Аялал жуулчлалын сэргэлт ба ногоон эдийн засаг

unen
14 цагийн өмнө

Аялал жуулчлал бол утаагүй үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн эх үндэс. Тиймээс дэлхийн улс орнууд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Хүн төрөлхтний шинэ зууны хөгжлийн чиг хандлага ногоон эдийн засагт суурилж байгаа энэ цаг үед монголчууд ч гэсэн өөрсдийн онцлогт тохирсон, уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлого, төлөвлөлт боловсруулан хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон тунхагласан нь цагаа олсон шийдвэр байв. Түүнчлэн Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Цар тахлын дараах шинэ хэвийн байдалд дөнгөж хөл тавьж байсан үед дээрх шийдвэр тун зоримог бөгөөд товч тодорхой замын зураг болсон юм. Ирэх гурван жилд Монгол Улс аялал жуулчлалын салбартаа онцгой анхаарал хандуулах нь, гадаад ертөнцөд үүд хаалгаа цэлийтэл нээх нь, эдийн засгаа солонгоруулах нь, түүх, соёл, өв уламжлалаа сурталчлан таниулах нь гэдэг ойлголтыг олон улсад өгсөн. 

Тиймээс дэлхий нийт Монголыг сонирхон харж байна. “Монголд зочлох жил”-ийг олон улсын хэвлэлүүд онцолж эхэлсэн. Энэ хандлага цаашид үргэлжилнэ. Монгол руу дуран авайгаа чиглүүлэх аялагчид, жуулчид аль хэдийнэ тийзээ захиалж, визээ зэхчихсэн байгаа. Эхнээсээ үүргэвчээ үүрч, камераа агссан жуулчид Хөшигийн хөндийд хөл тавьж, Хөвсгөл, Хэнтий, Хархорин, хангай, говийн зүг хөлгийн жолоо залж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үгтэй. Зочид гийчид урих амархан. Ирсэн гийчдэдээ юу үзүүлж харуу­лах вэ гэдгээс эхлээд тав тух, таалал таашаалд нь нийцсэн ямар үйлчил­гээг тэдэнд санал болгох билээ. Дахиад ирээрэй гээд сэтгэл дүүрэн даллан үдэхийн тулд яах ёстой вэ. 

Мэдээж зүгээр суугаагүй. Засгийн газраас бодлого, шийдвэр, төсөл, төлөвлөгөө боловсруулан гаргаж, хэрэгжүүлж байна. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстой гэж үзсэн. Ингээд “Монголд зочлох жил”-ийн түлхүүр үгийг “Welcome to Mongolia” гэж албан ёсоор тогтсон. Үүнээс гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанли гаргаж нийтэд танилцуулсан. Энэ хуанлийн дагуу энэ жилийн аялал жуулчлалын эвэнтүүд зохион байгуулагдаж байгаа.

 “Монголд зочлох жил”-ийн анхны эвэнт өнгөрсөн нэгдүгээр сард Ховд аймгийн Хар ус нуурт болсон “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр байсан билээ. Улмаар аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандартыг бий болгох зорилгоор УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлаад байгаа. 

2000 онд батлагдаж байсан Аялал жуулчлалын тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн найруулж батлахдаа хэд хэдэн шинэлэг өөрчлөлт, зохицуулалт тусгасан. Тухайлбал, зарим орны иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах, жуулчдын худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголт өгдөг байх, тур оператор, тур агентуудыг эхний таван жилд орлогын албан татвараас хөнгөлөх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох зэрэг олон чухал зохицуулалтыг дурдаж болно. Аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэн нь цаашид энэ салбар олон улсын жишгээр, дэлхийн стандартаар хөгжихөд чухал ач холбогдолтой. 

Цар тахлын өмнө буюу 2019 оны байдлаар манай улс 500 мянган жуулчин хүлээн авч, 200 сая ам.долларын орлого төвлөрүүлж, аялал жуулчлалын салбар ДНБ -ий 7.2 хувийг эзлэх хэмжээнд хүртэл өсөлттэй байв. Цар тахлын үеэр 300 гаруй аялал жуулчлалын компани, 300 орчим зочид буудал үйл ажиллагаагаа бүрэн болон хэсэгчлэн зогсоосон нь энэ салбарт хүнд цохилт болсон юм. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ жил нэг сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд хүргэх зорилт тавиад буй. Урт хугацаанд Монголд ирэх жуулчдын тоог 10-20 саяд хүргэнэ. Шинээр ажлын байр бий болгохын зэрэгцээ орон нутгийн өв соёл, дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг тул НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тэргүүн эгнээнд бичигддэг. Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл ч үүнтэй нийцэж байгаа гэсэн үг. 

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” хүрээнд аялал жуулчлалын салбарын бүтээг­дэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах хөрөнгө оруулалтыг түлхүү хэрэгжүүлж 2024 онд нийт 1.3 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ. Энэ хүрээнд агаарын тээврээр зорчих жуулчдыг нэмэг­дүүлнэ, агаарын тээврийн либералч­лалыг бүрэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн 4C, 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж аэродром, зорчигч үйлчилгээний цогцолборыг бай­гуулна, тусгай үүргийн нис­лэгүүдийг зөвшөөрнө. Мөн орон нутгийн нислэгүүдийг нэмэгдүүлж, тогтмолжуулна гэж төлөвлөсөн. Энэ зорилт эхнээсээ биелээд буй. Энэ хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээж, МИАТ ТӨХК нислэг үйлдэхээр болсон. МИАТ компани 2023 оны долдугаар сараас эхлэн орон нутагт нислэг үйлдэхээр болоод байгаа.

 Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 30 жилээр тоолбол, 2008 он хүртэл МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлддэг байсан. Үүнийг сэргээж, илүү өргөжүүлж байгаа гэсэн үг. 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар эхлүүлэх юм. Эхний ээлжид Чойбалсан, Мөрөн, Ховд, Өлгий, Алтай, Улаангом, Даланзадгад, Улиастай гэсэн найман аймагт нислэг үйлдэнэ. Тухайлбал Ховд, Өлгий, Мөрөн, Даланзадгад рүү долоо хоногт гурван удаа, Улаангом руу хоёр удаа, Улиастай руу 2-3 удаа, Алтай руу 1-2, Чойбалсан чиглэлд долоо хоногт нэг удаа тус тус нислэг үйлдэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Үнийн хувьд дотоод нислэгийн үнэ 800 мянган төгрөг хүртэл хямдарч байгаа.

 Ийнхүү дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хөшүүрэг болсон орон нутгийн нислэгийн тоо, чиглэл нэмэгдэж, тийзийн үнэ хямдарсан нь “Монголд зочлох жил”-ийн нэг онцлох шийдвэр болоод буй. Гадаадын улс орнууд руу шууд нислэгтэй болох талаар Засгийн газраас анхаарч, бодитой гэрээ, хэлцлүүд хийсний үр дүн эхнээсээ гарч байгаа. Тухайлбал, энэ сарын 04-нд Монгол Улсын агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг эхлүүлсэн. Засгийн газраас агаарын тээврийн либералчлах бодлогыг хэрэгжүүлж байгаа нь аялал жуулчлалын салбарт эергээр нөлөөлөх нь дамжиггүй. 

Цаашид “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдад зо­риул­сан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, жуулчид авто­машин­тайгаа аялах боломжийг бүр­дүүлэх, виз олголтыг хялбаршуулах, визгүй зорчих боломжийг бүрдүүлэх, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт Засгийн газраас дэвшүүлсэн. Мөн аялал жуулчлалын тусгай бүс байгуулна. Палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал, судалгаа-Амралт"-ын цогцолбор байгуулна. Тухайлбал Дундговь аймгийн Цагаан суваргад ийм цогцолбор байгуулах боломжтой. Улирлын чанартай "Буйр нуур" усан замын боомт байгуулна гэсэн өвөрмөц содон төлөвлөгөө мөн бий. 

Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь тэргүүн зэргийн зорилт. Аялал жуулчлалын авто замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлд 2024 онд хатуу хучилттай авто зам, авто замын их засвар, гүүр, гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн юм билээ. Жуулчдад зориулж 200 км тутамд амрах өртөө байгуулах бодлого мөн баримталж байгаа. Эдгээр ажилд нийт 801 тэрбум төгрөгийн 35 төсөл арга хэм­жээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирэх жилүүдийг аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас өөрчилнө. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үр өгөөжийг бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх өргөн агуулгаар аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилтыг Монгол Улс тавьж байна. Үүний тулд төр, хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг бүх талаар нь дэмжин ажиллана” хэмээн мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүний энэ үг аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогыг тодорхой хэмжээнд илэрхийлж байгаа гэж болно. Ирэх сарын 9,10-нд Монголын эдийн засгийн форумыг “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулах гэж байгаа нь “Монголд зочлох жил”-ийн гараан дээрх онцлох үйл явдал. Энэ жилийн Монголын эдийн засгийн форумд төр, засгийн болон хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөл, гадаадын 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно. Аялал жуулчлалын салбар Монголын эдийн засгийн нэг тулгуур, тулах багана болно гэдгийг эндээс харж болно.

Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр