​Г.Батчимэг: Шинэлэг бүжгэн жүжиг үзэхэд бэлэн байгаарай



УДБЭТ-ын тайзнаа үндэсний нэгэн шинэ бүжгэн жүжиг амилах гэж байна. Энэ бол Ардын жүжигчин А.Энхтайваны хөгжим, Соёлын тэргүүний ажилтан Б.Баярмагнайн цомнолоор, УДБЭТ-ын тэргүүн гоцлол балетчин Г.Батчимэг ерөнхий балетмейстерээр нь ажилласан “Хурмастын дагина” балет юм. Тус бүжгэн жүжгийн балетмейстерээр М.Нямтайван, ерөнхий зураачаар Ч.Батнасан, Ц.Ганзориг, удирдаачаар Ц.Гантөгс, хувцас дизайнераар Ж.Болортүвшин, ерөнхий продюсероор Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Чинбат, продюсероор Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс нар ажилласан байна. Бүжгэн жүжгийн гол дүр болох Шаралдай Гоо хатанд Гавьяат жүжигчин Б.Саруул, Хорьдай мэргэнд Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэболд, Эльюдэр мэргэнд Д.Нацагдорж, Баргабаатарт М.Од, Айсухан Гоо удганд Б.Баасансүрэн  тоглох юм. Харин зөвлөхөөр Гавьяат жүжигчин А.Батдэлгэр ажиллаж байгаа ажээ. УДБЭТ-ын тайзнаа 1990 оноос хойш Х.Билэгжаргалын “Бөртэ чоно”, Ц.Нацагдоржийн “Гүюг хаан”, А.Батдэлгэрийн “Арванхоёр жил”, Б.Шаравын “Зуурдын орон”, С.Соронзонболдын “Их домог”, А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” гэсэн долоон үндэсний бүжгэн жүжгийг амилуулсан байдаг. Тэгвэл “Хурмастын дагина” найм дахь нь болж байна. Монголын үндэсний балетын урын санд шинээр нэмэгдэж буй “Хурмастын дагина”-ын ерөнхий балетмейстер, ДБЭТ-ын тэргүүн гоцлол балетчин Г.Батчимэгтэй ярилцлаа. 

-Шинээр үзэгчдийн хүртээл болгох гэж буй бүжгэн жүжгийн талаар тантай ярилцахыг хүссэн юм. Ярилцлагын эхэнд “Хурмастын дагина”-ын талаар товч мэдээлэл өгөх үү? 
-Энэ онд УДБЭТ-ын түүхт 60 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү том ойд зориулж хөгжмийн зохиолч А.Энхтайваны “Хурмастын дагина” нэртэй монгол ардын үлгэр домгийн сэдэвтэй бүжгэн жүжгээ үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Миний хувьд үндэсний гэх тодотголтой бүжгэн жүжигт анх удаа балетмейстерээр ажиллаж байгаа нь энэ. Хоёр өдөр олны хүртээл болгох учраас хоёр өөр бүрэлдэхүүнтэй. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй бүжгэн жүжиг байна. Монголд балетын урлаг үүсэж хөгжсөнөөс хойш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва багшийн минь найруулсан үндэсний гэх тодотголтой олон бүжгэн жүжиг бий. Тухайн үед бодлогоор маш их дэмждэг байж. Харин 1990 оноос хойш 33 жилийн хугацаанд үндэсний долоон бүжгэн жүжиг олны хүртээл болсон. 2011 оноос хойш үндэсний шинэ бүжгэн бүжиг тавиагүй. Тиймээс 12 жилийн дараа “Хурмастын дагина” нэртэй үндэсний бүжгэн жүжгээр үзэгчдийг сонорыг мялааж, мэлмийг баясгах гэж буйгаараа онцлогтой юм. Социализмын үед төр засгаас бодлогоор дэмждэг байсан учраас төрөл бүрийн сэдвийн хүрээнд бүжгэн жүжиг тайзнаа тавьдаг байсан юм билээ. Харин 1990 оноос хойш санхүүгийн хувьд өмнөхөөсөө огцом буурсан, бүжгэн жүжигчдийн тоо ч хоёр дахин цөөрсөн. Өнөөдөр л гэхэд ДБЭТ маань 40 гаруй хүнтэй л байна. 


-Та анх удаа үндэсний тодотголтой бүжгэн жүжгийн балетмейстерээр ажиллаж байна. Хэр сандарч, догдолж байна вэ?
-Би Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва багшийнхаа удирдлагад балетмейстерээр төгссөн сүүлчийн шавь нь. Харин балетын жүжигчин мэргэжлээр Гавьяат жүжигчин Т.Туул багшийн удирдлагад төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш театртаа гоцлол бүжигчнээр 20 дахь жилдээ ажиллаж байна. Үндэсний болон сонгодог бүхий л бүжгэн жүжигт гоцлоочоор ажиллалаа. Театртаа дипломын ажлаа хамгаалж нэг бүлэгт богино хэмжээний бүжгэн жүжиг, “Дөрвөн өнгө” төслийн хүрээнд балетмейстерээр ажилласан. Харин “Номадик балет”-ын хийсэн хүүхдийн бүрэн хэмжээний хоёр бүтээл дээр ажилласан байна. Үндэсний гэдэг утгаараа маш их догдолж, сандарч байна. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдэж, хүлээлттэй байгаа. Үзэгчид болон мэргэжлийн хүмүүсээс шүүмж сонсохыг тэсэн ядан хүлээж байна гэх үү дээ. Ажил хийсэн хүн шүүмжлүүлэх нь зүйн хэрэг. Уг бүжгэн жүжгийг өөрийнхөө харснаар тайзнаа амилуулах гэж буйдаа их олзуурхсан. Учир нь, Ардын жүжигчин А.Энхтайван ах надад “Чи өөрийнхөө харснаараа хийгээрэй” гэж эрх өгсөн. Энэ нь надад таалагдсан. Би ямар нэгэн хэв маягт баригдахгүй, өөрийнхөө харснаар хүмүүст үзүүлэх учраас миний үзэл бодлыг харах боломж бүрдсэнд баяртай байна. 


-Тэгвэл үзэгчдээс та юу хүсэж байгаа бол?
-Бүх дуурь, бүжгэн жүжиг, тоглолтыг зөвхөн үзэгчдэд л зориулж тоглодог. Бүжгэн жүжиг үздэг үзэгчдэд хэлэхэд “Хурмастын дагина” өмнөх монгол балетуудаас өөр шүү. Үндэсний балетын өөрчлөлтийг эндээс харах боломжтой. “Үйлийн гурван толгой”, “Уран хас” зэргийн тавилтаас ялгаатай тул арай өөр зүйл харах болов уу. Тиймээс шинэ, шинэлэг бүтээлд бэлэн байгаарай гэж хэлье дээ. Үзэгчид хэрхэн хүлээж авах нь надад сонин байна. Манай театр сүүлийн үед үзэгчдэд арай өөр “юм” үзүүлээд, магтуулахдаа магтуулж, шүүмжлүүлэхдээ шүүмжлүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Д.Дашлхагва багш “Жизель”-ийг өөрчилж,  шинэчлэн дэглэсэн. Миний хувьд тус бүжгэн жүжгийн гол дүрд тоглосон. 


-Найруулагч хүн дүрээ сонгох нь маш том даваа. Та 40 гаруй хүнээс дүрээ хэрхэн сонгов?
-Бидний хувьд дүр сонгох маш хэцүү. Хүний нөөцийн байнгын дутагдалтай. 32 хун тоглолоо гэхэд тал нь Монгол Улсын консерваторийн сурагч байх жишээний. Манай гоцлооч нар өндөр ачаалалтай ажилладаг. Ер нь шинэ уран бүтээл тавих гэж байгаа учраас бүгд л сэтгэл зүрхээ зориуллаа. Гавьяат жүжигчин Б.Саруул маань бэртэл, гэмтлийн улмаас түр хугацаанд тайзаа орхисон байсан. Тэгвэл “Хурмастын дагина”-аар балетын урлагтаа, тайзан дээрээ эргэн ирж буйгаараа онцлогтой. Б.Саруулыг үзэх дуртай үзэгчдийг ирээрэй гэж урья. 


-Бэлтгэл хэзээнээс эхэл­сэн бэ?
-Гурав, дөрвөн сарын хугацаанд бэлтгэл хийлээ. Ямар ч бүтээлд цаг хугацаа, хөдөлмөр ордог. Хурдтай явсан хэрнээ л дөрвөн сар орчим болжээ. Бүжгэн жүжиг маань ирэх сарын 3, 4-нд үзэгчдэд хүрнэ. Яг тэр долоо хоногтоо л үндсэн тайзан дээрээ бэлтгэл хийнэ дээ. Үүнээс өмнө “Кармен” дуурийг тавих учраас тайзанд бэлтгэл хийх боломж хомс байж таарлаа. Энэ тал дээр бага зэрэг эмээж байна. Яагаад гэвэл илүү урт хугацаанд тайзаа мэдэрч байж жүжигчид өөртөө итгэлтэй, бүтээл чанартай болох магадлалтай. 


-Долоо хоногийн өмнө мэргэжлийн урлагийнхан эсэргүүцэл зарлаж, жагсаал хийлээ. Энэ нь таны шинэ бүтээлийн бэлтгэлд нөлөөлсөн үү?
-Нөлөөлөлгүй яах вэ. Надад ганц олдсон тайзны сургалттай өдөр жагсаал болж таарсан. Манай хамт олон үүнд нэгдэж дуу хоолойгоо өргөхөөр явлаа. Аль алиныг нь амжуулахыг хичээлээ. Мэргэжлийн урлагийн байгууллагыг нийгэм зөвөөр ойлгоосой. Ямар ч нийгэмд урлаг нь урдаа явж, түүнийг дагаж хөгжил ирдэг. Үүнийг өндөр хөгжилтэй бүхий л орноос харж болно. Хамгийн сүүлийн бөгөөд тод жишээ нь Солонгос. Солонгосчууд мэргэжлийн урлагаа хүчтэй дэмжсэний үр дүнд өнөөдөр дэлхий дээр хамгийн хүчирхэг орны нэг болжээ. Ялангуяа сонгодог урлагаа маш сайн дэмждэг. Манай улс ч гэсэн тийм байгаасай гэж боддог, хүсдэг. Жагсаалтай зэрэгцээд ажлаа ч хийсэн, бэлтгэлээ ч хийсэн. 


-Домог зүй, түүх, угсаатны сэдэвтэй бүрэн хэмжээний анхны бүжгэн жүжгээ тайзнаа амилуулах гэж байна. Мэдээж өөр бүжгэн жүжиг найруулах сонирхол байгаа байх. Энэ талаар?
-Үнэнийг хэлэхэд цаашид балетмейстерээр ажиллах хүсэл байхгүй. Хувь хүний зан ааш хурц биш учраас тохирохгүй байх гэсэн бодолтой явдаг. Гэхдээ балетмейстерээр ажиллах дургүй гэсэн үг биш. Ирэх жил би тэтгэвэртээ гарна. Тэгэхээр багшилна. Багшлахдаа бэлтгэж байна. Хувийнхаа студийн шугамаар дөрвөн хүүхдээ аваад ирэх сарын 20-нд Солонгос явна. Ер нь Дуурийн театрынхан маань урын сангаа мэддэг хүнээ багшаар ажиллуулаасай. Миний хувьд сүүлд “Дон Кихот” бүжгэн жүжгийн Китрийн дүрийг бүтээсэн. Энэ бол миний хувьд УДБЭТ-ын тайзан дээрх хамгийн сүүлчийн гол дүр байлаа. Өөрөө ингэж төлөвлөсөн. Хүмүүст зарлаагүй учраас хамт олон маань цочролд орж, гайхсан. Гол дүр нь ачаалалтай байдаг учраас өөрийн хамгийн хайртай Китрээр гол дүрээс зодог тайлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УДБЭТ-ын тайзнаа дахин гол дүр бүтээхгүй. Харин “Номадик балет” продакшныхаа уран бүтээлд гол дүрээ бүтээгээд явна. Залуучууд маань одоо хийх цаг нь болсон учраас өөртөө ийм шийдвэр гаргасан юм. Ер нь энэ жил би уран бүтээлийн олз омог арвинтай байлаа. 


-Сүүлийн арваад жилд модерн балет эрчимтэй хөгжиж байна. “Номадик балет” ч багагүй хувь нэмэр оруулж яваа гэж боддог. Тус продакшнаар сонин юу байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Орчин үеийн модерн бүжгэн жүжгийн урлагийн хөгжилд уг продакшн маань үнэтэй хувь нэмэр оруулж явна. Сүүлд л гэхэд “Бие үгүй”, “Сүнс” зэрэг бүтээлээ олны хүртээл болголоо. 


-УДБЭТ, “Номадик балет”, өөрийн студи гээд нэлээд завгүй нэг өдрийг өнгөрөөдөг бололтой. Нэг өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
-Маш ачаалалтай өнгөрдөг. Би дөрвөн хүүхдийн ээж. Бүхнийг амжуулахын тулд миний хань намайг маш сайн дэмжиж ирлээ. Эхнээсээ л сайн дэмжсэн, ойлгосон. Мөн хоёр талын аав, ээж их тусалдаг учраас энэ олон ажлыг амжуулж явна даа. Тэтгэвэрт гарсны дараа хүний сайн хань шиг, ээж шиг, гэр бүлдээ илүү цаг зарцуулж амьдрахаар төлөвлөсөн. Тиймээс балетмейстерээр ажиллах гэж өөрийгөө хүчлэхгүй. Гэхдээ шаардлага гарвал татгалзахгүй, тархиа ажиллуулна гэсэн бодолтой яваа. Дэлхийн том тайзан дээр тавьдаг 10 том бүжгэн жүжиг байдаг. Тэдгээрээс манай театрын тайзнаа тавиагүй хэд хэд бий. Хэрвээ ийм шинэ бүжгэн жүжиг дээр хамтарч ажиллах хүсэлт, шаардлага ирвэл бэлэн, өөрийгөө дайчилна. Балетмейстерүүдийг чөлөө­­тэй ажиллах бодлого байгаасай гэж хувь хүний зүгээс боддог. 


-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?
-Мэргэжлийн урлагийг ялгаж, салгаж ойлгоосой. Уран бүтээлчдийг хүндэлж, урлагийг зөвөөр ойлгоосой гэж хүсье. Эцэст нь, үндэсний тодотголтой шинэлэг бүжгэн жүжгийг ирж үзээрэй, сонирхоорой гэж хэлье дээ.  

 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
2
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 1 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22