БНХАУ-ын дарга Ши Жиньпин орчин үеийн инновац, өндөр технологийн гүрнийг цогцлоохын тулд боловсрол, шинжлэх ухааны салбартаа дэвшил гаргахаа зарлалаа. Ши Жиньпиний төрийн эрхэнд гарснаас хойш Хятад улс хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, блокчэйн тэргүүтэй эрин үеийн технологийн салбарыг дотооддоо хөгжүүлэхэд анхаарсан. Сүүлийн үед ухаалаг төхөөрөмжийн чип дотооддоо үйлдвэрлэх, технологи, түүхий эдийн хувьд гаднаас хараат байдлыг зогсоохыг чухалчлах болсон. Тэрбээр Улс төрийн товчооны хурал дээр Хятад улс инновацыг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатайг онцлоод дэлхийн хөгжилд ач холбогдолтой анхдагч болохуйц технологийн судалгаа хөгжүүлэлтэд анхаарахыг чухалчиллаа.
Шинэ тутам хөгжиж буй технологийн салбарт анхдагч болох өрсөлдөөн худалдааны дайны дараа АНУ, БНХАУ-ын дунд хурдассан. Цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширсан, АНУ технологийн салбарт хориг тавиад байгаа нь Бээжинд сорилт болох төлөвтэй байна. “Синьхуа” агентлагийн уламжилснаар, Вашингтоны хоригийн эсрэг шинжлэх ухаан, технологио хөгжүүлэх нь БНХАУ-ын үндэсний бодлого боллоо. Чип үйлдвэрлэлийн салбарт өрнөж буй энэ тулааны цохилтод өөр бусад стратегийн чухал салбарууд ч өртөж байгаагийн нэг нь хиймэл оюун ухааны хөгжүүлэлт. Энэ салбарын хөгжүүлэгчид “Nvidia” компанийн график картын өндөр хүчин чадлыг ашиглан, хиймэл оюун ухаан, машин сургалтаа үр дүнтэй явуулжээ. Гэтэл АНУ “Nvidia” компанийг өндөр хүчин чадалтай “A100”, “H100” чипүүдээ БНХАУ- борлуулахыг хориглосноор Хятадын хиймэл оюун ухааны салбарт сорилт болсон. Учир нь дээр дурдсан чипнүүдийг орлуулах өндөр багтаамжтай чип Хятадад одоогоор үйлдвэрлэгдэж эхлээгүй байгаа.
Шанхай хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ
Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Судалгааны түвшинд тус улсын технологийн хөгжил эрчимтэй урагшилсныг дурдах хэрэгтэй. “Baidu” компани хэрэглэгч ухаалаг утсаараа дамжуулан хандах боломжтой квантын компьютер бүтээсэн, усны давалгаа ашиглан эрчим хүч гаргах дэлхийн хамгийн том станцыг барьж байгаа, 2028 он гэхэд цөмийн нэгдэх урвалыг эзэмших боломжтой болсон зэрэг томоохон ололтоо дэлхий нийтэд зарласан. Мөн тус улс иргэний агаарын тээвэрт зориулсан хайперсоник технологи хөгжүүлж эхэлсэн тухай эх сурвалжууд бичиж байна. Гэвч хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт дорвитой амжилт гараагүй. Бээжингийн эрх баригчид чип, хагас дамжуулагчийн технологийн хөгжүүлэлт удааширсанд сэтгэл хангалуун бус байгаа. Дотоодын чип үйлдвэрлэлийн салбарыг санхүүжүүлдэг “Хятадын хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтын сан”-д шалгалт явуулж, удирдах албан тушаалтнуудыг авилгын хэргээр баривчилсан. Иймээс эх газрын санхүүгийн төв Шанхай хотын захиргаа технологийн хараат байдлаа бууруулахаар чип дизайн, хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Хагас дамжуулагчийн төслүүдэд 100 сая юань буюу 14.47 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэнэ. Хэтийг харсан зорилго нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах, системийн бүтээн байгуулалтыг хурдасгахад чиглэжээ. Тус улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жиган хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлийн шинэ боломжуудыг ашиглахыг технологийн компаниуддаа уриалжээ. Тэрбээр Тяньжиний бага хуралд тавьсан илтгэлдээ “Хиймэл оюун ухааны хөгжил нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ болзошгүй эрсдэлүүдийг авчирдаг хоёр иртэй сэлэм. Манай улс хиймэл оюун ухааныг зохицуулах засаглалын удирдамж, ёс зүйн хэм хэмжээг гаргасан нь хариуцлагатай технологийн хөгжлийн төлөөх Засгийн газрын байр суурийг илтгэнэ. Энэ чиглэлээрх манай улсын судалгаа, хөгжүүлэлтийн зардал өнгөрсөн онд 3.09 их наяд юаньд (441 тэрбум ам. доллар) хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.55 хувийг эзэллээ. Эл үзүүлэлтээр дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байна. Хиймэл оюун ухааны чадавхыг ахиулахад хэд хэдэн сорилт тулгардаг. Тухайлбал, нарийн алгоритм, орон нутгийн хиймэл оюун ухааны загваруудын үр ашигтай байдал зэрэг олон бэрхшээл бий” гэсэн байна. Зохицуулалтад нийцсэн дотоодын үйлчилгээг “Baidu”, “Alibaba Group Holding”, “SenseTime”, “iFlyTek” зэрэг үндэсний технологийн фирмүүд нэвтрүүлсэн. Цахим худалдааны аварга “Алибаба” групп Тяньжин хотын захиргаатай хамтран хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, биг дата зэрэг өндөр технологийн салбарыг хөгжүүлэхээр болжээ. Хятад улс ийнхүү хиймэл оюун ухааныг эрчимтэй хөгжүүлж эхэлснийг ажиглагчид Вашингтон, Бээжингийн хурцадмал байдал, ялангуяа эх газрын компаниуд тодорхой дэвшилтэт технологид нэвтрэх зөрүүг арилгах шийдвэр гэж тайлбарлаж байна. “Apple”-ийн ханган нийлүүлэгч “Foxconn” технологийн групп АНУ-ын технологийн аварга компани дараагийн үеийн тэргүүлэх төхөөрөмжөө худалдаанд гаргахаас хэдэн сарын өмнө Хэнань мужийн төв Жэнжоу дахь үйлдвэрийн ажилтнуудынхаа цалин, урамшууллын багцыг нэмсэн байна. “Foxconn” ирэх есдүгээр сард худалдаанд гарах “iPhone 15” шинэ загваруудыг үйлдвэрлэж ачаалалтай ажиллаж байгаа. Эх газрын Хятад нь Foxconn-ийн үндсэн бааз ч цар тахлын хатуу хяналтаас үүдэн ажиллах хүчний зардал нэмэгдэж, үйлдвэрлэл тасалдсан нь тус компанийг Энэтхэг, Вьетнамд үйлдвэрлэлээ төрөлжүүлэхэд хүргэсэн юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна