Тус наадмын нээлт өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон бол гурав хоногийн өмнөөс тэмцээн уралдаан эхлэв. Энэ удаагийн наадмыг 11 спортын, 12 төрлөөр зохион байгуулж буй бөгөөд Зүүн Азийн бүсэд хамаарах долоон орны 870 гаруй тамирчин өрсөлдөж байна. Манай улсын хувьд анх удаа ийм том хэмжээний тэмцээнийг эх орондоо хүлээн авсан нь энэ. Тамирчдаас гадна шүүгч, дасгалжуулагч, төлөөлөгчдөөс бүрдсэн 700 орчим хүн Улаанбаатар хотноо цуглажээ. Мөн 450 эмч, дасгалжуулагч, техникийн ажилтан болон 2500 гаруй сайн дурын ажилтан оролцоно. Манай улс тус наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийг авах гэж 2014 онд өрсөлдөөд, Тайваньд ялагдаж байсан бол 2017 онд дахин өрсөлдөн, эрхээ авсан билээ. Тус наадмын эргэн тойронд болсон үйл явдлаас тоймлон хүргэе.
Ц.Бат-Энх: Бид зочид төлөөлөгчид, тамирчдаа сэтгэл хангалуун буцаах болно
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах гэж буй. Наадмын зохион байгуулалтын талаар “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо” ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энхээс тодрууллаа.
-”Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангаж чадсан уу?
-Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. Спортоор өрсөлдөөнөөр Азидаа тэргүүлэх түвшинд эрэмбэлэгддэг орнууд энэ бүсэд хамааралтай. Харин энэ удаад есөн орноос долоо нь тамирчдаа илгээжээ. Залуучуудын анхдугаар наадамд оролцогчдын өрсөлдөөн эхэлж, эхнээсээ медальтнууд тодорч байна. Манай улсад зохион байгуулж буй анхны спортын том наадам учраас зохион байгуулалтыг маш эртнээс базаасан. Бүрэн хангасан гэхэд болно.
-Нээлтийн ёслолын үеэр ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ?
-Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн үндсэн агуулгын хүрээнд найруулсан. Монголын эртний домгоос сэдэвлэсэн үзүүлбэр, тоглолтууд, лазер шоу зэрэг олон сонирхолтой урлаг, соёлын арга хэмжээг бэлтгэснээрээ онцлогтой. Эл наадам нь Монгол Улсад зохион байгуулж байгаа анхны хүүхэд, залуучуудын наадам тул тив, дэлхийд өрсөлдөж буй үе тэнгийн хүүхэд, багачуудаасаа суралцах, өөрийн сонирхлын спортын төрлөө олох зэрэг олон давуу талыг бий болгож байгаа. Наадмын хаалтыг бид энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайд хийх юм.
-Зүүн Азийн залуучуудын наадам ер нь хэр чансаатай тэмцээн бэ?
-Зүүн Азийн олимпын зөвлөл нь Олон улсын олимпын хорооны бүс нутгийн бүх үйл ажиллагааг хариуцдаг, хамгийн анхан шатны нэгж гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Олон улсын олимпын хорооны дүрэм, стандартын дагуу бүх арга хэмжээ нь зохиогддог, зохиогчийн эрхийн эрхтэй наадам. Энэхүү наадмыг зохион байгуулах эрх авахын тулд хоёр удаа өрсөлдөхдөө 2017 онд ялалт байгуулсан юм. Ингэхээр зургаан жилийн хугацаанд уг наадамд бэлдсэн гэсэн үг. Олимп зохион байгуулах эрхийн төлөө улс орнууд ямар их хүчин чармайлт гаргадаг билээ, яг түүний адилаар Зүүн Азийн залуучуудын наадмын эрхийг олж авахын төлөө 2014 оноос хойш манай спортын салбарынхан төр засгийн дэмжлэгтэйгээр уйгагүй зүтгэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь 18 хүртэлх насны ангиллаар зохиогдож буй анхны спортын тэмцээн гэдгээрээ онцлогтой. Мөн бид наадмаа олимпын наадмын дэг жаягийн дагуу зохион байгуулж байна.
-Олон улсын наадмын нэг чухал үзүүлэлт нь шүүгчдийн бүрэлдэхүүн байдаг. Энэ удаагийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар улсын шүүгчид багтаж байна вэ?
-Эхний ээлжид 11 спортын, 12 төрлийг харьяалдаг Азийн спортын холбоодоос албан ёсоор техникийн болон шүүгчийн төлөөлөгч, тэмцээн хариуцсан хяналтын хорооны ерөнхийлөгч гэсэн албаны хүмүүсийг томилуулсан. Эдгээр бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо, Монголын спортын холбоод хамтран тэмцээний техникийн гарын авлага гэх мэт бүх зүйлийг урьдчилан боловсруулаад Зүүн Азийн олимпын зөвлөлөөр хянуулан, бүсийнхээ хэмжээнд тараасан. Тивийн спортын холбоодоос энэ наадмыг зохион байгуулахаар олон улсын зэрэглэлийн 129 шүүгч, техникийн ажилтнуудыг томилоод буй. Эл бүрэлдэхүүнд Монгол Улсаас хэд хэдэн төлөөлөл багтсан.
-Манай улсад спортын томоохон тэмцээн зохион байгуулахад стандартын шаардлага хангасан ордон, цогцолбор дутагдаад байсан. Үүнийг хэрхэн шийдэв. Спортын ордон хүрэлцээтэй юү?
-Нэг үеэ бодвол төр, хувийн хэвшлийн спортын хэд хэдэн ордонтой болжээ. Тэмцээний хуваариас хамааран цөөн тооны спортын заалны тохижилтын ажил үргэлжилж буйг эс тооцвол хүрэлцээ хангалттай гэхэд хилсдэхгүй. Тэрчлэн бид тэмцээнд оролцож буй тамирчдыг бэлтгэл хийх боломжоор хангахаас гадна дотоод дахь тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг бүрэн хангасан байх ёстой. Тэр ч утгаараа өндөр зохион байгуулалттай ажиллаж байна.
-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?
-Энэхүү наадмыг зохион байгуулахад туслалцаа үзүүлж буй бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олны хүчээр наадам маань сайхан эхэлсэн. Оролцогчид ч сэтгэл хангалуун байх шиг. Ямартаа ч бид гаднаас ирсэн зочид төлөөлөгчдөө сэтгэл хангалуун буцаахын тулд бүхий л чадлаараа ажиллаж байна. Наадам зохион байгуулах хороонд ажиллаж байгаа олон хүний хүчин чармайлтаар бүх ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг хэлье. Үзэгчид, спорт сонирхогчид минь өөрийнхөө дуртай спортын төрлөөрөө залуучуудын гал гарсан өрсөлдөөнийг үзэж, сонирхоорой. Залуу тамирчдаа дэмжиж, тэдэнд урам зориг хайрлаарай гэж хүсмээр байна.
Олон улсын залуу сэтгүүлчид наадмын талбарт ажиллаж байна
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын үеэр Зохион байгуулах хороо, Монголын Үндэсний олимпын хороо, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо хамтран Олон улсын практикийн дагуу “Young Reporter” залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Бидний урилгаар Тайванийн ҮОХ-ны төлөөлөгч Ма Жень-Цо, Ван И-Тун, мөн Улаанбаатараас шалгарсан “Шинэ Эрин” сургуулийн сурагч Б.Энэрэл, Нэгдүгээр сургуулийн Б.Нямхишиг нар энэ хөтөлбөрийн азтай оролцогч боллоо. Формоза арлаас Монголд хөл тавьсан Мелани охин нь 16 настай, хөнгөн атлетикийн уртын харайлтаар хичээллэдэг бол 18 настай Ма Вень-Жо хөвгүүн сагсан бөмбөг тоглодог, хоёулаа Каошюн хотын ахлах сургуулийн сурагчид ажээ. Тэд анх удаа манай оронд зочилж байгаа бөгөөд харайгч нь Австрали, сагсчин нь Японд аялж байсан гэнэ. Тайванийн өмнөд боомт хот Каошюнаас ирсэн өсвөр сурвалжлагч маань хөдөө нутагт аялж, нүүдэлчний амьдралтай танилцан, морь унаж, тэмээ харах сонирхолтой гэнэ. Мэдээж энэ баг, олон улсын экипаж хоорондоо үерхэн нөхөрлөж, хамтдаа долоо хоногийг хөгжилтэй өнгөрөөн, алт, мөнгө, хүрэл медалийн ховор агшныг цугтаа үзэх нь дамжиггүй.
Монгол гэрийн тооныг бэлгэдэх медаль
Монгол улсад анх удаа болж буй спортын наадмын хамгийн чухал зүйлсийн нэг бол амжилт ялалтын батламж болсон медаль юм. Спортын наадмын үзэл санаа, агуулгыг тусгасан уг медалийн эх загварыг дархан О.Занабазар гарын ур, ухааны ур, мэлмийн ураа шингээн байж эзэн нь бахархан эдлэх эд хэмээн ихэд хичээн урлажээ. “Нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэх” гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон уг медалийн эх загварыг бүтээхдээ деталь бүрийг зөвхөн гар урлалаар хийсэн нь ямар их үнэ цэнтэй бүтээл болохыг гэрчилнэ. Монгол гэрийн унь, тооныг дээрээс нь харуулсан загвар бүхий наадмын медаль тун өвөрмөц шийдэлтэй болсон гэдгээрээ олны анхаарлыг татаад байна. Медалийн диаметр долоон см бол жин 165 гр.
Японы алдарт жүдоч Ясүхиро Ямашита Монголд ирлээ
ОУОХ-ны гишүүн, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, нэрт жүдоч Ясүхиро Ямашита Монгол Улсад болж буй Зүүн Азийн залуучуудын наадмын нэгэн онцлох хүндэт зочин болоод байна. Тэрбээр саяхан Японы жүдо бөхийн холбооны тэргүүний ажлаа өгсөн бөгөөд олимпизмдоо хүчин зүтгэхээр шийджээ. Ямашита Монголын шигшээ багийн бэлтгэлийг үзэж сонирхон, манай тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж, амжилт хүсжээ. Түүнчлэн “Олимпик хаус”-т тусгайлан зочилж МҮОХ-ны удирдлагуудтай санал солилцсон байна. Алдарт аварга Ясүхиро Ямашита Монголд анх удаа ирж байгаа нь энэ. Манай оронд болж буй залуучуудын Зүүн Азийн наадамд Японы шигшээ багийг ахалж ирээд буй “Лос-Анжелес-1984” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга, Японы үндэсний үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, хүнд жингийн алдарт жүдоч Ясүхиро Ямашита ганц ч ялагдаагүй замналаа өндөрлүүлсэн. 28 настайдаа зодог тайлсан Ямашита олон улсад албан ёсны 217 барилдаан хийснээс нэг ч ялагдаж үзээгүй.
Зүүн Азийн залуучуудын наадмын зочид “Олимпик хаус”-т
Манай эх оронд спортын 11 төрлөөр зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын зочид төлөөлөгчид “Олимпик хаус”-т саатжээ. БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Макао, Хонконгийн зочид төлөөлөгчдийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй албаныхан угтсан байна. Мөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар оролцсон аж. ҮОХ-дын төлөөлөгчид МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцаж, олимпын музей үзэж сонирхсоноос гадна “Mongolian House” төслийн хүрээнд хийж буй монгол гэрт зочилж, монгол ёс заншилтай танилцсан юм. Энэ үеэр хүүхдийн үндэсний бөхийн “Хуйрнан шуугигч” барилдааны 32 удаагийн аварга А.Даваабаатар, 22 түрүүт А.Ананд, нэг түрүүлж, 22 шөвгөрч байсан А.Мөнх-Амьдрал, улсын аваргын алтан медальт А.Дашням нар монгол үндэсний бөх барилдан сонирхуулсан бол сурын харваачид үндэсний сурын арга техникээс зааж сонирхууллаа.
Тэмцээн зохиогдох газар
Наадмын тэмцээн уралдаан спортын 10 барилга байгууламжид зэрэг явагдана. Тухайлбал, хөнгөн атлетикийн тэмцээнүүд Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд, бадминтоны тэмцээн Футзалын ордонд, хөлбөмбөгийн тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд, “Ган арена”-д 5х5 сагсан бөмбөг, Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөг, Монгол бөхийн өргөөнд бокс, “Степпе арена”-д жүдо, чөлөөт бөх, таеквондо, “Ган” спорт төвд ширээний теннис, Соёлын төв өргөөнд электрон спорт, “Буянт-Ухаа” спортын ордонд волейболын тэмцээн тус тус болж байгаа юм.
Б.МӨНХЗУЛ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна