Дэлхий даяар болж өнгөрсөн сонгууль, санал асуултын дараа аль нэг улс, байгууллага иргэдийн сонголтод нөлөөлсөн гэх маргаан гарах болсон. Хамгийн алдартай жишээ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль. “Кэмбриж Аналитик” судалгааны төв олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг хүссэн бизнес эрхлэгчид болон улстөрчдөд зориулсан үйлчилгээ явуулдаг бөгөөд 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхантай хамтарч ажилласан байна.
АНУ-ын Холбооны сонгуулийн хорооны баримтаас харахад Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхан тэдэнд 6.2 сая ам.доллар төлжээ.Ингээд фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтэрчээ. Улс төрийн тоймч, сэтгүүлчид 2016 оныг хуурамч мэдээний жил болгон зарласан. Тоон баримтад мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх үед фэйсбүүкээр тарсан хуурамч 20 нийтлэлээс 17 нь Х.Клинтон, үлдсэн нь Д.Трампын эсрэг байжээ. Аль ч улсын сонгогчид бодлогогүйгээр үйлдэл хийх нь элбэг. Тиймээс сонгогчдын сэтгэлзүйг механикаар идэвхжүүлэхдээ цахим сүлжээг ашигладаг.
Сонгуулийн үеэр олны анхаарлыг татах, өрсөлдөгчийн нэр хүндийг унагах зорилготой зохиомол мэдээллүүд нийгмийн сүлжээнд түлхүү өрнөдөг. Ингэхдээ хэрэглэгчийн сонирхол, эрмэлзлийг урьдчилан судалж, “тархи угаадаг”. Америкийн улс төрийн намууд нийгмийн бүтцээ хоёр мянга гаруй бүлэгт хуваадаг. Оёдолчны, покерчдын, хөлбөмбөг сонирхогчдын гээд бүлэг бүрд хүрэх суваг нь фэйсбүүк. Харин арай илүү мэдээлэлтэй бизнесийн хүрээнийхэнд NBC, дундаж давхаргынханд CNN телевизийг ашигладаг байна. Нийгмийн сүлжээнүүдэд хуурамч мэдээллийг зориудаар түгээж, хүмүүсийн санаа бодлыг төөрөгдүүлэхтэй хатуу тэмцдэг орнуудын нэг бол Герман улс. Бундестаг хуурамч мэдээний сайтууд, интернэт тролл, ботуудыг популизм, экстремизмийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тиймээс цахимжсан хуурамч мэдээлэл ашиглах, санал хураалтад нөлөөлөхөөс улс орнууд урьдчилан сэргийлж эхэлжээ. Франц, Бельги улсын сонгууль, Каталонийн санал асуулгын үр дүн иргэдийн шүүмжлэлд өртсөн учир Европын холбоо Кибер аюулгүй байдлын тухай хууль баталсан. Цаашлаад Европын сонгуулийн компанит ажлын үеэр мэдээлэл хамгаалах дүрэм зөрчсөн улс төрийн намуудад торгууль ногдуулахаар хуульчилжээ.
Манай улсад ч сонгуулийн сурталчилгааг цахим орчинд бус мэргэжлийн редакцтай цаасан хэвлэлээр хийхийг уриалж байна. Сонгуулийн хуульд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хавчин боож, гаднын сошиал платформоор дамжуулан сурталчилгаа хийх замаар мэдээллийн махинаци хийх гэж буй улстөрчдийн санаархлыг эсэргүүцэж хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сайтын холбоо, Монголын арилжааны телевизүүдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллага нэгджээ. Цаасан хэвлэл уншигчдад итгэл үнэмшил төрүүлдэг шигээ шарласан хуудас нь түүх болон үлддэгээрээ онцлог. Фэйсбүүк, твиттер, YouTube гэхчлэн цахим орчинд ямар нэгэн худал мэдээлэл, гүтгэлэг доромжлол, магтаалыг ямар ч хэлбэрээр олон нийтэд яаж ч түгээх боломжтой ч мэдээллийн үнэн бодит байдал нь эргэлзээ төрүүлэхүйц байх нь бий. Нөгөөтэйгүүр цаасан хэвлэлийг дэмжсэнээр гадаадын платформуудад чиглэсэн мөнгөн урсгалыг зогсоох давхар ач холбогдолтой. Сонин утга найруулгын байтугай үг үсгийн алдаа гаргахгүйг хичээдэг, баримтгүй, эх сурвалжгүй мэдээлэл түгээх, хэн нэгнийг доромжлох гүтгэхээс татгалздаг ёс зүйтэй.
Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын талаар Ажлын хэсгийн гишүүд тайлбарлахдаа сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг баримтлан ажилласнаа дурдаад “тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн хэмжээг 30-70 хувиар багасгах замаар сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлыг нийт дүнгээр 50 хувиар бууруулахаар” төсөлд тусгасан хэмээн мэдэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд УИХ болон Засгийн газраас гаргаж буй тодорхой хууль, тогтоомж, шийдвэрүүд нь цар тахлын хямрал, эдийн засгийн хүндрэл, төсвийн хэмнэлт, түүнчлэн төрийн байгууллагын данхар бүтэц зэргээр шалтаглан юун түрүүнд хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны зардлыг удаа дараалан танах арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Төрийн болон төсвийн байгууллага, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын мэдээлэл, сурталчилгааны зардал нь аль ч улс орны хэвлэл мэдээлэлд орлогын эх үүсвэрийн тодорхой хувийг бүрдүүлж байдаг жишигтэй. Тухайлбал, БНСУ 2019 онд Төрийн өмчит компаниудын зар сурталчилгааны тухай хуулийг батлан гаргаж, хэвлэл мэдээллийн зах зээлийг хамгаалах зохицуулалтыг тусган хэрэгжүүлж байна.Монгол Улсад харин эсрэгээр хэвлэл мэдээллийн зах зээлийг хавчин боох замаар хяналтдаа оруулах бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг бодит жишээ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн нийт зардлыг 50 хувиар бууруулна гэх үндэслэлгүй судалгаагаар халхавчлан хэвлэмэл мэдээлэл сурталчилгааны хэмжээг 30-70 хувиар багасгахаар санаархаж буй явдал юм.
Учир иймд Монголын хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод шаардлагадаа “Нийт иргэд, нийгмийн эрх ашгийн төлөө хууль батлах тангарагтай УИХ-ын эрхэм гишүүд хууль санаачлан батлах эрхээ эдэлж, зөвхөн хувийн хонжоо, ашиг сонирхлыг өмнөө барьж байгаад эмзэглэж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлахдаа иргэдий мэдэх эрхийн баталгааг ханган сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл мэдээллийн хэмжээг танах, уламжлалт мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн редакцийн орон зайг олон нийтийн сүлжээнд тавьж өгөх, зар сурталчилгааны орлогыг нь танах аливаа заалтыг төслөөс хасахыг шаардаж байна” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна