“Вашингтоны туйлшрал”-ыг улс төрийн сөргөлдөөн “өрдөв”


Дэлхийн үнэмлэхүй эдийн засаг гацаанд ороод байна. АНУ бол төрийн зээлэнд хатуу хязгаарлалт тогтоосон цөөн улсын нэг. Өрийн таазыг ДНБ-тэйгээ тэнцэхээр тогтоосон бөгөөд ирэх сарын 1-нд энэ түвшинд хүрэх юм. Засгийн газарт нэмж зээл авах эрхийг Төлөөлөгчдийн танхим олгохгүй бол дефолт зарлах ёстой. АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр оны эцэс гэхэд зөвхөн Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 115 хувьтай тэнцэх аж. АНУ-ын өрийн хязгаарыг Конгресс тогтоодог. Сангийн сайд Жанет Йеллен Конгресс өрийн таазыг нэмэгдүүлэх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол АНУ түүхэндээ анх удаа дефолт зарлах эрсдэл үүссэнийг анхааруулсан. Тэрбээр Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосид илгээсэн захидалдаа “Өрийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол Сангийн яам цаашид үргэлжлүүлэн арга хэмжээ авч чадахгүй. Эс бөгөөс АНУ түүхэндээ анх удаа дефолт зарлана. Тэр үед АНУ-д итгэх итгэл алдарч, зээлжих зэрэглэл буурч, инфляц өсөж, эдийн засгийн уналттай нүүр тулах эрсдэлтэй. Тиймээс өрийн таазыг өндөрсгөж, нэмж зээл авах зайлшгүй шаардлагатай” гэжээ. АНУ-ын Засгийн газар өрийн тогтоосон таазандаа хэд хэдэн удаа тулж байсан. Хамгийн сүүлд 2011 онд дефолтод ойртсон бөгөөд хууль тогтоогчид хугацаа дуусахаас хэдхэн цагийн өмнө тохиролцоонд хүрсэн. Тэрхүү зөрчлөөс болж тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж, дэлхийн хөрөнгийн зах зээлийг хямралд оруулсан билээ. Засгийн газар нь хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрвэл төрийн зарим агентлагийн цалин, тэтгэвэр, халамж зогсоно. Мөн АНУ-ын сая сая тэтгэвэр авагчдын найддаг хөнгөлөлтүүд тасарна. 

 

Жо Байдены хамгийн том сорилт 

 Сөргөлдөөнийг Америкийн Засгийн газрын хуваагдмал шинж, зөрчилдөөнтэй холбон тайлбарлаж байна. “Вашингтоны туйлшрал”-д хандах бүгд найрамдахчуудын хатуу байр суурийг олонхын хүчийг сулруулах бодлого гэж ажиглагчид үзэж байна. Бүгд найрамдах намын сенаторууд Жо Байдены засаг захиргаа нэг их наяд ам.долларын дэд бүтцийн төсөл болон олон нийтэд чиглэсэн 3.5 их наяд ам.долларын багцыг санхүүжүүлэх зорилгоор өрийн таазыг нэмэгдүүлэхийг хүссэн гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч Жо Байден Засгийн газрын зарлагад хөнгөлөлт үзүүлэх хэрэгсэл болгон үндэсний өрийн таазыг нэмэгдүүлэхийг хичээж, Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намынхантай зөрчилдөж байна. Тэрбээр Ази, Номхон далайн бүс нутагт хийх айлчлалаа цуцалж, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай хэлэлцээрээ үргэлжлүүлсэн. Цагаан ордонд болсон ээлжит хэлэлцээрт Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Сенатын олонхын удирдагч Чак Шумер, Төлөөлөгчдийн танхимын Хакеем Жеффрис тэргүүтэй Ардчилсан намын гишүүд оролцжээ. Өрийн таазыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсний хариуд Бүгд найрамдах намынхан төсвөө танахыг шаардсан. Ингэхдээ Засгийн газрын гол байгууллагуудын зардлыг 2022 оны түвшинд барьж, ирэх 10 жилд зардлын өсөлтийг жил бүр нэг хувиар хязгаарлах санал тавьсан. Улмаар 4.8 тэрбум ам.долларын хэмнэлт гарна гэж үзэж байна. Цагаан ордны захиргаа өрийн дефолт болон төсвийн асуудлыг тусад нь авч үзэхээ мэдэгдсэн. Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Кевин МакКарти цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн дараа “Ерөнхийлөгчтэй өдөр бүр уулзаж болно. Хамгийн гол нь чинээлэг иргэдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, газрын тос, эмийн үйлдвэрлэлийн татварын цоорхойг хаах замаар алдагдлыг бууруулах Байдены төлөвлөгөөг хэлэлцэхгүй” гэжээ. 

Түүний хэлснээр, талууд байр сууриа нэгтгэхгүй бол ирэх сарын 1-нд 31.4 тэрбум ам.долларын өр бодогдоно. Байдены Засгийн газар шийдвэрт эс хүрвэл дэлхийн санхүүгийн эмх замбараагүй байдал үүсгэнэ. АНУ-ын өр нэмэгдсээр байгаа явдлыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн Сенатын танхимын цөөнхийн бүлгийн дарга Митч МакКоннелл өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхэд Бүгд найрамдах нам хутгалдахгүй гэдгээ илэрхийлжээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси тэргүүтэй Ардчилсан намын зарим гишүүн хүртэл Жо Байдены 3.5 их наяд ам.долларын багц хэтийдсэн өндөр өртөгтэй гэж шүүмжилсэн удаатай. Тиймээс ажиглагчид “Вашингтоны туйлшрал”-ыг Цагаан ордны тэргүүн Жо Байдены хамгийн том сорилт гэж дүгнэсэн. 


Дэлхийн болгоомжлол

 Энэ удаагийн өрийн таазыг олон улсын хэмжээнд авч үзэх болсон нь учир шалтгаантай. Зарим хэвлэлд “АНУ өр тавиад л, бусад нь өгөөд л байх уу. Дэлхийн хэмжээний үр дагавар авчрах вий” гэсэн болгоомжлолыг анх удаа гаргаж ирсэн. Конгрессын гишүүд асуудлыг шийдэхдээ Бүгд найрамдах нам, Ардчилсан намаараа талцан ширүүн маргаан өрнүүлсэн нь зах зээлд оролцогчдын бухимдлыг төрүүлсэн байна. Улмаар Цагаан ордон АНУ-ын бондын төлбөрийг үргэлжлүүлэхийн тулд дарамтад орж, Уолл Стрийтийн сүйрлийг өдөөх юм. АНУ дэлхийн хамгийн том, чадамжтай зах зээл гэдэг утгаараа өрийн бичгийг найдвартай хөрөнгө оруулалтад тооцдог. Тус улс дэлхийн хөрөнгийн зах зээлийн 60 хувийг бүрдүүлдэг. Засгийн газар мөнгө зээлэхийн тулд бонд эсвэл IOU гаргана. АНУ-д үүнийг Төрийн сангийн бонд гэж нэрлэдэг. Ам.доллар бол дэлхийн нөөцийн валют. Газрын тос, улаанбуудай зэрэг чухал түүхий эдийг ам.доллароор үнэлдэг. Түүнчлэн дефолт зарлавал ам.долларын ханш огцом буурах төлөвтэй байна. Хөрөнгө оруулагчид хохирвол АНУ-ын Засгийн газарт итгэхээ больж өөр улс орон руу хөрөнгө оруулалт шилжинэ. Лондонд төвтэй эрсдэлийн “Enmetena Advisory” фирмийн захирал Максимилиан Хэсс “АНУ-ын өрийн дээд хязгаарт тодорхой бус дүрэм байдаг. Энэ удаад бүгд найрамдахчууд улс төрийн зорилгоор гацааж байна. Ийм тохиолдол гарч байсан. Бүгд найрамдахчууд 2011 онд Барак Обамагийн засаг захиргааг төсвийн хязгаарлалт хийхийг албадсан. “X огноо” дуусахаас урьтаж тохиролцоонд хүрсэн ч АНУ-ын татвар төлөгчдөд нэг тэрбум орчим ам.долларын хохирол учруулсан. Өрийн тааз зарим улсад янз бүрийн хэлбэрээр байдаг. Улс орнууд ихэвчлэн төсвийн зарлагад хатуу хязгаарлалт тавьдаггүй. Зарим улс өрийн дээд хязгаарыг Үндэсний болон Дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувиар тогтоодог ч хязгаарыг зөрчих эрх зүйн уян хатан нөхцөлтэй байдаг. Европын холбооны гишүүн орнууд улсын өрийг ДНБ-ий 60 хувьд барих үүрэг хүлээдэг ч зөөлөн дүрэм журамтай” гэжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 18 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 20 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 20 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 21 цагийн өмнө