Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесустэй уулзаж, урилга хүлээн авч манай улсад айлчлал хийж буйд талархал илэрхийллээ.
Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагад “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулатыг богино хугацаанд, эрчимтэй зохион байгуулсны дүнд Монгол Улс цар тахлын дэглэмийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд бүрэн цуцалсан. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын тоо олон улстай харьцуулахад тав дахин бага байгаа. Үүнд ДЭМБ-ийн арга зүйн зөвлөмж, удирдамж, хамтын ажиллагаа чухал байсан гэж Ерөнхий сайд хэлэв. Мөн “Манай улс “Ковид-19”-ийн дараах нөлөөг илрүүлэх зорилгоор эрт илрүүлгийн ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа. Энэ ажилд ДЭМБ дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүсье. Цар тахлаас манай улсын суралцсан зүйл бол эрүүл мэндийн салбарт бэлэн байдлыг хангах, чадавхижуулах гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Засгийн газар анхаарч ажиллаж байгаа” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “Бээжингийн олимпоор анх уулзаж байсан. Хатуу хөл хориотой, цар тахлын оргил үе байсан. Танай улс энэ үеийг хамтын хүчээр давж гарч чадсан. Миний айлчлалын гол зорилго бол “Ковид-19” цар тахлыг Монголын ард түмэн амжилттай даван туулсанд талархал илэрхийлэх юм. Монгол Улсад цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь дэлхийн дунджаас тав дахин бага байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлсэн зөв бодлого, арга хэмжээнээс шууд хамааралтай” гэлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед эрүүл мэндийн салбартаа анхаарахаас гадна эдийн засгаа зэрэгцүүлж авч явсан нь хүндрэлийг богино хугацаанд давахад зөв бодлого болсон гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж байгааг дэмжиж буйгаа тэмдэглээд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна