Өнөө цагийн “Оскар”-ын бүх чиг хандлагыг мэдэрсэн найруулагч бол Хлоэ Жао. Тэрс үзэлтэн биш ч уугуул Хятад орноо АНУ-аар сольсон түүнийг Холливуд дахь дорно дахины төлөөлөгч гэдэг. Хэдийгээр Америкт кино урлагт суралцсан ч багаасаа үзэж, урам зориг авсан Хятадын кино урлагийн дэг журам түүний бүтээлээс “үнэртдэг” учраас ийнхүү тодотгодог юм. Хлоэ Жаогийн цаг үеэ нарийн мэдэрдэг чадвар нь амжилтын түлхүүр болжээ. Дэлхий даяар хөл хорионд орсон цар тахлын эхний жил тэрбээр эрх чөлөөнд тэмүүлсэн “Нүүдэлчдийн нутаг” киногоороо алдаршсан. Энэ бүтээлээрээ 2020-2021 оны кино наадмуудыг өнгөлж, шагналын хур буулгасан билээ. Тухайлбал, “Оскар”-аас шилдэг найруулагч, шилдэг бүтээл, Венецийн наадмын “Алтан арслан”, Торонтогоос үзэгчдийн шагнал, “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг кино, шилдэг найруулагчийн шагнал хүртжээ. “Тайм” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаж, кино ертөнцийн дээд шагналыг хүртсэн Азийн анхны эмэгтэй найруулагчийн кинонууд Америкийн нийгэмд байр суурь эзэлдэггүй, сүүдрийн давхаргын тухай өгүүлдэг.
Тэрслүү охин
Түүний жинхэнэ нэр Жао Тинг бөгөөд 1982 оны гуравдугаар сарын 31-нд Бээжингийн чинээлэг гэр бүлд мэндэлжээ. Хятад улс 1990-ээд оноос нээлттэй болж, Холливудын кино, хөгжмийн томоохон зах зээл болон хувирсан. Шинэ үеийнхний шүтээн нь Майкл Жексон байлаа. Бээжингийн дунд сургуульд сурч байхдаа Хлоэ хятад маягийн сургалтын хөтөлбөрт сонирхолгүй, манга зурах, кино үзэж, англи хэл мэдэхгүй ч попын хааны дууг өдөржин сонсдог байв. Тэр тэрслүү хүүхэд байсан. Японы манга орчин үеийн Хятадын поп соёлд асар их нөлөөлсөн. Хлоэ манга зохиолч болох мөрөөдөлтэй байв. Хонконгийн авангард найруулагч Вонг Кар-вайн бүх киноны хуурцгийг өсвөр насандаа цуглуулжээ. Эцэг нь охиныхоо хүсэл зорилгыг дэмжиж, барууны боловсрол эзэмшүүлэхээр 15 настайд нь Их Британийн Брайтон коллежид элсүүлэв. Дотуур байртай уг коллежийг “Харри Поттер”-ын Хогвартс шилтгээнтэй зүйрлэдэг. Брайтонд хоёр жил суралцаж, англи хэлтэй болсон Хлоэ Лос-Анжелес хотын ахлах сургууль руу шилжсэн байна. Тэрбээр Лос-Анжелесын “Koreatown” дахь студи байранд ганцаараа амьдардаг байжээ. Дараа нь Массачусетсийн Маунт Холёок охидын коллежид улс төрийн чиглэлээр суралцсан байна. Үл тоомсорлуулсан түүхийг киногоор дамжуулан бусдад хүүрнэхийг зорьж, Нью-Йоркийн Тиш урлагийн сургуульд суралцахаар шийджээ. Ингээд дипломын ажлаа 2010 онд тохиролцооны гэрлэлтээсээ зугтаж буй хятад охины тухай “Охид” богино хэмжээний киногоор хийжээ.
Хлоэ Жао Мексикийн кино найруулагч Альфонсо Куаронтай хийсэн ярилцлагадаа “Тийм ээ, би эмэгтэй хүн төдийгүй хятад гаралтай, өнгөт арьстан. Миний өмнө олон саад тотгор бий. Би үргэлж гаднын хүн байсан” гэжээ.БНХАУ-ын төрийн хэвлэлүүд түүнийг “Хятадын бахархал” хэмээн өргөмжилж байсан ч удалгүй ор тас мартсан. Гэвч Хятадын цахим ертөнцийн дуулиан түүнийг тойрсонгүй. “АНУ миний улс биш” гэсэн үгийг нь “Америк одоо миний эх орон болсон” хэмээн гуйвуулж, 2021 оны “Оскар”-ын өмнөх үдэш “Вэйбо”, вичатад шуугиан тарьжээ. Түүний тухай хайлтууд, “Нүүдэлчдийн нутаг” киноны зурагт хуудсыг сошиал медиа платформоос устгасан байдаг. Хятадад гаргахаар төлөвлөсөн хувилбарын тасалбарын борлуулалтыг ч зогсоосон. Хятадын үндсэрхэг үзэлтнүүд Холливудын бахархлаасаа нүүр буруулах болсон нэг шалтгаан нь Жаогийн элит гэр бүлтэй холбоотой. Түүний аав төрийн өмчит “Шоүган” гангийн үйлдвэрийн захирал, хойт ээж Сүн Дандан нь Хятадын Ардын чөлөөлөх армийн чуулгын жүжигчин байжээ. Эцэг Жао Южи нь төрийн өмчит компаниас хураасан хөрөнгөөрөө охиноо гадаадад сургасан, дундаж давхаргынханд ийм боломж олдохгүй хэмээн шүүмжилсэн. Панамын баримт бичиг задрах үед Жао Южийн оффшор дансны мэдээлэл задарч, шийтгүүлжээ. “Бээжинд өссөн ч манай гэр бүл Өвөрмонголоор аялах дуртай байсан. Тэнд цаг хугацаа зогсох шиг л сайхан мэдрэмж төрдөг. Их хотоос эхлээд тал хээрт миний бага нас өнгөрсөн. АНУ-д амьдарч байхад Нью-Йоркоос илүү Өмнөд Дакотад татагддаг байлаа” гэж “Ванити фэйр” сэтгүүлд ярьжээ.
Хлоэ найз залуу, жүжигчин Жошуа Жэймс Ричардстай Нью-Йоркийн их сургуулийн урлагийн сургуульд танилцжээ. Тэд өдгөө Калифорнийн Охай хэмээх жижигхэн хотод амьдарч байна.
“Оскар”-ын түүхийг бүтээв
Жао Америкийн соёлыг хөгжүүлэхэд 10 орчим жил зарцуулж, улс төрийн шинжлэх ухаан, гүн ухааныг нарийвчлан судалжээ. Түүний эхний гурван бүрэн хэмжээний кино дорно дахины бясалгал, яруу найргийн шинжтэй. Хлоэ Жаогийн бүтээлд Вонг Кар-Вай, Терренс Малик нарын хэв маяг нөлөөлсөн. Гэхдээ тэдгээр найруулагчийн элементүүдийг өөрийнхөө хувилбараар илэрхийлэх мэргэжлийн бус жүжигчдийн тоглолттой хослуулжээ. Хөгжим, дүрүүдийн мэдрэмжийг гоо зүйн бүтээл болгосон нь Вонг Кар-вайг, баримтат киноны техникээрээ Ан Лиг санагдуулдаг. Тэд бол Холливудад гайхалтай карьераа босгож чадсан Азийн ховор найруулагчид. “Бөгтөр уул”, “Пигийн амьдрал”, “Халк”, “Гэтэж буй бар, нуугдаж буй луу” зэрэг хит киноны эзэн Ан Лигийн бүтээлүүд Хлоэ Жаод сурах бичиг болжээ.
Жао зураг авахдаа минималист зарчимтай. Баатруудынхаа бодлогоширсон төрхийг авахдаа хөрөг зургийн линз ашиглах бөгөөд дүрүүд хөдөө зам, уулархаг хээр талд уусдаг. Энэхүү эффектээ уянгын хөгжимтэй хослуулсан нь Хятадын киноны үндсэн хэллэг юм. Хлоэ мэргэжлийн бус хүмүүст гол дүр өгдөг зоригтой найруулагч. Мэргэжлийн жүжигчдээс татгалзсанаар орчин үеийн кино урлаг, соёлын олон чиг хандлагыг хэрэгжүүлжээ. Шашингүй үзэлтэй учраас гол дүрүүд нь бурхныг хайх бус амьдралын утга учир, тайтгарлыг өөрөө эрэлхийлж олдог. Түүний хальсны ихэнх хэсгийг агаарын масс, тэнгэрийн хаяа эзэлдэг ч үүнтэй холбоотой. Жаогийн баатрууд олон бэрхшээлтэй тулгарсан ч эцсийн бүлэгт бардам зангаа дарж, хайртай хүмүүсээ сонгодог. Ингэснээрээ Америкийн кино урлагийн тулгуур болсон үндэсний дүр төрхийг даван туулсан. Тухайлбал, Жонни Уинтерс хайрынхаа төлөө их хотыг зорилгүй төрөлх нутагтаа үлдэж, Брэди амиа хорлох бодлоо орхино. Жаогийн кинонууд хүмүүнлэг, өрөвдөх сэтгэл гүн шингэсэн байдаг. Нийгмийн сэдвийг тэгшитгэлээс гаргаж, капитализм, ялангуяа АНУ-ын уйтгартай шүүмжлэлээс санаатайгаар хөндийрүүлсэн Хлоэ Жаог кино урлагийг үндэстэн дамнасан шинэ түвшинд хүргэсэн найруулагч хэмээн үнэлдэг.
“Лос-Анжелес таймс” сонины кино шүүмжлэгч Жастин Чанг “Тэр бол хэцүү сэдвээр гүн гүнзгий утга агуулгатай америк кино хийсэн хятад найруулагч. Жао өөрийгөө америк хүн гэж тодорхойлж байгаагүй. Тэрбээр үндэс угсаа, арьсны өнгө, соёлоор ангилагдаагүй орон зайд оршихыг илүүд үздэг. Холливуд гаднын шинэ цусаар тэтгэгдэж, нөхөгдөж байдаг талбар. Хлоэ Жао олон жилийн уламжлалын нэг хэсэг. Тэр бол Чаплин, Уайлдер, Хичкок нарын үргэлжлэл” гэжээ. Тэрбээр анхны бүрэн хэмжээний “Ах нарын заасан дуунууд” кинондоо Өмнөд Дакота дахь индианчуудын сууринд амьдардаг Оглала Лакота хүүгийн амьдралыг өгүүлдэг. Кино зохиолоо бичихийн тулд Жао индианы Сиу овгийнхонтой 17 сар амьдарч, 30 ноорог бичсэн гэдэг. Амьдралаа шинээр эхлүүлэхийг мөрөөдөж буй өсвөр насны хүүгийн тухай уянгын киногоороо Каннын кино наадмын шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авчээ. Жао хоёр дахь бүрэн хэмжээний “Морьтон” киногоороо 2017 онд Каннын наадмын шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ. Ковбой залуугийн дүрийг мэргэжлийн бус жүжигчин Брэди Жандрео бүтээжээ. Энэ кино амьдралын бэрхийг даван туулах гэж оролдсон, биелээгүй мөрөөдөл, хүний эрхэм чанар, яаж ч хүрсэн эрх чөлөөг хүсэх тухай өгүүлдэг. “Нүүдэлчдийн нутаг” кино найруулагчийн хэв маяг, сонирхлын цар хүрээгээрээ үнэмлэхүй хит болсон. “Нүүдэлчдийн орон: XXI зуунд Америкт амьд үлдэх нь” зохиолоос сэдэвлэсэн энэхүү кинонд төрөлх хотоо орхиод замд гарч буй бэлэвсэн эмэгтэй Ферний тухай өгүүлдэг байна.
“Нүүдэлчдийн нутаг”-т америкчуудын амьдралын олон домгийг нэгтгэсэн. Хенри Торегийн ганцаар оршин тогтнох зарлигуудаас эхлээд Жек Керуакийн өөрчлөлт шинэ үе, Небраска дахь Америк мөрөөдлийн тухай хар цагаан драм хийсэн газруудад Ферн ирдэг. Жао эл бүтээлдээ ажилгүйдэл, бага тэтгэвэр, сэтгэл санаагаар унах, тайван бус байх, эрх чөлөө рүү тэмүүлэх зэргээр нийгмээ бодитоор дүрсэлж чадсан юм. Ингэхдээ дүрийнхээ сэтгэлийг байгаль, цаг уураар төлөөлөн илэрхийлдэг онцлогоо давхар гаргажээ. Амьдралд хүрэлцэхгүй тэтгэврийн мөнгөөр Америкийн нийгмийн орон зайг харуулдаг. Гэхдээ Ферн яагаад төрөлх хотоосоо зугтаж байгаа талаар Жао тайлбарладаггүй.
Эрх чөлөөтэй байх хүсэл, капиталист гаваа тайлсан, насанд хүрсэн хүүхдүүдээсээ холдсон, биелээгүй мөрөөдлийн сүүдрээс айсан зэрэг олон хариултыг үзэгчдэд үлдээсэн юм. Түүний кинонуудад хүмүүсээс гадна ертөнц, газар, хөрс, агаар, чулуу нэгэн утга илэрхийлдэг. Баатруудын амьдрал давхарга давхаргаар, дохио дохиогоор, баяр баяраар, хот хотоор холилдсон байдаг. Хлоэ Жао бага төсвөөр кино найруулдаг нэгэн. Жао “Дисней” болон “Марвел”-ын хамтын бүтээл “Мөнхийн” киног найруулахдаа Анжелина Жоли, Сальма Хайек, Жемма Чан, Лорен Ридлофф, Ма Дун Сок нартай хамтран ажиллажээ. Ямартай ч “Марвел”-ын дөрөв дэх үеийг нээж, дэлхийн анхны бөгөөд мөнхийн супер баатруудын тухай өгүүлэх амлалтаа Жао биелүүлжээ. Тэрбээр “Юниверсал”-ын шинэ бүтээл “Дракула” шинжлэх ухааны уран зөгнөлт киног найруулахаа зарласан юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна