Харах яруу найргийг торгон дээр буулган үзэмж төгс, гоёхон бүтээлүүдийг туурвидаг зураач бол Ц.Соёлмаа юм. Дорнын дүрслэх урлагийн их соёлоос суралцан өдгөө бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар шамдан буй түүний урлангаар зочилж ярилцсанаа хүргэе.
-Хятадын урлагийн төв академид суралцсан цөөн монгол уран бүтээлчдийн нэг нь та. Гүн ухаан, шашин, ертөнцийг үзэх үзэл гээд олон ухагдахууны нийлбэрт орших урлагт шамдахад аавын тань нөлөө багагүй байсныг сонссон. Гэхдээ та дурлаагүй л бол дорнын их соёлд гүн шамдахгүй байсан болов уу?
-Тийм ээ. Би бүр жаахан байхаасаа л зураач болно гэж боддог байсан. Аав маань зураач учраас манай гэрт олон улсын зураачдын катологи, зураг элбэг. Хүүхэд их сониучхан, хүрээлэн буй орчиндоо амархан автдаг болохоор тэдгээр зүйлийг ихээхэн анхаардаг. Гаднын зураачдын бүтээлийг үзэж, харна. Тэгээд бас болоогүй тэдэн шиг зурж сурахыг хүсдэг байсан. Энэ мэдрэмжээрээ хүүхэд байхаасаа дүрслэх урлагт дурласан нь өнөөдрийн намайг бүтээх эхлэл болсон байх. Мөн манай гэр бүлийн дүрслэх урлагийн мэдрэмжээр баялаг байдгийг үүнтэй холбон тайлбарлаж болох юм. Гэхдээ эгч дүүс маань өөр мэргэжил эзэмшсэн ч би анхны сонголтдоо үнэнч үлдсэн. Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид элсэхээр шалгалт өгч тэнцэхэд аав маань Ч.Нармандах багштай ярилцаад намайг монгол зургийн ангид оруулахаар болсон.
-Монгол зургийн ангийн оюутныг хятад зургийн урлагт дурлуулсан үйл явдал болсон уу. Дүрслэх урлагийн олон соёлоос яагаад хамгийн адармаатайг нь сонгосон юм бэ?
-Энэ их сонин, зөн совинтой холбоотой. Би багадаа гадаадын олон зураачийн бүтээлүүдээс яагаад ч юм хятад зураачийн катологийг сонгон авч үздэг байсан. Хятад үндэсний зургийг торгон дээр буулгадаг. Түүнийг нь хараад “Хүн яаж ингэж зурж чаддаг юм бэ” гэж их гайхдаг байлаа. Бас “Би хэзээ ч ингэж зурж чадахгүй байх” гэдэг бодол төрсөн. Тухайн үедээ хятад үндэсний зургийг “Миний хүсээд ч хүрэхгүй өндөрлөг” гэж харсан байх. Ер нь би ухамсартайгаар Хятадад сурна гэж бодоогүй. Хувь заяаны тохиол байсан уу, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр сурч болдгийг мэдээд эсээ бичихэд аав маань надад хятад зургийн ангид сурахыг зөвлөсөн. Багын мөрөөдлөө биелүүлэх боломж олдоход сайхан ч нөгөө талаараа их айж байснаа санадаг юм.
-Гэрээсээ холдож үзээгүй охин өөр улсад, хатуу дэглэмтэй сургуульд сурах тийм ч амар байгаагүй нь ойлгомжтой. Зарим үед шантрах тохиолдол ч гардаг байсан байх?
-Эхний жил хэлний бэлтгэлд сурахад юугаа ч мэдэхгүй бүхий л зүйл болчих юм шиг санагдсан. Гэхдээ ганцхан жил сурсан хятад хэлний бэлтгэл Хятадын үндэсний зургийн ангид элсэхэд хангалттай байгаагүй. Мэргэжлийн хэллэгийг бол ерөөсөө ойлгоогүй юм билээ. Дээр нь өөр үндэстний уламжлал, соёлыг судална гэдэг миний хувьд маш том алхам болсон. Хятад зураг сэдвийн хувьд хүн, уул ус, цэцэг шувуу, уран бичлэг гэсэн дөрвөн төрөлтэй. Тэдгээрээс хүн, уран бичлэгээр суралцах оюутнууд нэгдүгээр курсээсээ л дагнан хичээллэдэг. Харин цэцэг шувуу, уул усаар мэргэшин зурдаг анги нь нэгдүгээр курсдээ хичээлээ хамтдаа судалдаг. Нэгдүгээр курсэд гадаад оюутан болоод ч тэр юм уу багш бидний толгойг илсхийгээд л өнгөрсөн. Хоёрдугаар курсдээ оюутнуудыг гадаад, дотоодоор нь ялгахгүй, адилхан шаардлага тавьдаг хатуу багшаар хичээл заалгахаар болсон. Энэ үеэс л миний хэцүү үе эхэлсэн юм даа.
-Хэлний бэрхшээлээс болоод хэцүү санагддаг байв уу. Эсвэл тухайн үед та тийм шантрамхай байсан юм уу?
-Оюутнууд хавар, намар дадлага хийнэ. Түүний дараа сурсан, мэдсэн, судалсан зүйлээрээ тэмдэглэл хөтлөх ёстой байдаг. Энэ нь нэг талаараа оюутнуудын бичгийн соёлыг сайжруулахад чиглэсэн ажил. Мөн судалсан сэдвийн хүрээнд дүгнэлт хийх чадварыг нэмэгдүүлдэг гээд олон талын ач холбогдолтой. Би анх удаа дадлагад гарчихаад тэмдэглэлээ бичихээр болсон. Хятад хэлний мэдлэг маруухан, нэгдүгээр курсдээ толгойгоо илүүлээд явчихсан гадаад оюутан гээд өөрийгөө бусдаас ялгаатай юм шигээр санасан. Энэ байдлаараа анхны дадлагын тэмдэглэл гэж ичмээр юм бичсэн. Тэгсэн тэрийг багш оюутнуудын өмнө уншлаа. Тэмдэглэлд “Миний хятад хэлний мэдлэг сайнгүй учраас яг юу хэлэх гээд байгаагаа тодорхой хэлж чадсангүй” гээд төгсгөлд нь биччихсэн юм. Тэрийг уншсан багш “Чи өөрийгөө гадаад хүн гэж бодоод байгаа юм уу. Чи гадаад хүн биш. Монголчууд хэдхэн зуун жилийн өмнө Хятадынх байсан. Хятад хэлийг сайн сурсан байх ёстой” гэж хэлсэн. Тэр үед би ичгэвтэр байдалд орсон. Нөгөө талдаа улс үндэстнээ доромжлуулсандаа нүүр хийх газаргүй болж, шар хөдлөөд олны нүднээс хол очоод уйлж байснаа мартдаггүй.
-Гэр рүүгээ буцмаар болсон уу?
-Тухайн үед аав, ээж рүүгээ утсаар ярьсан. Болсон явдлыг хэлтэл аав “Ямар шийдвэр гаргахаа өөрөө л мэд” гэсэн. Харин ээж маань “Ер нь чи Хятад руу яах гэж явсан юм бэ. Чиний зорилго хүссэн мэргэжлээрээ сурах юм уу, эсвэл хөгшин багшийн егөөдөж хэлсэн ганцхан үгийг сонсоод шантрах гэж очсон юм уу. Ямар шийдвэр гаргахаа өөрөө мэднэ биз” гээд утсаа шууд тасалсан. Тэгээд өөрийгөө өрөвдөж хэдэн өдөр хичээлээ тасалж өрөөндөө хэвтсэн. Эцэст нь, нөгөө багшид өөрийгөө харуулах ёстой гэж бодоод хичээж эхэлсэн дээ. Үр дүн нь хаврын дадлагаас ажиглагдсан. Миний шарыг гозолзуулж чадсан багш маань “Монгол Улсаас ирсэн” гэж хүмүүст намайг танилцуулахыг сонсоод өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн гэж ойлгосон. Сүүлд бодоход багшийн надад зориулан хэлсэн зүйл нь доромжилсон үйлдэл биш. Харин хэрэгтэй үед нь намайг дахин цэнэглэж дээ гэж бодогдсон.
-Та Хятадад бакалавр, магистртайгаа нийлээд долоон жил суржээ. Үндэсний урлагаар нь бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадсан уу. Бас таны мэргэжлээр сурсан хүн Монголд хэр олон байдаг юм бол?
-Манайхаас хятад үндэсний зургийг мэргэжлийн түвшинд судалсан хүмүүс бий. Өмнө нь манай сургуулийг төгссөн нэг эгч байсан нь одоо Америкт өөр чиглэлээр ажилладаг. Мөн дээхнэ үед Б.Гомбосүрэн гуай манай сургуульд сурч байсан. Л.Гаваа гуай солилцооны хүрээнд сурч байсан юм билээ. Манай сургуулийг өөр мэргэжлээр төгссөн хүн байгаа. Яг хятад зургаар бол бакалавр, магистрын зэрэг хамгаалаад одоо тасралтгүй бүтээлээ хийж байгаа нь би байна.
-Хятад үндэсний зургийн нарийн техникээс та ямар арга ажиллагааг нь өөртөө авав?
-Өөрийн хэмжээнд одоо хүртэл суралцаад бүтээлээ хийгээд явж байна. Хятад зураг үндсэн хоёр техниктэйн нэг нь гүнби. Торгон дээр жижиг хэсгийг нь хүртэл нарийн зурдаг арга ажиллагаатай. Харин нөгөө техник нь шие-и. Бүх дүрслэлээ дотроо төлөвлөж, бодож байгаад сонгосон талбар дээрээ шууд буулгадгаараа онцлог. Энэ хоёр арга ажиллагааны гүн ухаан нь өөр. Жишээ нь, гүнби зураг бол ордных. Бүх зүйлийг адилхан зурахыг шаарддаг. Ингэж зурахын тулд тухайн амьтан, ургамлыг судлах хэрэгтэй болдог юм. Гэхдээ нөгөө талаас фантаазалдаг зүйл нь ухаан бодолдоо байдаг. Ямар ургамал зурсан, тэр нь хэдэн сард дэлбээлдэг. Эсвэл дэлбээгээ нээх цаг нь өнгөрөөд хатчихсан юм уу гээд энэ бүхэн өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Бас шувуу, эрвээхэй, буга, сармагчин гээд бүгд өөрийн гэсэн агуулга, утга учиртай байдаг.
Хятад үндэсний зургаас миний эзэмшсэн цэцэг, шувуу гэдэг төрөл нь нарийн ажиллагаатай байх тусам илүү том зүйлийг илэрхийлж болно гэсэн гүн ухаантай. Өөрөөр хэлбэл, жижиг зүйлийг ажиглавал түүнд нь асар том агуулга байгаа гэдэгт итгэдэг. Гүнби техникийг Хятадад мэргэжлийн хүмүүс андахгүй ч дүрслэх урлагийн салбарын биш, энгийн хүмүүс төдийлөн мэдэхгүй. Гэхдээ хүнд төрөлхийн өгөгдөл гэж байдаг. Энэ онцлогоороо бол хятад хүнд гүнби зургийг хүлээн авах мэдрэмж бий. Тэгэхээр өөр үндэстний урлагийг ойлгох өгөгдөл бидэнд байхгүй. Тиймээс зах зээл төдий чинээгээрээ хумигдмал байна. Яагаад гэвэл, гол ялгаа, үндсэн суурь зарчмыг нь хүмүүс мэдэхгүй. Гэхдээ энэ зах зээлийг бий болгох хүмүүс бол уран бүтээлчид бид. Яагаад гэвэл уран бүтээлчид туулж өнгөрснөө тэмдэглэж үлдээдэг. Түүнд өөрөө оршин байдаг. Тиймээс урлагийн хүмүүс их уншиж судлах хэрэгтэй. Аливаа зүйлийг олон талаас нь бодож шийдвэрээ гаргах шаардлагатай болдог. Дээр нь сониуч зангаа алдахгүй байх хэрэгтэй. Яагаад гэж бодсон зүйлийнхээ хариултыг судлаачийн түвшинд бодож олдог байвал уран бүтээлч, хувь хүний талаас ч тэр хөгжих юм шиг санагддаг.
-Та ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
-Сүүлийн үед хятад зургийн техникээр бүтээл хийгээд Монголд байгаад байх юм уу. Эсвэл гаднын зах зээлд хөл тавих уу. Хятадын зах зээлд оролцох юм уу гэдэг талаар бодож байна. Мэдээж ямар ч орлогогүйгээр уран бүтээл хийх хэцүү. Нөгөө талаараа уран бүтээлч хүн өөрийгөө болж бүтэж байна уу, хаана явж байна гэдгээ ойролцоо техниктэй газар нь мэдрэхийг хүснэ. Тэгж чадвал уран бүтээлчийн хувьд өөрийнхөө хаана явааг мэдэх боломжтой. Би саяхан Хятадад зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнд оролцоод ирсэн. Өмнө нь олон улсын үзэсгэлэнд оролцъё, гаднын зураачидтай танилцъя гэсэн бодол надад тийм ч их төрж байгаагүй. Яагаад гэвэл би сургууль төгсөж ирсний дараа хэсэг хугацаанд цочролд орсон. Хятадаас ирээд хүссэн бүтээлээ хийнэ гэж бодсон. Гэтэл хийсэн бүтээл маань надад таалагдаагүй. Хувь хүнийхээ мэдрэмжийг гаргалаа гээд тэр нь хэнд ч хэрэггүй санагдсан. Тэгж хэсэг хугацааг өнгөрүүлсний эцэст 2017 онд хятад үндэсний зургаа үргэлжлүүлэн зурсан. Энэ явцад би олон зүйлийг ойлгосон шүү.
-Юу таныг тийм гүн бодолд автуулсан юм бэ?
-Хамгийн түрүүнд би академид хангалттай сайн сураагүй гэдгээ ойлгосон. Сургуулиа дөнгөж төгсөж ирээд өөрийгөө илэрхийлэхийг хэлбэр төдийхнөөр, тэмдэглэл маягаар зурах дуртай байсан. Харин одоо хятад үндэстний зураг техник ямар байдаг, түүнд хүрэхийг хүсэх болсон. Ингэж зурж чадвал магадгүй би мэргэжлийн зураачийн хувьд хятадуудад хүлээн зөвшөөрөгдөж чадна. Тиймээс уламжлалт техникийг алдахгүйгээр ажиллаж сурах нь чухал гэдгийг ойлгосон. Яг тэрэнд нь дөхүүлж байж би хятадуудтай жишигдэх юм байна гэдгийг мэдсэн. Тэгэхээр миний цаашдын зорилго бол надтай адилхан техникээр зурдаг хятад хүмүүстэй өөрийгөө харьцуулах. Ер нь бол өөрийгөө хаана явж байгааг мэдэхийн тулд Хятадын уламжлалт зургийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх нь миний хувьд их чухал байна. Тэгж чадвал би зорилгынхоо захаас атгаж чадна.
-Сая оролцсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр харьцуулалт хийсэн үү?
-Хятадад болсон олон улсын үзэсгэлэнд оролцсондоо маш их сэтгэл хангалуун байгаа. Тэнд яг хятад зургийн чиглэлээр оролцсон хүн байгаагүй. Харин Хятадаас оролцсон зураачид байсан. Оролцсон уран бүтээлчдээс хамгийн залуу нь би байлаа. Зохион байгуулагчид анхнаасаа үзэсгэлэнд оролцох хүмүүсийн танилцуулгыг авахдаа намайг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт, манай сургуулийн нэр хүндтэй холбоотой. Хоёрдугаарт, ийм сургуульд сурсан монгол хүн ямар бүтээл хийснийг харахыг хүссэн байх. Миний хувьд үзэсгэлэнд оролцсон хүмүүсээс сайн үнэлгээ авсан. Үүнийг би бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэг хэлбэр юм байна гэж ойлгосон. Хамгийн авууштай нь энэ үзэсгэлэнгийн үеэр хамтарч ажиллах нэлээд санал хүлээн авлаа.
-Одоо бол та уран бүтээлдээ дурлаад явж байна. Гэхдээ хувь хүнийхээ хувьд хүссэн замаараа явж чадаж байна уу?
-Би хүссэн ертөнцдөө амьдарч байна. Үүндээ ч маш сэтгэл хангалуун явдаг. Ирээдүйд хийхээр зорьж байгаа зүйл олон бий. Мэргэжлийн хувьд бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар зорьж байна. Цаашдаа мэргэжлээ ахиулмаар, гүнзгийрүүлэн суралцмаар санагдаж байна. Хятадын урлагийн төв академид докторын шалгалт өгөөд тэнцсэн. Одоо бол би бүтээлээ хийх ёстой. Гэтэл докторын зэрэг хамгаалахын тулд маш их уншиж, судалж, бичих шаардлагатай болно. Тиймээс одоогоор хоёр жилийн чөлөө аваад хэсэг хугацаанд завсарлаад байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/
Сэтгэгдэл (2)