Бөхчүүд тус тусынхаа дэвжээнд наадмынхаа бэлтгэлийг ид базааж байна. Зуны дунд сарын шинийн 3-ны хурц нар шарсан аагим халуун өдөр манай сурвалжлах баг Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээ болон “Нэгдэл” клубийн бөхчүүдийн бэлтгэлийг зорьсон нь энэ. Улсын харцага Д.Батболдоор ахлуулсан тус дэвжээний бөхчүүд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянголын аманд өөрсдийн байгуулсан бааздаа наадмын бэлтгэлээ хангаж байна. “Их богд” дэвжээний тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүдээс гадна улс, аймгийн цолтой бөхчүүд нь нийлж гурван жилийн турш одоогийн бэлтгэлийн баазаа байгуулсан аж. Өөрийн баазтай болсон учраас олон зүйлд санаа зовох зүйлгүйгээр сүүлийн гурван жилийн хугацаанд “Их богд”-ынхон бэлтгэлээ базааж байгаа нь энэ.
Бөхчүүдийн байрлах байр, усанд орох душ зэргийг боломжийн хэрээр шийдсэн байх агаад бусад дэвжээ амралт, жуулчны баазад жил бүр олон сая төгрөг зарцуулснаас хувийн баазтай болоосой гэх бодол төрснөө нуух юун. “Их богд” дэвжээнээс сурвалжилга бэлтгэх хүсэлтэйгээ улсын харцага Д.Батболд руу утас цохин дуулгахад хэзээний найрсаг зангаараа таатай хүлээж авсан юм. Олон улсын “Найрамдал” зуслангаас баруун хойшоо явахад ногоон дээвэр бүхий дөрвөн байшин, зургаан гэр, хөх өнгийн асар майхан харагдлаа. Хашаанд нь төрийн далбаагаа мандуулжээ. “Их богд” дэвжээнийхний бэлтгэлийн бааз мөн болж таарав. 17:00 цаг дөхүүлээд яваад очтол бөхчүүдээ оройны бэлтгэлээ хийхээр талбайдаа гарч ирж байгаа харагдлаа. Уг нь төлөвлөгөө ёсоор үдээс хойших бэлтгэл 16:00 цагаас байсан ч хурц нарны улмаас ийнхүү нэг цагаар хойшлуулжээ. Хашаагаар оронгуутаа улсын харцага Д.Батболдыг зорин алхлаа. Тэр ч биднийг угтан аман мэндээ мэдэлцээд “Манайх энэ жил өсвөр болон аймаг, сум, улсын наадамд зодоглох 40 орчим бөхтэй бэлтгэлдээ гарлаа.
Тамирчин хүн аливаад дэг журамтай, цагийг яг таг баримталдаг байх хэрэгтэй. Тиймээс бэлтгэлийн цагаас хоцорч болохгүй” гэсээр бөхчүүдээ яаравчлахыг сануулав. Бэлтгэлээс хоцорсон бөх байсангүй. 17:00 цаг гэхэд бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ талбайд цугласнаар бэлтгэл албан ёсоор эхлэх нь тэр.
“Нэгдэл” клубийн бөх улсын харцага Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Д.Энхбат нар хотод ажилтай байсан тул энэ удаагийн бэлтгэлээс чөлөө авчээ. Энэ галын ерөнхий дасгалжуулагч нь улсын харцага Д.Батболд. Харин улсын харцага Н.Золбоо, начин Ж.Чулуунбат нар бөхчүүдийн барилдаанд, аймгийн арслан Д.Энхбат хүчний бэлтгэлд нь анхаарал хандуулдаг аж. Дээрх бөхчүүдээс гадна улсын начин Ө.Батзул, өнөө жилийн улсын цолтны тааварт дээгүүр яваа аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр нар бэлтгэлээ базааж байлаа. “Их богд” дэвжээнийнхэн улсын наадамд барилдах, цолоо ахиулах магадлалтай бөхчүүдээ тавдугаар сарын сүүлчээр бэлтгэлд гаргасан гэнэ. Харин наадмын бэлтгэлийг энэ сарын 12-нд албан ёсоор эхлүүлжээ.
“Их Богд” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл эхэллээ. Хурдтай гүйлт, дэвээ шаваа нь бэлтгэлийн эхлэл байв. Бэлтгэл үргэлжлэх хугацаа 120 минут. Бөх хүн хурц, үзүүштэй барилдаанаас гадна уран гоё дэвээ шаваатай байх нь үзэгч олныг баясгадаг. Тиймээс давтах нь зүй ёсны хэрэг. Үүний дараа сунгалтын дасгал хийсний эцэст үндсэн бэлтгэлдээ орлоо. Өсвөрийн бөхчүүд баруун урд буланд бэлтгэл хийх бөгөөд улсын наадмын өсвөрийн барилдаанд зодоглох зургаан хүү бий аж. Тэдний дунд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат улсын арслан Босоо С.Шагдарын удмын Бат-Эрдэнэ хэмээх хүү анхаарал татав. Өсвөрийнхний бэлтгэлийг хэсэг хугацаанд ажигласны дараа улс, аймгийн цолтнуудын барилдаан руу очлоо.
Өнгөрсөн жилийн начин Ө.Батзул өнгөтэй харагдана. Цолоо батлаад зогсохгүй ахиулж ч мэднэ. Мэдээж энэ жилийн улсын наадмын улсын цолтны тааврын тэргүүн эгнээнд яваа Н.Өсөхбаярын бэлтгэлийг сонжлоо. Тун өнгөтэй харагдсан. Эв нь таарвал начин байтугай цолонд хүрэхээр. Гэхдээ энэ хүргээд азная. Долдугаар сарын 12-нд Н.Өсөхбаяр хурц арслан хэрхэн барилдахыг харж, чих тавья. Угаас дээгүүр амжилт үзүүлэх магадлалтай бөхчүүдийн талаар олон зүйл нурших нь илүүц биз. Н.Золбоо харцагын “Мэхээ гүйцээ. Юу хүлээгээд байгаа юм.
Өрсөж мэх хийгээч. Тогтож бай, тогтож бай. Юу юугүй битгий хэвтээд өг” гэх тоолонд бөхчүүдийн хурд нэмэгдэх нь өндөр цолтноо хүндэлж буйн илэрхийлэл биз. Бэлтгэлийн дундуур улсын харцага Н.Золбоо, начин Ж.Чулуунбат нар мэхээ хэрхэн даацтай, төгс хийхийг зөвлөх нь “Гарьд магнай” киноны “Молиго” Очир аятай. Ийнхүү юу юугүй 120 минут өнгөрч бөхийн бэлтгэл дууслаа. Бэлтгэлийн дараа өсвөрийн бөхчүүд сунгалт хийж, залуучууд болон улс, аймгийн цолтнууд турникэнд суниахын зэрэгцээ хоёр, гурваараа нийлж мэх давтаж харагдана. Дараа нь хоёр, гурваараа цувран задгай душинд орлоо. 19:00 цагт албан ёсоор бэлтгэл дуусаж, бөхчүүд хөлөрсөн биеэ наранд халсан бүлээн усаар угаасны дараа хоолны цаг эхлэх нь тэр. Үүнээс өмнө “Их богд” дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын харцага Д.Батболдтой цөөн хором хөөрөлдлөө.
-Бэлтгэлийг ерөнхийд нь ажиглалаа. Нэлээд жигдэрсэн харагдаж байна. Дасгалжуулагчийн хувьд юунд анхаарч байна вэ?
-Бэлтгэлд гараад 10 гаруй хонолоо. Гайгүй жигдэрсэн. Бөх хүнд байж болох бүхнийг л зааж, зөвлөж байна даа.
-Та МҮБХ-ны ерөнхий цэцээр ажилладаг. Тэр утгаараа дэг жаяг, ёс суртахуун, дүрмийн зөвөлгөө өгч байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Бөх хүн өрсөлдөгчөө, өөрийгөө, үзэгчдээ ямагт хүндлэх ёстой. Мөн дүрмээ сайтар мөрдөж, ягштал биелүүлэх үүрэгтэй. Тиймээс шавь нараа, дэвжээнийхээ бөхчүүдийг өнөөдөр мөрдөж байгаа дүрмийн дагуу бэлтгэлийг хийлгэж байна. Дүрмийн нарийн заалтуудыг хэлж ойлгуулах, алдааг нь зөвлөх, барилдааны явцад дүрмийн бус үйлдэл гаргахгүй байх гэх мэтэд анхаарч, зөвлөж байгаа юм. Мөн дүрэмд заасан хугацаа, барьц, байрлалын тал дээр түлхүү анхаарал хандуулж байна.
-Бөхчүүд хэзээнээс наадамдаа оролцож эхлэх вэ?
-Ирэх сарын 6-нд бэлтгэлээсээ буух төлөвлөгөөтэй. Тэгээд л сум, аймаг, улсын баяр наадамдаа явна даа. Баяр наадмын тухай хуулиар улс, аймаг, сумын баяр наадмуудын хугацааг тодорхой заасан учраас тэр дагуу л бэлтгэлээ тохируулна даа.
-Энэ жилийн барилдааны өнгийг хэрхэн харж байна вэ?
-Жил жилийн наадмын жишгээр үзүүштэй, сонирхолтой байх болов уу. Даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяраас эхлээд заан, харцага, начингууд сайхан барилдах байх. Мөн өнгөрсөн жилийн шинэ начингууд. Үүнээс гадна улсын цол горилж яваа аймгийн цолтнууд өрсөлдөөнд чимэг нэмэх нь дамжиггүй. 512 бөх барилдах учраас нэгийн даваанаас эхлээд л өрсөлдөөнтэй байх болов уу. Ер нь Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанууд, “Алтан цом”-д өнгөлсөн залуучууд дээгүүр үзэх биз.
-Нэг хэсэг бөх сонирхогчид зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг байсан бол энэ удаад 90-ээд оныхон хүч түрлээ. Тэдний ид үе эхэлж байх шиг?
-Яг үнэн. 30 орчим насны идэр залуучууд, 1987-1989 оныхон бас өрсөлдөөнд зүй ёсоор оролцоно. Биеийн бэлтгэл сургуулилалт, формоос шалтгаалаад 1987-1997 оныхноос сайхан өрсөлдөөн гарна. Эдний дундаас түрүү бөх тодрох байх. Жилийн хугацаанд хэр формтой байснаа наадамд харуулна даа.
-“Их богд”-оос ямар бөхчүүд дээгүүр барилдах бол?
-Шинээр цолонд хүрч, цолоо ахиулах болов уу гэсэн хоёр, гурван бөх бий. Шинэ начин маань нэлээд өнгөтэй байна.
“Их богд” дэвжээнийхэн өөрийн гэсэн бэлтгэлийн баазтай болох санаачилгыг улсын харцага Д.Батболд гаргажээ. Ингээд анх дөрвөн жилийн өмнө газрыг нь сонгож, улмаас 2020 оноос хөрөнгө санхүү, цаг завдаа тааруулан аажим аажмаар урагшилсаар өнөөдрийн баазыг байгуулсан байна. Энэ талаар Д.Батболд харцага ярихдаа “Үүнийг бид зорьж хийсэн юм. Бөхийн дэвжээ бол бизнесийн байгууллага биш учраас ашиг орлого байхгүй. Наадмын бэлтгэлд гарахын тулд олон хоног шаардлагатай. Түүнд түрээс төлөөд явах хэцүү. Тиймээс өөрсдийн бэлтгэлийн баазтай болох ёстой юм байна гэх шийдэлд хүрсэн. Жил жилээр тохижуулсаар л явна. Үргэлжлүүлээд хийх ажил их. Боловсон ариун цэврийн байгууламж, саун душаас эхлээд цаашдаа олон ажил хийхээр төлөвлөсөн. Нэг дор бүгдийг нь хийх боломжгүй учраас аажим аажмаар ахиулаад л байна” хэмээн ярилаа.
Бөхчүүд хоол зүйн тал дээр нэлээд анхаарал хандуулдаг болсон. Аварга, арслан, заанууд өөрийн тогоочоо дагуулж бэлтгэлд гарах нь энүүхэнд. Тэгвэл “Их богд”-ынхон ч үүнд анхаарал хандуулдаг гэнэ. Амт чанарт, шим тэжээлтэй хоол идэхийн тулд мэргэжлийн тогооч тусгай тогооч цалинжуулдаг ажээ. Тэрбээр “Миний дэвжээнд гарч барилдах цаг хугацаа дуусаад ерөнхий цэцийн ажил руу шилжсэн. Тиймээс өөрөө тогооч болдог юм билүү гэсэн бодол ч бий. Би чөлөөт цагаараа хоол хийх сонирхолтой, дуртай. Тогоочийн сургалтад сууж бөхчүүдийнхээ хоолыг хийх санаатай яваа. Ер нь цаашдаа бөхчүүд дундаасаа тогооч бэлтгэх бодолтой явдаг” хэмээлээ. Магадгүй “Их богд” дэвжээнийхэн ганц, хоёрхон жилийн дараа багшийнхаа гарын хоолыг идэнгээ бэлтгэл хийх цаг ойрхон бололтой. Бөхчүүдийн гаргадаг ёс бус авир, допингийн асуудал монгол бөхийн нэр хүндийг доош чангааж буй.
Энэ талаар Д.Батболд харцага ийн ярилаа. “Бөх хүн өрсөлдөгчөө, өөрийгөө, ард түмнээ хүндэлж шударгаар өрсөлдөх ёстой. Допинг огт хэрэглэж болохгүй. Технологи өндөр хөгжсөн энэ зуунд допингийг ялгадаг байх ёстой. Нэг ёсондоо мэдлэгээ сайжруулмаар байна. Жил бүр Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн төрөлд багтах эм, бодисын жагсаалт гаргаж өгдөг. Түүнийг нь сайтар уншиж, судлах хэрэгтэй. Бөхчүүдээс допинг илрэхээр бэртэл, гэмтэлд, өвчинд ууж байсан гэх шалтаг тоочдог. Үзэгчид хэрсүү болсон учраас үүнд итгэхгүй. Тиймээс шалтаг тоочоод хол явахгүй ээ. Хэзээ болтол бүдүүлэг, боловсролгүй байх вэ. Бүгд мэдлэгээ сайжруулж, өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй. Үнэхээр гэмтсэн, өвдсөн бол допингийн төрөлд багтдаггүй эм тариа олон бий. Тэндээс сонголт хий. Нэг ёсондоо өөрийнхөө төлөө ажиллаж чаддаг баймаар. Мэдэхгүйн улмаас допинг хэрэглэсэн гэдэг шалтаг битгий гаргаасай гэж хүсье” гэв.
Баянхонгорын бөхчүүд 21 жилийн өмнө анх удаа нэгдэн Тэрэлж дэх “Тэрэлж жуулчин” нэртэй баазад наадмын бэлтгэлдээ гарч байжээ. Тухайн үед Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт бөх тайлбарлагч, улсын начин, Гавьяат тамирчин Шагдаржавын Чанарав санаачлан, улсын гарьд, Гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат ахлан харцага Д.Батболд, начин Б.Сэр-Од, Б.Баянжаргал тэргүүтэй бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч байсан түүхтэй аж. Тэр цагаас өдгөөг хүртэл “Их богд” дэвжээний наадмын бэлтгэл нэг ч удаа тасалдаагүй гэнэ. Өдгөөгийн “Их богд” дэвжээний тэргүүн нь “Бай хөндий цамхаг” компанийн захирал Ч.Баянмөнх бол гүйцэтгэх захирлаар аймгийн арслан Д.Энхбат ажилладаг бөгөөд удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй. Баянхонгорын бөхчүүд нутгийн удирдлагуудаа дэмжих болов уу хэмээн найдаж байгаагаа илэрхийлснийг уламжилж байна. Баянхонгор аймгийн 21 жилийн түүхтэй галынхан Ардын хувьсгалын 102 жилийн ойгоороо өнгөтэй сайхан наадах болтугай. Цолтой нь цолоо ахиулж, цолгүй шинээр улсын цолонд хүрэхийн ерөөл өргөе.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна