Б.Дэлгэрбаяр: “Хаана бус хэрхэн ажиллаж байгаа нь чухал” гэж багш маань хэлдэг байсан


Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, найруулагч  Б.Дэлгэрбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед туурвиж буй уран бүтээлийн тань тухай яриагаа эхэлье?

-Төлөвлөсөн ажлуудаа амжуулахын төлөө хичээж байна. “Би ийм сайхан нутагтай” гэдгээ харуулахыг зорьж,  өв­рийн сайхан хангай нутгийнхаа үзэс­гэлэнт, дурсгалт бүх газрыг баг­таасан зураглал бүхий баримтат бүтээл гаргахаар ажиллаж байна. Мөн хос цомог өлгийдөн авахаар зураг авалт, эх бэлтгэлийн ажлаа эхлүүлсэн. Цомгоо өөрийн уран бүтээл болох “Мартахгүй”, “Сайхан ханьдаа” гэсэн дууныхаа нэрээр нэрлэж байгаа.

-Хоёр цомогт ямар төрлийн хэдэн уран бүтээл багтаж байгаа вэ? 

-Энэ хоёр маань миний анхны цомог. Их, дээд сургуулиа төгсөж, ажлын байранд гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дуулсан, олон жилийн хур уран бүтээлээсээ сорчилж, хоёр цомогтоо багтааж байгаа. Би ихэвчлэн монгол, орос цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулдаг. Цэргийн дууны “Double CD” гаргах хэмжээний уран бүтээл надад бий.  Миний уран бүтээл болох “Мартахгүй” дуу маань Халх голын дайны тухай өгүүлсэн “Хилийн зөрчлөөс ялалт хүртэл” гэсэн баримтат киноны дуу.  Энэ дууныхаа нэрээр нэрлэсэн цомогтоо кино, баримтат кино, ялангуяа цагдаа, онцгой байгууллагын алба хаагчид, хүндэт харуул, офицер гээд цэрэг, эх орны холбогдолтой дуунуудаа багтаасан. Монголын мөрдэстэй нийт алба хаагчдад зориулсан цомог гэдгээрээ онцлогтой.

Би хуучны дуунуудыг сэргээж, дуулдаг учраас хүмүүс “Чи өөрийн гэсэн уран бүтээлгүй юм уу” гэж шүүмжилдэг. “Сайхан ханьдаа” цомог маань үүний хариулт байх болно. Цомогт хань, аав, ээжийн тухай гээд нийтийн дуунуудаа багтааж байгаа. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон сайхан уран бүтээлүүдийг багтаахаас гадна мэргэжлийн дуугаа шигтгээ болгон оруулснаараа онцлогтой. Хоёр цомог тус бүр 14 дуунаас бүтнэ. 

-Хос цомогт өөр онцлох зүйл бий юү. Хэзээ үзэгч, сонсогчдын гарт хүрэх вэ?

-Ирэх аравдугаар сар гэхэд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хос цомогтой болох төлөвлөгөө гаргаж, эхлүүлснээс хойш гурав, дөрвөн жил өнгөрчээ. Тааж мэдэхгүй асуудал болох цар тахалтай холбоотойгоор түр завсарлаж, хойшлуулсан. Албан ёсоор дуучин гэж зарлуулснаас хойш буюу 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж бүтээсэн уран бүтээлээ багтааж байгаа. Бүтэн нэг үе буюу арав орчим жилийн уран бүтээл учраас хоолойны өнгө, дуулалт, хөгжмийн найруулга зэргийг тухайн үеийнхээр нь оруулсан байгаа. Хэдэн жилийн өмнөх хоолой одоогийнхоос арай шингэн байх жишээтэй. Энэ мэт онцлог бий. 

-Ихэвчлэн цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулдаг хүний хувьд дуулах тэр агшин, мөчид таны дотор ямар дүр зураг бий болдог вэ. Юу мэдэрдэг вэ?

-Миний аав хилийн цэргийн хүн. Аавынхаа цэргийн хувцас, цол тэмдгийг харж, гоё сайхныг нь мэдэрч өссөн. Энэ нь цэрэг, эх орны тухай дуу дуулах эхлэл, нэг шалтгаан байсан болов уу. Бага байхдаа Хилийн цэргийн чуулгын тоглолтыг үзэхэд үнэхээр сүр жавхаатай, үлгэрийн мэт сайхан санагддаг байлаа. Тухайн үед “Энэ гоё хувцсыг өмсөж үзэх юмсан” гэж боддог байсан. Харин одоо тэр хувцсаа өмсөн дуулж зогсохдоо сүр жавхаа, эрч хүч, эх оронч үзэл мэдрэгддэг. Хайртай, дотнын хүмүүсээ орхиод эх орныхоо торгон хилийг манан зогсоо залууст ая дуугаа өргөхөд тэдний аньсага чийгтэж буйг харах мөч үгээр илэрхийлэмгүй торгон мэдрэмж төрүүлдэг. Би тэдний сэтгэл зүрхэнд хүрч, бага ч болов урам зориг өгч байгаа болов уу гэж боддог.

-Эхнэртэйгээ хамт нэг салбарт, тэр дундаа “нэг тогоо”-нд ажилладаг болохоор та хоёр ойлголцоход нэлээд амар байдаг болов уу?

-Миний эхнэр Улсын филармонийн симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчин. Нэгнээ ойлгоно гэдэг тухайн хүнээсээ л шалтгаалдаг юм билээ. Миний хань нэг салбарынх биш байсан ч намайг ойлгож, дэмжих л байсан.  Нэг салбар, нэг байгууллагад хамт ажилладаг байлаа ч ойлголцохгүй жишээ бий. “Оройтоод орон гэрийнхэндээ адлагдах, од болж орон гүрэндээ алдарших, онд ондоо тавилан урлагийнханд байдаг” гэж үг бий.  Заримдаа хоёулаа оройтож хариад л хамтдаа хоолоо хийгээд зогсох ч жаргал шүү дээ.

-Анх хамтдаа тайзан дээр гарч байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Үгээр илэрхийлэмгүй, сайхан мэдрэмж төрдөг. Тайзан дээр эхнэр, нөхөр хамт гарна гэдэг ховор хувь тавилан гэж боддог. Тиймээс хамтдаа бүтээж буй хором мөч бүрээ хайрлаж, маш их нандигнадаг. Эхнэр минь миний ард хөгжим тоглож байхдаа “Хань маань өчигдөр дутуу нойртой хоносон. Хоолой нь гайгүй байгаа даа” гэх мэтээр санаа сэтгэлээ чилээж суудаг юм билээ. Тайзан дээр хамт гарахад эхнэр бид хоёрын зүрх нэг хэмд цохилж байдаг. Би ханиараа маш их бахархдаг. Бид хоёрын авьяасыг жинлэж үзвэл миний ханийнх илүү жин дарна шүү.

-Ханиараа бахархаж байсан үеэ хуваалцаач?

-Миний хань Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Батчулууны тоглосон Д.Жигжидсүрэнгийн хөгжим “Хөдөө нутгийн үзэсгэлэн” зохиолыг гоцлон, тоглож байсан. Тэр үед ханиараа маш их бахархсан. Хөгжимчид гоцолж тоглох бол нэр хүндийн хэрэг байдаг. Хөгжимчдийн суудал наана, цаана байхад хүртэл асар их өрсөлдөөн явж байдаг. Тэд ар өврийн хаалга ашиглаж, наана, цаана, удирдаачийн хажууд сууна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл, үр дүн нь тэр даруйдаа, олны нүдэн дээр гардаг учраас цэвэр ур чадвар, мэргэжлийн өрсөлдөөний хүчээр л явдаг. 

Цар тахлын үед наадмын тоглолтыг бичлэгийн хэлбэрээр хийж, олон нийтэд хүргэсэн шүү дээ. Тухайн үед Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон Улсын филармони хоёр нэгдсэн их найрал хөгжим болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Бямбасүрэнгийн Шаравын хөгжим “Монгол орон бадартугай” бүтээлийг тоглохдоо манай хүний хөгжмөөр эхлүүлсэн. Тоглолт эхлэнгүүт эхнэр маань цэл залуухан дүрээр, зурагтын дэлгэц дүүрэн гарахыг харахад үнэхээр омогших, бахархах, онгирох сэтгэл төрсөн.    

-Уншигчид таны хувийн уран бүтээлээс гадна хувьсгалын тань ажлыг бас сонирхож байгаа байх. Улсын филармониор сонин сайхан юу байна вэ?

-Би Улсын филармонид 2014 онд орж ажиллаж байсан. Тоглолттой өдөр байгууллагын санхүүгээс бусад бүх албанд би хамааралтай ажилладаг. Гаднын байгууллагатай хамтарч ажиллах асуудлыг ч мөн хариуцна. Тоглолтоо хөтөлнө, бас телевизийн сурталчилгаа, шторк унших шаардлага гардаг. Уран бүтээлч хүн өөрт  байгаа бүх нөөц боломжоо ашиглан хөрвөж чаддаг байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Миний багш “Хаана ажиллах нь чухал биш. Харин яаж ажиллаж байгаа нь чухал байдаг юм шүү” гэж захидаг байсан. Улсын филармони бол миний мөрөөдлийн газар. Би багаасаа л энэ байгууллагын дуучин, уран бүтээлч болохыг хүсдэг байсан. Өдгөө хүсэл мөрөөдлөө биелүүлээд явж байгаадаа баяртай байна.

-Цалин мөнгө, үнэлэмж зэрэгтэй холбоотой салбарт тань үүсээд буй асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Урлагийн салбарынхан шүлс шиг бага цалинтай гэдэг нь үнэн. Цалин мөнгө хэдий бага ч гэлээ урлагаа орхиж зүрхлэхгүй, хаяж чаддаггүй нэг тийм сайхан, торгон  мэдрэмжийг дотор  нь ажиллаж буй бид л мэднэ. Олон нийт мэргэжлийн урлагийн байгууллага, ардын авьяастан хоёрын ялгааг сайн ойлгохгүй байх шиг байна. Биднийг хүмүүс “Хоббигоороо ажиллаж байгаа хүмүүст яагаад төр цалин өгөх, нэмэх ёстой юм бэ. Цалингаа голоод байгаа бол гарчихаж болдоггүй юм уу” гэдэг. Ийм бодолтой хүн олон байгаад харамсдаг. Тухайн улсын хөгжлийг мэргэжлийн урлагийн байгууллага нь ямар түвшинд хөгжиж байна вэ, хөгжсөн бэ гэдгээр нь хэмжиж, тодорхойлдог. Гаднын том зочин төлөөлөгчид ирэхэд Үндэсний их урлагийн театрынхан, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулга гээд мэргэжлийн урлагийн байгууллагаа л урдаа барьдаг шүү дээ.

-Дотор нь ажиллаж буй хүний хувьд тухайн асуудлыг шийдэх шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Үүсээд буй асуудалтай хол­боотойгоор зарим байгууллагыг хувьчлах талаар ярьж байх шиг байна. Хувьчилж болох, болохгүй, төрд байх ёстой байгууллага гэж бий. Бид өмнө нь зарим газрыг хувьчилснаар буруудсан түүхтэй.  Урлагийн салбарыг орхисон нь үнэн. Тэр дундаа хөгжимчдийг бол бүр хаясан шүү дээ. Мэргэжлийн урлагийн байгууллагуудаа төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Юуны түрүүнд урлагийн салбарынхны ялангуяа хөгжимчдийн үнэлэмжийг дээшлүүлж, цалин урамшууллыг нь бодитоор нэмэгдүүлэх нь зүйтэй. Миний эхнэр хөгжимчин учраас би хөгжимчидтэй нэлээд ойр байдаг. Урлагийн салбарынхан дотроос хамгийн мундаг, авьяас чадал, тэвчээр хатуужилтай нь хөгжимчид гэж боддог. Хөгжимчин болохын тулд маш хүнд хэцүү даваа, саад бэрхшээлийг даван туулдаг. Бусад мэргэжилтэй харьцуулахад нэлээд онцлогтой. Тэд бага насаа золиослодог, бүх амьдралаа зориулдаг. Ерөнхий боловсролын сургуульд сурахынхаа хажуугаар давхар тусгай мэргэжлээр сураад, дараа нь гадаад, дотоодын мэргэжлийн их, дээд сургуульд сурдаг. Ингэж олон шат дамжлагаар сурч, мэдлэг боловсрол эзэмшиж, жинхэнэ мэргэжлийн хөгжимчин болсон хүмүүс ямар ч үнэлэмжгүй, бага цалинтай байгаад үнэхээр харамсдаг.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
4
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний… 9 цагийн өмнө
Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 9 цагийн өмнө
2020 оноос хойш бид 43 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам … 10 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд… 11 цагийн өмнө
Л.Ариунтуяа: Энэ нийгэм эмэгтэйчүүдээс олон дүртэй, олон ур чадварта… 12 цагийн өмнө
Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо… 12 цагийн өмнө
Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног 12 цагийн өмнө
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ… Өчигдөр
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсы… 2024/09/11
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 2024/09/10
Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн уса… 2024/09/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бара… 2024/09/10
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2024/09/10
Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина 2024/09/10
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт б… 2024/09/10
Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно 2024/09/10
Зуун жилээр зудалсан, зулаг тасалсан зунууд 2024/09/09
Номын их өргөөний чамбай хатагтай 2024/09/09
Загварын ертөнцийн нүүдэл 2024/09/09
Монгол гоо сайхны илэрхийлэл 2024/09/09