хүрэлбаатар зоолцож өгчээ. Ирээдүйд энэ хоёрын нэг нь Монголын нийгмийг инээдээр цалгиаж элэгний эмчилгээ хийдэг шог зургийн нэрт төлөөлөгч, цахилгааны инженер болсон бол, нөгөөх нь нийгмийн эрүүл мэндийг эм, эмийн бүтээгдэхүүнээр сахин хамгаалж Монгол Улсын Төрийн шагналт, академич “Монос” группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байх болно. Хоёулаа л Монголын түүхэнд мөрөө гаргаж, түмний дунд нэрээ дуудуулсан хүн. Мань эр арван жилээ дүүргэн МУИС-ийн цахилгааны инженерийн ангид орж суралцахаар боллоо. Түүний унших гарын авлага дотор “Тоншуул”, “Крокодил”, “Скорпион”, “Огонёк”, “Спутник” сэтгүүлүүд тогтмол байх болж цахилгааны инженер болох үндсэн мэргэжлийнхээ хажуугаар шог зураач гэдэг хөтөлгөө морио засаж шивхрүүлсээр л байв. Хос морьтой эрэлчин холхон явдаг гэдгийг монголчууд эс андах биш.

 

Хошин шог руу чирэгдсэн нь

 

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төдийгүй хошин урлагийн анхдагч нь “Марзан” хэмээх Балдуугийн Шарав. Дээхнэ үеийн нэрт судлаачид задгай комикс гэж дүгнэсэн “Монголын нэг өдөр” хэмээх энэ алдарт зургийн хошин түүхээр өнөөдөр ч бид уйддаггүй. Түүний гаргасан жим мөрөөр Монголын хошин, шог урлаг шүүмжлэлт хэлбэрээр хөгжин 1935 онд анх хэвлэгдсэн “Хүмүүжил, жигшил” сэтгүүлээр гараагаа тавьсан нь өдгөө Монголын орчин үеийн хошин урлагийн түүхийн тод дардас болсон “Тоншуул” сэтгүүл. Тухайн үедээ нийгэм, улс төр, аж байдлын шүүмжлэлт материал нийтэлдэг цорын ганц хэвлэл байсан “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн зорилго нь нийгмийн сэтгэхүйд тодорхой нөлөөлж, эерэг үр дүнд хүрдэг байсан нь хоржоонтой шог зураачийг цэцгийн бал мэт соронздон татаж байсан нь мэдээж. “Тоншуул”-тай нөхөрлөх санаа өвөрлөж эхэлсэн нь түүний оюутан нас. Цахилгааны инженер болохоор суралцаж байгаа оюутны шүүмжлэлт зургууд сургуулиас зарласан уралдаанд шагналт байр эзэлж өгсөх шатыг нь өрж зассаар л. Данийн нэрт зураач Херлуф Бидструпийн зургуудыг үзэж  өссөн Монголын нэгэн үе түүний бүтээлүүдийг оюуныхаа их өв санд оруулах эсэхээ шийднэ гэхээр нэлээд өндөр босго давах хэрэгтэй байв. Мань эрийн хошин шог санаа дүрслэлтэй зургууд инженерийн цүнхэнд нь тогтохоо байж “Үнэн” сонины нэг өрөөнд байрлах “Тоншуул” сэтгүүлийн редакц руу чирээд харайлгачихсан нь 1977 он. Өрөөнд Соёлын гавьяат зүтгэлтэн шог зохиолч Цэндийн Доржготов, Урлагийн гавьяат зүтгэлтэн шог зураач, нийтлэлч Цэвэгийн Байды нар хүр хүр инээлдэн, хүрэн бийрээ эргүүлэн, хар хар инээлдэн хар бэхээ нийлүүлэн суув гэнэ. Мэнд усаа мэдэлцмэр болж, энд ирсэн учраа дуулгаж. “Боломжийн юм” гэлцсэн хоёр аваргын гар дамжсан хэдэн зураг бор модон ширээний өнцөгт тавигдсанаар мундаг эрчүүдийн гарын шавь, муудалцах сайдалцах андууд болцгоов.

 

Хэрэг тарьсан зураг ба ирээдүйн үргэлжлэл

 

Шог зураач нийгмийн бохирын слесарь гэдгийг нь ямар нийгэм байгаагаас үл хамааран бохирт нь гараа “дүрж” яваа уран бүтээлчид мэдэхийн дээдээр мэднэ. Хүмүүс тэдний зурсан зургийг үзээд бодож, бодлогоширч, заримдаа уурлаж, үзэн ядаж эсвэл зүгээр л инээгээд өнгөрөх. Ийнхүү нийгэм ямар ч шалтгаангүйгээр шог зураачдыг магтаалаар угжиж, урамшуулах хэдий ч тэдний дотогшилсон шаналангаа дүрсэлсэн хашхирааныг сонссон нь хэд бол. 1986 онд мань бохирын слесарь “Үнэн” сонинтой хувь заяагаар холбогджээ. Түүний зурсан “Тайлбаргүй” зураг намын төв хороог сандаргаж, “Энэ хүмүүсээ буруу байрлуулсан юм биш үү” зураг нийгэмд дохио өгч “Бүтэлгүй эрэлчин” элгийг нь хөштөл инээлгэж байв. 1980-аад оны хүүхэд залуус шог зураач Л.Өлзийбатыг гарын үсгээр нь мэддэг болчихсон, “Тоншуул” сэтгүүлийг худалдаж авах шалтаг болж байсан тэр үе. 1989 онд Одоогийн “Монголын үнэн” сонины эрхлэгчийн өрөөний хүндэт хойморт залсан их жанжны хөргийг их хүмүүн Л.Түдэвийн захиалгаар зурж гүйцэтгэсэн энэ эгэл эрийн уран бүтээлийн сан бүрэн бус тооцоогоор 600 гаруй байгаа гэвэл би намтрынх нь өчүүхэн хэсгийг хүүрнэсэн нь ийм буюу. Улс орон болгонд шог зураач гэх гажиг этгээд тасраагүй гэдэг нь түүхэнд тэмдэглэгдсэн байх агаад тэд ямар ч сургуульгүй нийгмийн захиалгаар л төрдөг аж.  “Хүмүүс амьдралаа чимэхийн тулд элдэв янзын спортоор хичээллэж, элдэв чамин зүйлсийн цуглуулга хийдэг бол миний хувьд амьдралаа шог зураг, бөх хоёрт зориулж дээ” хэмээн ихэс дээдэст талгүй даажинтай хувь заяаны эзэн Л.Өлзийбат гуай шүүрс алдан сууна билээ.

Тэрбээр шинэ хуучны зааг дээр гарч ирэх үедээ л гарч ирсэн зүй тогтолт үзэгдэл. Цаг үеийнхээ эзэн нь болж магтаалаас хол тасарч шагналын тавцанд зогсоогүй ч  гадагш үл тэсрэх хэрнээ дотогш шатан дүрэлзэх сэтгэлт хүмүүн билээ. 


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/



0
angry
1
care
1
haha
11
liked
9
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.211
2023/05/17
0
0
Өлзийбат зураачийн хошин шог зургуудыг мэднэ. Шударга бусуудыг сайхан зурдаг хүн байна лээ. Хөдөлмөрийг нь үнэлж гавъяа шагналыг нь өгөөсэй билээ.
Хариулах
66.181.187.134
2023/05/17
0
0
Сайхан хүн дээ
Хариулах
Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08