Архаг өвдөлт судлалын чиглэлээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Чулуунаа” эмнэлгийн ерөнхий эмч, Монголын Өвдөлт намжаах нийгэмлэгийн тэргүүн, Монголын Термографийн холбооны тэргүүн, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч, Бизнесийн удирдлагын ухааны доктор, бэлтгэл дэд хурандаа Ш.Чулуунаатай цар тахлын дараа иргэдийн дунд түгээмэл тархаж буй өвчлөл, мөн аливаа өвчнийг эцсийн шатанд нь оруулахгүйгээр эрт илрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролын талаар ярилцлаа.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа иргэд эрүүл мэндийн түгээмэл ямар асуудалтай тулгарч байна вэ?
-Ковидын тархалт одоо ч намжаагүй байгаа. Иргэдийн дийлэнх нь вакцинд хамрагдсан учраас сүргийн дархлаагаараа даван туулж, ковидтой зохицож, урьдчилан сэргийлж амьдарч байна. Хүмүүс хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм сахих, дархлаагаа дэмжих зэргээр урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Цар тахлын дараах өвчлөл гэхээсээ илүүтэй хүмүүст сэтгэл санааны тавгүй байдал түгээмэл илэрч байна. Жишээлбэл, нойргүйдэл, айдас түгшүүртэй, цочимтгой болох, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр асуудал нь аажимдаа хүний биеийн дархлааг унагаж, архаг хууч өвчин сэдрэх эрсдэлтэй.
-Эдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ковид туссаны дараа амт, үнэрлэх мэдрэмжээ алдах, хараа, сонсгол муудах, толгой эргэх, чих шуугих, үс унах, харшилтай болох гэх мэт бэрхшээл, таагүй мэдрэмжийг өөрөө шийдэх гэж оролдох хэрэггүй. Энэ мэт шинж тэмдэг тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй хугацаанд үргэлжилдэг. Зарим хүнийх долоо хоногийн дараа эдгэж байхад заримынх нь найман сар хүртэлх хугацаанд үргэлжлэх жишээтэй. Ийм шинж тэмдэгтэй удаан явбал эцэст нь эрхтэн системийн үйл ажиллагаа доголдох, дутагдалд орох эрсдэлтэй тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй шүү.
-Таны хэлсэн таагүй мэдрэмжүүдээс хүмүүсийн дунд хамгийн түгээмэл илэрч буй нойргүйдэл нь ямар эрсдэл дагуулах вэ. Зарим хүн нойргүйдэлтэйгээ эвлэрч амьдардаг тал бий?
-Хүн амьд явах үндэс нь нойр, хоол, хүрээлэн буй орчин. Эдгээр хүчин зүйлийн ачаар хүн, амьтан, ургамал амьдарч, өсөж үрждэг. Өдөржин эрчимтэй ажилласан эс, эд эрхтний үйл ажиллагаа шөнө удааширч, амрах ёстой байдаг. Нойр дутуу явах тусам дархлаа суларч, өвчин сэдрэх, шинээр үүсэх эрсдэлтэй. Мөн сэтгэцийн талын таагүй мэдрэмж бий болдог. Жишээлбэл, уймрах, уур уцаартай болох, бухимдах зэргээр зан авирт сөрөг өөрчлөлт гардаг. Тиймээс унтаж чадахгүй байгаа хүмүүс мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө, эмчилгээ авах хэрэгтэй. Ижил төрлийн асуудалтай хүнээс асууж, тийм, ийм цай, дарс уувал унтдаг гэх мэт ам дамжсан арга туршиж үзэх нь буруу шүү. Зөв хооллож, бүтэн нойр авч чаддаг байх нь аль ч насныханд эрүүл байх баталгааны 90 хувь нь болдог.
-Дархлаа дэмжих талаар ярихад хүмүүс ихэвчлэн янз бүрийн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн уухыг илүүд үздэг. Энэ нь хэр үр дүнтэй шийдэл бол?
-Хүн бүрийн дархлааны систем харилцан адилгүй байдаг. Хүний биеийн дархлаа нойр, хоол, зүрх сэтгэл, хандлагаас хамаардаг. Тиймээс сайн гэсэн болгоныг идэж, ууж, хэт туйлшрах хэрэггүй. Хоол шингээдэг, харшил дардаг, тураадаг, цайруулдаг, үс унах, хумс хугарахын эсрэг үйлчилгээтэй, дархлаа дэмждэг гэх мэт төрөл бүрийн амин дэмийг бие организм ялгаж боловсруулахад маш их энерги зарцуулж, бодисын солилцооны өөрчлөлт гардаг.
Тиймээс эрдэмтэд элдэв янзын витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнд сонголттой хандах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, зааврын дагуу хэрэглэхийг зөвлөдөг. Яагаад гэвэл, тухайн витамин, бэлдмэл дархлааны эсийг тэтгэхээс гадна далд хэлбэрт байгаа өвчний эсийг тэжээх эрсдэлтэй. Тиймээс нас насанд тохирсон хоол хүнсийг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Жишээлбэл, бага насны хүүхдэд шингэцтэй хоол, тараг сүү, өндөр настай хүнд шөлтэй хоол зэргээр улирал бүрд тааруулан хооллодог уламжлал бий. Бидний эмээ, өвөөгийн гуулин данхан дотор дандаа чөмөгний яс байсан шүү дээ. Энэ мэтээр хоол хүнсийг хэрхэн зохицуулан хэрэглэж, дархлаагаа дэмждэг байсан уламжлалт арга, өв ухаанаасаа эргэн суралцаж, амьдрал ахуйдаа хэрэглэж хэвших хэрэгтэй.
Бид сүүтэй цай, мах, гурил, будаанаас татгалзаж, дандаа ус ууж, далайн гаралтай бүтээгдэхүүн идэх нь зохимжгүй. Бидний өвөг дээдэс өвлийн улиралд шар тостой сүүтэй цайгаа ууж, махан хоол, зун нь айраг цагаа, сүү тараг түлхүү хэрэглэдэг байсан. Хүмүүс эрүүл байх гэж хэтэрхий хичээж, туйлширч, эцэст нь бие организмын тэнцвэрийг алдагдуулж, зохиомлоор өвтгөж байна. Тухайн улс орны газар зүйн байрлалаас хамаарч, хүмүүсийн хоол унд, явдал мөр нь харилцан адилгүй байдаг. Аливаа зүйлд хэт туйлшрахгүйгээр хэмжээ хязгаартай, зохицуулж, тохируулж хэрэглэх нь эрүүл байхын үндэс шүү.
-Дархлааг дэмждэг хүчин зүйлүүдийн нэг болох зүрх сэтгэл, хандлагын тухайд юу хэлэх вэ?
-Аливаа зүйлд хандах хандлага дархлааны системд нөлөөлж байдаг. Жишээлбэл, аяга бор цайг “сүүтэй биш юм уу” гэж голох, “ямар сайхан цай вэ” гээд сэтгэл хангалуун уудаг хоёр хүний биеийн дархлаа ямар ялгаатай байгаа бол. Аяга хоолыг нэг нь “аяга дүүрэн” гэж харахад нөгөөх нь “аягахан хоол” гэж харах хандлага л хүний биеийн дархлааны системд эерэг, сөргөөр нөлөөлж байдаг юм.
-Гамшиг тохиолдсон үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хэрхэн хангах, ямар зохион байгуулалттай ажиллах тухай олон улсын сургалтад 2005 онд Монголоос анх удаа суусан, Швейцарын Женев хотноо “Гамшгийн үед эмнэлгийн албыг зохион байгуулах” Олон улсын энхийг сахиулах хүчний сургалтад хамрагдаж байсан, мөн бэлтгэл дэд хурандаа хүний хувьд цар тахлын нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс харж байсан болов уу. Цаашид юунд анхаарах ёстой вэ?
-Ямар нэгэн гамшиг тохиолдоход үндсэн зарчмаа мэддэг л байх ёстой. Тухайлбал, бүтцийг өөрчилж болохгүй. Эмнэлгүүдийг татан буулгаж эсвэл нэгтгэж, онцгой байдлын байгууллагынхаа чиг үүргийг өөрчилж болохгүй. Би 1987-2006 он хүртэл Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-т эмчээс эхэлж, мэдрэл судлалын тасгийн болон эмнэлгийн дарга хүртэлх алба хашиж байсан. 90 жилийн түүхтэй энэ эмнэлгийн нэрийг хэд хэдэн удаа сольж, хоёр ч удаа татан буулгах, нэгтгэх оролдлого хийсэн. Засгийн газраас 1998 онд ТТАХНЭ-ийг Батлан хамгаалахын эмнэлэгтэй нэгтгэх тогтоол гаргаж байлаа.
Энэ асуудлаар байгуулсан түр хороог би ахлан ажиллаж, “Хоёр эмнэлгийг нийлүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Нийгмийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэнэ” гэдэг шаардлага тавьж тэмцсэний үр дүнд Засгийн газрын тогтоол хууль бус гэсэн шийдвэр Монгол Улсын түүхэнд анх удаа гарч байлаа. Хэрэв тухайн үед ингэж шийдүүлж чадаагүй бол өнөөгийнх шиг цар тахал гарсан үед эрсдэл үүснэ. Батлан хамгаалахын эмнэлгийн 3/2 нь нөөцөнд байх ёстой. Гэтэл хүн амынхаа эрүүл энхийн төлөө, цар тахалтай зэрэгцэн ажиллаж буй төрийн албан хаагчид өөрсдөө эрсдэлд орсон тохиолдод хаана хандахаас эхлээд асуудал гарна. Удахгүй 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх гэж буй ТТАХНЭ-ийн үе үеийн хамт олон одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүндээ сайн сайхныг хүсэж байна.
-Таны хариуцаж буй Монголын өвдөлт намжаах нийгэмлэг сонирхол татаж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх ямар гарц шийдэл байна вэ?
-Манай эмнэлгүүд нэгдэж нийлж, баг болж харилцан уялдаа хамааралтай ажиллаж чаддаггүй. Эрүүл мэндийн салбарынхаа төсөв, хөрөнгө оруулалтын дийлэнхийг үеэ өнгөрөөж, оройтож илрүүлсэн архаг өвчний хүндрэлд зарцуулж байна. Мөн зарим өвчнийг эмчлэх техник, арга ухааныг эх орондоо нутагшуулж чадаагүйгээс иргэд гадагшаа явж эмчлүүлдэг. Тиймээс олон улсын жишгийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ салбар, шинжлэх ухаан руу оруулж хүчирхэг болгох хэрэгтэй.
Аливаа нэгэн эмгэг таагүй мэдрэмжээр дамжин илэрдэг. Дэлхий нийт архаг өвчнийг эрт илрүүлж, эхэн үед нь анагаадаг шинжлэх ухаан руу орж байна. Техник технологийн хөгжлийн үр дүнд хүнийг бүтэн судалж оношилж, эмчлэх бүрэн боломжтой болсон. Тиймээс таагүй мэдрэмж мэдэрч буй үед өвчнийг нь эрт илрүүлж, эмчилдэг тогтолцоо руу шилжих ёстой. Би 2013 онд “Эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн менежмент, Пейн клиникийн жишээн дээр” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Манайхаас бусад улс орон Үндэсний өвдөлт судлалын төв байгуулж, олон эмч нар нэг хүнийг хамтарч эмчилдэг тогтолцоог нэвтрүүлсэн.
-Олон улсын энэ тогтолцоо руу шилжих боломж манай улсад бий юү. Эрүүл мэндийн салбарыг яаж хүчирхэг, тусламж үйлчилгээг нь хэрхэн хүртээмжтэй болгох вэ?
-Эмч мэргэжил эзэмшиж буй оюутнуудыг өвдөлтийн таагүй мэдрэмжид хүндэтгэлтэй ханддаг сэтгэл зүрхтэй болгох ёстой. Хэн нэгэн зовиур, шалтгаан хэлээд анхан шатны эрүүл мэндийн төвд хандахад “Таны насны хүнд энэ зэргийн асуудал байх”, “Иймэрхүү асуудал хүн бүрд л нийтлэг байдаг” гэж хэлээд яг анхаарал хандуулж, илрүүлж, эмчлэх ёстой эрт үеийг нь өнгөрүүлчихдэг. Хэсэг хугацааны дараа нөгөө хүн дахиад ирэхэд “Манайх хариуцдаггүй. Дараагийн шатны эмнэлэгт ханд” гээд явуулчихдаг. Энд, тэнд үзүүл, ийм тийм шинжилгээ өг гэх зэргээр нэг эмнэлгээс нөгөө рүү явуулж, хугацаа алдаж, иргэдийг залхаадаг. Ийм системийг л өөрчлөхийн тулд би дээр дурдсан сэдвийг хөндсөн юм. Үүнийг нэвтрүүлэхэд манай улсын хувьд эмнэлэг, техник технологи, боловсон хүчний нөөц боломж бүрэн дүүрэн байна.
-Нэг талаас эрүүл мэндийн байгууллагын зөв тогтолцоо, арга барил нөгөө талаас эрүүл мэндийн боловсролтой иргэдийн идэвх санаачилгын дүнд өвчнийг эрт илрүүлж, эмчлэх боломж бүрдэх болов уу?
-Бид хамгийн түрүүнд өв уламжлалаа сэргээж, суралцах хэрэгтэй. Хоол унд хийж буй тогоо шанаганаас л эрүүл мэндийн боловсрол эхэлнэ. Үнэтэй, хямд, гоё, сайхан байх нь огт хамаагүй. Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй л байх ёстой. Ядаж л буцалж буй халуун цайг хуванцар шанагаар хутгаж болохгүйг мэддэг байх хэрэгтэй. Дараагийнх нь хийж буй хоол ундандаа сэтгэл зүрхээ зориулах. Шөлийг боршуулахгүй, хуурай хоолыг түлэхгүй, давсыг нь ихдүүлж, багадуулахгүй байх, хоносон хоол идэхгүй гэх мэт энгийн зүйл л эрүүл байхын эхлэл болдог. Шөнө унтах, унтахгүй нь, юуг яаж идэж уух нь миний эрх гээд буруу эрх чөлөө эдлэх нь, эргээд эрүүл мэндийг нь хохироодог гэдгийг ухаарах ёстой. Хөгжилтэй нийгмийн мэдлэг боловсролтой хүн болж төлөвших цаг болсон.
-Сүүлийн асуултаараа танай эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай сонирхъё?
-Бид харвалтын дараах өвдөлт, нүүр, эд эрхтний саа саажилт, сахрын өвчний хүндрэл, үе мөчний болон мэдрэлийн гаралтай бүх төрлийн эмгэг, шалтгаан нь тодорхойгүй толгой, гуравласан мэдрэлийн өвдөлт гэсэн чиглэлээр цогц эмчилгээ үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд зөвхөн манай эмнэлэг өвдөлтийн шалтгааныг оношилж тогтоодог термографи аппаратыг ашигладаг.
Тухайн аппаратыг ашиглан хөлийн улнаас толгойн орой хүртэлх бүх эрхтэн систем физилогийн хувьд эрүүл эсэхийг оношилж, тогтоодог. Мөн манай Монголын Өвдөлт намжаах нийгэмлэг БНСУ-ын Инхай их сургуультай хамтарч ажилладаг тул Монгол Улсын томоохон эмнэлгүүдийн эмч нарыг тус сургуулийн эмнэлэгт үнэ төлбөргүй сургаж, чадавхжуулдаг. Түүнчлэн олон улсын сургалтыг эх орондоо найман удаа зохион байгуулж, туршлага солилцох зэргээр эрүүл мэндийнхээ салбарын хөгжил, хүн амынхаа эрүүл энхийн төлөө мэдсэн сурснаа зориулж байна.
С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна