Цар тахлын дараах аялал сэргэж буй энэ цаг үед CNN агентлагийн Бренна Уилсон Монгол Улсад зочлохыг уриалжээ. Тэрбээр нийтлэлдээ Монголд зочлох 10 шалтгааныг дурдсан байна. Нийтлэлд “Монголын үзэсгэлэнт газар нутаг, өвөрмөц соёлыг эрэлхийлдэг аялагчдыг эзэмдсээр ирсэн. Тус улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 34 улсын иргэдэд визгүй зорчих боломж бүрдүүлсэн. Монголын богинохон зунд амжиж очно гэдэг амаргүй байв. Тэгвэл олон улсын жуулчдад нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх, дэд бүтцээ сайжруулахад Засгийн газраас анхаарчээ. Тиймээс 2023 он Монголд зочлоход хамгийн тохиромжтой цаг юм. Олон жилийн өмнөөс мөрөөдсөн орноо зорих аяллын төлөвлөгөөгөө боловсруулж буй жуулчдад дараах зүйлсийг зөвлөж байна” гэжээ.
Визний хөнгөлөлт
Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд 2025 оныг дуустал 34 орны иргэдэд визгүй зорчих боломж олгосон. Дани, Франц, Грек, Итали, Норвеги, Испани, Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсыг нэмбэл 61 орны иргэн Монгол Улсад визгүй зорчих юм.
Шинэ нисэх буудал
Улаанбаатар хотод цар тахлын үеэр 650 сая ам.долларын өртөгтэй нисэх буудлыг шинээр бүтээн байгуулсан. Дэлхийг хамарсан хөл хориотой байсан ч “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 2021 оны зун ашиглалтад оруулжээ. Жилд гурван сая орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 500 онгоцны зогсоол, дэд бүтэц нь дотоодын болон гадаад нислэгийг нэмэгдүүлэх зорилготой. Монголын эрх баригчид аялал жуулчлалыг хөгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд төсөвт өртөгтэй нислэгүүдийг дахин эхлүүлжээ. Мөн АНУ руу шууд нислэгээ сэргээх яриа хэлэлцээр хийж байна.
Түүхийн музей
Тал нутгийн ард түмний түүхийг шинэлэг байдлаар харуулсан музейг мөн л цар тахлын үед ашиглалтад оруулжээ. Монголчуудын 2000 гаруй жилийн түүхийг 10 мянга гаруй олдвороор хүүрнэн өгүүлсэн “Чингис хаан”-ы музейд заавал зочлоорой. Музейн олдворуудыг байнгын зургаа, түр үзэсгэлэнгийн хоёр танхимд орчин үеийн шийдэлтэй байрлуулжээ. Хөтөчтэй аяллыг бямба, ням гараг бүр 10:00-16:00 цагт зохион байгуулдаг аж.
Талын урлаг
Монгол орны тухай бодоход нэн тэргүүнд элсэн говь санаанд буудаг. Дэлхийн хамгийн том говьд хөгжмийн наадам, байгаль хамгаалахад чиглэсэн урлагийн инстолляц зохион байгуулдаг. Орчин үеийн монгол залуусын “Playtime”, “Spirit of Gobi”, “INTRO Electronic” зэрэг фестивалийг зуны цагт үзэж болно. Эдгээр наадамд олон улсын уран бүтээлчид оролцдог. Монголын реппер, хамтлаг, DJ, хөгжимчид, ардын дуучдаас бүрдсэн наадмыг дэлхийн хэмжээнд үнэлэх цаг удахгүй ирнэ.
Нүүдэлчдийн наадам
Жил бүрийн долдугаар сард болдог наадмыг үзэж сонирхохоор олон мянган хүн Монгол Улсыг зорьдог. Чингис хааны үеэс морь уралдуулах, бөх барилдуулах, сур харвах зэргээр дайчдаа цэргийн бэлтгэл хийлгэдэг байсан нь өнөөгийн наадмын төрхийг бүрдүүлдэг. Монголчууд наадмыг 100 жилийн тэртээ албан ёсоор үндэсний баяр болгожээ. Улаанбаатар хотод долдугаар сарын 11-нд болдог наадмын нээлтийн ёслолыг үзэх тасалбарыг худалдан авахад хэцүү.
Морьт харваа
Морьт харваа Монголд сэргэн дэлгэрч байгаа спортын төрөл. Морь сайн унадаг байхын зэрэгцээ монгол сурын харвааг эзэмшсэн байх ёстой. Зуны саруудад морьт харваагаар мэргэшсэн клубийнхэн долоо хоног бүр сонирхогч үзэгчдэд зориулсан шоу тоглолт хийдэг. Тэд энэхүү эрч хүчтэй спортоор хичээллэх хүсэлтэй хүмүүст з өдрийн сургалт зохион байгуулдаг
Монгол уран бичлэгт суралц
Монголын уламжлалт бичгийг дээрээс доошоо бичиж, зүүнээс баруун тийш уншдаг. Тус улс албан ёсоор кирил бичигтэй ч сүүлийн жилүүдэд үндэсний бичгийн сэргэн мандалт болж байна. Хархорум дахь “Эрдэнэсийн хүрээ” монгол бичгийн төвд зочилж, мэргэжлийн уран бичээчээр энэхүү соёлын чухал өвийг заалгаарай.
Мото, бүргэдийн хослол
Бүргэдээр ан хийх нь Монголын аялал жуулчлалын нэгэн төрх болсон. Тэгвэл шувуучлах эртний уламжлалыг мото спорттой хослуулсан адал явдалт шинэ аяллыг санал болгож эхэлжээ. Энэхүү “Nomadic Off-Road” аялал нь Улаанбаатараас Баян-Өлгий аймаг хүртэл 1700 километрийн зайд аялах юм.
Өвөл ч аялж болно
Яруу найрагч Жоэл Раузи 18 жилийн өмнө дүн өвлөөр Хөвсгөл нуурыг нохойн чаргаар туулах аяллыг эхлүүлсэн. Дэлхийн цэнгэг устай хамгийн том нууруудын нэг бүрэн хөлдсөн үед аялснаар Монголын өвлийн үзэмжийг харна. Раузигийн "Wind of Mongolia" компани аялагчдад зориулсан өвлийн байшинтай.
Скандинав загвар ч бий
Сэлэнгэ аймгийн зүрхэнд, Ерөө голын эрэг дээр байрлах “Yeru Lodge” хотхоныг Норвеги улсын иргэн Эйрик Гулсруд Жонсен бүтээжээ. Скандинав хэв маягийн ресторан, хоолны газар, зочдод зориулж иж бүрэн тохижуулсан гэр, талбай, каяк, уулын дугуй, йогийн талбайтай уг буудал нь байгальд дурлагчдын очих газар юм. Энд интернэт ухаалаг утасны сүлжээгүй. Нарны зай, дулааны халаагуураар цахилгаан эрчим хүчээ шийджээ. Нэмж дурдахад тус буудалд ашигласан бүх шил, металл, хуванцрыг дахин боловсруулж, хүнсний хог хаягдлыг ногоо, жимс жимсгэнэ, ургамал тарихад ашигладаг бордоо болгон хувиргадаг гэнэ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн №0024/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна