Даши-Доржо Болотов: Бид зүрх сэтгэлээрээ Монголын зүг саравчлан харж байдаг

unen
13 цагийн өмнө


“Монголын үнэн” сонин гадаадын улс орнуудын, тэр дундаа хоёр хөршийнхөө хэвлэл мэдээллийн байгууллагуудтай мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн олон арван жилийн туршлагатай. Бид хоёр дахь зуун жилийнхээ эхэнд энэхүү уламжлалт хамтын ажиллагаагаа сэргээн хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын “Буряад үнэн” сонинтой хамтран ажиллахаар болоод байгаа юм. Тус сонин “Монголын үнэн” -ээс нэг насаар дүү буюу 1921 онд анхны дугаараа гаргасан, 102 дахь жилдээ хэвлэгдэн гарч байгаа тогтмол хэвлэл юм. Хоёр сонины хамтын ажиллагаа өнгөрсөн зууны дунд үеэс эхэлсэн түүхтэй. 
“Буряад үнэн” хэвлэлийн төвийн захирал, “Буряад үнэн” сонины ерөнхий эрхлэгч Даши-Доржо Болотов өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, манай сонины редакцад айлчилсан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа. 


-Монголд тавтай морилж байна уу. Улаанбаатарт ирсэн сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач? 
-Би Монголд олон удаа ирж байна. Улаанбаатарт ирэх сайхан байдаг. 1990-ээд оны сүүлээр Монголд ирж, хагас жил болсон. Тэр үеийн Багшийн дээд сургуульд суралцсан. Тийм болохоор Улаанбаатарыг сайн мэднэ. Энд олон сайхан найз нөхөдтэй. Хамгийн сүүлд 2017 онд ирж байсан. 


-Энэ удаа ямар ажлаар ирэв. Зорьсон үйл нь бүтэмжтэй сайхан биз дээ? 
-“Буряад үнэн” сонины хамт олон, Монголын волейболын холбоо, Чингэлтэй дүүргийн спортын хороотой хамтран ахмад тамирчдын тэмцээн зохион байгуулахаар ирсэн. Тэмцээнийг энэ сарын 30-нд албан ёсоор тохиох Монгол-Буриад улсын 100 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Буриадаас хоёр баг ирж, Чингэлтэй болон бусад дүүргээс ахмад баг тамирчид идэвхтэй оролцсон сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Мөн “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг, нэгдүгээр орлогч эрхлэгч Г.Сонинбаяр нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын үйл ажиллагааныхаа чиг зорилтыг ярилцлаа. Үүгээрээ хамтын ажиллагааны шинэ шат, шинэ эрин, шинэ үеийн эхлэлийг тавьсан үйл явдал боллоо гэж бодож байна. 


-Таныг Буриадын телевизийн сэтгүүлч, хөтлөгч гэж сонссон. Телевизийн хүн сонины эрхлэгч болох сонголтыг яагаад хийв. “Буряад үнэн” сонины эрхлэгчээр ажиллаад удаж байна уу?
-Би “Буряад үнэн” сонинд анх 2002 онд орж гурван жилийн турш сэтгүүлчээр ажилласан. 2005 оноос Буриадын телевиз, радиогийн компанид хөтлөгч, нэвтрүүлэгчээр орж, хоёр жил шахам ажилласан. Ингээд 2007 оноос 2019 он хүртэл “Ариг ус” телевиз, радиогийн компанид редактороор ажилласан. 2019 оноос эргээд “Буряад үнэн” сониндоо редактороор орж, 2021 оноос “Буряад үнэн” хэвлэлийн төвийн захирлаар ажиллаж байна. Манай “Буряад үнэн” сонины редакцын бааз суурь дээр 2001 онд шинэчлэн байгуулсан “Буряад үнэн” хэвлэлийн төвд орос хэлээр гардаг “Бурятия”, буриад хэлээр гардаг “Буряад үнэн” гэсэн хоёр сонин, орос, буриад хоёр хэлээр гардаг “Байкал” соёл, утга зохиолын сэтгүүл, burunen.ru сайт зэрэг хэвлэл мэдээллийн таван байгууллага харьяалагдан нийт 68 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна аймгуудад тархан суусан сэтгүүлчид бидэнд харьяалагдаж байна. 


-“Монголын үнэн” сонины уншигчдад хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Буриадын хамгийн өндөр настай сонин 102 жилийн тэртээ “Шинэ байдал” нэртэйгээр 1921 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Чита хотод анхны дугаар мэндэлсэн түүхтэй. 1923 онд Буриад Монголын автономит бүгд найрамдах улс байгуулагдсанаар манай редакц Чита хотоос Улаан-Үд хот руу шилжин, анхны эрхлэгчээр нь Буриад-Монгол улсыг үндэслэн байгуулагчдын нэг, БМАБНУ-ын төв гүйцэтгэх хорооны тэргүүлэгч Матвей Амагаев ажиллаж байлаа. “Буряад үнэн” сонин хэвлэгдэн гарсан цагаасаа эхлэн “Монголын үнэн” сонинтой хамтран ажиллаж, элч төлөөлөгчөө байнга солилцож, жил алгасахгүй баярын мэндчилгээ хүргэж  байсан нь манай түүхийн нэг хэсэг болж музей, архивт хадгалагдан үлдсэн байдаг. Монгол, Буриад улс нэг гарвальтай, нэг цустай үндэстнүүд. Энэ утгаараа бид аль болохоор ойр дотно байхыг хүсдэг. Бид зүрх сэтгэлээрээ Монгол Улсын зүг саравчлан харж, хөгжил дэвшил, ялалт ололт бүрд нь баясан догдолж байдаг. Монголчууд ч бас бидний нэгэн адил бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэг байдаг гэдэгт итгэлтэй байна. Соёл, урлаг, спортын салбарт илүү олон уралдаан, тэмцээн зохион байгуулж, хамтран ажиллах нь биднийг улам ойртуулна. Үүгээр дамжин хоёр улсын бусад харилцаа ч улам дээшлэн нягтарна гэж би бодож байна. Энэ харилцаа, холбоо маань үүрд байх болно. “Монголын үнэн” сонины хамт олон, нийт уншигчдад нь сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлье.   


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22