Хязгааргүй”-гээс сонсогдох Хип хопера


Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн “Хязгааргүй” хип хопера гэх шинэ урсгалын мюзиклийн талаар хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, найруулагч З.Далай нартай хөөрөлдлөө.

-Таны “Гунигийн дуу” гэх уран бүтээлийн талаар янз бүрийн яриа бий. Тэр яриаг сонсоод дуу хэрхэн бүтсэн юм бол гэдэг сониуч бодол төрдөг байлаа. Энэ талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Б.Б: Яруу найрагч Р.Чойном, дуучин Н.Төмөрхуяг хоёр Хэнтийнх. Тэд насаар хол зөрүү ч уран бүтээлээр салшгүй холбоотой. Н.Төмөрхуяг 1989 онд “Түүнийг нас барахынх нь өмнө бичсэн 10 бадаг шүлгээс дөрвийг нь авсан юм” гээд “Чи энэ шүлгэнд нэг сайхан аялгуу хийгээч” гээд өгсөн. “Гунигийн дуу” ингэж төрсөн түүхтэй. Тэр даруйдаа л олонд түгсэн дээ. Уг нь “Чойномын гунигт дуун” нэртэй хориод бадаг шүлэг. Энэ дууг эхлээд Н.Төмөрхуяг, дараа нь С.Цэрэнчимэд агсан хэдэн бадаг дуулсан. Сүүлд Гавьяат жүжигчин Д.Сосорбарам дунд нь шүлэг оруулж уншаад дууллаа. Тэр үед Төмөрөө бид хоёр залуу ч байж, бор дарсыг багагүй хүртэж явлаа.

-Н.Төмөрхуяг агсан шүлгийг нь аваад ирж. Уншаад шууд л ая нь ороод ирсэн үү. Үг, ая нь зохицсон мөн ч шидтэй дуу шүү?

-Б.Б: Шүлгээ уншиж, ярилцаж байгаад аялгууг нь гаргасан. “Амьдралаа би чамд хайртай”, “Хүн хүндээ хайртай явъя” гээд мундаг дуутай Ё.Сүхбаатар, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн “Бороо”, “Сүүдэр цармын цэцэг” дууны хөгжийн зохиолч С.Мөнхбат нартай  нэг газар ажиллаж байлаа. Бид залуудаа уран бүтээлээ сонсгох, хийх гэж л цуглаж, биесээ хөглөж, магтаж, шүүмжилж, зөвлөж, асаж шатаж, дүрэлзэж, сархад хүртдэг байлаа. Сархдад дуртайдаа биш, бүтээл хийх гэж ууна.  Одоогийнхон шиг алив хэдэн төгрөг өгөх вэ гэж уран бүтээл хийхгүй. Энэ дуу Р.Чойном, архи хоёрыг өмөөрч хэлсэн, дуугарсан аялгуу. Дуу ингэж төрдөг учраас амьтай байдаг. Үнэхээр энэ дууг дуулаад монголчууд тэр аяараа найгаж байлаа. Зарим хүн Бямбабаяр энэ дуугаар АПУ компанийг хөл дээр нь босгосон гэж хошигнодог л юм.  

-Уран бүтээлчдийн хөөр баяр, шаналан гуниг сонсогч, урлагт шимтэн дурлагчдад хожоо болдог гэхэд хилсдэхгүй л юм даа?

-Б.Б: Хүмүүсийн хийсэн бүтээл таалагдахгүй, бусдаас арай өөр юм хийе гээд явахаар нөгөө хүмүүс нь ойлгохгүй. Нийтийн дууны хэв маягаасаа гарч сэтгэж чадахгүй болохоор ойлгохгүй байх нь арга ч үгүй биз. Хүмүүс ойлгохгүй болохоор бухимдана, гомдоно. Тэгээд л архи ууна, агсам тавина. Ингээд бодохоор нэг талдаа тийм л юм даа. Залуу байхад шүлэг олдохгүй, олдлоо ч зохиолчдын хороогоор батлуулна. Анхныхаа дууны үгийг 1986 онд Т.Галсан гуайн шүлгийн номоос авч байлаа. “Ээжээс ерөөл хүсэх дуу” гэж дуу хийчихээд хойшоо сургуульд явсан. Энэ дуу 1990 оны “Морин хуур” наадмаас шагнал хүртсэн. Уран бүтээлийн төлөө бодож шаналах юу ч биш. “Морин хуур”-д сойсон дуунуудаа ингэж “шатаж” хийсэн. Хэмнэлийг нь ингэж өөрчил­мөөр, ноотыг нь тэгж засмаар гэхчилэн. Ийм эрэл хайгуулын үр дүн бол 1992 оны “Морин хуур” наадамд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгсийн дуулснаар тэргүүн байр эзэлсэн “Орхон түшээ мөрөн” дуу. Уртын дууны хэлбэр, дуурийн дууны онцлог, туульсын шинж чанарыг багтаасан дууны урсгал гаргаж ирсэн. Гурван төрөл нэг цогц болж дуулагдаад байгаа учраас дууны урлагийн шинэчлэл болсон гэж судлаачид бичсэн. Би сайхан ярьж чадахгүй байна. 

-“Эрийн сайхан хийморь” гэдэг дууг шуранхайлахаар л уртын дуу ч юм шиг, богинын дуу ч юм шиг санагддаг?

-Б.Б: “Эрийн сайхан хийморь”-ийг хийсний дараа манайхны зарим нь “Нийтийн дуунд уртын дуу залгасан анхдагч боллоо” гэж л байсан. Анхдагч бол биш л дээ. Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”, Магсар хурцын Дугаржавын дуунууд бай­на. Сүүлийн үеийнхнээс Г.Түмэн­дэмбэрэл гуайн дуулсан “Усны тунгалаг Тамирын гол” дуу байна. Үг хэллэгийн хувьд орчин үеийн боловч эдгээр дуутай хийц нь адилхан. Тухайн үед тийм дуу дуулдаггүй байж. Уртын дууны хэмнэлээр боловч хүн сонсоход үг нь ил ойлгомжтой, харин уртын дууны үг амар сонсогддоггүй. Гэхдээ уртын дууны үг цөөхөн боловч гүнзгий философитой.

-З.Д: Бямбабаяр ахын дуу хийж байх үед уран бүтээлчид нийгэм рүү гуниг харууслын дуу ч өгдөг байлаа, бадарсан сэтгэлийн дуу ч өгдөг байлаа. Хэрвээ ингэж баяр хөөр, гуниг харууслыг тэнцүүлээгүй бол 1990-ээд онд нийгэм мөхсөн байж ч мэдэх. Олон ч албан газар хаалгаа барьж, ажилгүй орлогогүй болсон хүмүүс хэдэн мянгаар тоологдож байсан үед “Эрийн сайхан хийморь” уран бүтээлийг хийсэн. Хүн аавынхаа тухай “...асар нь бөхийж, дэвжээ нь хотойж...” гэж дуулаад уруудаж доройтох тухай бодоод явна гэж байхгүй. Гундаж явсан монгол эр хүний хийморийг сэвхийтэл өргөсөн дуу.

-Б.Б: Далайгийн ярьж байгаа үнэн л дээ. Дууг  амьтай, сүнслэг гэж боддог. Хэлсэн үг нь ерөөл ч, хараал ч болдог шидтэй хүмүүс байдаг даа. Яг л түүн шиг. Дээр ярьсан даа “...ундааны дээж архийг болбол...” гээд Монгол тэр аяараа найгаж байсан гэж. 1990-ээд оны үед Багшийн дээдийн баруун буланд оройхон гарахад хаа сайгүй согтуу хөлчүү хүн. Уяхан замбуутивийн наран илч гэрлээрээ ялгал үгүй ээнэ гэдэг шиг би ч дунд нь тууж л явлаа. Одоо бодоход тэр дууны энерги байсан байж болох. Тэгээд л “Эрийн сайхан хийморь”-ийг хийгээд нийгэм өндийгөөд ирсэн. Дуу бол тарни шүү. Олон хүн дуулахаар тэр тарнийн хүч ордог байх.

-Таныг юу хөглөдөг вэ?

-Б.Б: Би азаар мундаг яруу найрагчидтай он цагийг оноод төрчихөж. Т.Галсан, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Ш.Сүрэнжав энэ томчууд надад их сайн. “Хүү минь хоёулаа дуу хийе” л гээд байдаг. Тэгээд үеийнхэн маань байна. Эднийхээ шүлэг, яруу найргийг уншиж, сонсож хөг орно шүү дээ.

-Энэ ч гарцаагүй бут авна даа гэж асаж, шатаж хийсэн уран бүтээл тань хүнд хүрээгүй тохиолдол бий юү?

-Б.Б: Манлай уяач Д.Даваахүү гуай надад нэг үрээ бэлэглэсэн юм. Би морь танихгүй юм чинь “Даваахүү ахаа энэ үрээ чинь тэгээд хурдлах юм уу” гэсэн чинь “Чи миний уяан дээр удаан юм байна гэж яаж бодоо вэ” гэж билээ. (Инээв)

-Таны хариултыг ойлголоо. Аугаа хүн гэж хэнийг хэлэх юм бэ. Таныхаар Монголд аугаа хэн байна, аугаагаараа  төрдөг юм уу, аугаа болгодог юм уу?

-Б.Б: Хамгийн ойроороо бодоход л манай хөгжмийн зохиолчид дотор аугаа биш хүн байгаа юм уу. Ер нь аугаагаараа төрдөг юм биш үү. Миний нэг төсөл бий дээ. Хүүхэд эхийн хэвлийгээс монгол хүн болж төрнө. Хэвлийд зүрх цохилж эхлээд чих сонсож, гаднах орчинтой харьцаж эхэлдэг. Би чамд нэг жишээ ярьж өгье. Миний аав нягтлан бодогч хүн. Аав минь нягтлан бодохын сургуульд яруу найрагч Ц.Гайтав гуайтай нэг өрөөнд сууж, нэг шүүгээ хэрэглэдэг байсан түүх бий. Ахыг ээжийн гэдсэнд байхад манайх аймгийн Хөдөө аж ахуйн хүрээлэнгийн хашаанд байж. Манайхаар орж гарч байгаа хүмүүс тэр хүрээлэнгийн агрономичид, мал зүйчид л байж таарна биз дээ. Мал зүйч, агрономичид хөдөө аж ахуйгаа тойрч ярих нь мэдээж. Ах минь саяхан нас барлаа. Хөдөө аж ахуй, биологийн ухааны доктор хүн байлаа. Ахыг үдэх ёслолд манай эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөгчөөс гадна гадаадын олон эрдэмтэн мэргэд хүрээлэнгийн төлөөлөгч ирсэн. НҮБ-ын алтан медальтай хүн байсан юм. Гэтэл намайг эхийн хэвлийд байхад манайх Хархорины театрын хашаанд байсан. Ээж маань өөр салбарын хоёр хүүгээ ингэж төрүүлсэн байгаа юм.

-Та эх хүн ямар хүүхэд төрүүлэхээ шийдэж болно гэж яриад байна уу?

-Б.Б: Яг л тэгж хэлэх гээд байна. Тийм ч учраас би 0-2 нас буюу эхийн хэвлийд ураг байхаас нь эхлээд хоёр нас хүртэлх боловсрол олгох хөтөлбөр бэлтгэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ даяаршсан ертөнцөд монгол элэгтэй, сэтгэлтэй иргэнтэй баймаар байгаа бол ийм хөтөлбөр бий болгоод бүр хуульчилсан ч болно. Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэй, оюутанд зориулсан хөтөлбөр. Булгийн эхээ цэвэр байлгах нь л чухал. Одоо чинь бага насны хүүхдүүдийг ээж, аав биш, утас, телевизор, фэйсбүүк хүмүүжүүлж байна. Эхийн хэвлийд байхаасаа хятад, турк, герман, англи болчихсон хүүхдүүд төрөөд байна. Үүнийг бид урлагаар засах ёстой. Урлаг гэхээр л гуяа гаргасан хэдэн хүүхэн дуулахыг хэлдэг юм биш, урлаг бол хүмүүжүүлдэг зүйл. Яг ийм агуулгаар МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт оруулсан. Нийгмийн бодлогын дөрвийн нэгийн нэгд энэ талаар тусгасан.

-За гурвуулаа ярианыхаа сэдвийг өөрчлөөд тун удахгүй тавигдах “Хязгааргүй” хип хопера мюзиклийн талаар уншигчдад мэдээлэл өгье. Энэ хөгжмийн цоо шинэ төрөл үү?

-Б.Б: Залуу үеэ сонгодог урлаг руу оруулах, дуурь сонсдог болгох эрмэлзлээс үүдэлтэй. Ийм урсгал Монголд л шинэ болохоос дэлхийн томчууд аль хэдийнэ хийчихсэн. Дуурийн дуулаач, реппер, жүжигчид оролцсон бүтээл. Түрүүн ярьсан гурван төрлийг холиод нэг урсгал гаргасан гэдэгтэй адилхан гурван юм хольчихсон.  

-З.Д: Хөдөөгийн найруулагч гэдэг алдартай Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг цомнолыг нь бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөгжмийг нь бичиж 2009 онд “Хязгааргүй” моно дуурийг тавьсан. Дараа жил нь буюу 2010 оны “Гэгээн муза” олон улсын театрын наадмаас 11 төрлөөр муза хүртсэн гайхалтай бүтээл. Аливаа уран бүтээл цаг үеэ, үзэгчдийнхээ хандлага, мэдрэмжийг даган хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ жишгээр Б.Бямбабаяр ахтайгаа хамтран энэ бүтээлээ мюзикл хэлбэрт оруулж олон дүртэй болгож байгаа  юм. Тайзанд гарах жүжигчид гэхэд л 33 хүний бүрэлдэхүүнтэй. Дөрвөн дүртэй болгож байна. Гэхдээ бид Ч.Ганхуягийн санаа, эмзэглэл, тэр хүний барьсан мотивыг хэзээ ч алдагдуулж болохгүй. Дээр нь Б.Бямбабаяр гэдэг хүний бичсэн дуурийн классик хөгжмийн мотив, демог алдагдуулж болохгүй. Өнөөдөр энэ дуурьт хип хопера, үглээ оруулж ирж болох ч үндсэн санаагаа алдагдуулахгүйгээр баяжуулж л болно.

-Б.Б: Үзэл санаагаа тойрон бүжнэ л гэсэн үг. Манай мюзиклд жүжигчин Ц.Цэрэнболд хүртэл оролцож байгаа.

-З.Д: Найруулагчдын маш хүндэтгэлтэй хандах зүйлийн нэг бол үзэл санаа. Зарим найруулагч хүний зохиолыг аваад өөрийнхөөрөө “алдаг” тохиолдол бий. Онох нь ч бий, алдах нь ч бий. Тухайн зохиолын үзэл санааг эвдэх биш харин яаж баяжуулж, илэрхийлэх нь найруулагчийн ур чадвар гэж би боддог. Зарим найруулагч намайг зориггүй, зүрхгүй реалист найруулагч, шийдвэртэй юм хийж чадахгүй гэсэн нь дуулддаг. Би бол үүний эсрэг байдаг. Аливаа зохиолын эрэмбэ, дараалал, стандарт гэдэг юм байх ёстой. Үүнийгээ ойлгоод фантазалж чадвал нэг өөр.

-Мюзикл Монголд хэр хөгжсөн байдаг юм бэ. Та энэ төрлөөр хэдэн уран бүтээл туурвисан бэ?

-З.Д: Мюзиклийг манайх жинхэнэ утгаар нь хийж чадахгүй байгаа юм болов уу. Ч.Найдандорж найруулагч ч тэгж хэлсэн байдаг. Магадгүй би судлаач биш болохоор энэ талаар дорвитой хэлж чадахгүй байна. Би  мюзикл гэж ярихаа больё, дөрөв, таван хөгжимт жүжиг хийжээ. Д.Төрбатын зохиол, Б.Мөнхжаргалын хөгжмөөр “Сүүтэй тангараг”, Маршакийн “Муурын байшин”-г  Б.Мөнхжаргалаар хөгжим бичүүлж хүүхдийн хөгжимт жүжиг болгосон, Соёлтын Баярсайханы “Гоолингоо”, Б.Лхагвасүрэн гуайн “Гэгээн тамлан” драмын жүжгийг, хөгжимт жүжиг болгосон. Тэгэхээр би зохиолчийн хэлэх гэсэн үзэл санаа, утга учрыг өөрчилж байгаа юм биш. Хөгжимтэйгөөр тухайн үзэл санааг илэрхийлбэл яах вэ гэдэг уран бүтээлийн эрэл хайгуул хийж байгаа юм. Хөгжимт жүжигт, хөгжим нэг дүр байдаг. “Хязгааргүй” мюзиклд эгшиглэх хөгжим тухайн жүжгийн бүх дүрийг гаргана. Тайзан дээр нэг жүжигчин юу ч ярихгүй цаашаа хараад зогсож байхад хөгжмөөр хэлэх гэсэн санааг бүрэн дүүрэн илэрхийлнэ. Харин үзэгчдийн үзэх түвшин, яаж хүлээж авч ойлгох вэ гэдэг асуудал л яригдана. Үзэгчдэд бүрэн дүүрэн ойлгуулахын тулд нэмэлтээр жүжигчдийн хөдөлгөөн орж ирж байгаа болохоос дангаар нь хөгжмөө тавихад л “Өө яанаа ийм зовлонтой юм болж байна” гэдгийг илэрхийлэх хэмжээний маш мундаг хөгжим. Тиймээс би энэ дуурийг хип хоп болгож болохгүй, харин хип хопера урсгалаас жаахан нэмж болно.

-Би дуурийн үглэл хэсгийг хип хопын үглээгээр хийх юм болов уу гэж төсөөлөөд байгаа, буруу юу?

-З.Д: Дуурийн үглэл, хип хопын үглээ хоёрын хэмнэл ондоо. Гэхдээ их ойрхон очсон төсөөлөл байна. Дуурийн утсан хөгжмөөр тоглогдох хөгжмийн ард цахилгаан хөгжим хип хоп хэмнэл нэмээд  Ч.Ганхуяг найруулагчийн зохиолын үгийг орчин үеийн хэмнэлд оруулчихна. Утга нь алдагдахгүй. Хип хопера гэдгийг хүмүүс жанр гэж ойлгоод байгаа юм. Дэлхий дээгүүр тэнэж яваа нэг урсгал шүү дээ, шинэ юм биш. Ийм бүтээл гаргах гээд л мундаг ахынхаа дэргэд “Цүнх баригч” хийгээд л явж байна даа. (инээв)

-Та хоёртоо маш их баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08