Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаруулалтыг даамжруулснаас Эль Ниньо гэх байгалийн мөчлөгт үзэгдлээс үүдсэн халууны давлагаа эх газрыг бүхэлд нь хамарсан. Эль Ниньо бол экваторын болон Номхон далайн өмнөд хэсэгт усны хэм нэмэгддэг байгалийн хүчтэй үзэгдэл бөгөөд манай гаргийн уур амьсгалд шууд нөлөөлдөг. Дэлхийн цаг уурын байгууллагаас 2023 оныг түүхэн дэх хамгийн халуун жил болно гэж тооцоолсон.
Судалгааны багийн гишүүн Леон Хермансон “Дулааралтай тэмцэхгүй бол бидний дассан уур амьсгал түүхэнд үлдэнэ. Дулаарлын шалтгаан нь хүн төрөлхтөн” гэжээ. Энэхүү үзэгдэл нь хамгийн сүүлд 2016 онд тохиожээ. Далай, агаар мандлын үндэсний удирдах газрын мэдээлснээр эл үеэр дэлхийн агаарын температур 0.2 хэмээр нэмэгддэг аж. Хэт халууны оргил үе дуусаагүй бөгөөд ирэх сард ч үргэлжлэх төлөвтэйг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үргэлжилсэн хэт халууны араас ган гачиг, ойн түймэр дагаж, агаарын чанарыг улам дордуулах эрсдэлтэйг сэрэмжлүүлсэн байна. Ялангуяа хүн төрөлхтний эрүүл мэнд, экосистемд учрах үр дагаврыг цаг уурын шийтгэл гэж тодорхойлжээ.
Агаар мандалд байгаа хүлэмжийн хий ихэссэнээс 2020 онд эхэлсэн Ла Нинагийн үзэгдэл Эль Ниньогоор солигдсон. Хэрэв Эль Ниньо үзэгдэл сунжирвал уур амьсгалын хямрал улам даамжирна. Эл үзэгдэл 1982-1983, 1997-1998 онд үргэлжлэхэд хүн төрөлхтний хөгжил таван жилээр саарчээ. Тухайлбал, 1997-1998 онд 23 мянган хүн амиа алдаж, 5.7 их наяд ам.долларын санхүүгийн хямрал дагуулсан. Эдийн засгийн тэргүүлэх гүрэн АНУ, БНХАУ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, ган гачгаас үүдсэн эдийн засгийн хямралтай нүүр тулахад тун ойрхон байна. Огцом халалт улс орнуудын инфляц нэмэгдэх суурь шалтгаан болно. Энэ нөхцөлд дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулахгүй бол хүнсний ногоо болон жимсний үнэ өсөх аж. Дэлхийн банкны шинжээчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн эдийн засгийн хувьд хэр хэмжээний хохирол амсахыг тогтоожээ. Хохирлын хэмжээ нь хоёр их наяд ам.доллароор хэмжигдэж байна.
Канадын түймэр, Бээжингийн халуун, Европын ган гачиг
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст цаг уурын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдэл тасрахгүй тохиох болсон. Азийн зарим оронд үерийн гамшиг нүүрлэж байхад Хойд Америк, Европт сүүлийн хагас зуунд тохиогоогүй аймшигт халуун, ган гачиг нүүрлээд буйг дэлхийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Ази тивд Пакистанаас Малайз хүртэл олон тэрбум хүн халуунд шаналж байна. Хятадын нийслэл Бээжин хотод 1951 оноос хойш анх удаа халууны уртын давлагаа тохиолоо. Саудын Араб улсад 48 хэмийн халуунд хаж мөргөл хийж байсан 230 хүн нас барсан тухай албаныхан мэдэгджээ.
Ганга мөрний цутгал Ямуна гол эргээсээ халин үерлэж, Энэтхэгийн аялал, жуулчлалын газрууд усанд автсан байна.Таж Махалын цэцэрлэгт хүрээлэн үерт автжээ. Канад улс 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй байгаль орчны нөлөөллөөс үүдэлтэй хохиролд жил бүр 11 тэрбум ам.доллар зарцуулна. Үүнтэй тэмцэхийн тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, чулуужсан түлшнээс аажмаар татгалзахыг уриалж буй. Цахилгаан тээвэр, эрчим хүчний сүлжээг шинэчлэх зэрэгт их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Европын аялал жуулчлалын бүс болох Итали, Испани, Грек, Туркийн 38 хотод цельсийн 46 хэмээс дээш халжээ. Ингэснээр Европт сүүлийн хоёр зун дараалан хэт халуунд өртлөө. Мөн дунджаас илүү хуурайшилттай байгаа учир тивийн гуравны хоёрт нь ган гачиг нүүрлэж, ургац алдах эрсдэлтэй.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар, хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ундны усны хомстолд орж, болзошгүй гэнэ. Мароккод ирэх долоо хоногт агаарын температур 49 хэм хүртэл нэмэгдэж болзошгүй. Хэт халууны улмаас Испанид 14:00-17:00 цагт гудамж талбайд гарахгүй байхыг анхааруулжээ. Орон гэргүй хүмүүст зориулан хоргодох байр нээсэн байна. АНУ-ын Лас-Вегас хотод 46.6, Финикс хотод 47.2, Калифорни дахь Үхлийн хөндийд 53.9 хэм хүрч халжээ. БНХАУ-ын түүхэн дэх хамгийн халуун өдөр өнгөрсөн ням гарагт бүртгэгдэж, Шинжаан мужид агаарын температур 52.2 хэмд хүрчээ. Өмнөд Солонгост цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас аадар бороо орж, хөрсний гулгалт, үерийн гамшиг тохиолдсон бол Токио хотод сүүлийн 150 жилийн хугацаан дахь хамгийн халуун сар тохиож байна. Жил бүрийн энэ үед Японд усархаг аадар ордог. Гэтэл ихэнх мужид борооны улирал тогтмол хугацаанаасаа 20 гаруй хоногийн өмнө дууссаныг цаг уурын байгууллага мэдээлжээ. Японы Засгийн газраас иргэдээ халуунд цохиулахаас сэргийлэн сэрүүн газар байхаас эхлээд шаардлагатай арга хэмжээг авахыг анхааруулжээ.
Хэт халалт нь хүний эрүүл мэндэд шууд аюул учруулаад зогсохгүй эрчим хүч, шилжилт хөдөлгөөний хямралыг хурцатгаж, ой хээрийн түймэр зэрэг бусад байгалийн гамшигт өртөх аюултай. Грект гарсан ой хээрийн түймрийг унтраахаар 150 гал сөнөөгч ажиллаж байна. Германы тээврийн гол судас болсон Рейн мөрний ус татарснаар нийлүүлэлтийн сүлжээг тасалдахад хүргэжээ. Сербийн эрх баригчид 40 хэмээс давсан халууны улмаас онц байдал зарласан. Белград хотод жирэмсэн эмэгтэйчүүд болон 60-аас дээш насныхан, эрсдэлтэй хүмүүсийг ажлаас нь чөлөөлжээ.
Европын сансар судлалын ESA агентлаг бүс нутагт 48 хэм хүрч халж болзошгүй байна. Өнгөрсөн зун уур амьсгалын гамшгаас болж Европт 16 мянган хүн амиа алдаж, хоёр тэрбум ам.долларын хохирол учирсан. Дулаарлыг сааруулахын тулд улс орнууд агаар мандалд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахаар тохиролцсон. 2015 онд баталсан Парисын хэлэлцээрийн зорилго нь манай гаргийг аж үйлдвэржилтийн өмнөх үе хүртэл бууруулах явдал юм.
Аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж хэмтэй харьцуулахад Европ тив цельсийн 2.3 хэмээр дулаарсан. Энэ хугацаанд тохиосон уур амьсгал, цаг уурын бүхий л гамшигт үзэгдлээс үүдэн 16365 хүн амиа алдсан байна. Үүний дийлэнх тохиолдол нь хэт халуунаас үүдэлтэй байжээ. Харин нийт хоёр тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учирсан нь голдуу үер, хар шуурганаас шалтгаалжээ. Европ бусад тивээс хамгийн хурдацтай дулаарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн цаг уурын гамшигт үзэгдлүүд тус тивийн эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц мөн эрүүл мэндийн үйлчилгээний системд дарамт учруулж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна