Бөх сонирхогчдын таамагласан улсын цолонд ойрхон бөхчүүд


Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойн баяр наадам эхлэхэд 20 хоногийн хугацаа үлдлээ. Бөхчүүд, уяачид, харваачид тус тусын бэлтгэлдээ гарчээ. Энэ жил бөхчүүд харьцангуй эрт наадмын бэлтгэлд гарсан бололтой. Харин бөх сонирхогчдын дунд жилээс жилд улсын цолонд хүрэх бөхчүүдийн таавар дэвшүүлж, тухайн бөхөө дэмжин дээлийнх нь захыг мушгидаг уламжлалтай. 

Олон жил улсын наадмын торгон ногоон дэвжээнд хүч үзэж яваа Дархан-Уул аймгийн харьяат С.Ерөөлт, Булганы А.Отгонбаатар, Увсын О.Гантулга тэргүүтнийг жилээс жилд төрийн есөн хөлт цагаан тугаа тав болон түүнээс дээш удаа тойроосой гэж бөх сонирхогчид хүсдэг нь дамжиггүй. Тэдний тааварт багтаахаас илүүтэй начин болоосой гэж хүсэх, залбирах хүн олон болсон. Тэгвэл Ардын хувьсгалын түүхт 102 жилийн ойгоор аль нутгийн хэн гэдэг бөх улсын цолонд хүрч аав, ээжээ, нутаг усныхаа нэрийг Төв цэнгэлдэхийн узелиэр тодоос тод зарлуулах бол. “Монголын үнэн” сонины зүгээс уламжлалт “Улсын цолонд ойрхон бөх”-ийн таавартаа долоон арсланг онцолж байна.

 Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Э.Ууганбаярыг онцлохгүй байхын аргагүй. 2016, 2018 онд Төв аймгийнхаа баяр наадамд хоёр удаа түрүүлсэн тэрбээр улсын цолтны тааварт зүй ёсоор багтана. Заалны барилдаанд хэд хэдэн удаа түрүү үзүүр, их шөвөгт шалгарч байсан түүний эр заяа буян нь ивээвэл төрийн наадмын түрүү, үзүүр рүү ч дайрч магадгүй, хэн мэдлээ. 

Арал, бяр, чац гээд түүнд давуу тал олон бий. Бяр, бяд хоёр эн тэнцүүхэн өдрөөс чангарч байгаагаас аварга, арслангууд ч түүнийг амлахаас жийрхдэг шиг байгаа юм. 2021 оны Бүх цэргийн наадмаас хойш бөхийн өргөөнд зодоглоогүй тэрбээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Ц.Улаанхүү начны нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Түүнээс хойш бэртлийн улмаас дахин нэг хэсэг үндэсний бөхөөс завсарлага авсны дараа өнгөрсөн сарын 7-нд бөхийн өргөөнд зохион байгуулсан улсын начин, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд үзүүрлэсэн юм. 

Хоёр наадам, хоёр цагаан сарын барилдаан өнжсөн түүнийг энэ жил хүссэн цолондоо хүрч нутаг, усны зон олон, ижий, ааваа баярлуулна гэдэгт бөх сонирхогчид итгэлтэй байна. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд Баруундэлгэрийн аманд наадмынхаа бэлтгэлд гараад долоо хонож байгаа ажээ. 

 

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр

Одоогоос есөн жилийн өмнө Даян аварга Н.Батсуурь улсын наадамд анх удаа түрүүлж байхад Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Нямдоржийн Өсөхбаяр гэх хүү төрийн наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэн “Улсын шандас” цол хүртжээ. Тухайн үед тэрбээр сумын заан цолтой байжээ. Ингэж эргэлт, буцалтгүй бөхийн замд орсноор түүний хувьд аймгийнхаа баяр наадамд хоёронтаа түрүүлж, өнөөдөр улсын цол хүртэх бөхийн тааварт зүй ёсоор багтаж явна. Түүнийг улсын наадмын өсвөрийн барилдаанд үзүүрлэхэд л мэргэжилтнүүд Сүхбаатар аймгаас нэгэн онцгой бөх төрөх нь хэмээн ярилцаж байсан удаатай.

 2018 онд аймгийнхаа наадамд анх удаа түрүүлсэн тэрбээр өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн барилдаанд түрүү, үзүүрт шалгарч Даян аварга Н.Батсуурьт тахим буулгасан билээ. Үүнээс өмнө аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулахад төвөггүй түрүүлсэн нэгэн. Даншигийн наадамд тав давж явсан тэрбээр өнөө жил онцгой сайн байгааг бөх сонирхогчид харсан. Тэрбээр 2022 оны аравдугаар сарын хойш бөхийн өргөөнд хоёр түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн амжилттай яваа. Хамгийн сүүлд энэ сарын 10-нд зохион байгуулсан Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын начин Г.Ганжадаар найм давж түрүүлсэн юм. Н.Өсөхбаярын өвөө нь аймгийн хурц арслан Т.Гомбо хэмээх бөх байдаг гэнэ. Дарьгангын талаас заан начин, харцагыг алгасаад заан төрөхийг хэн байг гэх вэ.

 

Цэргийн арслан Л.Отгонбаатар

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл медальт, 2020 оны цэргийн наадмын түрүү бөх Л.Отгонбаатар нутгийнхаа бөхчүүдтэй “Алтан цом” хүртээд удаагүй байна. Өдгөө “Бөхбилэгт” дэвжээнийхэнтэйгээ наадмын бэлтгэлдээ гарсан түүнийг энэ жил улсын цол хүртэх магадлал өндөр гэсэн хүлээлттэй байгаа юм. Аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэнгийн хүү тэрбээр бөхийн удамтай. Түүний төрсөн ах нь улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар юм. Багадаа эмнэг хангал сурган, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн Л.Отгонбаатар Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлагад 2007 оноос хичээллэжээ.

 Тэрбээр “MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан сүмогийн “Өглөөний хөх луу” тэмцээнд оролцохдоо багштайгаа танилцаж, шавь нь болсон түүхтэй. Тус тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа жүдогоор бус, сүмогоор гаргасан гэдэг. Жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хослуулан хийдэг Л.Отгонбаатар 2013 онд наадмын сорилго барилдааны нэгийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулан, олны хараанд өртсөн юм. 2014 онд Өмнөговь аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэнээс хойш гурван удаа цолоо баталсны эцэст цэргийн арслан цолонд хүрсэн түүнийг 30 насандаа улсын цолтой болоосой гэж олон хүн хүсэж байна.

 Бэртэл гэмтлийг эс тооцвол арслан энэ жил тун давгүй байгаа. Хэсэг хугацаанд бэртлийн улмаас бөхийн өргөөний барилдаанд оролцоогүй. Гэхдээ “Алтан цом” дээр багтаа багагүй тус хүргэсэн. Архангай нутгаас төрсөн таван аваргад хүндэтгэл үзүүлэх  барилдаанд их шөвөгт шалгарлаа. Жүдогоос албан бусаар зодог тайлж, өдгөө үндэсний бөхөөр амжилт гаргахад гол анхаарлаа хандуулж, бэлтгэлээ хийж буй. 

 

Аймгийн арслан Э.Мөнхжаргал

Самбо, жүдо суурьтай Э.Мөнх­жаргал 2015 онд Архангай аймгийн Хотонт сумынхаа баяр наадамд үзүүрлэн, сумын начин цол хүртэж, бөхийн замналаа эхлүүлжээ. Улмаар 2017 онд сумандаа түрүүлж, сумын заан цол хүртэв. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлага дор “Сүлд” спорт хороонд бэлтгэл сургуулилалтаа хийдэг тэрбээр 23 насандаа Дархан-Уул аймгийн баяр наадамд үзүүрлэн, аймгийн заан цол хүртэж байлаа. Хэдийгээр 2021 онд улсын баяр наадмыг цуцалсан ч залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” хүчит бөхийн барилдаанд тав давж, хамгийн залуу начинд өгдөг хурдан удмын даагаар шагнуулсан түүхтэй. 

Тэрбээр өнгөрсөн жил Сар шинийн барилдааны таавар будилуулж түрүү бөхөөр тодорсон бөгөөд тухайн жилдээ буюу Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойгоор нэгийн даваанд тахим буулгасан нь санаанд оромгүй үйл явдалсан болсон. Бөх сонирхогчид түүнийг улсын цолны босго давна хэмээн хүлээж байлаа. Тэгвэл сар шинийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөх тухайн жилийнхээ наадмаар цолонд хүрч чаддаггүйн жишээг Э.Мөнхжаргал арслан давтах нь тэр.

 Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаас хойш өнөөдрийг хүртэл бөхийн өргөөнд 104 удаагийн барилдаан зохион байгуулахад тэрбээр улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд нэг удаа их шөвөгт шалгарсан амжилттай байгаа юм. Э.Мөнхжаргал арслан нутгийн бөхчүүдийн хамт “Сүүж” уулын ойролцоо наадмын бэлтгэлээ базааж байгаа сурагтай.

 

Аймгийн арслан Т.Довчинсэмбээ 

Дархан аварга Д.Цэрэнтогтох, Ардын хувьсгалаас өмнө төрсөн 20 дахь аварга “Их Монгол” хэмээх Х.Шаравжамц, улсын аварга Д.Сумъяабазар гэсэн гурван аваргын өлгий нутаг Өвөрхангайгаас энэ жил хэд хэдэн бөх улсын цолонд хүрэх магадлалтай. Тэднээс том цолтнуудын “ангууч”, аймгийн арслан Т.Довчинсэмбээг онцолъё. Уг нь тэр 2021 оны наадмыг цуцлаагүй бол хэдийн улсын цолтны эгнээнд багтсан бөх. 

Наадамгүй жилд Хүй мандлын дэвжээнд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд долоо давж, улсын заан цолны босгоор алхсан тэрбээр тухайн онд зааны батламж өвөртлөөд гэртээ харьсан түүхтэй. Гэхдээ тэр наадамд нь төр оролцоогүй учраас өнөөдрийг хүртэл цол олгох боломжгүй гэсэн байр суурийг Баяр наадмын комиссоос илэрхийлээд буй. Монгол Улсын Ерөнхийлөгч наадмаас өмнө цолны зарлиг гаргах магадлал тун бага. Тиймээс улсын цолны төлөө дахин нэг зүтгэх хэрэг гарах нь. 

Гэхдээ түүнд байгалиас заяасан бяр хүч, сэтгэлийн хат, уран мэхтэй учир тав даваад дэвж явахад гайхах зүйлгүй. 1985 оны наадмын түрүү,  улсын арслан Б.Ганбаатарын удмын бөх тэрбээр бөхийн өргөөнд зохион байгуулдаг барилдаанд 2022 оны аравдугаар сараас хойш түрүү, үзүүр, их шөвөгт шалгараагүй ч “Алтан цом”-д “Их Монголын хүчтэн”-үүдийн гол тулгуур болсны хүчинд тус баг гуравдугаар байр эзэлсэн билээ. 

 

Аймгийн арслан М.Бямбадорж 

Баруун аймагтай харьцуулбал говь нутгаас сайн бөх цөөхөн төрдөг гэлцдэг. Говь нутгаа төлөөлж улс, аймгийн цолтнуудын барилдаанд тун сайн өрсөлдөж буй хуруу дарам бөхчүүдийн нэг нь аймгийн арслан М.Бямбадорж. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат тэрбээр 2012 онд аймгийн начин, 2016 онд аймгийн заан болсон. 2018 онд Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. 

Тэр жилээ аймгийнхаа наадамд барилдан, үзүүрлэж, чимэг нэмсэн юм. Тун дайчин, барилдаанчаараа арслан цолтнууд дотроо нэлээд дээгүүр бичигдэнэ. Бөхчүүд жин нэмэх болсон өнөө цагт түүн шиг бие хаатай, галбиртай бөх ховор. Аймгийн арслан болсноосоо хойш ялимгүй зузаарч, барилдааны хэв маягаа тун ч сайжруулаад буй. Хурсан олныг ханаруулаад, шуугиулаад нэг барилдвал М.Бямбадоржид улсын начин цол энүүхэнд.

Өнгөрсөн жилийн хэвийн боовны баярт зориулсан барилдааны дунд шөвөгт шалгараад зогсохгүй уран барилдааны шагнал хүртэж байсан тэрбээр 2020 онд XIII зуун цогцолборт болсон наадамд гурав давж, дөрвийн даваанд улсын аварга О.Хангайд өвдөг шороодож байсан бол өнгөрсөн жил зодоглоогүй юм. Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээнээс А.Цацабшир харцагаас хойш улсын цолтон төрөөгүй бөгөөд өдгөө тус аймгийн бөхчүүд “Сүүж” уулын энгэрт Ховд, Завханы бөхчүүдтэй айлсан бэлтгэлээ базааж байна.

 

Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар 

2000-аад оны эхэн үед Говьсүмбэрээс Дагвадоржийн Азжаргал гэж залуу тодорч, хожмоо төрийн наадамд үзүүрлэсэн байдаг. Үүнээс хойш өдийг хүртэл Чойроос улсын цолтой бөх төрөөгүй л байна. Тэгвэл таван жилийн өмнөөс Чойрынхон нэгэн залууд итгэл хүлээлгэх болсон нь Энхтөрийн Мөнхбаатар арслан юм. Зургаан жилийн өмнө аймгийн баяр наадамд найм давж түрүүлсэн бол 2019 онд хоёр дахиа түрүүлэн хурц чимэг хүртсэн түүнийг нутгийнхан нь улсын цол авна хэмээн хүлээж сууна. Жин ихтэй, хий, зайгүй нягт барилдааны онцлогтой энэ залуу Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Б.Амарзаяа гээд том бөхчүүдийг өвдөглүүлж байсан. 

Дөрвөн жилийн өмнө зохион байгуулсан “Эх орончдын өдөр”-ийн улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарснаар мэргэжилтнүүд болон сонирхогчдын анхаарлын төвд зүй ёсоор орсон бөгөөд тэр цагаас хойш жил бүрийн наадмаар түүнийг улсын цол хүртэх болов уу хэмээн найддаг болжээ. Э.Мөнхбаатар арслан харцагуудад халтай барилдаад байгаа харагддаг. Төрийн наадамд хэнийг ч царайчлахгүй тав давах бяр чадал түүнд бий. Э.Мөнхбаатар арслан өнөө жил 28 настай. 

Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд тун боломжийн амжилт үзүүлсэн  юм. Хамгийн сүүлд л гэхэд улсын начин А.Баатархүүгийн нэрэмжит барилдаанд найм давж түрүүлэв. Тухайн өдрийн аз тод ивээж, эгзэг нь таарвал “Чойрын богд” дэвжээнийхэн өнөө жил хүсэн хүлээсэн улсын цолтноо тосож авах магадлал өндөр. Түүний хувьд өнгөрсөн жилийн наадмыг өнжсөн юм. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж… 3 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган м… 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
Худалдаа наймаа хийхэд сайн 5 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гарг… 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тн шатахуун олго… Өчигдөр
Байнгын хороод хуралдана Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянг… 2024/05/07
Эдийн засгийн харилцаагаа тэнцвэртэй, харилцан ашигтайгаар өргөжүүлмээ… 2024/05/06
Өмнөх үеийн малчдын хоршооны загвараас суралцацгаая 2024/05/06
Гэр байшингийн суурь тавихад сайн 2024/05/06
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2024/05/06
Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжуудаа хамгаална 2024/05/03
“Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн дэд байрт шалгарлаа 2024/05/03
“Монгол гэр”-т саатаарай 2024/05/03
​ Загвар зохион бүтээч И Сан Бон мастер класс сургалт хийв 2024/05/03
Хүүхэд, залуучуудад зориулсан соёлын орон зай 2024/05/03