-Каннын наадмын “Un Certain Reard” хэсэгт Монгол Улсаас найруулагч П.Золжаргал оролцож байна -
Дэлхийн кино урлагийн алдартнууд Францын өмнөд эрэгт чуулж байна. Каннын 76 дахь удаагийн кино наадмын нээлт оддын цугларалт болсон улаан хивсний ёслолоор эхэллээ. Энэ жилийн наадам онцлох зүйл арвинтай болж байна. Каннын зөвлөл эмэгтэй ерөнхийлөгчтэй болсны дараах анхны наадам гэдгийг дурдах хэрэгтэй. Германы продюсер Айрис Кноблох зохион байгуулж буй эхний наадамдаа гял цал байдал, дэгжин төрхөөс илүү дэлхийн соёлын ертөнцөд гарч буй өөрчлөлтийг тусгасан бүтээлүүдийг онцолжээ. Тэрбээр “Бид 2000 гаруй киноноос шигшсэн. Энэ тоо нэг талаараа кино урлаг хэтэрхий үрэлгэн байгааг илтгэнэ. Наадмын цар хүрээ олон улсыг хамрах ёстой учраас франц киноны тоог хязгаарласан” гэжээ. Түүний сонголтыг энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх кино танилцуулгаас харж болно. Урьдчилан зарласанчлан наадмыг Жонни Деппийн гол дүрд нь тоглосон Майвеннийн “Жанна дю Барри” түүхэн сэдэвт киногоор нээжээ. Үндсэн төрөлд Мартин Скорсезе, Вес Андерсон, Кэтрин Брейлат, Вим Вендерс, Коре-эда Хироказу, Тодд Хейнс тэргүүтэй орчин үеийн кино урлагийн мегаватт найруулагчдын бүтээлийг онцлон танилцуулах юм. Эдгээр бүтээлээс наадмын шилдгүүд, “Алтан дал модны мөчир” шагналтан тодрох учиртай. Одод чуулсан улаан хивсний ёслол, үдэшлэг, тансаг зэрэглэлийн загварууд, Газар дундын тэнгисийн үзэсгэлэнт байгаль нь кино бизнесийн эерэг тал. Орчин үеийн үзэгчдийн хандлагыг даган студиуд стриминг үйлчилгээгээ сурталчлахад анхаарч эхэлсэн. Захирлуудын цомхотголд өртөн олон мянган хүн ажлын байраа алдсан билээ. Цар тахлын үеэр Канн, Берлин, Венец зэрэг томоохон кино наадам цахим тасалбарын системийг нэвтрүүлсэн. Каннын наадам зохион байгуулагчид энэ жил хэвлэл мэдээллийн ажилтан, оролцогч, сонирхогчдод нэгэн адил дижитал тасалбар олгожээ.
Холливудынхан өргөн фронтоор оролцож байна
Канн бол дэлхийн киночдын баяр. Наадмын хөтөлбөрүүд дур булаам загвар, нүд гялбам үнэт эдлэлийн талбар болсон улаан хивсний ёслолоос дутахааргүй сонирхолтой байдаг. Энэ жил “Холливудын шигшээ” урьд урьдынхаасаа олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Том Хэнкс, Маргот Робби, Скарлетт Йоханссон, Тильда Суинтон, Харрисон Форд, Натали Портман, Жулианна Мур, Леонардо Ди Каприо, Том Круз, Роберт Де Ниро, Жесси Племонс, Брендан Фрейзер нар шилдгийн төлөө өрсөлдөх юм. Энэ жил зургаан эмэгтэй найруулагчийн бүтээл шилдэгт өрсөлдөх юм. Тухайлбал, Алис Рорвачерын “Ла Чимера”, Жессика Хауснерын “Клуб 0”, Брейлатын “Сүүлчийн зун”, Жастин Триетийн “Anatomie d’une chute”, Рамата-Тулайе Сийн “Банель ба Адама”, Каутер Бен Ханиагийн “Дөрвөн охин” баримтат кино нэр дэвшжээ. Эдгээр уран бүтээлчээс Сенегалийн найруулагч Рамата-Тулайе Си, Тунисийн Каутер Бен Ханиа нар Каннд киногоо анх удаа сойж байна. Итали өнгө аясыг дэлгэцийн бүтээлдээ гүнзгий тусгадаг Алис Рорвачер өмнө нь Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан билээ. Түүнчлэн Хятадын найруулагч Ван Биний “Jeunesse” хэмээх улс төрийн агуулгатай баримтат кино шүүмжлэгчдийн дунд хүлээлттэй байна. Каннын наадмын онцлох төрөл болох баримтат киноны ангилалд “Берлинале”, Венецээс шагнал хүртсэн бүтээлүүд нэр дэвшжээ. Гэхдээ Канн бол баримтат киноны өнгийг тодорхойлдог наадам. Майкл Мур, Квентин Тарантино тэргүүтэй шилдгүүд л энэ төрөлд тэргүүлж байсан юм. Тусгай үзүүлбэрт багтсан нэр хүндтэй найруулагчдын бүтээлээс дурдвал, Вим Вендерс “Le Bruit du Temps”, Клебер Мендонка Фильо “Pictures of Ghosts” киногоо танилцуулна. Нацистуудын эзэлсэн Амстердам хотын тухай “Эзлэгдсэн хот” бүтээлээрээ Стив МакКуин кино урлагт эргэн ирснээ зарлалаа. Мөн Каннын түүхэн дэх хамгийн амжилттай найруулагч Кен Лоуч “Хуучин царс”, Карим Айнуз “Firebrand” гэх VIII Генри хааны тухай түүхэн драм, Освенцимийн зохиолоос сэдэвлэсэн Жонатан Глейзерийн “Сонирхлын бүс” зэрэг сонирхолтой кино багтжээ. Каннын сонгодог бүтээлийн хөтөлбөрт Жан-Люк Годар, Ясүжиро Озү, Мэн Рэй нарт хүндэтгэл үзүүлэн, онцлох бүтээлүүдийг нь сонгожээ. Францын найруулагч Жан-Люк Годарын “Хуурамч дайн”, “Дэг журам” болон “Годар Годарын тухай” баримтат киног толилуулна. Японы кино урлагийн сонгодог жүжигчин Ясүжиро Озүгийн дурсгалд зориулж “Гэрийн эзний үлгэр”, “Мүнеката эгч дүүс” киног сонгожээ. Нэмж дурдахад, энэ хөтөлбөрт Альфред Хичкок, Ингрид Бергман, Грегори Пек нарын Холливудын алтан үеийн 15 сонгодог бүтээлийг түүвэрлэн үзүүлэх юм. Үндсэн нэр дэвшигчдээс гадна “Un Certain Reard” буюу үзэсгэлэнгийн хэсэгт ирээдүйтэй, залуу найруулагчдын бүтээлийг танилцуулдаг. Энэ жил Монгол Улсаас найруулагч Пүрэвдашийн Золжаргал “Баавгай болохсон” киногоороо оролцож байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шведийн найруулагч Рубен Остлунд тэргүүлэх юм. Түүний удирдлагад жүжигчин Пол Дано, Бри Ларсон, Жулиа Дюкурнау, Денис Меночет, Мароккогийн найруулагч Марьям Тузани, Замбийн найруулагч Рунгано Ниони, Афганистаны зохиолч Атик Рахими, Аргентины сценарист Дамиан Сифрон нар багтжээ. Наадамд өрсөлдөж буй 21 киноноос шалгарсан нэг бүтээлд шүүгчдийн нэрэмжит шагналыг энэ сарын 27-нд хаалтын ёслолын үеэр гардуулна.
Каннын наадмын тухай баримтууд
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна