​ С.Тэмүүлэн: Би хамгийн их хичээх шаардлагатай үедээ байна


Монгол Улсын үндэсний шигшээ баг, Үндэсний дээд лигийн аварга “Хилчин” клубийн тамирчин, спортын дэд мастер С.Тэмүүлэнтэй ярилцлаа.      

-Индонез улсад зохион байгуулсан Азийн эмэгтэй челленж кап аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн ярилцъя. Тэмцээний уур амьсгал ямархуу байв. Санаандаа хүртэл тоглож чадав уу?   
-Бид өнгөрсөн сарын эхээр Индонез улсад зохион байгуулсан Азийн орнуудын челленж кап тэмцээнд оролцоод ирсэн. Энэ тэмцээнд өрсөлдөөд тивдээ чансаагаа ахиулсан ч бэлтгэлийн үеийнх шигээ тоглож чадаагүй. Олон улсын тэмцээнд оролцсоноор бусад багийнхны тоглолтыг судалж өөрсдийгөө ямар хэмжээнд явааг мэдлээ. Мөн цаашдаа юунд анхаарал хандуулах, бидэнд ямар боломж байгааг ойлгуулсан, туршлага хуримтлуулсан тэмцээн болж өндөрлөлөө. 
-Шигшээ багийнхаа хамгийн залуу тамирчин нь та. Хэдэн онд үндэсний шигшээ багт дуудагдсан бэ?
-Би “Хилчин” клубийн тамирчин. Манай баг Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд анх 2021 онд амжилттай оролцож аварга болсон. Мөн тухайн жил нь намайг үндэсний шигшээ багт дуудсан юм. Анх дээд лигт орохдоо өөрийгөө бусадтай харьцуулахад ямархуу тоглодог талаар мэддэггүй байв. Харин дээд лигт тоглосноор өөртөө боломж байгааг ойлгосон. Мэдээж анхны тэмцээнийхээ үеэр их сандралгүй яах вэ. Эхний хэсэгт өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадаагүй. Финалтайгаа нийлээд дөрвөн тойрог тоглосноос сүүлийн хэсгүүдэд өөрийгөө харуулж чадсан байх. Мөн энэ тэмцээнийг хаалтын статистикийг тэргүүлсэн амжилттайгаар өндөрлүүлсэн.    
-Түүнээс хойш та цөөнгүй тэмцээнд тоглолоо. Одоо ямар зорилго тавин урагш тэмүүлж байна вэ?
-Миний тамирчны карьер бусдаас арай өөр. Хүүхдүүд тав, зургадугаар ангиасаа спортоор хичээллэдэг бол би ахлах ангиасаа волейбол тоглож эхэлсэн. Есдүгээр ангиасаа клубт харьяалагдан бэлтгэл хийхэд надад бүх зүйл шинэлэг санагдаж байв. Удалгүй дээд лигийн тэмцээнд анх удаа ороод  улсынхаа шигшээ багт дуудагдсан гээд миний карьер хурдацтай явсан. Энэ нь надад давах ёстой даваагаа давалгүйгээр гараад ирсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг. Харин одоо би хамгийн их хичээх шаардлагатай үедээ байна. Яагаад ч юм тамирчны хувьд уналтад орох гээд байгаа юм шиг санагдах болсон. Тиймээс одоо цагтаа төвлөрч өөрийгөө бүрэн хэмжээнд дайчлаад үзье гэж бодож байна. Дээд лигтээ сайн тоглоё, шигшээ багийнхаа ажилд илүү оролцъё гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна даа. 
-Таны ээж волейболын спортын мастер Хишигтөр. Ээж тань таны сэтгэл зүйч бас чиглүүлэгч болдог уу?
-Тийм ээ, манай ээжийг Хишигтөр гэдэг. Волейболын спортын мастер зэрэгтэй. Аавыг маань Сансарболд гэдэг. Би хоёр дүүтэй, айлын ууган нь. Манай гэр бүлийнхэн бүгд спортод элэгтэй хүмүүс. Ээжийн хувьд миний явж байгаа замаар аль хэдийнэ яваад үзчихсэн. Намайг амжилт гаргахад баярладаг ч илүү боломж байгааг үргэлж сануулдаг. Зарим хүн магтуулах тусам урамшиж хичээдэг. Эсрэгээрээ зарим нь чангалах тусам илүү сайжирдаг. Манай ээж магтаал зэмлэлийг хамтад нь хэлдэг. Ээж минь намайг тамирчин, бас хувь хүн тал дээр ч маш их хурцалдаг, тийм л хүн. 
-Тэгвэл та багаасаа волейболын спортод дурлажээ. Ийм ээжийн дэргэд сэтгэл зүйгээ эхлээд тамирчны суурь хүмүүжлийг авсан байх нь?  
-Намайг бага байхад ээж тэмцээнд оролцохдоо дагуулаад явдаг байсан. Магадгүй спортоор хожуу хичээллэсэн нь үүнтэй холбоотой байх. Яагаад гэвэл, хүүхэд байхаасаа ээжийг дагаж явсаар байгаад залхчихсан. Ээжийг “Волейбол тоглоё” гэхээр тийм ч гоё санагдаагүй. Дунд ангид ороход манай ангийн хүүхдүүд волейбол тоглодог байсан. Энэ үеэс л би найзуудтайгаа волейбол тоглосон. Тамирчны карьераа ч энэ үеэс эхлүүлсэн юм шиг санагддаг. Дэлхийн аварга, Үндэстнүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг шимтэн үздэг болсон. Хүн үзсэн зүйлээсээ их суралцдаг. Сая Индонез явах замдаа Хонконгод нэг хоносон. Тэр үед бидэнд маш том завшаан тохиож Үндэстнүүдийн аваргын тоглолт үзэх боломж олдож Турк, Польшийн багийг дэргэдээс нь харлаа. Эдгээр тоглолтыг үзээд би маш их мотивац авсан. 
-Тэмцээний үед заримдаа нервтэх тохиолдол гарна. Тийм үед өөртэйгөө хэрхэн ажилладаг вэ?
-Тоглолтын үед нервтэх тохиолдол надад харьцангуй бага байдаг. Яагаад гэвэл, сэтгэл хөдлөлөө тухай бүрд нь гаргадаг. Оноо тэнцэх ч юм уу тоглолтын хариуцлагатай үед тоглолтыг аль болох гаднаас нь, өргөн зургаар харахыг хичээдэг. Бас сайн төвлөрч, сэтгэл хөдлөлөө дарах гэж оролддог. Тийм үедээ би амьсгалаа гүнзгий авч анхаарлаа төвлөрүүлдэг юм.  
-Багийн спортын амжилт бол хамтын хөдөлмөрийн үр дүн байдаг. Манай улсын шигшээ багийнхан хэр гар нийлдэг бол. Таны бодлоор бусдыгаа зангиддаг түлхүүр тоглогч нь хэн бэ?
-Манай шигшээ баг 2021 онд бүрдсэн боловч энэ жил анхны тэмцээндээ оролцлоо. Шигшээд баг багийн лидер нь ирсэн болохоор анхандаа нэгдэхэд хүндрэлтэй байсан. Заримдаа шигшээ багийн бэлтгэлийн үеэр ганцхан би л шантраад байгаа юм шиг мэдрэмж төрдөг байснаа нуухгүй. Тэгээд сэтгэл зүйч Золзаяагийн хичээлд хамрагдаж бодлоо хуваалцсан. Гэтэл надад төрсөн тэр мэдрэмж манай багийнханд ч адилхан байсныг сүүлд нь мэдсэн. Түүнээс хойш бид бие биенээ ойлгож, гар нийлж тоглоход илүү хялбар болсон юм шиг санагддаг. Ер нь баг доторх уур амьсгал тоглолтын үеэр илэрдэг учраас бүгд багийнхантайгаа дотно байхыг хичээх болсон. Манай багийг зангиддаг хүн нь багийн ахлагч Хосбаяр. Ахлагч маань биднийг чиглүүлэхээс гадна асуудал гарвал тухай бүрд нь хурдан шийдвэрлэдэг. 
-Та дасгалжуулагчаар нь ажилладаг “Тэмүүлэл” клубийнхээ талаар яриач. Ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамруулдаг юм шиг ажиглагдсан? 
-Манай ээж найзуудтайгаа “Нөхөрлөл” нэртэй сан байгуулсан юм. Энэ сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, тэднийг спортод элэгтэй болгох зорилгоор волейболын клуб байгуулахаар шийдэж “Тэмүүлэл” гэж нэрлэсэн. Ерөнхий боловсролын сургуулиудыг судалж байгаад Яармагийн  60 дугаар сургуулийг сонгон клубээ нээснээс хойш хоёр жил болж байна. Волейболын энэ клубт 60 дугаар сургуулийн хүүхдүүд л явах боломжтой. “Тэмүүлэл” клубийн хүүхдүүдэд “Нөхөрлөл” сангаас хичээл заах багш дасгалжуулагчаас эхлээд бөмбөг, бэлтгэлээ хийх заал зэргийг хангаж өгдөг. Хүүхдүүд ч маш идэвхтэй хичээллэж байгаа. Волейбол бол дан ганц спорт биш. Адилхан сонирхолтой найзуудтай болж, хүүхдийг багаар ажиллах чадвартай болгодог. Мөн хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлж,  тэсвэр тэвчээртэй, хүний үг даадаг, ах захаа хүндлэх ёсонд суралцуулдаг. 
-Одоо бэлтгэлдээ орох гээд  яарч байх шиг байна. Тиймээс оролцохоор төлөвлөж байгаа тэмцээнийг тань тодруулж ярилцлагаа өндөрлөе.  
-Шигшээ багийн хувьд Азийн аварга, Азийн наадам гэсэн томоохон тэмцээн биднийг хүлээж байна. Мөн энэ жил “Хилчин” клубээсээ үндэсний дээд лигийн тэмцээнд оролцоно. Бид 2021 онд болсон лигт амжилт гаргасан боловч дараагийнхад нь төдийлөн сайн оролцож чадаагүй. Тиймээс энэ жилийн лиг “Хилчин”  багийн маань хувьд чухал тэмцээнүүдийн нэг нь. Энэ утгаараа бид бэлтгэлээ тасралтгүй хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө