“Тосчин эгч дүүс” фэйсбүүк пэйж хуудсыг үүсгэн байгуулагч, эрүүл амьдралын хэв маягийг түгээгч Л.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-Та яагаад амин тосыг амьдралынхаа хэрэглээ, дадал хэвшил болгосон бэ?
-Юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Намайг Харагчууд овогтой Лхагвасүрэнгийн Эрдэнэцэцэг гэдэг. Герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Бусдад эрүүл амьдралын хэв маягийг өөрийнхөө хэмжээнд түгээж яваа жирийн нэгэн монгол бүсгүй.
Үүнийг ярихаас өмнө эхлээд бид ямар орчинд амьдарч байгаа талаар заавал ярих хэрэгтэй санагдлаа. Би Увс аймгийн Малчин сумаас гаралтай. Улаангом хотод төрж өссөн. Улаанбаатар хотод ирж амьдраад 22 жил болжээ. Намайг оюутан байхад хотын агаарын чанар, хөрсний бохирдол, өвчлөл, вирусийн халдвар харьцангуй бага байсан. Харин одоо, 2023 оны байдлаар Улаанбаатар хотын утаа, орчин нөхцөл, өвчлөл маш их болсон. Бяцхан үрс эхийн хэвлийд байхаасаа амьдрах, амьсгалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулан, амьгүй, өсөлтгүй болж хорвоогоос буцаж байна. Эрүүл эсэн мэнд төрлөө гэхэд дээр дурдсан энэ бүх ээлгүй нөхцөл байдлаас болж маш их ханиад томуу, янз бүрийн халдвараар өвчилдөг. Ийм хүнд нөхцөлд монгол ээжүүд үнэхээр гайхамшигтай, тууштай, тэвчээртэйгээр үр хүүхдүүдээ байгалийн зөөлөн, органик аргаар эмийн хэрэглээгүй өсгөхийг хичээж байна. Ингэж өсгөх замдаа маш олон эсэргүүцэл, ойр тойрны хүмүүсийн үгүйсгэл, нөлөөллийг даван туулах шаардлагатай тулж, зарим нь замаасаа ядарч цөхөрч, шантардаг. Шантраад түр зогсолт хийгээд үргэлжлүүлээд явж буй, шантрахгүй ядарсан ч үрсийнхээ ирээдүйг бодоод тууштай хичээж байгаа ээж ч олон байна. Түүний нэг тод жишээг өөрийгөө гэж боддог.
-Энэ тухайгаа тодруулбал?
-Би анх амин тосны талаар судалж байхдаа хоёр хүүхэдтэй байлаа. Одоо найман настай хоёр дахь охин маань эрүүл мэндийн хувьд бага зэрэг асаргаатай төрсөн болохоор ойр ойрхон өвдөх, ханиад хүрэх зэрэг асуудлууд энгийн хүүхдээс илүү тохиолддог байсан. Яах вэ, энгийн хүүхдүүд ч нэг жилд 3-4 удаа хамрын ханиад хүрч байж, байгалийн дархлаатай болдог гэж шинжлэх ухаанд нотолсон судалгаа олон байдаг. Улаанбаатар хотын орчин-агаар, ус хөрсний бохирдол сүүлийн үед маш аюултай болсон учраас эрүүл төрсөн хүүхэд ч жилдээ 5-6 удаа өвдөж байна. Тийм болохоор охиныхоо дархлааг байгалийн аргаар дэмжиж, 1500 км-ийн цаана Увс аймаг, ойрхон Төв аймаг зэрэг аль боломжтой хувилбараар өвөл, зунгүй хоёр охиноо дагуулаад нөхрөөсөө хол айлаар их явж, цэвэр агаарт гаргаж, эрүүл байлгах гэж хичээдэг байлаа. Гол нь охин маань 1.5 наснаас өмнө товлолт хагалгаанд орох ёстой байсан учраас тэр хугацаанаас өмнө эрүүл, ханиадгүй, 10 кг-аас дээш жинтэй байх шаардлагатай байсан. Тэр хугацаандаа амжиж хагалгаандаа орохгүй бол эдгэрэх үйл явцыг 100 хувь гэж үзвэл түүнээс багасах эрсдэл байсан учраас тэгж уйгагүй хөдөө явсан юм.
Хүүхдээ байгалийн арга ашиглан эмгүйгээр яаж эрүүл өсгөх вэ гэдэгт хариулт олохоор судалж яваад 2017 онд “Байгалийн аргаар хүүхдийнхээ дархлааг дэмжье” гэсэн арга хэмжээнд оролцсон. Тэр үед анх удаа амин тосыг харж, мэдээллийг нь сонсоод нэлээд гайхаж байсан. Үнэнийг хэлэхэд, тухайн үед итгэл үнэмшил ч төрөөгүй. Мөн хүүхдээ хараад гэртээ сууж байсан болохоор санхүүгийн хувьд ч худалдан авах боломжгүй байсан. Түүнээс хойш удалгүй 2018 онд хүүтэй болсон. Бас л агаарт гаргах шаардлагатай байсан тул гурван хүүхдээ аваад Увс аймаг руу явсан. Бага насны гурван хүүхдээ дагуулаад айлаар байхаар хэн хэн нь зутарч, ядрахаас гадна хань бид хоёрын хооронд үл ойлголцол үүсэж эхэлсэн.
Ингээд сүүлд 2018 оны арваннэгдүгээр сард Увс явахад нөгөө хагалгаанд орж байсан охин маань дахиж өвдөөд эмнэлэгт хэвтэхэд бага хүү маань дөрвөн сар гарантай хөхүүл хоёр өдөр орхигдоод гэдэс нь хямарч, тэр үед нөхрөө хотоос дуудаад дөрвүүлээ эмнэлэгт хэвтсэн. Тэр үед би нөхөртэйгөө ярилцаад “Өвдөж зовсон ч гэр орондоо, утаатай ч гэсэн Улаанбаатар хотод хамтдаа байя. Амин тос авна гэж хойшлуулсаар хугацаа алдаж байна. Гадаа утаатай ч хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодоод ядаж гэрийнхээ агаарын чанарыг сайжруулъя” гэсэн. Он солигдох мөчид ам бүлээрээ гэртээ ирж, амин тосны анхан хэрэглэгчийн багцаа захиалж, 2019 оны нэгдүгээр сарын 17-нд хэрэглэгч болж байлаа. Түүнээс хойш тууштай хэрэглээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Одоо бол гэр бүлийн маань эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг нь амин тос болсон.
-Үр дүн нэлээд сайтай болохоор дөрөв дэх жилдээ хэрэглэж байгаа болов уу?
-Тийм ээ. Хэрвээ өдөр бүр тууштай хэрэглээгүй бол үр дүнгээ үзэхгүй байсан. Үр дүнгээ үзээгүй бол ийм олон жил хэрэглэхгүй бас энд ярилцлага өгөхгүй байсан болов уу. Жишээлбэл, манай гурав дахь хүүхэд гарын алгаа галд түлчихэж билээ. Тэр үед туршлагатай амин тосчин бүсгүйгээс зөвлөгөө авч, лавандр цэцгийн амин тосыг шингэлэхгүйгээр долоо хоног түрхээд ямар ч цэврүүгүй эдгэрсэн. Гэхдээ ийм амин тос түлэнхийд сайн гээд шууд хэрэглэж болохгүй. Хүүхдийн нас, түлэгдэлтийн түвшин зэргээс шалтгаалж туршлагатай, мэргэжлийн хүний заавар зөвлөгөөний дагуу, зохих хэмжээгээр хэрэглэх ёстой. Ер нь амин тос гэдэг бол амьдралын нэг хэв маяг- эрүүл байхын тулд өдөр бүр, өглөө, оройд шүдээ угаадаг шиг урьдчилан сэргийлэх байдлаар дадал болгож хэрэглэх нь /ууршуулж, үнэрлэж, түрхэх гэх мэт/ бодит үр дүнг өгч байдаг.
Хүүхдүүд ханиад томуу хүрэх гээд эхний хөнгөн шинж тэмдэг илэрсэн үед нь булчинг нь суллаж, амьсгалын замыг нь чөлөөлж, дархлааг нь дэмждэг амин тостой ванны бөмбөлөгтэй халуун усанд оруулчихдаг. Дараа нь амин тосоо сүүл болон шар тосоор шингэлж, массажилж түрхдэг. Мөн амин тосоо ууршуулж, гэрийнхээ агаарын чанарыг сайжруулах ч боломжтой. Одоо бүр амин тосоо ашиглаж, гоо сайхан болон гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ өөрөө хийдэг болсон. Сүүлийн гурван жил энэ төрлийн бүтээгдэхүүнийг дэлгүүрээс худалдаж аваагүй.
Хүн нэг зүйлийг хамгийн багадаа 21 хоног давтаж байж хэвшил дадал болдог. Амин тосыг амьдралынхаа хэрэглээ, хэвшил болгох хүртэл маш олон саад бэрхшээл, эсэргүүцлийг туулсан. Гурав дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байсан болохоор дааврын өөрчлөлтөд орчихсон, хурдан уурлаж бухимддаг, сэтгэл санааны хувьд ч нэлээд тогтворгүй байсан. Гэхдээ ээж хүн үр хүүхдийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө бууж өгөхгүй, тууштай, хүчтэй байж чаддаг юм билээ. Эмэгтэйчүүдийн дааврыг тэнцвэржүүлж, үс арьсыг дотроос нь тэтгэдэг амин тосыг хэрэглэж, үр дүнг нь мэдэрсэн. Хүн байгалийн аргаар бие сэтгэл, нойр, дархлаа гээд бүх зүйлээ дэмжиж тэтгэж болохыг судалж, хэрэгжүүлж, бодит үр дүнг нь хүртээд явж байна даа.
-Хамгийн анх зөвхөн хүүхдүүдийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө, гэрийнхээ агаарын чанарыг сайжруулахын тулд амин тосыг хэрэглэх сонголт хийсэн гэж ярилаа. Дөрвөн жил хэрэглэхэд хүүхдүүдийн хувьд ямар өөрчлөлт, үр дүн гарч байна вэ?
-Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн ийм орчинд хэчнээн их хичээсэн ч хүүхэд огт ханиад томуу тусахгүй байна гэж байдаггүй юм билээ. Гэхдээ амин тосыг амьдралынхаа хэрэглээ болгосноос хойш хүүхдүүд маань ханиад томуу хүрэх нь эрс багассан. Хүрсэн ч хүндрэхгүй, амархан эдгэрдэг болсон. Анх амин тос хэрэглэж эхэлж байхад төрсөн хүүхэд маань одоо таван нас хүрэх гэж байна. Бид түүнийг “Амин тосчин хүүхэд” гэж нэрлэдэг юм. Гурав дахь хүүхэд маань таван нас хүртлээ хоёр удаа эмнэлэгт хэвтсэн.
Амин тосыг хэрэглэдэггүй байх үедээ төрүүлсэн эхний хоёр хүүхэд маань ханиад томуу хурдан тусдаг, хүндэрдэг, эцэст нь эмнэлэгт хэвтдэг байв. Харин дөрөв дэх буюу бага хүүхэд маань гэдсэнд байхаасаа л амин тосыг хэрэглэж эхэлсэн. Одоо арван нэгэн сар хүрэх гэж байгаа. Би 2021 оны арваннэгдүгээр сард ковид тусаад гэрээр эмчилж, эдгэрээд арванхоёрдугаар сард жирэмсэн болсон гэдгээ мэдээд шооконд орсон. Тэгээд маш их хичээж эрүүл мэндээ тордож байгаад бага хүүхдээ төрүүлсэн. Ковид тусахаас өмнө хоёр ч удаа вакцин хийлгэсэн, өвдөж байсан нь нөлөөлсөн үү хичээгээд байхад л бага маань хоёр ч удаа өвдөөд эмнэлэгт хэвтсэн.
Ингэж ярихаар “Амин тос хэрэглэж байж яагаад өвдөөд байгаа юм бэ. Үр дүнгүй юм биш үү” гэж бодож магадгүй. Амин тосыг нярайд маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Ээжийн судалгаа, өөрийнх нь шийдвэр чухал байдаг. Хэн нэгэн таны хажууд хүүхдүүдээ эрүүл өсгөх гэж хичээж байгаа бол ямар учиртайг нь асуугаад, одоохондоо ойлгох чадваргүй байгаа бол эсэргүүцэхгүй, хичээж байгаа ээжийг битгий харлуул, гутаан доромжил, дэмжихгүй бол тэр хүнд үрсээ эрүүл өсгөх орон зайг нь үлдээж сурах хэрэгтэй. Хажууд байгаа хань ижил, монгол аавууд эхнэрээ илүү ойлгож, хүүхдүүдийнхээ ирээдүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулж буй үйлдэлд нь хамт байж, дэмждэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Ээж хүнээс илүү үр хүүхдээ ойлгож, мэдэрч, тэтгэж асарч чадах хүн энэ дэлхийд байхгүй.
-Зарим хүн амин тосны талаар ойлголт, мэдээлэл багатай байгаа болов уу. Ер нь амин тос гэж юу вэ?
-Үнэрлэх мэдрэмж бол хүн төрөлхтөнд заяасан гайхалтай мэдрэмжийн нэг юм. Ургамлын өвөрмөц үнэр, гайхамшигт охь шимээр бие сэтгэлийг сэргээн тэтгэх, эрчим урсгалыг тэнцвэржүүлэх, тайвшруулан засах ухааныг ароматерапи буюу анхилуун үнэрийн засал гэж нэрлэдэг. Байгальд ургаж буй навч, цэцэг, жимсний хальс, мод, давирхай, үндэс, үр жимс зэрэг 270 гаруй ургамлын судлаар гүйж, тухайн ургамлыг тэтгэж байдаг охь шимийг хүйтэн даралтат аргаар буюу нэрж, шахаж гаргаж авч, Seed to Seal буюу үрнээс савлагаа хүртэл органик чанарыг нь алдуулахгүйгээр савласан бүтээгдэхүүнийг амин тос гэж нэрлэж байгаа юм. Ингэж савлахдаа ямар нэгэн химийн орц найрлага нэмдэггүй. Товчхондоо, шилэн дахь байгаль ээж гэсэн үг. Үүнийг эрүүл амьдралын хэв маяг болгож, өдөр бүр тууштай хэрэглэж байж л үр дүнг нь мэдэрнэ. Авсан тосоо хэрэглэхгүй байгаа хүмүүсийг харахаар үнэхээр харамсалтай санагддаг. Гэр бүлийнх нь хэн нэгэн өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэхгүй явсаар хэчнээн их мөнгө төгрөг байлаа ч эмчлэх боломжгүй болсон хойно нь ухаардаг. Тиймээс хүүхдээ багаас нь эрүүл амьдралын хэв маягт суралцуулж, хэвшүүлэх хэрэгтэй. Бидэнд ийм нөөц боломж хангалттай бий.
-Зах зээл дээр олон янзын амин тос худалдан борлуулж байна. Ер нь амин тос чанарын хувьд ялгаатай байдаг уу?
-Амин тосны чанарын дөрвөн түвшин байдаг. Нэгдүгээрт, хамгийн дээд түвшний амин тос. Үүнд эмчилгээний увдисыг бүрэн агуулсан, ургамлын чанарыг алдагдуулахгүйгээр уураар нэрж болон шахаж гаргасан цэвэр амин тос багтдаг. Дэлхийн зах зээл дээр худалдаалж буй бүх амин тосны хоёр хувийг энэ түвшний тос эзэлдэг. Хоёрдугаарт, байгалийн болон чанарын баталгаат амин тос. Энэ түвшинд багтаж буй амин тоснууд нь тосны стандартын шалгуурыг бүрэн хангасан ч 100 хувь увдисыг хадгалдаггүй. Гуравдугаарт, нэмэгдэлтэй эсвэл өөрчлөлттэй амин тос. Энэ ангилалд үнэртний түвшний буюу өөрчлөлтөд оруулсан нэмэгдэл хольцтой амин тоснууд багтдаг. Дөрөвдүгээрт, хиймэл эсвэл байгалийн тосны дуураймал амин тос. Энэ нь тэр чигээрээ 100 хувь синтетик буюу хиймэл үнэр. Энэ ангиллынх нь лабораторид химийн аргаар гаргаж авсан, үнийн хувьд хамгийн хямд амин тос байдаг.
-Таны хэрэглэдэг амин тос дээрх дөрвөн түвшнээс аль ангилалд нь хамаардаг вэ?
-Миний хэрэглэдэг “Young Living” буюу “Урт удаан залуу амьдрах” гэсэн утгатай брэндийн амин тос маань нэгдүгээр ангилал буюу хамгийн дээд түвшнийх. “Young living” компанийн үүсгэн байгуулагч Gary Young ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орж суумгай болоод улмаар хөл дээрээ босох арга хайж, эрэл хайгуул хийж яваад ургамлын охь шимийг ойлгож мэдэрч, 1994 онд “Young Living” компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ хүн олон жилийн турш тэргэнцэртэй байсан ч амин тосоо тууштай хэрэглэж, амьдралынхаа хэв маяг болгож чадсаны үр дүнд хөл дээрээ боссон байдаг юм. Компани “Амин тосыг айл бүрд” гэсэн уриатайгаар хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг түгээх зорилгын төлөө ажилладаг.
-Амин тосыг яаж хэрэглэх ёстой байдаг вэ?
-Амин тосыг үнэрлэж, түрхэж, ууршуулж гурван янзаар хэрэглэдэг. Зориулалтын ууршуулагчид хийж ууршуулж эсвэл биет зүйлсэд шингээн тавьж, амин тосны молекулуудыг агаарт дэгдээн хэрэглэж болно. Мөн амин тосны шилийг хамрын ойролцоо барьж эсвэл гарын алганд дусааж хамрандаа ойртуулж, гүнзгий амьсгал авч үнэртэж хэрэглэдэг. Шаардлагатай тохиолдолд нарийн тогтоосон стандартыг баримталж, мэргэжлийн хүний заавар зөвлөгөөний дагуу ууж болно.
“Young living” компани маань “Амин тосыг айл бүрд” гэдэг зорилгынхоо хүрээнд дэлхийн өнцөг бүрд амьдарч байгаа хүмүүст тухайн бүс нутгийн онцлогоос хамааран 10-12 ширхэг амин тостой 5-6 төрлийн ууршуулагчийн сонголттойгоор санал болгодог. Багцанд ирж байгаа амин тоснуудын хэрэглээ бол хүний амьдралын бүхий л цар хүрээнд хэрэглэж болох гайхалтай тоснууд байдаг.
Та амин тосны багц авснаараа бат бөх нойроо дэмжин, биеийн бүх энергийн хүрднүүдээ тэтгэж, гэрийн агаарын чанараа сайжруулж, дархлаагаа байгалийн аргаар дэмжин, чангарсан булчингаа суллаж, арьс үсээ эрүүлээр арчилж амьсгалын замаа дэмжиж, уушгины үйл ажиллагаагаа сайжруулж, сэтгэл санаагаа сэргээж, тайвшруулж хоол болосруулах эрхтэн системээ дэмжиж, ямар ч химийн нэгдэлгүй органик гэр ахуйн цэвэрлэгч, гоо сайханы бүтээгдэхүүнээ өөрөө хийж сурах гээд тоочоод баршгүй олон зүйлийг сурч, тэгж сурч байх явцдаа сэтгэл санааны хувьд маш гоё таашаалыг мэдэрч, өөрөө өөртөө итгэх итгэлээ дахин олж авч, амьдралд талархах зүйлс хэчнээн олон байдгийг мэдэрч, өөрийгөө дахин шинээр нээх болно оо.
-Хүний биед хэр хурдан үйлчилдэг бол?
-Маш богино хугацаанд үйлчилдэг. Молекулууд нь 22 секундэд тархинд, хоёр минутад цусанд, 20 минутад биеийн бүх эсэд хүрч үйлчилсэн байдаг. Жишээ нь, оффисс ажилтай хүмүүс өдөржин ширээний ард суухаар хүзүү мөр нь хөшиж, ажлын бүтээмж нь сулардаг. Яг ийм үед гааны навчтай амин тосыг толгойны орой дээрээ тусаахад зовиур нь арилж, хүний биеийн эд эс сэргэж, хэвийн болдог. Бид бие сэтгэл, дархлаа, амьсгалын зам, даавар гээд бүх зүйлээ ингэж тэтгэх бүрэн боломжтой.
-Амин тосыг ууршуулж хэрэглэхэд цахилгаан барааны дэлгүүрт худалдаалдаг уур гаргагчийг ашиглаж болох уу. Аль эсвэл зориулалтын ууршуулагч гэж байх уу?
-Энгийн ууршуулагч амин тосыг задалж чаддаггүй. Заавал амин тосны зориулалтын ууршуулагчийг хэрэглэх ёстой. Зориулалтын ууршуулагчийн доод хэсэгт байрлах ультрасоник хавтан нь амин тосыг тоосноос ч нарийн ширхгээр буюу 1.7 сая молекул болтол задалж, эсийн түвшинд хүртэл үйлчилдэг. Энэ бол гайхамшигтай. Техник технологи хөгжөөгүй байхад ургамлыг тэр хэвээр нь хэрэглэдэг байсан бол одоо бид илүү инновац шингээсэн буюу дэвшилтэт байдлаар ашиглаж байна гэсэн үг. Монголд үнэр заслыг 1960-аад оноос судалж эхэлсэн түүхтэй юм билээ. Монголчууд бид далий ягаан цэцгийн хажууд 5-10 минут суувал тайвширдаг гэж ярьдаг. Тэгэхээр бид үнэр заслын талаар суурь ойлголттой ард түмэн гэдэг нь уламжлалт аргуудаас харагддаг.
-Хүүхдийн хувьд насны хязгаар байдаг уу?
-Байдаг. Амин тосыг нярай хүүхдэд хамаагүй зөвлөдөггүй. Ерөнхийдөө хоёроос дээш насны хүүхэд хэрэглэх заалттай байдаг. Нярай хүүхдэд зориулсан хоёр, гурван төрлийн амин тос бий. Гэхдээ түүнийг ээж аав нь өөрсдийн шийдвэрээр зүй зохистой хэрэглэх ёстой. Амин тос хэрэглэхээс өмнө би “Ээж болох ямар хэцүү юм бэ” гэж бодож, зарим үед шантардаг байсан. Харин одоо ээж болсноороо үргэлж бахархдаг. Ээж нь хүүхдүүдийнхээ хажууд байхад л хангалттай байдаг юм билээ. Ээжүүд маань үүнийг ойлгохгүй, өөрийгөө хэтэрхий чамладаг. Эргэн тойрны хүмүүс нь ч “Хүүхдээ угжлаа, өвтгөлөө” гэх мэтээр шүүмжилж, буруутгадаг. Би яг л ийм байдалтай байсан. Харин амин тос хэрэглээд сэтгэлзүйгээ эмчилж, өөрийгөө ойлгож, өөртөө итгэлтэй болж, хэнээс, юунаас ч айхгүй өөрийнхөөрөө байж чаддаг болсон.
-Та сэтгэл санааны хувьд ч гайхамшигтай өөрчлөлт гарсан гэж тодотгож хэллээ. Энэ тухайгаа хуваалцаж болох уу?
-Амин тос хэрэглэж эхэлснээс хойш амьдралдаа маш их талархдаг болсон. Би аав, ээж, хоёр ах, эгч гээд хамгийн ойрын таван хүнээ золгүй, гэнэтийн байдлаар алдаж, эгчтэйгээ хоёулахнаа үлдэж байсан.Тийм болохоор би хүчтэй байх ёстой гэж өөртөө итгүүлж, бусдад муугаа үзүүлэхгүй гэж их хичээдэг байсан. Энэ буруу хандлага маань эцэст нь намайг сэтгэл зүйн хувьд маш их гэмтээж, ядраасан. Тиймээс би эрүүл мэндээс гадна дотоод сэтгэл зүйгээ эмчлэх зорилгоор амин тосоо хэрэглэдэг болсон. Бага насандаа авсан сэтгэлзүйн гэмтлээ эдгээж, гомдол цөхөрлөө гадагшлуулж, дотоод долоон хүрдээ дэмжиж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлсэн. Гэхдээ миний ямар үр дүнд хүрсэн гэдгийг сонсох, унших нэг өөр. Харин өөрөө хэрэглээд биеэрээ мэдрэх бүр өөр үр дүн, гайхамшигтай мэдрэмж байдаг юм шүү.
-Та бид хоёрын ярилцлагыг уншаад амин тосыг эрүүл амьдралын хэв маяг болгохоор сонирхож буй хүмүүс хаанаас авч болох вэ?
-Амин тос богино хугацаанд эсийн түвшинд хүрч, хурдан үйлчилдэг учраас лангуугаар дамжуулж зарахыг хориглодог. Яагаад гэвэл, хэн нэгэн ямар нэгэн заавар, зөвлөгөөгүйгээр авч хэрэглэж, эрүүл мэнддээ хохирол учруулахвий гэж эрсдэлээс сэргийлдэг. Манай монголчууд ихэнхдээ богино хугацаанд илүү үр дүн хүсэж “сайн” гэсэн бүхнийг хэтрүүлж хэрэглэдэг сул талтай. Амин тос эм, эмч, эмнэлгийг орлохгүй. Гэхдээ аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд, амьдралынхаа хэрэглээг ямар нэгэн химийн орц найрлагагүй хоргүй болгох эхний алхам гэж хэлж болно. Бид илүү урт удаан, эрүүл, аз жаргалтай амьдаръя гэвэл жижиг зүйл гэхгүйгээр дасгал хөдөлгөөн, хооллолт, нойр, даавар, сэтгэл санаа, амьдралын хэв маягтаа өдөр бүр анхаарч, сурах нь л хамгийн чухал. Тиймээс амин тос сонирхож буй хүмүүс “Тосчин эгч дүүс” пэйж хуудаст нэгдэж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/
Сэтгэгдэл (1)