Д.Цогтбаатар: Эрүүл мэнд, боловсрол руу чиглэсэн ажил түлхүү зохион байгуулахыг зорьдог



Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн БНСУ-ын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, харилцан туршлага солилцов. Тодруулбал, БНСУ-ын Улсан хотын “Green Doctors” oлон улсын эмнэлгийн багийнхан 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад ирж, шүд, мэдрэл, уламжлалт, сэргээн засах, гэмтэл гэсэн таван чиглэлээр үзлэг, оношилгоо хийлээ. Тус багийн бүрэлдэхүүнд мэдлэг, туршлагатай, мэргэжлийн мэдрэлийн мэс засалч багтсанаараа онцлогтой байв. 

Хамтарсан багийнхан оношилж, эмчилж, зөвлөв 

Хамтарсан энэхүү арга хэмжээнд тус дүүргийн 200 орчим иргэн хамрагдсан бөгөөд тэдний заримд нь өөрийнх нь хүсэлтийн дагуу сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийв. Үзлэгт хамрагдсан иргэдийн өвчний онош, зовиур зэргээс шалтгаалан харилцан адилгүй хугацаанд уух эм өгч, зөвлөгөө мэдээллээр хангаж байлаа. 
Сэргээн засах эмчилгээний тэнхим, мэдрэлийн мэс засал, дорнын анагаах ухаан, шүдний эмч зэрэг хаягтай өрөөний үүдэнд дугаарлан зогсох иргэдийн тоо энэ төрлийн өвчлөл тийм ч бага биш гэдгийг илтгэнэ. Тэдний дийлэнхийг ахмад настнууд эзэлж байлаа. Монгол, солонгос эмч, сувилагч, орчуулагч зэрэг хэд хэдэн хүнээс бүрдэх багийнхан төлөвлөсөн тоондоо түүнээс ч илүү олон хүнд хүрч үйлчлэхийн тулд түргэн шуурхай ажиллаж, үзлэгт хамрагдсан иргэд  эхнээсээ гарч ирэв. Тэдний нэг, тус дүүргийн иргэн С.Тогоо “Миний нуруу өвддөг. Зовуурилаад хоёр сар орчим болж байна. Шалтгаанаа хэлээд үзүүллээ. Арав хоног уух эм бичиж өгч байна. Өдрийн гурваар уугаарай гэсэн” гэв. Түүнээс эмч нар “Зүү тавиулах уу” гэж асуухад нь татгалзжээ.  Харин өвчний зовууриасаа болж хэвтэрт байдаг  Л.Буянхүү хамтарсан багийнханд үзүүлж, уламжлалт эмчилгээ хийлгээд өвчин намдаад сайхан боллоо гэсээр гарч ирэв. Тэрбээр “Би мэдрэлийн судасны дарагдал гэдэг оноштой. Хол явж чаддаггүй, хэвтэрт байдаг. Жил гаруй хугацаанд шат шатны эмнэлэгт үзүүлж харуулж, эм ууж, эмчилгээ хийлгэсэн боловч тодорхой үр дүн гарахгүй л байна. Солонгос эмч нар намайг үзээд өвчин намдаах тариа хийсэн. Бас зүү тавьж, төөнүүр хийлээ. Мөн 15 хоног уух эм өглөө. Хэрэв эмээ ууж дуусаад өвчин нь намдахгүй, дахиад зовиуртай байвал мэс засалд орох шаардлагатай. Тантай эргээд холбогдоно гэж хэллээ” хэмээн сэтгэл хангалуун ярьж, цааш алхав. 
Сүхбаатар дүүрэг 20 хороо, 38782 өрх, 142444 хүн амтай. Тус дүүргийн Эрүүл мэндийн төв болон 16 Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн анхан шатны тусламж үйлчилгээг дээрх хүн амд үзүүлдэг байна. Нэг эмчид 1681, нэг сувилагчид 2036 иргэн ногддог аж. Магадлан итгэмжлэлд дөрөв дэх удаагаа хамрагдсан Сувиллын газраа ирэх онд Сэргээн засах төв болгон өргөжүүлэх, мөн таван давхар, 220 орны хүчин чадалтай, дэлхийн жишигт нийцүүлсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон нэгдсэн эмнэлэгтэй болох гэж буй тухай тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Х.Саранчимэг танилцууллаа. Иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо түлхүү хийдэг учраас хамтран ажиллаж, туршлага солилцох нь илүү үр өгөөжтэй гэдгийг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн Бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч дарга Б.Гэрэлт-Од онцлохын зэрэгцээ энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсанд, мөн хамтран ажилласан Солонгос улсын  “Green Doctors” багийнханд  талархал илэрхийлэв.  

“Green Doctors” багийнхан 14 улсын иргэдэд тусламжийн гараа сунгажээ 

Улс төр, шашин шүтлэг үл хамаарч үйл ажиллагаа явуулан мэдлэг, туршлагаа хуваалцдаг “Green Doctors” компанийг 2007 онд байгуулсан бөгөөд түүнээс хойш тус багийнхан 14 улс орны иргэдэд тусламжийн гараа сунгажээ. Харин энэ удаад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын урилгаар тус багийнхан Монгол Улсад анх удаа зочлон, таван чиглэлээр үзлэг, оношилгоо хийж буй нь энэ. Цаашид эрүүл мэндийн чиглэлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Би УИХ-ын гишүүнийхээ хувиар, ажлын албаараа дамжуулан Солонгос улсын эмч нарыг урьж, Сүхбаатар дүүргийнхээ иргэдэд үзлэг, оношилгоо хийх ажлыг зохион байгуулж байна.  Хоёр хоногийн хугацаанд солонгос эмч нар дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох юм. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг илүү сайжруулах, эмч нарын ур чадварыг нэмэхэд өөрийн зүгээс хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг санаачилсан юм. БНСУ эрүүл мэндийн салбараа богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлж чадсан. Орчин үед харилцан туршлага солилцох явдал хамгийн чухал. Солонгос эмч нар хэдий богино хугацаанд ажиллаж байгаа ч  эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарч буй шинэ, дэвшилтэт арга барил, технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлзүй гэх мэт олон зүйлийн талаар туршлага солилцох боломж бүрдэж байна. Энэ талаарх мэдлэг, мэдээллийг авахын тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай. Тиймээс практик туршлагатай, бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтран ажиллах нь богино хугацаанд  ахиц дэвшил бий болох эхлэл суурь юм. Товчхондоо, бага чулуугаар том чулуу хөдөлгөж байна гэсэн үг. Агаар, хөрсний бохирдолтой, элдэв янзын өвчлөл гарч буй ийм үед эмч нарт хөрөнгө оруулах нь иргэдэд хөрөнгө оруулалт хийж буй хэрэг. Энэ утгаараа иргэдийн боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагаа түлхүү зохион байгуулахыг зорьдог” хэмээв. 

Бёнчан Жиёон: Томоохон ажлыг зоригтой, тууштай зохион байгуулснаар үр дүнд хүрдэг 

Иргэдэд үзлэг, оношилгоо хийх явцад нь “Green Doctors” компанийн дарга, Мэдрэлийн мэс засалч, Анагаах ухааны доктор Бёнчан Жиёон цөөн хором ярилцаж, зарим тодруулахад нуруу, бүсэлхийний өвчлөлтэй хүмүүс нэлээд байдаг юм шиг санагдсан тухайгаа хэллээ. Тэрбээр “Энэ нь нэг талаараа илүүдэл жинтэй холбоотой. Тиймээс зовуурь арилгадаг, эмчилдэг мэргэжлийн эмч, эмнэлэгтэй болох нь зүйтэй болов уу. Солонгос улсын эрүүл мэндийн салбар хэдэн арван жилийн өмнө хөгжөөгүй, хоцрогдолтой байсан. Тухайн үед гаднын улс орны мэдлэг, туршлагатай эмч, мэргэжилтнүүд ирж, бидэнд сургалт орж, зааж зөвлөдөг байсан. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж, иргэд чанартай тусламж үйлчилгээг түргэн шуурхай, таатай байдлаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор 1978 онд тухайн үеийн Ерөнхийлөгч бүх иргэнийг эрүүл мэндийн даатгалд албадан хамруулах зэргээр томоохон ажлыг зоригтой, тууштай зохион байгуулж байсан. Ингэснээр бодит үр дүнд хүрсэн. Тиймээс Монгол Улс ч гэсэн энэ мэт томоохон ажлыг зоригтой, тууштай хийгээсэй гэж хүсэж байна” хэмээн ярилаа. 


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 19 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 19 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 19 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07