Улаанбаатарын “Их дуулга”-аас хойш хэсэг завсарласан жүдогийн цуврал тэмцээн эргэн ирлээ. Унгарын Будапешт хотноо дэлхийн чансааны эхний 36-д эрэмбэлэгдсэн шилдгүүдийн оролцдог “Мастерс” ангиллын тэмцээн амжилттай болж өндөрлөв. Таван тивийн 59 орны 419 жүдоч зодоглосон энэ тэмцээнээс 26 орны жүдоч ямар нэгэн байдлаар медаль авсны 10 нь алтан медальтай нутаг буцлаа. Шилдгүүд чуулдаг тэмцээний 14 алтан медаль 10 орны жүдочийн энгэрт гялалзсан гэхээр жүдо гэдэг спорт улам л даяаршиж, дэлхийн улс орнуудаас бага багаар шилдэг тамирчид төрөн гарсаар байна гэсэн үг. Чансаагаараа олимп, дэлхийн аваргын дараа эрэмбэлэгдэх тус тэмцээнийг мэргэжилтнүүд, сонирхогчид “Бага дэлхийн аварга” хэмээн тодотгосон. Чансаа өндөр байсан учраас ийн нэрийдсэн биз. Товч тойм хүргэе.
Медаль хүртсэн 56 тамирчнаас 12 нь олимп, дэлхийн медальгүй
Эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн шилдэг 36 жүдочоос жин тус бүрд 2-4 тамирчин л өнжсөн харагдана. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 52 кг-д Абэ Үта, 57 кг-д Л.Энхрийлэн, Ёшида Цүкаса, Момо Тамаоки, эрэгтэйчүүдийн 66 кг-д Абэ Хифүми, Ё.Басхүү гэх мэтээр бэртэл гэмтэл болон бусад шалтгаанаар 20 орчим жүдоч зодоглосонгүй. Дэлхийн шилдгийн шилдэг 419 тамирчин хуран чуулсан Будапештын татамигаас 56 жүдоч медаль хүртсэнээс ердөө 12 нь олимп, дэлхийн аваргын медальгүй байлаа. Харин үлдсэн 44 нь бүгд олимп, дэлхийн аваргын ямар нэг медальтай тамирчид гэхээр өрсөлдөөн ямар байсныг илтгэх биз. “Мастерс”-аас дөрөв дэх түрүүгээ авснаар Сойчи Хашимото домгуудын эгнээнд албан ёсоор багтаж, Микү Такайчи, Дистриа Красники нар тав түрүүлэх боломжоо алдлаа. Түүнчлэн Солонгосын Ким Вон Жин, Японы Микү Такайчи нар мөнхийн өрсөлдөгчдөө буулгаж авснаар Парисыг зорих дотоодын зорилгодоо нэг алхам урагшлах нь тэр. Өнгөрсөн тавдугаар сард Катарын Доха хотод болсон ДАШТ-д түрүүлсэн отгон аваргуудаас Израйлийн бярт Инбар Ланир аваргаа батлан шагналын подиумын хамгийн дээр зогсож, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Ланирын финал хүртэлх бүх барилдааны хугацаа нийлээд нэг минут хүрээгүйгээр барахгүй энэ удаагийн “Мастерс”-ын хамгийн хурдан ялалтыг есхөн секундэд толилуулсан. Хөлс гаргасан уу гэмээр. Ланир дэндүү хүчирхэгжиж, сэтгэл оржээ. Парисын олимп хүртэл энэ формоо хадгалах уу. Гүржийн эрэгтэйчүүд болон Францын эмэгтэйчүүд хосоороо финалдаж давхар цохилт толилуулав.
Монголын алдарт жүдоч Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар “Мастерс”-т хосоороо финалдаж алт, мөнгөн медаль хүртэж байсан нь саяхан мэт. Энэ “Мастерс”-ын онцлууштай тамирчин бол Финландын Мартти Пуумалайнэн, АНУ-ын Мария Лабордэ, АНЭУ-ын легионер тамирчин Б.Нармандах нар байлаа. Пуумалайнэн финал хүртэл Гүржийн Жела Заалишвили, Японы Тацүрү Сайто, дэлхийн чансааг тэргүүлэгч Тажикистаны Тимур Рахимов нарыг цувруулан хаясан. Улаанбаатарын “Их дуулга”-д хоёр ч удаа ирж барилдахдаа долдугаар байртай буцаж байсан энэ залуу оролцсон тэмцээн бүрдээ шагналт байрт шалгарч, чансаагаа аажим аажмаар ахиулсаар яваа. Гагцхүү медалийн тавцанд л зогсож чаддаггүй нэгэн байлаа. Харин “Мастерс”-т том тэсэрсэн нь энэ. Тэгвэл АНУ-ын жүдоч Лабордэ 10 жилийн өмнө дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. Тухайн үед Кубын тамирчин байсан юм. Хожим нь АНУ-ын иргэншилтэй болсон бөгөөд түүнээс хойш хамгийн том амжилтаа үзүүлсэн нь энэ. Өдгөө 33 настай түүний хувьд ирэх жил Парисын олимпод зодоглоод дэвжээгээ орхих гэнэ. Харин Баянмөнхийн Нармандах АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаад нэг жил ч хүрээгүй. Богино хугацаанд илт сайжирсан тэрбээр легионер тамирчныхаа үүргийг хангалттай биелүүлж, том тэмцээнээс олимп, дэлхийн медальтнуудтай шагналын тавцанд зогслоо. Улаанбаатарын “Их дуулга”-д азгүйтсэн тэрбээр “шинэ” Нармандах болсноо яруу тодоор харуулсныг онцлох нь зүйн хэрэг. “Мастерс”-ын шагналын тавцанд зогссон олимп, дэлхийн медальгүй 12 тамирчныг танилцуулъя. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Рёома Танака /Япон/, Б.Нармандах /АНЭУ/, 73 кг-д Бехрузи Хожазода /Тажикстан/, Петру Пеливан /Молдав/, 81 кг-д Гуйлерми Шмидит /Бразил/, 90 кг-д Алексис Мэтью /Франц/, +100 кг-д Мартти Пуумалайнэн /Финланд/, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү /Монгол/, 63 кг-д Лаура Фазлиу /Косово/, 70 кг-д Элисавет Телцидоу /Грек/, +78 кг-д Сью Шияан /Хятад/, Ким Хаюун /Солонгос/ нар байлаа. Тэгвэл жүдо бөхийн орнууд болох Герман, Казахстан, Азербайжан, Испани, зохион байгуулагч орон Унгарын баг хоосон хоцорлоо.
Монголчууд мөнгө, хүрэл медальтай ирэв
2010 оноос хойш зохион байгуулсан “Мастерс” тэмцээнд монголчуудаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн нь Будапештыг зорьсон 14 жүдочоос хамгийн өндөр амжилт байлаа. Дэлхийн шилдгүүд чуулсан гэдгээрээ сугалаа ч хатуухан таарсан. Монголчууд уг тэмцээнээс өмнө нь 30 медаль авсан бол дээрх хоёр тамирчин 31, 32 дахийг нь зүүв. Үүнээс гадна Б.Эрхэмбаяр, Г.Наранцэцэг, Б.Цогт-Очир нар шагналт байрт шалгарч, чансааны оноо авлаа. Б.Эрхэмбаярын хувьд медалийн тавцанд зогсох боломжоо жижигхэн алдаанаасаа болоод салхинд хийсгэсэн. Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогтоо л Японы шилдгүүдийн нэг, энэ тэмцээний түрүү бөх Сойчи Хашимототой таарсан бөгөөд торгуулиар ялагдсан. Тэгвэл хүнд жинг төлөөлсөн тамирчдаас О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн, Д.Номинзул нар тавхан хоногийн зайтай хоёр том тэмцээнд зодоглосон нь амжилтад сөргөөр нөлөөлөх шиг болов. Тэд нэлээд ядарсан байсныг дурдах нь зүйн хэрэг.
“Мастерс”-ын дараах чансаа
Жин тус бүрд түрүүлсэн жүдоч 1800 оноог авах бол дэд байр 1260, гуравдугаар байр 900, тавдугаар байр 648, долдугаар байр 468 оноог өөрийн чансаанд нэмсэн. Тэгвэл шинэчлэгдсэн чансаа гарсан бөгөөд эхний 36 байрт багагүй өөрчлөлт оржээ. Эрэгтэйчүүдийн долоон жингээс гагцхүү 60 кг-ын жингийн тэргүүлэгч солигдлоо. Рюүжү Нагаяма “Мастерс-т түрүүлснээр зургаан байр ахиж “өдөн” жинг манлайлах болов. Харин манай Э.Ариунболдын чансаа гурван байраар урагшилж, зургадугаар эрэмбэтэй болсон. Э.Сумъяабазар 22 /нэг байр ухарсан/, Б.Цогт-Очир 23 /таван байр ахисан/ дугаарт жагслаа. 66 кг-ын чансааг тэргүүлэгч гурван жүдоч байраа хадгалж үлдсэн бол Б.Эрхэмбаяр зургадугаарт, АНЭУ-ын Б.Нармандах чансаагаа есөн байраар ахиулж 28 дугаарт жагслаа. Энэ жинд “Мастерс”-т түрүүлсэн Японы Танака 19 байраар урагшилсан нь хамгийн том үсрэлт байв. Эхний 36-д эрэмбэтэй тамирчдаас ес нь чансаагаа ямар нэгэн байдлаар ахиулсан бол 23 тамирчных доошоо унажээ. 73 кг-д Хашимото, Лаша нар тэргүүлэгчийн ард орж ирсэн бол Ц.Цогтбаатар хоёр байраар ухарчээ. 81 кг-д Г.Болор-Очирын чансаа гурван байраар урагшилж 28-д жагслаа. 90 кг-ыг Гүржийн залуу олимп, дэлхийн аваргууд тэргүүлж байгаа бол -100 кг-ын чансаа 76 дугаар байр хүртэл хөдөлгөөн оржээ. Тухайлбал, Японы Аарон Вольф чансаагаа 13-аар ахиулж 42-т, Унгарын Миклос Циреникс 21 байраар урагшилж 56-д жагссан байх юм. Б.Гончигсүрэнгийн хувьд 10 дугаарт /нэг байр ухарсан/ эрэмбэлэгдэв. +100-д О.Цэцэнцэнгэл дөрөвт /нэг байр ухарсан/ жагслаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Италийн Ассунта Скутто тэргүүлж эхэлсэн бол Г.Наранцэцэг ес, Б.Баасанхүү аравт бичигдэж байна. 52 кг-ыг олимпын аварга Красники тэргүүлсэн хэвээр. АНЭУ-ын Б.Хорлоодой 11, Монголын Л.Сосорбарам 21 дүгээрт явна. 57 кг-ыг Канадын хослол тэргүүл байгаа бол манай Л.Энхрийлэн 10-т оржээ. Украины Дариа Билодед 10 байр урагшилсан бол М.Ичинхорлоо таван байраар ухарч 36-д эрэмбэтэй болов. Гэхдээ түүний хувьд дээд жиндээ барилдахыг илүүд үзэх болсон. 63 кг-д Б.Ганхайчийн чансаа нэгээр доошилж 38-д эрэмбэлэгдсэнээр шилдэг 36-гийн жагсаалтаар гарлаа. 70 кг-ыг тэргүүлэгч хэвээр байгаа бол -78-ыг отгон аварга Инбар Ланир манлайлж эхэллээ. Харин хамгийн хүнд жинг багагүй хугацаанд тэргүүлэгчийн байр сууринд заларсан Израйлийн Раз Хершко нэг байраар ухарсан бол түүнийг орон зайд Францын Романи Дикко орж ирэв. Монголын А.Адъяасүрэн 14 /нэг байр ахисан/, Д.Номинзул 30 /гурван байр ахисан/ дугаарт эрэмбэлэгдэж байна.
Дараагийн тэмцээн
11 хоногийн дараа Хорватын Загбер хотноо болох гранпри. 86 орны 540 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. 73-т бүр 57 жүдоч барилдах нь. Манайхаас эмэгтэйчүүдийн 63-т М.Ичинхорлоо, -78-д О.Хүслэн, эрэгтэйчүүдийн 81-т Г.Болор-Очир, 90-д Г.Алтанбагана нар зодоглоно. М.Ичинхорлоо сүүлийн үед 63 кг-д зодоглох болсон. Магадгүй дээд жиндээ бэлтгэгдэж байгаа юм болов уу. Цаашилбал, есдүгээр сард Африк, Пан Америкийн АШТ-тэй. Мөн Хятадын Ханжоуд Азийн наадам болно. Бакугийн “Их дуулга”-аас гадна хоёр ч нээлттэй тэмцээн байна. Аравдугаар сард хоёр нээлттэй тэмцээн, Абу Дабигийн “Их дуулга”, арваннэгдүгээр сард хоёр нээлттэй тэмцээн, Европын аварга, Номхон далайн орнуудын наадам, арванхоёрдугаар сард Токиогийн “Их дуулга”, мөн хоёр нээлттэй тэмцээн жүдо сонирхогчдыг хүлээж байна. Ингэснээр Олон улсын жүдо бөхийн холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээн дуусна. Харин олимпын жил буюу 2024 оны тэмцээн Португалын Лисбоны гранпригээр эхлэх хуваарь гарчээ.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна