“Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт Хирошима хотод өнөөдөр эхэлж байна. Уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шульц, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо болон европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель нар оролцоно. Бүлгийн орнуудаас гадна Бразилын ерөнхийлөгч Лула да Силва, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн ерөнхий сайд Энтони Албанези нар урилгаар оролцох юм.
Мөн Вьетнам, Индонез, НҮБ, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид оролцоно. “Киодо” агентлагийн уламжилснаар, “Их 7”-гийн удирдагчид Киевийг үргэлжлүүлэн дэмжих, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах зэрэг зургаан гэрээг батална. Мөн барууны бус орнуудад хүрээгээ тэлж буй БНХАУ-ын бодлогыг сөрөх, “Их 7”-гийн анхаарлыг Ази руу чиглүүлэх, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй уялдуулан Солонгосын хойгийн асуудал, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хэлхээ холбоогоо бэхжүүлэх, хиймэл оюун ухааны хөгжил зэрэг стратегийн сэдвийг хэлэлцэх аж. “Их 7”-гийн орнууд олон улсын хамтын нийгэмлэгт цөөнх болохгүйн тулд түншүүдтэйгээ хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай.
Тиймээс олон төрлийн зохион байгуулалтын бүтцийг үргэлжлүүлэн ашиглах нь гарцаагүй. Тайванийн эргэн тойронд нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед Украины мөргөлдөөн, Бээжинтэй баримтлах харилцааг “Их-7”-гийн тэргүүлэх чиглэл гэж үзэж болно. Москвагийн эсрэг хориг арга хэмжээнд нэгддэггүй БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхэд амаргүй. Зарим ажиглагч Хятадын эсрэг илүү их хамтын ажиллагаа өрнүүлэхийн тулд Япон, АНУ-ын тал “Их 7”-г ашиглаж байна гэж үздэг. Үүнд эдийн засаг, хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн өрсөлдөөн хамаарна. Кишида “Хиймэл оюун ухаан эдийн засаг, нийгмийг эергээр өөрчлөх боломжтой бас эрсдэлтэй. Тиймээс эрсдэлд суурилсан болон хүн төвтэй хиймэл оюун ухааны бодлогыг батлах шаардлагатай” гэж мэдэгдэж байсан юм.
Цөмийн эрчим хүчийг үргэлжлүүлэн ашиглах бодолтой байгаа “Их 7” бүлэг 2050 он гэхэд чулуужсан түлшний олборлолт, үйлдвэрлэлийн хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх, ОХУ-ын хийн экспортыг бууруулахыг чармайж байгаа. Оросоос хараат байдлаа бууруулахын тулд цөмийн салбарын нийлүүлэлтийг төрөлжүүлэхийг эрмэлзэх нь гарцаагүй. Европын холбоо “Росатом”-ын эсрэг хориг арга хэмжээ авч, Оросын цөмийн салбарт хязгаарлалт хийх талаар хэлэлцэж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтыг Хирошимад зохион байгуулж буй нь олон талын ач холбогдолтой. Токиогоос баруун өмнө зүгт орших Хирошима бол ерөнхий сайд Фүмио Кишидагийн төрөлх хот. Түүнчлэн хүн төрөлхтний түүхэн дэх цөмийн зэвсгийг байлдааны зорилгоор ашигласан цорын ганц жишээ юм. АНУ дэлхийн хоёрдугаар дайнд Японы армийг бууж өгөхийг шаардан Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг дэлбэлсэн.
Тус бүлгийг энэ жил даргалж буй Японы ерөнхий сайд Фүмио Кишида “Манай улс энх тайвныг баталгаажуулах тангаргаа олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулж, цөмийн бөмбөгдөлтөд өртөн амь насаа алдсан хүмүүст зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөснөөр дээд хэмжээний уулзалт эхэлнэ. 1945 оны наймдугаар сарын 6-нд болсон сүйрэл манай ард түмэнд үгээр илэрхийлэхийн аргагүй эмгэнэл билээ. 140 мянган хүний аминд хүрсэн” хэмээсэн. Токиод төвтэй геополитик, эдийн засгийн судалгаа, зөвлөх үйлчилгээний “Trans-Pacific Group”-ийн захирал Ёшиказү Като “Хирошима бол энх тайвны бэлгэ тэмдгүүдийн нэг” гэжээ. Дээд хэмжээний уулзалт ирэх ням гарагт өндөрлөх юм. Ташрамд дурдахад, Хирошима муж дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад 11.4 тэрбум иен буюу 87.7 сая ам.доллар зарцуулжээ.
Кишида хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэллээ
Хирошимагийн дээд хэмжээний уулзалт Японы дипломат манлайллыг харуулах боломж юм. Олон улсын хамтын нийгэмлэг улам бүр хуваагдаж, үзэн ядалт ширүүссэн энэ үед Япон улс хүртээмжтэй байдал, олон талт байдлыг онцолсон дипломат бодлогоо тунхагласан нь ач холбогдолтой. Дээд хэмжээний уулзалтаас гадна энэ жил “Их 20”-ийг даргалж буй Энэтхэгтэй харилцаа холбоогоо сайжруулах эсэхээс Токиогийн санаачилгын ирээдүйг тодорхойлно.
Шинзо Абэ, Ёшихидэ Сүга нарын Засгийн газрын үед “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай” гэсэн санаачилгыг дэвшүүлж байсан. Токиогийн санал болгож буй “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс”-ийн үзэл баримтлал нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгын өөр хувилбар. Эл санаачилгыг 2016 онд тухайн үеийн ерөнхий сайд Шинзо Абэ боловсруулж, АНУ-ын холбоотнууд сурталчилж эхэлсэн. Харин Фүмио Кишида Энэтхэг-Номхон далайн бүс нутгаас давж, дэлхийн хэмжээнд манлайлахыг зорьжээ. Барууны улс төр, эдийн засгийн хамгийн том бүлэгт багтдаг Азийн ганц улс бол Япон. Зарим шинжээч тус улсыг Ази дахь газарзүйн байрлал, геополитикийн давуу талаа ашиглан “Их 7”-д багтсан гэдэг. Японы тал “Газрын тосны шок”-оос үүдсэн эдийн засгийн хямралд өртсөн АНУ, Их Британи, Франц, Баруун Германы Сангийн сайд нартай 1973 онд уулзсанаар “Их 5” гэх нэршил гарсан.
Улмаар Итали, Канадыг элсүүлэн аж үйлдвэржсэн орнуудын анхны дээд хэмжээний уулзалтыг 1976 онд хийжээ. Япон улс “Их 7”-г зургаан удаа даргалахдаа Токио, Окинава, Хоккайдо, Исэ-Шимад дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Токиогийн эрх баригчид сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын үүднээс олон улсын уулзалтуудаа нам гүм, тайван хотод зохион байгуулах болсон. Энэхүү холбоо хагас зуун жил оршин тогтнохдоо хүйтэн дайныг зогсоож, терроризмын эсрэг тэмцэл, санхүүгийн хямрал, хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт, олон улсын дэг журмын өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт 2008 онд эхлэхэд “Их 7”-г “татан буулгах” тухай ярьж байв. Өнөөдрийн нөхцөлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Дэлхийн худалдааны байгууллага, “Их 20” болон бусад олон улсын бүтцэд ОХУ, БНХАУ багтдаг учир нэгдсэн тохиролцоонд хүрээгүй.
Эдгээр шалтгаан “Их 7” бүлгийг ач холбогдолтой болголоо. Хамтын нийгэмлэг эргэлтийн цэгт ирсэн түүхэн цаг үед Японы дипломат бодлого хэрхэн манлайлахыг олон улс ажиглаж байгаа. Японы дипломат ёс нь олон улсын либерал дэг журмыг сахин хамгаалах, олон талт байдлыг тусгаснаараа онцлог байдаг. Ерөнхий сайд Кишида парламентдаа танилцуулсан төрийн бодлогын илтгэлдээ “Дэлхийн аль ч бүс нутагт статус квог хүчээр өөрчлөхийг хүлээн зөвшөөрөгдөхгүй. Олон улсад хуваагдал, төөрөгдөл нэмэгдэж байгаа энэ үед бид хэн байх нь чухал. Украиныг дэмжиж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэхэд “Их 7” гол үүрэг гүйцэтгэх ёстой. Хирошимагийн дээд хэмжээний уулзалтаар хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалах шийдвэрээ дэлхий дахинд дахин нотлон харуулна” хэмээсэн. Тэрбээр илтгэлдээ “түүхийн эргэлт” гэсэн үгийг олонтаа ашиглажээ.
ОХУ Крымийн хойгийг 2014 онд бүрэлдэхүүндээ нэгтгэхэд тухайн үеийн ерөнхий сайд Шинзо Абэ Москватай дипломат харилцаагаа хадгалж үлдэхийн тулд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахад нэгдээгүй. Кишида тэр үед Шинзо Абэгийн танхимд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Үүний зэрэгцээ, Япон улс “Дэлхийн өмнөд” гэх геополитикийн шинэ нэршилд онцгой ач холбогдол өгч байна. Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши Өмнөд Африкийн орнуудад энэ жил айлчилж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хичээж байна. Хаяши “НҮБ-ын дүрмийг чанд мөрдөж, хууль дээдлэх зарчимд суурилсан, хүний эрх, шударга ёс, бүлгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нээлттэй, ил тод, хүчтэй тогтвортой нийгмийг хөгжүүлэхийн төлөө бид түншүүдтэйгээ хамтран ажиллана” гэдгээ мэдэгдсэн. Энэ бол бөмбөрцгийн өмнөд бүсийн улс орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхэд чиглэсэн Токиогийн байр суурь юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна