Гуравдагч чухал хөрш, онцгой түнш


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай оронд төрийн айлчлал хийлээ. Хоёр орон 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчилсан нь энэ юм. Уулзалт, хэлэлцээр үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэлдээ онцолсон. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан сэдвээр санал солилцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ. Уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, стратегийн түншлэлд хүргэхээр ярилцсан байна. Хамтарсан тунхаглалыг харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсныг төрийн тэргүүн нар цохон тэмдэглэжээ. Мөн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг тодотгосон. Үүнтэй холбогдуулан Франц улс НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хүндэтгэн мөрдөхийг БНАСАУ-д уриалж, Зүүн хойд Ази дахь яриа хэлэлцээрийг дэмждэг Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Хөгжил цэцэглэлт, жендэрийн тэгш байдал, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн эрүүл мэндийг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны орон зайг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж, энх тайван аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ. Монгол Улс Францыг  гуравдагч чухал хөрш гэж үздэг бол Франц Монгол Улсыг онцгой түнш гэж тодорхойлдог. Манай улс НҮБ-д гишүүнээр элсэх анхны өргөдлөө 1946 онд гаргасан. Тэр үед Монголыг дэмжсэн байнгын гишүүн гурван улсын нэг нь Франц байв. Үүнийг Францад монгол судлал хүчтэй хөгжиж байсны нөлөө гэж үздэг. Европт  XIII зуунаас Францын түүхчдийн ачаар монгол судлал үндэс сууриа тавьсан. Францын томоохон хүрээлэн, боловсролын төвүүд монгол хэл, түүх судлалын уламжлалт төвүүдтэйгээс хамгийн том нь Сорбонны их сургуульд байдаг. Одоо цагт монгол судлалаар франц эрдэмтэд дорвитой судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байна. Тухайлбал, Парисын Нантэррийн их сургуулийн  багш Мари Фэйври “The Horde. How the Mongols changed the World” номдоо монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, нүүдэлчдийн соёлыг хэрхэн өөрчилсөн тухай өгүүлжээ. Монголын төр засгийн удирдлагууд орчин үеийн үндэсний сэхээтнүүдийг сургахад анхаарч 1926 онд Европын орнуудад оюутан, сурагч сургаж эхэлсэн. Манай сурагч оюутнууд 1926-1930 онд Франц улсын Мишле лицей, Сорбонны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцаж, өрнийн соёлыг эх орондоо нэвтрүүлжээ.  Сүүлийн үед манай улсад ирж буй франц жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улс Францын жуулчдын үргэлж ирэх дуртай газар юм. Манай улсад Францын жуулчдын цар хүрээ, тоо хэмжээ жилээс жилд өргөжин тэлсээр байна. Европын орнуудаас ирж буй жуулчдын дотор францууд тэргүүлэх байр эзэлдэг. 

Макроны стратеги

Эммануэл Макроныг Ерөнхийлөгчийн сонгуульд “Урагшаа” уриатай өрсөлдөхөд хэвлэлүүд “Шинэ цагийн Наполеон”, “Франц Обама” гэж нэрлэж байсан. Төрийн тэргүүн болсон эхний жилүүддээ үнэхээр Обамаг санагдуулсан түүний бодлого одоо Наполеон шиг эрс, зарим талаар түрэмгий болсон тухай шинжээчид дурддаг. Франц геополитикийн эртний уламжлалтай улс. Газарзүйн байршил улс орны төр засаг, стратегийг тодорхойлдог гэсэн Шарль дэ Монтескьегийн онол,  Кардинал Ришельегийн бодлого, Наполеоны байлдан дагуулал зэрэг практикийн  өв ихтэй. Хэдийгээр өнөөдөр “дундаж” гүрэн хэмээн үнэлэгддэг ч дэлхийн олон газар харьяат нутаг дэвсгэр нь оршин байдаг цөөн улсын нэг. Одоо төрийн эрх барьж буй Ерөнхийлөгч Макроны бодлогыг Францын стратегийн уламжлалт чиг хандлага гэж үздэг. Зарим судлаач түүнийг Вашингтоны эсрэг зоригтой дуугарсан гэдэг. Тэрбээр “Экономист” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Европ ангалын ирмэгт туллаа. Бид геополитикийн хүч болохын тулд стратегийн хараатай сэтгэх хэрэгтэй. Үгүй бол бид  хувь заяагаа өөрсдөө хянаж чадахгүй” хэмээсэн. Мөн “Европ НАТО-гийн төлөө  АНУ-д түшиглэхээ болих хэрэгтэй” гэсэн санааг илэрхийлсэн удаатай.  Макрон стратегийн бие даасан байдлыг хүсдэг. Ялангуяа, ам.долларын хамаарал, батлан хамгаалах, эрчим хүчний салбарын хараат байдлаа бууруулахад анхаарал хандуулдаг. Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, Европын цорын ганц цөмийн гүрэн.  


Олон улсын хэвлэлүүд ураны нийлүүлэлтийг онцлов
Францын Ерөнхийлөгч Макрон Монголтой эдийн засгийн харилцаа холбоогоо эрчимжүүлэхээр тохиролцсон нь олон улсын анхааралд өртлөө. Ажиглагчид, хэвлэл мэдээллийн агентлагууд янз бүрээр дүгнэн, тайлбарлаж байна. Тэргүүлэх агентлагуудын мэдээ, нийтлэлээс тоймлолоо. 

ТАСС агентлаг:  Монгол Улс Францын цөмийн технологийн “Орано” корпорацтай хамтран ажиллах, тэр дундаа металлын олборлолтын  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.  “Орано” корпорац 2000 оноос говьд хайгуул хийж,  2015 онд Монгол Улсад ашиглалтын лиценз авсан. Хоёр улсын төрийн тэргүүн нар ногоон эрчим хүч, авто тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцжээ. 

“Взгляд” сонин: Европын нэгдүгээр тоглогч болох зорилготой Францын Ерөнхийлөгч Москваг дэмждэг орнуудын нэг Монгол Улсад ямар зорилгоор айлчлав. Макрон айлчлалынхаа үеэр Москва, Бээжингийн эрх ашгийг шууд хөндсөн чухал мэдэгдэл хийсэн. Энэхүү айлчлалыг утга учиртай талаас нь дүгнэвэл барууны ертөнцөөс гадуурх улс орнуудтай харилцаагаа эрчимжүүлсэн.  Монгол Улс бол НАТО-гийн орнуудыг дайснаа гэж зарласан ОХУ, БНХАУ-ын дунд оршдог стратегийн чухал улс.  Үүний зэрэгцээ, Монголын эрх баригчид эдийн засгийн харилцаа, түншлэлийн хүрээгээ өргөжүүлж эхэлсэн.  Монголоос Франц руу уран нийлүүлэх нь хоёр орны ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа.  Энэ бол Монгол Улсад борлуулалтын шинэ зах зээл болно. Франц улс Москвагаас харилцаагаа бүрмөсөн таслах цаг үед боломжит хувилбаруудыг эрэлхийлэх нь гарцаагүй.  Ер нь бол Монгол сонирхлын төвд байгаа улс.  Ойрын хэдэн арван жилд хамгийн ирээдүйтэй болох бүс нутгийн төвд байрладаг.  Москва уламжлалт харилцаандаа найдаад анхаарал бага хандуулдаг. Францын Ерөнхийлөгчийн айлчлал Кремльд дохио өгсөн байх. Газар зүйн байрлалын давуу талаас шалтгаалж Орос-Хятадын дэд бүтцийн олон төсөл Монголоор дамжин хэрэгжих юм.  Тухайлбал, “Союз Восток” хийн хоолойн зураг төсөл, судалгааны ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу 2023 онд дуусна. Энэ төсөл нь  Монгол Улсад байгалийн хий худалдаж авах талаасаа бус, транзит тээврээс орлого олж, Орос, Хятадтай харилцах үүргээ бэхжүүлэх чухал ач холбогдолтойг шинжээч Игорь Юшков онцолжээ. Москвагийн их сургуулийн профессор Алексей Маслов “Макрон айлчлалынхаа үеэр Францын ашиг сонирхлын тусгасан хоёр зүйлийг онцолсон.  Нэгдүгээрт, Монголоос газрын ховор металл худалдаж авах хүсэлт. Энэ салбарыг дэлхийн зах зээлд БНХАУ хянадаг. Монголтой шууд харилцсанаар  Макрон Бээжингээс хараат байдлаа бууруулна.  Хоёрдугаарт, цөмийн эрчим хүчний салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлж ОХУ-тай хамтын ажиллагаагаа багасгах зорилгоо биелүүлнэ.  Эдийн засгийн салбарт Монголтой шууд харилцах боломж хомс ч францууд ашиг сонирхлынхоо төлөө хөдөлж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн Монгол Улс дэлхийн зах зээлд оролцохыг идэвхийлж байна. Гэтэл тус улсын худалдааны 80 хувь нь Хятад руу чиглэдэг.  Европын холбоотой харилцаагаа хөгжүүлснээр байдлыг өөрчилж болох юм. Хамгийн гол нь Монгол Улс Европт түншүүдтэй учраас хөршүүддээ түшиглэх албагүй гэдгээ барууныханд харуулахыг оролдож байна” гэж дүгнэлээ.

“Ройтерс” агентлаг: Монгол Улс Францад эрчим хүчний шилжилт хийхэд шаардлагатай чухал металлыг нийлүүлэхээ мэдэгдлээ. Цөмийн “Орано” корпорац Монголын говьд ураны уурхайг хөгжүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн ураны нөөцтэй 16 орны  нэг Монгол Улс ашигт малтмалын баялагтай орон.  Газрын ховор металлыг олборлоход өндөр технологийн үйлдвэрийн шаардлагатай. Францын зорилго бол эрчим хүчний салбарт хамтран ажиллах явдал юм.

“Les Echos” эдийн засгийн  сэтгүүл:  Франц улс Монголын ураны нөөцийг эртнээс сонирхсон. Монгол Улс Азидаа хамгийн их ураны нөөцтэй ч уурхай хөгжүүлэх ажил туршилтын шатандаа байна.  Францын “Орано”  (2018 оноос өмнө “Арева”) уран олборлох, баяжуулах, цацраг идэвхт хаягдлын чиглэлээр мэргэшсэн корпорац. Монголд үйл ажиллагаа явуулаад 25 жил болсон.   Франц-Монголын хамтарсан “Бадрах Энержи” компани 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл Зөөвч овоо ордод уран олборлох туршилт хийсэн.  Энэ ордыг нээснээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 11 дүгээр байрт эрэмбэгджээ.  Зөөвч овоо бол Монголын ураны арван гурван ордын нэг юм. Хэрвээ ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлбэл тус улс нүүрснээс цөмийн түлш рүү шилжихээс гадна энэхүү түүхий эдээ экспортолно. 

“Mining weekly” сайт: Эммануэл Макрон “чухал металл” худалдан авах тухай ерөнхийлөн ярьсан. Уранаас гадна  алт, зэс, мөнгө зэрэг металл багтаж магадгүй.  Монгол Улс ашигт малтмалын нөөц ихтэй дэлхийн арван орны нэг.  Газрын ховор металлын эрэлт нэмэгдсэн үед Монгол Улстай шууд харилцсанаар реимпортоос зайлсхийнэ.  Улс төрийн үүднээс авч үзвэл Паристай харилцаа холбоогоо эрчимжүүлэх нь Монголд хоёр хүчирхэг хөршийн нөлөөг тодорхой хэмжээгээр сулруулах боломжийг олгоно. 

Францын олон улсын радио:  Стратегийн судалгааны мэргэжилтэн Антуан Мэйр  “Монгол Улс бүс нутгийн бусад орны бодлоготой зөрчилдсөн, илүү ардчилсан, либерал загвараараа онцлогтой.  Монголын эрх баригчид гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг төрөлжүүлэхийг эрмэлзэж байна.  Тухайлбал, Монголын уул уурхайн бүтээн байгуулалтад Хятадын компаниуд идэвхтэй оролцдог.  Энэ салбарт Франц улстай хамтран ажилласнаар харилцааг тэнцвэржүүлэхэд бага ч гэсэн нэмэр болно” гэв. “Connaissance des énergies”-ийн мэргэжилтнүүдийн онцолсноор Монголын экспортын 86 хувь нь Хятад руу гардаг. Франц улс Монголын гадаад худалдааны түншүүдийн 14 дүгээрт жагсдаг байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 18 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 20 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 20 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 20 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 21 цагийн өмнө