“BE READY”


 “MARS V” төслийн хүрээнд толилуулж буй “BE READY” үзэсгэлэнгийн нээлт “Mongol art” галерейд боллоо.  Уг үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Даржаагийн Батбилэг хүү Батбилэгийн Эрдэнэбаяртай хамтран гаргасан юм. Монголын говьд Марсын сургуулилалтын академи, сансрын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын төв байгуулах “MARS V”  төсөл нь хүн төрөлхтний сансар огторгуйг эзэмших, ашиглах, хамтын мөрөөдлийг биелүүлэх орчин, нөөц, технологи, менежментийн уулзах цэг болох зорилготой аж. Ингээд тус төслийн багийн 78, 79 дугаарын гишүүн Д.Батбилэг, Б.Эрдэнэбаяр нартай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

Д.Батбилэг: Бидний амьдарч буй дэлхий ертөнц бол диваажин


-“MARS V” төслийн багийн 78 дахь гишүүнд энэ өдрийн мэнд хүргэе. “Монголын үнэн” сонины уншигчдад мэндчилгээ дэвшүүлнэ үү?-Сонин бол гайхалтай мэдлэг мэдээлэл түгээгч хэрэгсэл. Би ахимаг насны хүн. Миний бага залуу насыг сонингүйгээр төсөөлөх боломжгүй. Олон сонин, хэвлэлд ярилцлага өгч байсан ч “Монголын үнэн” сонинд ярилцлага өгч байгаагүй. Ярилцлага авч байгаад маш их талархаж байна.   -“BE READY” үзэсгэлэн гаргах болсон шалтгаан юу байв?  -Би шинжлэх ухаанч хүн биш. Уран бүтээлч. “MARS V” төслийн хамт олны нэг эд эс гэдэг утгаараа энэ төсөлд оруулах миний хувь нэмэр юу байх вэ. Математикч тоо бодно, дуучин дуугаа дуулна, жолооч машинаа барина, одон оронч цөмийн физикч гэх мэт хүн бүр энэ төсөлд хувь нэмрээ, чаддаг зүйлээрээ, оруулж байна. Хүү бид хоёрын хувьд зураач учраас энэ төсөл харагдах талаасаа уран бүтээлд хэрхэн тусгалаа олох вэ гэдгийг үзүүлсэн байдлаар зурж хувь нэмрээ оруулж байгаа юм. Төслийн үндсэн багийн гишүүн учраас зүгээр суугаад байж болохгүй биз дээ. “MARS V” төсөл гэхээсээ илүү монголчуудын хувьд чухал үйл хэрэг. Бид XIII зуунд дэлхийн талыг эзэлж тухайн үедээ л глобал ертөнцийг бий болгож байсан үндэстний үр хойчийн хувьд XXI зуунд яагаад оюун санааны удирдан чиглүүлэгч, манлайлагч байж болохгүй гэж. 

-Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр төслийн удирдагч хүмүүст зүүдлэгдэх хэмжээний бүтээлүүд болсон гэж дүгнэж байсан?-Бид үнэндээ сансарт юу байгааг мэдэхгүй. Өглөө цэлмэг тэнгэр, үдэш түг түмэн одод гялалзах харанхуй хязгааргүй уудам л харагддаг. Бид ямар орон зайд амьдарч байгаагаа мэдэхгүй учраас байгаль дэлхийдээ хайхрамжгүй хандаж байна. Гол горхио бузарлаж, мод бутаа сүйтгэхээс эхлээд уул уурхай нэрээр газар дэлхийгээ хөндөж төнхөх, уурхайн асар том нүхэн шарх үлдээх гэх мэт. Хэрвээ бид нарны аймгаа хөндлөнгөөс харвал ямар харагдах вэ. Найман гараг дагуулуудтайгаа, эх дэлхий маань тэр дунд хэрхэн үзэгдэх билээ. Хэдийгээр дийлэнх нь ус харагдах ч цэвэр цэнгэг ус нь хэр билээ, тэр их шорвог усан дунд бидний амьдран бүхий хуурай газар, амьтан ургамал нь хэд билээ гэх мэтчилэн бодуулах, санаж сэрэх тэр сэдлийг төрүүлэхүйц уран бүтээлүүдээ энд дэлгэсэн. Нэмээд хэлэхэд, бид энэ дэлхийн ганц эзэн нь биш шүү дээ. Өнөөдөр энэ гараг ертөнцөд сөнөх аюулын дохио асаасан байна. 

-Эх дэлхийгээ сансрын уудмаас харахад хайрлахгүй байхын аргагүй гэсэн утгатай үг сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуай хэлсэн санагдана?-Монголоос эх дэлхийгээ гаднаас нь харсан ганц хүн нь Ж.Гүррагчаа гуай. Энэ хүний авсан мэдрэмжийн өчүүхэн ч болов хэсгийг мэдрүүлэхийн тулд үзэсгэлэнгээ дэлгэсэн. Хүн өөрийгөө хажуунаасаа харж чаддаггүй бол энэ уран бүтээлийн үзэсгэлэнгээс эх дэлхийгээ хажуунаас нь хараарай гэж хэлмээр байна.

 -Эх дэлхийдээ эзний сэтгэлээр хандаж чадахгүй бол хязгааргүй уудам дунд очиж болох ганц гараг маань эзгүй цөл, амьдрах нөхцөл бэрхшээлтэй, уйтгартай улаан гараг юм шүү гэж үзүүлснээр эх дэлхийгээ хайрла гэдэг утгыг илэрхийлсэн юм уу гэж бодлоо?-Зургуудаа зурж байхдаа би маш их юм бодсон. Уншиж судалгаа хийж, бодож бясалгаж суухдаа “Нөгөө диваажин гэгч хаа нэгтээ байдаг бол тэр диваажин чинь бидний энэ дэлхий ертөнц л юм биш үү” гэж бодогдсон. -Ярилцсанд баярлалаа, уран бүтээлийн амжилт хүсье.

Б.Эрдэнэбаяр:  Үзэсгэлэнгийн үзэл санаа  ирээдүйн тухай  төсөөлөлд суурилсан тул онцгой мэдрэмж өгнө

-Уран бүтээлийн үзэс­гэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?-Намайг Батбилэг овогтой Эрдэнэбаяр гэдэг. Би 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг монументал чимэглэлийн зураач мэргэжлээр дүүргэсэн. Дараа нь БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны Хөх хотод урлаг судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, одоо урлаг судлаачаар ажиллаж байна. -Төгсөөд хориод жил болжээ. Урьд өмнө уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байв уу? -Хувь уран бүтээлээ хойш тавиад, урлагийг нийгэмд таниулах талаас нь нэлээд ажил хийлээ. 2006 онд сургуулиа дүүргээд Өвөрмонголд хятад хэлний бэлтгэлд сурсан. Хэл сурсны давуу талаа ашиглаж Хөх хотод монгол хэл, ёс заншлаар дамжуулан өвөрмонгол хүүхдүүдэд монгол сэтгэлгээ, халх аялга яриа зааж сургах хувийн соёлын төвийг найзтайгаа хамтран нээж гурван жил ажиллууллаа. Одоо 2018 онд эхлүүлсэн дуу хөгжмийн түүхийн музейг Улаанбаатар хотод ажиллуулж байна. 

-Сонирхолтой музей юм. Ямар зорилгоор үйл ажиллагаа явуулж байна вэ?-Хүүхэд, залуучуудад тэр тусмаа энэ чиглэлээр суралцах хүсэлтэй ахлах, дунд ангийнхан, оюутан сурагчдад дуу хөгжмийн түүхийг таниулан сургах, монголчууд дуу хөгжмийн ийм түүхтэй, дэлхий ийм түүхтэй явж ирсэн гэдэг анхан шатны мэдлэг мэдээлэл олгох зорилготой. Мөн хөгжмийн зэмсэг, хэрэглэгдэхүүн, хэрхэн урлаж бүтээдэг зэрэг өв, соёл, монгол ахуйгаа таниулан сургах чиглэлд анхаардаг. 

-Ямар үр дүн хүлээж байгаа вэ?-Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад одоо бүх зүйл шинэ соргог байгаа. Энэ насанд сурсан зүйлс хэзээ ч мартагддаггүйг бид мэднэ. Би ахлах ангид заалгасан зүйлээ одоо хэр нь мартаагүй. Хэн заасан нь бүү мэд би мэддэг, чаддаг болоод ажил амьдралдаа ашиглаад явж байна. Ирээдүйд арав, хорин жилийн дараа өнөөдөр сурсан хөгжмийн, уран зургийн мэдлэг боловсрол нь хүүхэд, залууст хэрэг болохыг үгүйсгэхгүй. Урлагаар дамжуулж, гоо зүйн тодорхой түвшинд мэдлэгтэй болсноор суурь хүмүүжилд ч нөлөөлөх боломжтой гэж боддог. 

-Үндэс угсаа, язгуур соёлоо авч үлдээх гэсэн эрмэлзэл, үүнтэй зэрэгцээд алдчихвий гэсэн эмзэглэл, айдас байна уу?-Эмзэглэл байна. Хүн бүрийн дотор үндэс язгуураа гэсэн сэтгэл их, бага хэмжээгээр байдаг болов уу. Нэгэнт суурийг нь буруу тавьсан хүнтэй ярилцахад мэдэгддэг, бас хэцүү байдаг. Тийм хүмүүсийг засах гэж оролдох биш одооноос ирээдүйгээ зөв бэлтгэх ёстой гэдэг бодол бий. 

-Аавтайгаа хамтран гаргаж буй “BE READY” үзэсгэлэнд дэлгэсэн зургуудад таны үндэс язгуураа гэсэн үзэл санаа шингэсэн үү?-Үзэсгэлэн үзсэн хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч, тунгаан бодож тайлбарлах болов уу. Уран бүтээлчдийн хувьд гоо зүй, мэдрэмж, уран сайхныг хүмүүст харуулах зорилготой. Өнөөгийн завгүй, яаруу амьдралын хэмнэл өдөр тутам, цаг мөч, алхам бүрд таарч тохиолдох сайн сайхан, дурсамж бүтээх нандин хором, уйтгар гуниг, баяр хөөрийг ажиглан сатаарах зав алга. Миний сонгосон мэргэжил хүмүүсийн анзаарахгүй байгаа гоо зүйг олж харснаар уран бүтээлдээ тусган мэдрүүлж, сэтгэлийн таашаал өгөх юм. Хүмүүс уран бүтээлийг хараад ямар сайхан юм бэ гэж дуу алдвал дутагдаад байгаа мэдрэмжээ авч чадаж байна л гэсэн үг. Хүнд хоол, хувцас хэрэгтэй шиг тархи зүрхэнд бас тэжээл хэрэгтэй байдаг. Бид тэр тэжээлийг нь өгч байна. 

-Үзэсгэлэнг гаргах саналыг “MARS V” төслийн хамт олон тавьсан уу, та санал болгосон уу?-Орчлонд учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг л “MARS V” төслийн хамт олонтой танилцсан. Би уран бүтээлдээ сансар огторгуй, ирээдүйн тухай төсөөллийг оруулах сонирхолтой байсан. “MARS V” төслийн талаар сонсоод уулзмаар санагдаад төслийн багт ажилладаг Амгаланбаатар гэдэг залуугаар дамжуулан багийнхантай уулзахад сайхан яриа нийлсэн. Үзэл бодол, харах өнцөг ирээдүйн төсөөлөл гээд яв цав нийлж, хэзээ нэгэн цагт уулзах нь гарцаагүй хүмүүс шиг л уулзалдсан. Тэгээд төслийн талаар илүү сайн ойлгож мэдээд хамтран ажиллахаар шийдсэн юм.

-Уншигчдад хандаад хэлэх үг байна уу?-Монгол хүн Марс гараг дээр очих нь тодорхой. Иймээс Марс гараг дээр очих сансрын нисгэгчдийг бэлтгэх, бэлтгэл сургуулилалтын баазыг Монголын говьд барьж байгуулахыг зорин “MARS V” төслийн хамт олон ажиллаж байна. Би энэ багийн 79 дэх гишүүн нь болсондоо баяртай байгаа. Үзэсгэлэнгийн үзэл санаа ирээдүйн тухай төсөөлөлд суурилсан тул онцгой мэдрэмж өгнө. -Танд баярлалаа.


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөл хөсөр, гар газар амьдран суухын хүсэл 23 цагийн өмнө
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс олон улс зайлсхийлээ 23 цагийн өмнө
Олимпын бамбарын буухиа 68 хоног үргэлжилнэ 23 цагийн өмнө
Балетын шилдгүүд Монголд өрсөлдөнө 23 цагийн өмнө
Оюутан элсүүлэх энэ жилийн босго оноог тогтоожээ 23 цагийн өмнө
Д.Энхжаргал: Монгол, хэл бичгийн шалгалтын оноог өнөөдөр байршуулна 23 цагийн өмнө
“Шинэ Хархорум” хотын концепц боловсруулах сонгон шалгаруулалтад 54 ул… 23 цагийн өмнө
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаа… 23 цагийн өмнө
Бүрэнхааны эрдэмт хүү Бүрэн эрхт элчин сайд 23 цагийн өмнө
Далайд нэмэх дусал 23 цагийн өмнө
Ус, цаг уурын алба олон түмнийхээ итгэл, талархлыг хүлээсээр байна 23 цагийн өмнө
Монголын хамгийн өндөр настай модель 23 цагийн өмнө
Тагтыг гэрт чинь оруулж таны тансаглалын хүрээг бид тэлье 23 цагийн өмнө
Өв соёлоо инновацлагч ирээдүйн иргэд бэлтгэгдэж байна 23 цагийн өмнө
“Соёлын сэргэлт-2024” аян соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөв… 23 цагийн өмнө
В.Түмэндэмбэрэл: Шатаах зуухнаас гаргасан тоосгыг нүцгэн гараараа барь… 23 цагийн өмнө
Хуучин хоршоо “Шинэ хоршоо” болов Өчигдөр
Л.Бадам: Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж… Өчигдөр
Г.Ариунчулуун: Монгол хүн бүрийг хямд зардлаар аялуулах нь бидний зори… Өчигдөр
Л.Төр-Од: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлэхэд даатгалын… Өчигдөр