Ө.Уянга: Ажлаас халагдаад шарандаа тоглолт хийснээс хойш өнөөдрийг хүртэл уйдах, уйтгарлах завгүй л явна


 Монголын сонгодог урлагийн содон төлөөлөл, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянгыг ярилцлагын зочноор урилаа. Дуурийн театрынхаа тайзан дээр яг л гал шиг дүрэлзэн “асдаг” түүнийг ажлаасаа халагдсанаасаа хойш уруу дорой явж байхвий хэмээн дотроо түгшиж байснаа нуухгүй.  Энэ талаараа ч түүнтэй илэн далангүй ярилцсан. Гэхдээ тэр миний төсөөлснөөс тэс ондоо, торноосоо чөлөөлөгдсөн шувуу шиг далавчаа дэлгэн цааш нисэх алсыг ширтэн байна. Нэгэн үеийн төгсгөл, шинэ карьерынх нь эхэнд түүнтэй ярилцсаныг хүлээн авна уу.

 

-Дуурийн театрын хаалганы дэргэд бид ярилцаж байна. Анх баяр хөөр, догдлол дүүрэн орж ирсэн энэ хаалгаар халагдаад гарахад амар байгаагүй л болов уу?

 -Амьдралын минь 20 жилд хамтдаа байсан Дуурийн театраас халагдаад гарахад юу ч бодогдоогүй гэвэл худлаа ярьсан болно. Мэдээж амар байгаагүй. Гэхдээ одоо миний уран бүтээлийн дараагийн үе эхэлж байна. Төгсөх бус эхэлж байна. Би Дуурийн театрт 20 жил ажиллажээ. Энэ хугацаанд чадах чинээгээрээ хувийн уран бүтээлээ хийсэн ч бусдаас хоцорч явсан. Тиймээс боломж олдсон дээр нь хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулна. Тайзнаас буух нас ч болоогүй байна. Ойр ойрхон хилийн дээс алхана. Эхний ээлжинд ОХУ-ын Улаан-Үд, Киргизстан, Казахстан болон Өвөрмонголын театрт өөрийн уран бүтээл болон дэлхийн сонгодгуудаас дуулна.

-Чөлөөт уран бүтээлч болоод таныг цагт баригдахгүй яваа болов уу гэж бодтол үгүй бололтой. Тоглолтын бэлтгэл тулаад иржээ дээ?

-Би хэдхэн хоногийн дараа Улаан-Үдэд Ж.Пуччинийн “Тоска” дуурьт  дуулах хуваарьтай. Тиймээс яг одоо бол энэ тоглолтын бэлтгэлээ хувиараа хийж байна. Бас “Recital” романсын концертоо очсон газар болгондоо толилуулах зорилготой. Улаан-Үдэд энэ тоглолтоо хийх гэсэн ч 100 жилийнх нь ойн арга хэмжээнүүдтэй давхацсан учир ирэх намар болтол хойшлуулаад гэрээ хийсэн. Түүнээс гадна өөрийн дуулдаг сонгодог хэд хэдэн дүрээр Дуурийн театрынх нь тайзан дээр гарахаар боллоо. Ингэж л би өөрийгөө борлуулаад явж байна даа. 

-Өмнө нь хувийн уран бүтээлд зарцуулах цаг хомс байсан бололтой. Одоо бол танаас эрх чөлөө ханхалж байна.

-Хувиараа уран бүтээл хийх боломж бага байсан. Найр наадам, тэмдэглэлт арга хэмжээнд оролцох болбол нийслэлтэй ойролцоог нь сонгоно. Хөдөө орон нутгаар явах боломж үнэхээр олддоггүй. Яагаад гэвэл, театрт уяатай юм шиг байх ёстой. Дуурийн театрт өглөө цагаа бүртгүүлснээс эхлээд орой хүртэл ажиллана. Яах вэ, бид өөр байгууллагыг бодоход дуудлагын системээр ажилладаг ч театрт өдөр бүр ирэх ёстой. Харин одоо бол би ийшээ тийшээ чөлөөтэй явах боломжтой болсон. Хилийн дээс алхаж уран бүтээлээ хийхээс гадна хөдөө гадаа явж байна. Чөлөөтэй болсон чинь нэг хэсэг эвгүй байсан. Гэхдээ одоо дассан.

 

Театрынхаа урагшгүй байдлыг шүүмжилсэн учраас намайг ажлаас халсан

 

-Та ажлаас халагдахаасаа өмнө “Яг түүн шиг” нэвтрүүлэгт оролцож, хэсэгхэн хугацаанд хилийн дээс алхаад ирэх шиг болсон. Таныг энэ мэт зүйлээс шалтгаалан ажлаас халав уу. Дуурийн театраас таныг халахдаа ямар үндэслэлээр халсан гэж хэлсэн бэ?

-Би хувийн уран бүтээлдээ анхаарснаас болж ажлаас халагдаагүй. Театрынхаа урагшгүй байдлыг шүүмжилсэн учраас ажлаас халагдсан. Их шүүмжилсэн л дээ. Театр бүтэн эсвэл хагас жилээр уран бүтээлээ төлөвлөж ажилладаг байсныг үзэгчид надаар хэлүүлэлтгүй мэднэ. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ бодлого алдагдаж нэрлэсэн жүжгийг үзэгчдэд толилуулахаас хэдхэн хоногийн өмнө сольж ажилладаг болсныг нь би шүүмжилсэн. Бас удирдах багаас чанартай уран бүтээл хийх нөхцөлийг шаардсан юм. Бидний ажиллах орчин нөхцөл тааруугаас гадна цалин бага. Бас болоогүй, намар улирлын нээлтэд бэлтгэж дуулаад эхлэхээр засвар хийдэг. Үүнээс шалтгаалан олон цагаар сургуулилалт хийхэд харшил өгч, хоолой хатдаг. Бас насжилт нь дууссан төгөлдөр хуур авчраад тавьчих жишээтэй. Хувцас хунараа ер шинэчлэхгүй. Уранхай ноорхойгоо нөхөж өмсөх байдлаар ажилласаар ирлээ. Уран бүтээлийн чанар, бодлого алдагдсан, ерөнхий удирдаач, найруулагчгүй болсон гээд  олон асуудлаас болоод шүүмжилсэн. Шүүмжлээд үнэнийг нь хэлсэн хүнд хүн дургүй байдаг. Намайг ажлаас халах шалтгаан энэ байсан. Түүнээс биш би ял шийтгэл, зэмлэл  хүртэж байгаагүй. Ажлаа алдаж хувийн уран бүтээл хийж үүгээр түүгээр явсангүй. Намайг ажлаас халахаас өмнө би Америк руу явсан. Гэхдээ тэр үед манай театр  амралттай байж таарсан.

-Олон жил дуугүй явсан хүнийг үйлдэл хийтэл өдөөсөн ямар нэгэн үйл явдал болов уу. Уг нь та хэр баргийн зүйлд хүлээцтэй ханддаг хүн дээ?

-Үнэндээ намайг театрын тайзан дээр байхад ичгэвтэр зүйл тохиолдсон. Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн гол дүрд нь тоглож байтал таван минутын хугацаанд үйл явдал таг зогссон. Үзэгчид түүнийг нь жүжгийн тавилт гэж ойлгоно. Гэвч тийм зүйл байгаагүй. Энэ бол театрын тогоон дотор болсон асуудал. Дээр нь мэргэжлийн найруулагч болох үндэслэлгүй хүн дууриа мэдэхгүй учраас тухайн дүрээ хаана нь гарч ирэхийг ойлгоогүй болохоор жүжиг хэсэг хугацаанд зогссон. Хоёр, гурван шалтгаанаас болоод тэр дуурь зогсонгуут миний уур маш их хүрсэн юм. Дуурь завсарлаад орж ирэхэд зарим хөгжимчин яагаад алга байв.  Найруулагч нь хаана ямар дүр гарахыг яагаад мэддэггүй юм бэ. Удирдаач дуурийг зогсоохгүйгээр цааш нь яагаад аваад явж чаддаггүй юм бэ гэж хэлээд тэдгээр хүнтэй дахин хамтран ажиллахгүй гэдгээ театрын удирдлагад илэрхийлсэн. Үзэл бодлоо илэрхийлээд ажлаас гарах өргөдлөө өгсөн юм. Та Монгол Улсын Гавьяат жүжигчин дасгалжуулагч, бэлтгэл хангагч гэж сонссон уу?

-Сонсож байгаагүй.

-Тэгвэл би сүүлийн таван жил нэг удирдаачийн бэлтгэл хангагчийн ажил хийлээ шүү дээ. Дэлхийн аль ч театрт дуучнаараа бэлтгэл сургуулилалт хангадаг удирдаач байдаггүй.  Юу ч мэддэггүй удирдаач орж ирчихээд дандаа миний гол дүрд нь тоглодог жүжгээр сургуулилалт хийнэ. Ийм тохиолдолд би өөр удирдаачтай ажиллах талаар бодно биз дээ. Тиймээс өөр удирдаачтай ажилламаар байна гэдэг саналаа хэлсэн. Яагаад гэвэл, би ч гэсэн хөгжиж, ахиж дэвшмээр байна. Манай дуурийн дуучдад Youtube-ээс харж жүжгээ гаргахаас өөр аргагүйд хүрсэн олон тохиолдол бий. “Энэ хэсэгт ингэж жүжиглэж байна. Үүнийг дуурайгаад жүжиглэе” гэж явсаар өдийг хүрсэн. Тэгээд бас болоогүй Дуурийн театрт байсан герман, орос төгөлдөр хуурыг актлаад оронд нь солонгос төгөлдөр хуур авчирсан. Солонгос төгөлдөр хуурыг театрт авчрахад л хөл нь хугархай байсан. Тэгсэн гудамжинд ашиглахгүй гээд гаргаад орхисон төгөлдөр хууруудыг түүж сэлбэж засаад театрт тавьсан байвал яах вэ. Тэдгээр хуур одоо хөгөө алдаад ашиглах боломжгүй болчихсон навсайгаад байж байгаа. 200 мянган төгрөг хүрэхгүй үнэтэй төгөлдөр хуурыг нэгийг нь 20 саяар авсан гээд материалаа бүрдүүлээд өгчихнө. Хажуудаа хуулийн хүнтэй. Түүгээрээ түрээ бариад уран бүтээлчдийн хуулийн мэдлэг дулимгаар нь далимдуулна. Гэтэл дотроо инээдтэй зүйл хийгээд суудаг байгаа юм. Үнэндээ театрын дотор нь ороод харвал идээ бээр нь буглаад үүгээр  түүгээрээ сагаж асгарах гээд л байж байна шүү дээ. Театрыг гаднаас нь харахад өнгөлөг ч  бороо орохоор дусаал дусалдаг гэвэл итгэх үү. Уран бүтээлчид бид тийм л орчин нөхцөлд ажиллаж байна.

-Одоо ингээд ярихаар танд л ачаа ирнэ. Зүгээр үү?

-Ирдгээ ирсэн. Олон зүйл үзлээ. Хүмүүс хоол идсэн тогоо руугаа нулимж байна л гэх байх. Тэгээд яах юм. Ингэж ил гаргахаас өөр арга алга. Дуурийн театрын гоцлол дууны ангийн 70 жилийн ой 2022 онд тохиосон. Манайх чинь 70 жилийн түүхтэй  анги шүү дээ. Түүхэндээ Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчдийг төрүүлсэн Монголын нүүр царай болсон урлагийнхныг бүтээсэн анги учраас ойг нь тэмдэглэхгүй өнгөрөөж болохгүй. Ялангуяа энэ цаг үед гоцлол дууны ангийн нэг хэсэг болсон залуучуудын хувьд. Ингэж бодоод гоцлол дууны ангийн ойг тэмдэглэе гээд зүтгэсэн. Хамт олон маань ойг зохион байгуулах Удирдах зөвлөл байгуулж намайг даргаар сонгосон юм. Энэ их ажлыг хийхэд 80 сая төгрөг шаардлагатай гэсэн төсөв гарсан. Тиймээс хамгийн түрүүнд театрын гоцлол дуучин бүр энэ арга хэмжээнд зориулан нэг сая төгрөг хандивлахаар болсон. Үлдсэнийг Соёлын яамнаас шийдүүлэхээр зорьсон ч оны төгсгөл болж байсан учраас 20 сая төгрөгөөс илүү олдоогүй. Үүнийг шийдвэрлэхдээ Үндэсний урлагийн их театрын “Сэрсэн тал” концертод дуулахдаа би ажил хэрэг болгосон. Концертын үеэр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргатай  уулзах боломж олдоод асуудлаа хэлсэн юм. Ингэж асуудлыг шийдвэрлэсэн нь хүмүүст таалагдаагүй. Гэхдээ би гоцлол дууны ангийн ойг зохион байгуулсан гээд хэн хүнд ярьж яваагүй.  Энэ ажлыг хийлээ гээд надад сохор зоосны ч ашиггүй. Гоцлол дууны ангийн ой гэхээр л зориглож хөдөлсөн байхгүй юу. Манай дуучид ч энэ арга хэмжээнд эв найртайгаар оролцсон.

-Хөрөнгө мөнгөө өөрсдөө зохицуулаад том ажлын ард гарсан нь сайн хэрэг юм биш үү. Яагаад хүмүүст таалагдаагүй гэж хэлээд байгаа юм бэ?

-Даргаас асуухгүй яамтай харилцсан болохоор. Энэ асуудал ч намайг ажлаас халах нэг шалтгаан гэж би хардаж байгаа. Гэхдээ одоо та хар л даа. Театр 60 жилийн ойгоо тэмдэглэж чадахгүй Үндэсний урлагийн их театрт тайзаа өгчихөөд л сууж байна шүү дээ. Гэтэл сонгодог урлаг байнгын форм шаарддаг. Балет, дуурь, найрал дуу гэх мэтээр амьдрал буцалж байдаг байгууллагатай яагаад тайзыг нь булаацалдаад байгаа юм бэ. Худалч хүнд намар болтол уран бүтээлчдийг нь амраагаад коронавирусийн цар тахлын дараа арай гэж формдоо орж байсан газрыг буцаагаад тараах гэж байна. 

-Театрт ажиллаж байгаа уран бүтээлчдээс тань шиг бодолтой хүмүүс байгаа л байх. Гэхдээ тэд яагаад ил тод хэлдэггүй юм бол. Уг нь хамт олон сайн муугаа тогоон дотроо ярилцдаг баймаар юм?

-Мэдэхгүй юм, олонх нь дуугардаггүй юм билээ. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг байх. Тэрийг сая л бодитоор харлаа.  Дотроо хоорондоо хөөрхөн өрсөлдөж байдаг. Дуурийн театр өндөр босготой. Энэ босгыг хэн дуртай нь давчихдаггүй. Тийм л ариун сүмд бид ажилладаг, ажиллаж байсан. Түүнээс биш театрт сайн, муу янз бүрийн хүн л байгаа шүү дээ.

-Гаргасан шийдвэртээ харамсана гэж  ч юу байх вэ. Гэхдээ арай эрт ийм шийдвэр гаргаж байхгүй яав даа гэж бодогдох юм уу?

-Тэгж бодогдоогүй. Яагаад гэвэл, Монголд Дуурь, бүжгийн эрдмийн театр ганцхан байдаг. Энэ театраас өөр сонгодог бүтээл дуулах боломжтой байгууллага байвал би яваад л өгнө. Тэгэхгүй ганцхан театр байгаа болохоор уягдаад байна. Зарим сайн уран бүтээлч гадагшаа хүчээ сорих гээд явдаг. Магадгүй би өөртөө итгэхгүй энэ театраас холдож чадахгүй байсныг үгүйсгэхгүй. Үүнийг л харамсалтай гэж хэлж болох байх. Түүнээс өөрөөр бол надад харамсах зүйл гараагүй. Дуурийн театр одоогийн удирдлагатай болсноос хойших таван жилийн хугацаанд надад ахиц дэвшил гарсангүй. Хүн өөртөө дүгнэлт хийгээд ахихгүй байгаагаа мэдэрдэг. Тэгэхээр хүн өсөж дэвшихийг бодно биз дээ. Надад дуулах нас хэдэн жил байгаа билээ. Миний хоолой мөнхийн залуугаараа байхгүй. Хүний бие хөгшрөхийг дагаад хоолой ч өөрчлөгдөнө. Тийм бага хугацаа үлдэж байгаа учраас идэвхтэй хөдөлмөрлөхийг хичээж театраасаа гаръя гэж бодсон. Намайг халахаас өмнө би театрын удирдлагад ажлаас гарах өргөдлөө өгсөн байсан. Миний өргөдлийг шийдэлгүй явсаар намайг халсан. Хүний нөөц намайг хуурч тушаалд гарын үсэг зуруулсныг дараа нь мэдээд их харамссан. “Таныг ажлаа гурав хоног тасалсан гээд сахилгын арга хэмжээ авна. Гурван сарын цалин хасна” гэхээр нь би гарын үсэг зурсан. Тэгэхээр намайг хуурч, хуйвалдаж байгаад худал зүйл дээр гарын үсэг зуруулаад халсан. Тиймээс би шүүхэд хандаад байгаа. 

 

Дуурийн театр Монголд ганцхан гэдгээрээ далимдуулаад сард хэдхэн төгрөг өгдөг

 

-Олон хүнд гомдсон уу?

-Би айхавтар гуньж ганьхраагүй. Яагаад гэвэл, би өнгөрсөн таван жилийн хугацааг алдсан. Уран бүтээлчийн хувьд ерөөсөө өсөж хөгжөөгүй болохоор гунигтай байсан. Үүний оронд CV-гээ бариад гадуур гүйж явсан бол ганц, хоёр театртай гэрээ хийж дуулаад уран бүтээлчийн хувьд өсөж дэвших боломжтой байсан. Гэхдээ хүн 20 жил ажилласан театраа шууд хаяад явчихаж чаддаггүй юм байна. Бас энэ хүмүүс надад огт хамаагүй гэж бодож чадахгүй юм билээ. Энэ бол миний хувь араншин. Одоо хүртэл хурал хийхэд нь ирж суугаад цалин хөлснийх нь талаар дуугарч байна. Уг нь надад ямар ч хамаагүй шүү дээ. Одоо гарч яваад нэг газар дуулахад Дуурийн театрын цалинг нугалаад л олно. Тэгэхээр миний хувьд сард хоёр газар очиж дуулахад л хангалттай. Гадагшаа яваад  гэрээ хийгээд дуулбал би тэрнээс илүү мөнгө олно. Гэтэл Дуурийн театр Монголд ганцхан гэдгээрээ далимдуулаад сард хэдхэн төгрөг өгдөг.  Уран бүтээлчдийн амьдралд нь хаана ч хүрэлцэхгүй  цалин авч байна. Гаднаас нь харахад инээж хөхрөөд сайхан харагдавч үнэхээр өрөвдмөөр. Дандаа ар гэрийнхээ буянаар амьдралаа залгуулж байна. Тэр хүмүүсийн төлөө дуугарахгүй амин хувиа хичээгээд “Надад хамаагүй” гээд орхих сэтгэл алга. Дотор нь болохгүй юм байгаад байхад ирээдүйд ирж ажиллах залуус маань яах билээ. Одоо байгаа хүмүүс яах вэ гэж бодсон.

-Ардын жүжигчин, гавьяат, залуу дуучин гэлтгүй бүгд тийм бага цалинтай байдаг юм уу?

-Ардын жүжигчин, гавьяат, театрын үйлчлэгч гэлтгүй бүгд урьдчилгаа 300 мянга гаруйг л авч байна. Ерөөсөө нийтээр нь тэгшитгээд тийм цалинтай болгочихсон. Жишээ нь, би гавьяат гээд ямар ч нэмэгдэл байхгүй. Бусадтайгаа адилхан 800 мянган төгрөгийн цалин аваад явж байна. Нийгмийн асуудалд нь ерөөс анхаарал хандуулдаггүй. Наад зах нь хөнгөлөлттэй нөхцөлөөр орон байрынх нь асуудлыг ч шийдээд өгчихдөггүй. Өнгөрсөн хугацаанд бид нам жим явсан. Одоо тэсэж тэвчих боломж үнэхээр алга.  Уран бүтээлчид ч гэсэн хүнээс дутахааргүй амьдармаар байна шүү дээ.

 

Би сэтгэл, тархи толгойгоо хөнгөн байлгах дуртай. Аливааг гүн гүнзгийгээр хүлээн авч өөрийгөө зовоохыг хүсдэггүй

 

-“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Таныг дэмжих хүн байна уу?

-Далдыг хардаг Далай лам биш учраас хүний мөс чанар ямар гэдэг нь танигддаггүй юм байна. Яг ажлаас халагдахад хүмүүсийн чанар, хандлага өөрчлөгдсөн. Хэн нь ямархуу хүн бэ гэдгийг нүдээрээ харж байна. Нуулгүй хэлэхэд, гомдох үе ч байлаа. Би сэтгэл, тархи толгойгоо хөнгөн байлгах дуртай хүн. Аливааг гүн гүнзгийгээр хүлээн авч өөрийгөө зовоохыг хүсдэггүй. Нийгэм хэцүү байхад бүх зүйлийг өөртөө наагаад байвал амаргүй. Тийм болохоор ямар ч зүйл тохиолдсон аль болох хөнгөнөөр хүлээж авахыг хичээж байна. Хүмүүсийн эвгүй хандлагыг хүлээн авахдаа зөөллөнө. Энэ чанараараа би цоглог байж чадаж байгаа юм шүү. Түүнээс биш гомдохоор зүйл олон тохиолдсон. Тэглээ гээд аль юм болгон тээглэж бүдчээд яваад байх вэ дээ. Хүний мөс чанарыг мэдэхээр чин сэтгэлээсээ хандаж чадахаа л больчих юм.

-Сэтгэл дундуур л байгаа юм байна?

-Би Дуурийн театрт 20 жил ажиллахдаа нэг ч удаа цалин бага байна гэж гомдоллож байсангүй. Театрынхаа тогоон дотор байгаа юмыг гадагш нь гаргаж ярьж яваагүй. Гэхдээ энэ удаад тэвчээр алдагдсан. Уран бүтээлчид бид ч гэсэн хөгжиж урагш алхмаар байна. Тэгэхээр энэ хүмүүсийг яагаад ингэж боогоод байгаа юм бэ гэдэг өөрөө том асуудал. Театр гадаад харилцаандаа илүү анхаарсан бол өдийд хөгжин цэцэглэх байсан. Урлагийнхан яаж түүчээлнэ, нийгэм тэр чинээгээрээ өнгө төрх нь  аятай сайхан болно. Тэгэхээр урлагийнхнаа л хүнээс дутахааргүй байлгамаар байна. Бид илүүг хүсээгүй. Бусад шиг л хөгжиж, амьдармаар байна. Нийгэм яагаад ийм харгис хэрцгий байгаа юм бэ. Яагаад гэвэл урлаг соёлоор гэгээрэхгүй болохоор өрөвч нинжин сэтгэлгүй, гоо зүйн ямар ч мэдрэмжгүй хүмүүс олширно. Дээр нь саяхныг хүртэл улс төрийн сонгуулиар урлагийнхныг ашигладаг байсан. Одоо урлагийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээ хараад дэмж л дээ. Урлаг нийгмийг түүчээлэн авч явна шүү дээ.

-Шууд асууя. Дуурийн театраас таныг эргээд ажилдаа орооч гэвэл та ямар шийдвэр гаргах вэ?

-Би нэг хэсэгтээ ажилд орохгүй. Хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулмаар байна. Хүн бүр хувиа бодоод байхад би ч гэсэн хувиа бодъё доо. Цомог, пянзаа гаргая. Уран бүтээлүүдээ хадгалж үлдээхэд анхаармаар байна.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө өөр бусад нь таныг хяхаж хавчиж байна уу?

-Хаа очиж манай урлагийн салбарт тийм зүйл байдаггүй. Харин ч хамтарч ажиллах хувийн байгууллага олон байна. Хэдийгээр Дуурийн театраас гарсан ч надад орон зай байгаа биз?

-Та шинэ карьераа эхэлж байна гэсэн. Хамгийн түрүүнд юунаас эхлэхээр барьж авав?

-Дэлхийн театруудад монгол романсыг эх хэлээрээ дуулъя гэж зорьж байна. Яг л герман, франц, итали, орос шиг эх хэлээрээ дэлхийн тайзан дээр дуулж толилуулмаар байна. Хамгийн гол нь романсынхаа үгийг итали, франц, англи руу хөрвүүлснээр цомнол /либретто/-ыг нь гаргаад театр, тэдгээрийн цахим хувилбарт байрлуулж танилцуулах шаардлагатай байгаа. Б.Шарав, Н.Жанцанноров, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа гуайн романсууд бий. Монголчууд ийм романс, ийм урлагтай юм гэдгийг харуулахыг хүсдэг. Үүнийг ажил хэрэг болгохоор эхлүүлээд өөрийн хэмжээнд яваад л байна. Үүний тулд хөрөнгө мөнгө асар их шаардлагатай. Зайлшгүй хамтрах хүч хэрэгтэй. Ганцаараа  гүрийгээд хаа ч хүрэхгүй. Тэгэхээр бас л хүрээлэлтэй байх шаардлагатай болж байгаа юм. Хамгийн гол нь надад энэ бүхнийг чадна гэсэн итгэл дүүрэн байна. 

-Энэ цаг үед таныг хэн гэдэг концертмейстер дэмжиж байна вэ?

-Манайх залуу концертмейстер олонтой. Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Солонго багшаас хойно Уртнасан, С.Номин, Э.Намуун гээд концертмейстер гараад ирсэн. Тэдгээрээс би Цагааны Цэгмэдийн Уртнасан багштай олон жил хамтран ажилласан. Бүх романсаа Уртнасан багштай дууллаа. Уртнасан багш Бээжинд уригдаад явсан. Одоо бол би залуу концертмейстеруудтай ажиллаж байна. Ялангуяа Э.Намуунтайгаа нэлээд хэдэн романс дээр ажиллалаа. Энэ нэг талаараа залуу уран бүтээлчдэд туршлага болж байгаа болов уу. Залуучууд их мундаг байна, маш их эрэл хайгуул хийдэг болжээ.

-Би таныг уруу дорой явж байгаа гэж бодоогүй шүү. Гэхдээ миний бодсоноос илүү цоглог, буцалж явж байгааг тань хараад бахархах сэтгэл төрж байна.

-Би Америкаас ирээд халагд­санаа мэдэнгүүтээ тоглолт хий­хээр зарласнаас хойш уйдах, уйтгарлах завгүй явж байна.

-Б.Шарав гуай өнгөрөхөөсөө өмнө танд том даалгавар өгсөн гэсэн. Даалгавраа хэзээ хийх вэ?

-Б.Шарав гуай өнгөрөхөөсөө өмнө намайг дуудаж уулзсан. Бие нь нэлээд тааруухан байхдаа юуны түрүүнд монгол романсыг дэлхийд гаргаарай гэж хэлсэн. Мөн анх баритонд зориулан бичсэн вальсаа надад өгөөд “Энэ дууг юм болгоно доо” гэж хэлээд надад өгч байсан нь З.Түмэнжаргал гуайн “Таны төлөө дуулъя” гээд их гоё үгтэй дуу. Би бол өөрийнх нь “Сэрсэн тал” концертод байнга тэр дууг нь дуулдаг. Тэр дууг надад өгөөд “Яг чамд зохих юм байна. Энэ бүтээлийг гаргаж ирж авч яваарай” гэж захисан. Тэр захиасаар миний толгойд монгол сонгодог романсын төрлийг дэлхийд гаргах ёстой юм байна гэж ойлгосон. Одоохондоо романсаа цомог эсвэл пянзан дээр буулгаагүй байна. Гэхдээ бичлэгүүд хийсэн.

Аль болох амьд гаргачих гээд л үзэж тарж байна даа. “Recital”-ыг дан Б.Шарав ахын романсаар гаргана. Мөн Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээл багтана. Н.Жанцанноров гуайтай  хамтран ажиллахаар зорьж байна. Одоо мөн л хөрөнгө мөнгөний асуудал тулчихаад байгаа юм. Дуучин дуулахаас өөр ажилд сайнгүй. Сайн санаатай, Б.Шарав ахыг хайрлаж, хүндэлдэг хүмүүс байвал миний энэ бүтээлийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Ажлаас гарснаас хойш уран бүтээлийн санал хүлээн авав уу?

-Надад ёстой гоё санал тавьсан. “Про” театрынхан “Инээмтгий хүн” жүжгийн Анна хатны дүрд тоглуулах хүсэлтэйгээ хэлсэн. Даанч тухайн үед шарандаа тоглолт хийх гээд зарласан байсан болохоор  уран бүтээлчдийн тавьсан саналаас татгалзахаас өөр аргагүй байлаа. Тухайн үед бас Киргизстан рүү Ж.Вердийн “Травиата” дуурьт тоглох болж таарсан юм. Тиймээс “Про” театрын дараагийн бүтээлд хамтран ажиллахаа хэлсэн. Тэгэхээр дараа нь тэдэнтэй хамтран нэгэн сайхан бүтээлд тоглоно гэсэн итгэлтэй байна. Драмын жүжиг их сонирхолтой шүү дээ. Бид ч гэсэн тоглоод үзэхэд болохгүй гэх зүйлгүй юм шиг санагдсан. Дуу хоолойны дикц сайтай болохоор оноосон дүрдээ тоглож чадах байх гэж бодож байна.

-Театраас холдсон хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ илүү  ойр байх, тэдэнд санаа тавих боломжийг олгосон байх?

-Яг тийм. Хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд суулаа. Сургууль, цэцэрлэгт  нь хүргэж өгөх, авахад багагүй  ажил болдог юм байна. Гэхдээ хувийн уран бүтээлээ хийж байгаа болохоор аль болох хоёуланг нь зохицуулаад л явахыг хичээдэг. Ихэвчлэн миний хань  гэрийн ажлыг нугалдаг юм. Сайн гэр бүлгүй бол уран бүтээлч хүн ингэж гялалзаж, гялтганаж явах хэцүү шүү.

-Та нэг хэсэг гадаад хэлний мэдлэг­тээ их анхаарал хандуулсан. Одоо ямар хэл судалж байна вэ?

-Тийм ээ. Цар тахлын үеэр хэлний сургалтад хамрагдсан. Театрын ажил эхлээд сургалтаа орхисон. Мэдээж гадаад хэлний мэдлэгтээ цаашид анхаарна. Одоо гаднын улс орнууд руу явна. Тиймээс англи, орос хэлээ үргэлжлүүлэн судлах зайлшгүй шаардлага бий. Арван жилдээ орос хэл судалж байсан учраас ойр зуурдаа ойлголцоно. Англи хэлийг насан туршдаа судалж байгаа ч ус цас болохгүй юм. Орчинд нь  орвол  англи хэлний мэдлэг илүү сайжирдаг юм болов уу даа.

 

Монгол сонгодог романсын төрлийг “Recital” хэлбэрээр маркетинг хийгээд  гадаад зах зээлд танилцуулах хүн надад хэрэгтэй

 

-Карьераа илүү тэлэхийн тулд танд хэлтэй, хөлтэй менежер хэрэгтэй юм байна?

-Тийм. Монгол сонгодог романсын төрлийг “Recital” хэлбэрээр маркетинг хийгээд  гадаад зах зээлд танилцуулах хүн надад хэрэгтэй байна. “Recital” гэдэг нь дан хөгжимтэй гаргадаг бүтээлийг хэлдэг юм. Бас спонсор байгууллага надад хэрэгтэй. Бүгдээрээ хамтдаа хөгжиж болно шүү дээ.

-Нутаг орон руугаа явъя гэж бодож байна уу?

-Би төрсөн нутагтаа очиж энерги авдаг. Зундаа хоёроос гурван удаа Хөвсгөл рүү явдаг.  Өнгөрсөн өвөл ёстой явж чадсангүй. Уг нь сая хөдөө явахдаа Хөвсгөлд очно гэж бодсон ч тоглолтууд давхцаад буцаад хүрээд ирлээ. Удахгүй, зургадугаар сард Улаан-Үдэд дуулахаар явна. Тэндээс буцаж ирэхдээ нутгаараа орно гэж бодож байна. Ер нь энэ жил зураг авалтаар нутаг руугаа нэлээд хэд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Энэ цагийн үзэл бодол, мэдрэм­жээсээ чөлөөтэй хуваалцсанд баяр­ла­лаа. Таныг шинэ уран бүтээлээ гаргахаар дахин уулзъя.


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.23.196
Өчигдөр
0
0
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258
Хариулах
Шинэ мэдээ
​ Т.Сайнжаргал: Залуу хүний хувьд нийгмийн тод төлөөлөл байх үүднээс … 2 цагийн өмнө
Б.Тулга: Боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэх эхлэлийг тавьж, их бүт… 2 цагийн өмнө
БООМТЫН СЭРГЭЛТ: Нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх эхний алхмаа бүрэ… 2 цагийн өмнө
Үндэстнээ сөхрүүлсэн үндэсний үйлдвэр буюу гурил үйлдвэрлэгчдийн мафи 2 цагийн өмнө
Улаанбаатарт 0 хэм орчим байна 3 цагийн өмнө
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 5 цагийн өмнө
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл … 19 цагийн өмнө
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт… Өчигдөр
Өнөөдөр орон даяар гамшгийн дуут дохио дуугарна Өчигдөр
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилж… Өчигдөр
Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа Өчигдөр
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа Өчигдөр
"Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрэ… Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажил… Өчигдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Улаанбаатараас Дарханы чиглэлийн зам үзэгдэх орчин хязгаа… 2024/03/27
Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна 2024/03/27