Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Номинзул Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралаас анхны медалиа хүртсэн билээ. Тэр нь хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо болсон “Парис-2024” олимпын эрхийн бүтэн оноо олгох “Их дуулга” тэмцээн байлаа. Түүний хувьд +78 кг-ын жинд хүрэл медалийн төлөө нутаг нэгт А.Адъяасүрэнтэй барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялсан юм. 2023 онд улсын аваргадаа анх удаа түрүүлсэн Д.Номинзулыг жүдогийн мэргэжилтнүүд илт сайжирсан хэмээн үнэлсэн. Барилдааны ур чадвар нь өсөж яваа залуу жүдочийг энэ удаагийн ярилцлагадаа урилаа.
-Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Өндөр зэрэглэлтэй, чансаатай тэмцээний медалийн салхиа хагалсанд баяр хүргэе. Хэдийгээр тэмцээн дуусаад 10 гаруй хоносон ч баяр хүргэсэн сэтгэгдэл өнөөдөр ч тасраагүй байх шиг?
-Маш их баярлалаа. IJF-ийн цувралын анхны медалиа нутгийнхаа “Их дуулга”-аас хүртсэнээ ихэд бэлгэшээж байна. Медаль авсны дараа хүмүүс надад маш их урам өгч, миний амжилтыг өндрөөр үнэлж байгааг мэдэрлээ. Баяр хүргэх хүмүүсийн мессеж ч тасраагүй байна. Хүн бүр намайг “Ямар мундаг юм бэ. Үнэхээр сайжирчээ” гэж хэлж, ярихыг сонсоод өөрийн эрхгүй л огшиж байна даа. Ийм гоё үг сонссон хүн илүү ихээр өөрийгөө дайчилж, амжилтаа бататгамаар санагддаг юм билээ.
-Таны барилдааныг цэнхэр дэлгэцээр болон зааланд олон хүн үзсэн. Дор бүрнээ дүгнэлт хийж байхыг харсан. Харин та өөрийнхөө барилдааныг хэрхэн дүгнэв?
-Кимоногоо шалгуулсны дараа М.Бундмаа багштайгаа ярилцсан. Би “Дэвжээн дээр гарахдаа биеэ барихгүй бэлтгэлийн үеийнх шигээ тэмцээний үеэр барилдвал хол явна даа” гэж багшид хэлээд инээлдэж байсан юм. 100 хувь өөрийгөө харуулж чадаагүй ч бэлтгэл дээр байдаг шигээ чөлөөтэй байж чадсан учраас медальд хүрсэн болов уу. Тэмцээний үеэр өмнө нь гаргасан жижиг алдаануудаа засахыг хичээлээ. Маш тайван байсан болохоор барилдааны агуулга урьд урьдынхаас илүү байж чадсан болов уу. Парисын “Их дуулга”-аас медаль аваагүй ч тэр тэмцээнд яг өөрийнхөөрөө задгай барилдсан. Тэр мэдрэмж надад их гоё санагдсан. Тухайн үед алдаа гаргаснаас болоод ялагдсан шүү дээ. Парисын тэмцээний дараа барилдааныхаа стилийг олсон гэвэл онох юм шиг байна.
-Дэвжээнд гарахын өмнө ямар мэдрэмж төрдөг бол?
-Тэмцээн бүрд харилцан адилгүй. Улаанбаатарын “Их дуулга”-д гэхэд хэсгийн барилдаанаас эхлээд маш сайн төвлөрч чадсан. Дэвжээнд гарахын өмнө “Өөртөө итгэлтэй, бэлтгэл дээр байдаг шигээ барилд. Хэт их хичээх хэрэггүй” гэж өөртөө хэлж байлаа. Хэт их хичээснээс болж биеэ барих тал байдаг учраас тийм бодолд автахгүй байхыг хичээсэн дээ.
-Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялаад баярын нулимс унагаж байгаа харагдсан. Сэтгэл хөдлөл ихтэй хүн үү?
-Би сэтгэл хөдлөл багатай. Гэхдээ нулимс ойрхон төрлийн хүн. Баярласан ч, гомдсон ч амархан уйлдаг зантай. Ялагчаар намайг зарлахад л өөрийн эрхгүй нулимс урсаад эхэлсэн. Намайг уйлсан чинь шигшээ багийн эмэгтэйчүүд дагаж уйлсан юм билээ. Тэрийг нь сонсоод дахиад л уйлсан. Ер нь удаан уйлсан шүү. Шагнал гардуулах ёслол дууссаны дараа л сая нэг юм тайвширч, уйлахаа зогсоосон. Баяр, гунигийн нулимс аль аль нь ойрхон. Түүнээс биш баргийн зүйлд сэтгэл хөдлөөд байдаггүй.
-А.Адъяасүрэнтэй хамт бэлтгэл хийж байгаа учраас нэгнийхээ барилдааныг сайн мэднэ. Бодвол гэрийн даалгавар бэлдсэн биз?
-Өнгөрсөн жилийн “Их дуулга”-д өөрийнхөө алдаанаас болж медалийн оосроос зулгааж чадаагүй шүү дээ. Энэ жил өөртөө итгэлтэй байсан. Мэдээж гэрийн даалгавар бэлдсэн учраас ялсан юм. Таарах нь ойлгомжтой байлаа. Тиймээс бэлтгэл дээр даалгавар боловсруулсан. Угаасаа таарах магадлал 80 хувьтай гэж тооцоолсон. Харин хүрлийн төлөө юү, хагас шигшээд үү гэж таамагласан. Тооцоолол ч зөв байж хүрлийн төлөөх барилдаанд таарч найзыгаа яллаа. Энэ ташрамд, найздаа маш их баярлаж явдаг. Энэ хүн бидэнд маш их урам, эрч хүч өгч байгаа. Ялангуяа хүнд жингийнхэнд. А.Адъяасүрэн ямар ч үед өөртөө итгэлтэй байж чаддаг хүн. Тэр зан чанараас нь үргэлж суралцаж явах болно. Найзаараа бахархаж, үргэлж суралцдаг. Намайг болон шигшээ багийнхаа эмэгтэйчүүдийг хурцалдаг найздаа талархал илэрхийлье.
-Ингэхэд жүдогийн спорттой холбогдсон түүхээсээ хуваалцах уу. Бөхийн удам нөлөөлөв үү?
-Манайд ямар ч бөхийн удам байхгүй ээ. Удмынхаа ганц бөх нь би. Манай хамаатнууд миний барилдааныг их хардаг юм шиг байна билээ. Жүдогоор турах зорилгоор хичээллэж эхэлсэн. Төв аймгийн “Шилдэг жүдо” клубт 2015 оны аравдугаар сард бэлтгэл хийсэн. Спортоор хичээллэж, хөдөлгөөнтэй байвал турах юм шиг санагдаад жүдог сонгосон. Хугацаа өнгөрөх тусам турах зорилго өөрчлөгдөж алга болдог юм байна. Гэрийнхэн ч дуртай байгаагүй. “Хэрэггүй. Улам таргална” гэж хэлдэг. Яг л тэдний хэлснээр миний жин нэмэгдсэн. Гэхдээ жин нэмсний хэрэг гарч байна. Ер нь маш хурдан хугацаанд жин нэмдэг учраас аль болох барих гэж хичээдэг.
-Олон улсын тэмцээнд манай хүнд жингийнхэн хөнгөдөөд байгаа тал харагддаг. Та харин нэг их дутахгүй юм шиг санагдлаа. Нууц биш бол одоо жин хэд вэ?
-120 кг жинтэй байсан. Сая Улаанбаатарын “Их дуулга”-д жин хасаад 116 кг-тай оролцсон. Жин хассан учраас хөдөлгөөнд нөлөөлсөн. Би бусдад бярдуулаад байдаггүй. Яагаад гэвэл хүчний дасгалжуулагч Б.Март багш бидэнтэй нэлээд сайн тулж ажилладаг. Миний жин, бэлтгэл, дутуу байгаа бүх зүйл дээр ажиллаж, үргэлж санаа зовдог багшдаа маш их баярлалаа. Миний төлөө гэж ажилладаг багшийн минь сэтгэл үнэхээр агуу.
-Гэрийнхэн дургүйцдэг байсан тухай хэллээ. Одоо хэрхэн хүлээж авдаг болсон бол?
-Өмнө нь хүмүүс надаас асуудаг байлаа. “Яагаад тэмцээнд явдаггүй юм бэ” гэж. Би аав, ээжийнхээ зовж, хөдөлмөрлөж олсон мөнгийг үрэхээс айгаад явдаггүй байж. 4-5 тэмцээн, хамтарсан бэлтгэлд гадагшаа явсан. Парис, Португалын хамтарсан бэлтгэлээр өөрийгөө олж харж, мэдэрсэн. Бэлтгэл хийж байхдаа гаднын тамирчдаас дутахгүй юм байна. Бага зэрэг хичээх хэрэгтэй гэдгээ мэдэрлээ. Тэр тэмцээн, бэлтгэлд явсандаа маш их баяртай байгаа. Гаргасныхаа хэрээр өөртөө хөрөнгө оруулалт хийж чадсан. Өмнө нь аав, ээжийнхээ мөнгийг үрэхэд хайран санагддаг байсан учраас тэмцээнд явдаггүй байлаа. Харин одоо бол бүх зүйл эсрэгээрээ. Би өөрийгөө мэдэрсэн, нээж чадсан учраас аль болох тэмцээнд оролцож, ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж байна. Тэр хэрээр амжилт үзүүлнэ шүү дээ.
Зөвхөн мөнгө бус бэлтгэл ч сайнгүй байдаг байлаа. Амархан гэмтэнэ. Тэгээд эдгэрэх нь удаан. Энэ мэт шалтгаанаас болоод олон улсын тэмцээнд цөөхөн явсан. Гэрийнхэн минь намайг одоо маш сайн дэмждэг. Жүдог ойлгодог болсон учраас сэтгэл хөдлөл өндөртэй үздэг. Эцэг, эх маань БНСУ-д ажиллаж, амьдраад 10 гаруй жил болсон байна. Багаасаа л аав, ээжээсээ хол байсан учраас санана, санасан ч ярьж чаддаггүй. Яривал уйлах гээд байдаг болохоор тэр. Улаанбаатарын “Их дуулга”-аас хүрэл медаль авснаа хүртэл дуулгаж чадаагүй яваа хүн шүү дээ, би. Хэрвээ ярих юм бол хэлэх гэснээ хэлж чадахгүй шууд уйлах учраас тайвширч байгаад ярина аа. Ярихаар өөрийн эрхгүй санадаг учраас олон удаагийн давтамжтай ярихыг боддоггүй. Эцэг, эхийнхээ сэтгэлийг чилээхгүйг л бодож байна. Би хоёр дүүтэй, айлын том. Гурвуулаа л биеэ дааж өссөн.
-Анхны гэх тодотголтой бүхэн хүнд мартагдашгүй дурсамж үлдээдэг. Таны хувьд анхны олон улсын тэмцээн юу байв?
-Самбын өсвөрийн Азийн аварга байлаа. Бүр түрүүлсэн шүү дээ. Анх удаа хилийн дээс алхаж үзсэн нь тэр. Анхны тэмцээндээ оролцоод шууд алтан медаль авсан болохоор маш их баярлаж байв. Монголоос өөр оронд очсон анхны тохиолдол байсан болоод ч тэр үү санаанаас гардаггүй. Самбо, чөлөөт бөх, бокс зэрэг спортын тамирчид түрүүлснийхээ дараа төрийнхөө далбааг бариад дэвжээ тойрч гүйдэг шүү дээ. Би яг тэгсэн. Гоё л мэдрэмж төрдөг юм билээ.
-Шагналын тавцанд гараад медалиа авах мөч ямар байсан бэ?
-Төрийн далбаагаа л харж байлаа. Үнэндээ юу ч бодоогүй. Шагнал гардуулах мөчид уйлсаар байгаад бүрэн тайвширч амжаагүй учраас элдвийг бодох сөхөөгүй байсан биз.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөв?
-Оюутны зуны “Универсиад” наадамд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Энэхүү наадамд аль болох дээгүүр амжилт үзүүлэхийн төлөө хичээнэ.
-Д.Номинзул хэр сэтгэл зүйтэй тамирчин юм бол?
-Нэг хэсэг сэтгэл гутралд өртөөд сэтгэлзүйчтэй ажилласан. Гэхдээ спортын сэтгэлзүйч биш. Ер нь сэтгэлзүйчтэй ажиллах ямар их хэрэгтэй вэ гэдгийг тэр үед мэдэрсэн. Хааяа сэтгэлзүйчтэй ажиллаж дотроо уудлаад, онгойлгоход гэмгүй юм билээ. Сонсох, түших, тулах хүн хэзээ нэгэн цагт заавал хэрэг болдог. Сэтгэлзүйч бол сэтгэлийн анагаагч шүү гэж хэлье. Сэтгэлзүйч Ану-Үжиндээ баярлалаа.
-Спортоор хичээллэнэ гэдэг амар биш. Бэртэл гэмтлээс эхлээд хүнд хэцүү даваа туулах шаардлага гардаг. Дээрээс нь бэлтгэл хүнд. Бэлтгэл хийгээд байгаа хэрнээ амжилт ахихгүй цаг мөч танд байсан байх. Энэ бүхнээс шалтгаалаад шантраад жүдогийн заалаа орхиж гарсан үе бий юү?
-Байлгүй яах вэ. Тэр үед болихоор шийдээд л заалаа орхиод гарсан. Юу ч хийхийг хүсээгүй, хоёр жил. Эхний нэг жил гаруйд нь үнэхээр бэлтгэл огт хийгээгүй. Харин сүүлийн хагас жилийн хугацаанд фитнесээс эхлээд хөнгөн бэлтгэл хийж эхэлсэн. Гэхдээ жүдогийн бэлтгэл хийгээгүй. Ингээд хоёр жилийн дараа жүдогоос больж чадахгүй гэдгээ мэдрээд эргэн ирсэн. Эргэх ирэхдээ илүү эрч хүчтэйгээр бэлтгэлдээ орсон. Маш том зорилго, мөрөөдөлтэй болсон байлаа. Бэлтгэл, бэртэл гэмтлээс гадна үзэгчийн сэтгэгдлүүд тамирчдыг сэтгэлийн маш гүн шархтай үлдээдэг. Тэр хатуу үгнүүдийг бүх тамирчин уншдаг, хардаг.
Хүнд цохилтод ордог. Үнэн хэрэгтээ амжилт гаргах нь зөвхөн бэлтгэлээс шалтгаалахгүй. Олон хүчин зүйл нөлөөлнө. Зөвхөн бэлтгэлээс шалтгаалдаг байсан бол Монголын жүдочид тултал амжилт гаргасан байгаа. Яагаад гэвэл, манай жүдочид шиг бэлтгэл хийдэг шигшээ баг дэлхийд цөөхөн. Гаднынхан манай багийн бэлтгэлийг хараад гайхдаг. Амжилт гаргахын тулд асар их хүчин зүйл нөлөөлнө. Зарим бэлтгэлээ уйлаад л дуусгадаг байлаа. Хичнээн сайн бэлтгэл хийсэн ч яг тэмцээний үеэр болдоггүй үе бий. Бэлтгэл, амралт, хоол зүй, баг болон гэр бүлийн уур амьсгал, багш нарын зүтгэл гэх мэт маш олон зүйлийн тохироо бүрдэж байж амжилт гардаг. Бэлтгэлжилт муу байгаад хожигддог юм биш. Тэгж бодвол том эндүүрэл. Манай багш нар биднийг их шахдаг. Ер нь манай шигшээ багийн бэлтгэл хамгийн сайн нь гэж би бардам хэлнэ.
-Бэлтгэлгүй хоёр жилийн хугацаанд юу хийсэн бэ?
-Өвдгөндөө гэмтэл аваад л шантарсан. Эхний жил бэлтгэл хийхгүй, загнах, шахах хүн байхгүй, зовохгүй жаргалтай хүн явлаа шүү дээ. Гэтэл хоёр дахь жилийнхээ сүүлийн хагаст хэцүү санагдаад эхэлсэн. Тэгээд бэлтгэлдээ очихын тулд нэн түрүүнд өөрийгөө хатуужуулж, сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх шаардлага гарсан. Эцэст нь би зааландаа эргэж ирсэн. Багш, хамт олон минь намайг маш сайхнаар хүлээж авсан. Багийн уур амьсгал үнэхээр гоё, нэг гэр бүл шиг байдаг учраас яг л урьдын адил халуун дулаан сэтгэлээр угтсан.
-Шигшээ багийн багш нар хэр хатуу вэ?
-Маш хатуу. Хатуу үедээ үнэхээр хатуурхана. Өвдөж, зовсон ч тоохгүй. Бэртэлтэй байсан ч бэлтгэлийг хичээгээд даваад дуусга л гэж хэлдэг хүмүүс. Зөөлөн үедээ зөөлөн. Найз шиг байж чадна. Багш нартаа баярлалаа. Ямар ч үед дэргэд минь зааж, зөвлөдөг М.Бундмаа, Ч.Болдбаатар багш нартаа баярладаг шүү.
-Нэг саваагүй гэмээр асуулт асууя. Дэвжээн дээр ид барилдаж байхад багшийн зөвлөгөө сонсогдохгүй үе гэж байх уу?
-Байна. Өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд маш их сандарсан. Юу, юугүй хоёр торгууль авчихлаа. Тэгж байтал ордонд зрительд суугаа үзэгчид тэр чигээрээ уухайлаад эхэлдэг юм. Яг тэр үед юу ч сонсохоо болиод, дүлийрсэн. Сандрал дээд цэгтээ тулдаг юм даа. Тэгээд л гурван торгуулиар ялагдаж байлаа. Тэмцээн дууссаны дараа хэсэгтээ л дүлийрэл арилаагүй. Яг барилдаж байхдаа хүмүүсийн уухайлж байхыг харсан гэхээр сандрал дээд зэргийн байсны нотолгоо юм. Түүнээс биш барилдаандаа төвлөрсөн бол тэр уухайлж байгаа хүмүүсийг харахгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Зорьсон амжилтдаа хүрэхийг хүсье?
-Маш их баярлалаа. Намайг урьж ярилцсанд танай сонины хамт олонд баярлалаа. Намайг үргэлж дэмждэг Монголын жүдогийн холбооны удирдлагууд болон шигшээ багийнхан, жүдогийн гэр бүлдээ баярлалаа. Гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Хайртай аав, ээжээ маш их санаж байна. Жүдог үнэнчээр дэмждэг үзэгчид, уншигчдадаа баярлалаа. Итгэлийг нь амжилтаар хариулахын төлөө хичээх болно.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24555/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна