Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын сонирхогчдын боксын аварга Г.Баярхүү Өмнөд Солонгосын “YMW Buffalo” promotion-оос урилга хүлээн авч мэргэжлийн боксын тулаануудаа үргэлжлүүлэн хийж байна. Тус улсын “Самсунг” клубийн тамирчин болсон тэрбээр хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын супер хөнгөн жингийн аварга боллоо. Г.Баярхүүг эх орондоо ирээд удаагүй байхад нь уулзаж ярилцсан юм.
-Өмнөд Солонгосын аваргын төлөө та ямар замналтай боксчинтой таарч тулалдсан бэ?
-Сүүлийн тулааны өрсөлдөгчийн хувьд 20 удаа тоглохдоо тавд нь ялагдаж, нэг тэнцсэн тамирчинтай таарлаа. Тэр улсынхаа аваргын төлөө өмнө нь хоёр ч удаа тоглож байсан. Сая надад хожигдсоноор гурав дахь удаагаа аваргын төлөө гарч ирсэн сайн тамирчдын нэг нь. Бид арван раунд тоглох байснаас түүнийг хоёрдугаар раундад хүнд цохилтоор буулган авсан.
-Өмнөх тулаанаас хэдхэн хоногийн дараа, сэргэлт авалгүйгээр аваргын төлөө рингэн дээр гарлаа. Богино хугацаанд хувийн бэлтгэлээ хэрхэн хангасан юм бэ?
-Тийм ээ. Өмнөд Солонгост очоод хийсэн эхний тулаандаа тултал бэлтгэсэн. Түүнээс хойш 15 хоногийн дараа аваргын төлөө тоглолоо. Тухайн үед сэтгэлээр бага зэрэг унасан. Яагаад гэвэл, олон хоног жингээ барьснаас ядарсан байлаа. “Энэ тэмцээнийг дуусгаад гэр рүүгээ явна” гэсэн бодолтойгоор сэтгэл зүйгээ бэлтгэсэн нь үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Аваргын төлөөх тоглолтын өмнө Вьетнамд очиж Хятадын аварга тамирчинтай зургаан раунд тоглохдоо гараа эвгүй болгосон. Эхний раундаас гарын сарвуугаа гэмтээсэн ч тэмцээнээ ялалтаар өндөрлүүлсэн юм. Уг нь 14 хоног эмчилгээ маш сайн хийлгэсэн. Гэтэл саяын тоглолтын үеэр гэмтлээ сэдрээсэн учраас таны харж байгаачлан гараа эмчлүүлээд явж байна.
-Эх орондоо ирээд сэргэлт авч чадав уу. Хаашаа ч юм явах гээд их яарч байгаа харагдаж байна?
-Нисэх онгоцны буудал дээр буухаас эхлээд сэтгэл санаа тэс ондоо болсон. Энд байгаа бүх зүйлээ маш их санасан байна. Уул ус, агаар, хөх тэнгэрээ хараад сэтгэл санаа өөр болсон. Хэдийгээр Өмнөд Солонгост гурван сар болсон ч Монголд ирээд санаа минь амарч байна. Үнэнийг хэлэхэд, сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нойргүйдэлд орсон. Бэлтгэлийн ачааллаас болж ядаргаанд орж, өдрийн ихэнх цагийг рингэн дээр өнгөрүүлнэ. Өглөө болгон 06:00 цагт босож гүйнэ гээд хэдхэн сарын хугацаанд багагүй ачаалал авлаа.
-Боксчдод тулалдахын өмнөх хэсэгхэн хором их үнэ цэнтэй. Тэр хугацаанд сэтгэл зүйгээ хэрхэн хурцлахаас их зүйл шалтгаалдаг. Таны энэ хугацаанд өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Рингэн дээр гарахын өмнө хэлдэг, өөрийгөө цэнэглэдэг үгтэй. Мөн тэнгэрт байгаа ээжийгээ бодож залбирдаг. Энэ нь миний хувьд сэтгэл зүйгээ хурцалж байгаагийн нэг хэлбэр юм. Харин яг рингэн дээр гараад одоо цагтаа төвлөрдөг.
-Сонирхогчдын боксоос мэргэжлийн тамирчин болсон таны тулааны арга барилд өөрчлөлт орсон уу?
-Өмнөд Солонгост очсон эхний долоо хоногийн бэлтгэлийн дараа өөрийгөө Монголд бэлтгэл хийдэггүй байсан юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Уг нь би шигшээ багийн тамирчнаар зургаан жил бэлтгэл хийсэн. Үүнээс л мэргэжлийн болон сонирхогчдын бокс ямар их ялгаатайг ойлгосон. Эхний долоо хоногийн бэлтгэлийн дараа орноосоо ч босож чадахгүй байлаа. “Надад олон хүн итгэдэг. Гэр бүлийнхэн маань намайг хүлээж байгаа. Өөр улсын хүн чадаад байхад би яагаад чадахгүй гэж. Би монгол хүн” гэсэн бодол толгойд орж ирдэг байсан. Зарим танихгүй хүн миний төлөө санаа зовж “Хоолоо сайн идээрэй. Биеэ бодоорой” гэж цахим хаягт маань бичиж үлдээдэг байсан. Миний хувьд Өмнөд Солонгост очоод хоолонд санаа зовох зүйл байгаагүй. Дээр нь багш нар намайг их дэмждэг. Дасгалжуулагчаас гадна менежер надад хэрэгтэй бүх зүйлийг зохицуулж өгдөг юм. Солонгос багш маань миний идэх хоолонд хүртэл санаа тавьдаг. Одоогоор багштайгаа монгол, англи, солонгос хэл холиод ярилцаж байна. Заримдаа “Гүүгл”-ийн орчуулах цэсийг ашиглан багштайгаа ойлголцдог. Одоо багш маань хүртэл бага сага монгол хэлтэй болсон. Орчинд нь байгаа болохоор би ч гэсэн солонгос хэлний мэдлэгтэй болж байгаа. Солонгосоор ярьж чадахгүй ч хүмүүсийн юуны талаар ярьж байгааг ойлгоно. Гэхдээ яриандаа тааруухан л байна.
-Одоо тантай хэчнээн дасгалжуулагч ажиллаж байна. Тулалдах тактикаа өөрчилсөн үү?
-Таван багш ажиллаж байна. Тэдгээрээс үндсэн гурван багштай. Миний бокс сурах стиль анхнаасаа мэргэжлийн талдаа байсан. “Ширэн бээлий” клубийн багш, Гавьяат дасгалжуулагч Д.Төрбат намайг мэргэжлийн боксын стильтэй болгосон хүн. Тийм болохоор миний хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Өөрчлөгдсөн зүйл гэвэл, бэлтгэл хийх хугацаа илүү урт, олон раунд ажиллуулж байна.
-Үндсэндээ гурван сарын хугацаанд нэлээд нүдүүлжээ?
-Тийм ээ. Одоо бол дасан зохицож эхэлсэн. Энэ нь монгол хүний онцлог юм даа.
-Монголд жингийн болон клубийнхэнтэйгээ бэлтгэлээ хангалттай хийдэг байсан байх. Харин Өмнөд Солонгост бэлтгэл хангагчтай юу?
-Солонгост мэргэжлийн боксоор од болж байгаа тамирчидтай бэлтгэл хийдэг. Ер нь манай багш боксын клубүүдээр намайг дагуулан явж бэлтгэл хийлгэдэг. БНСУ боксын олон зуун клубтэй. Манай багш надад Шин Пави гэдэг солонгос нэр өгсөн. Шин гэдэг өөрийнх нь овог. Пави гэдэг хад чулуу гэсэн утгатай. Одоо бол солонгосчууд намайг “Пави, Пави...” гэж дууддаг болсон. Тулааны дараа хүмүүс хамт зургаа авахуулах хүсэлтэйгээ хэлдэг юм.
-Рингэн дээрх уур амьсгал өөр. Нутгийн дэвжээнд хөгжөөн дэмжигчдээс эхлээд сэтгэл зүйд нөлөөлөх зүйл багагүй байдаг. Үүнийг та хэрхэн даван туулдаг вэ?
-Би Солонгосын “Самсунг” клубийн тамирчин. Намайг тулаанд орох болгонд манай багш клубийнхээ хүмүүсийг автобусаар авч явдаг. Миний сэтгэл зүйд нөлөөлүүлэхгүй, хөгжөөн дэмжүүлэхийн тулд шүү дээ. Ингэж намайг дэмждэг хүмүүс байдаг болохоор надад дутуу мэдрэмж төрдөггүй. Хэрвээ байдал өөр байсан бол мэдээж хэцүү шүү дээ, хүний нутагт. Одоо бол нэгэнт зорьсон юм чинь шүдээ зуугаад эцсийг нь үзнэ гэсэн бодолтой байна.
-Таны дараагийн тулааны тов гарсан уу?
-Наймдугаар сарын 12-нд Монголд Хятадын тамирчидтай тоглоно. Манай холбооноос надад зориулан энэ тулааныг зохион байгуулах гэж байгаа юм. Хэрвээ би энэ тулаанд ялбал ирэх аравдугаар сард Солонгост Азийн аваргын төлөө тулалдана. Би “YMW Buffalo” promotion мэргэжлийн холбоонд харьяалагддаг. Энэ завшааныг ашиглан ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга П.Энхтогтоход баярлаж талархаж явдгаа хэлье.
-Гэрээгээ ямар хугацаатай хийсэн бэ?
-Гэрээнд хатуу хугацаа тогтоогоогүй. Хүмүүс мэргэжлийн боксчинд гэрээ хамгийн чухал гэдэг. Миний хувьд цаашдаа багштайгаа хамт явна гэсэн бодолтой байгаа. Багш маань надад их анхаарал хандуулдаг. Гар нийлээд зүтгэвэл зорьсондоо хүрэх итгэл дүүрэн байна.
-Тантай уулзаад ярилцахад өөр юм. Яг рингэн дээр байгааг чинь харахад урагшлахаас ухардаггүй юм билээ. Эмээдэггүй юм уу?
-Өрсөлдөгчөөсөө эмээнэ гэж юу байх вэ дээ. Би рингэн дээр гарахаараа тэс өөр хүн болдог. Энэ миний арга барил байх. Би таны хэлснээр урагшлахаас ухардаггүй. Боксоор анх хичээллэхдээ л дадсан зан юм. Ер нь боксчин хүн эхний цохилтоос өрсөлдөгчөө мэдэрдэг. Цаашид яаж ажиллахаа боддог. Би их азтай. Тулааны өмнөх бэлтгэлийн үеэр олон хүн надад зөвлөдөг. Тухайлбал, “Ширэн бээлий” клубийн холимог тулаанаар хичээллэдэг ах нар надад зөвлөгөө өгдөг. Ялангуяа Х.Амартүвшин ахтай байнга харилцаа холбоотой байдаг.
-Та багадаа дүрсгүй хүүхэд байв уу. Тулааны спортоор хичээллэх нь таны сонголт уу?
-Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрж, өссөн. Нэг ах, хоёр эгчтэй айлын бага хүүхэд. Багадаа аймагтаа, наймдугаар ангиа төгсөөд хотод орж ирсэн. Тийм ч их дүрсгүй хүүхэд байгаагүй. Айлын бага учраас эрх талдаа. Аав, ээж маань хотод орж ирээд болж бүтэхгүй хүүхэдтэй нийлбэл алга болж магадгүй. Тиймээс чөлөөт цагаа өнгөрүүлдэг газартай болог гэж бодоод намайг боксоор хичээллүүлсэн байх. Гэрийнхнийхээ санааг хамгийн их зовоодог хүн нь би. Би чинь өөрөө аав болсон хүн шүү дээ. Тэгэхэд л надаас “Хоолоо идсэн үү” гэж асуудаг. Манай ээж намайг маш их эрхлүүлдэг. Би чинь 25 жил эрхэлсэн хүн.
-Айлын эрх хүүхэд одоо аав болжээ. Гэр бүлээсээ хол охиноо их санасан байх?
-Охин маань саяхан нэг ой хүрлээ. Өмнөд Солонгост байхдаа охиноо маш их санасан. Хөлд орчихсон ёстой дүрсгүйтэж байгаа. Солонгосоос яаран яаран ирлээ. Аав хүний үүрэг их. Охиныхоо төлөө илүү хичээх хэрэгтэй. Сайн чаддаг зүйлээрээ амжилтад хүрэхийн төлөө хичээж байна. Манай ээж намайг дэмждэг байлаа. Би ч гэсэн охиныхоо хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө дэмжинэ. Ээж минь намайг амжилтад хүрснийг харах хүсэлтэй байсан. “Хүүгээ олимпын медаль аваад ирэхэд нь нисэх онгоцны буудал дээр мөнгөн аягатай сүү, хадагтай тосно” гэж хэлдэг байлаа. Би ээжийнхээ энэ хүслийг амьдад нь биелүүлж чадаагүйдээ их харамсдаг. Мэргэжлийн боксын дэлхийн аварга болбол ээжийгээ баярлуулах байх гэж бодож байна. Ээж минь намайг тэнгэрээс харж байгаа даа.
-Мэргэжлийн боксын цалин, хангамжаар амьдрах боломж хэр байна. Сонирхогчдынхоос илүү байж чадаж байна уу?
-Мэргэжлийн боксоор хичээллэснээр санхүүгийн тал дээр толгой өвдөх шаардлагагүй болох боломж харагдсан. Гэхдээ миний хувьд тулаан дөнгөж эхэлж байна. Тиймээс цуцаж, шантралгүйгээр урагш тэмүүлнэ. Энэ ташрамд бокс сонирхон хичээллэдэг хүүхдүүдэд нэг зүйл хэлье. Боксоор хичээллэхээр шийдсэн бол зорилгоо томоор тодорхойл. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн тавцанд зогсоно гэж бодох хэрэгтэй. Гэтэл би шигшээ багийн ах нарыгаа хараад улсын аварга болно гэж бодсон. Энэ эрчээрээ улсын аварга болтлоо бэлтгэлээ тасалж үзээгүй. 2018 онд улсын аварга болж зорилгоо биелүүлснийхээ дараа уналтад орсон. Тиймээс одоо маш томоор мөрөөддөг болсон.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна