Азербайжаны нийслэл Баку хотноо буудлагын 59 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 101 орны 1249 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 15 тамирчин цэц сорилоо. Тэднээс урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн 11 дүгээр байр эзэлж, “Парис-2024” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын анхны тамирчин болов. Түүний дасгалд эхний дөрвөн байрт олимпын эрх олгох ёстой байлаа. Тэгвэл О.Есүгэний өмнө жагссан тамирчдын ихэнх нь олимпын эрхээ авсан байсан учраас манай буудагч байр өгссөөр жагсаалтын гуравт багтаж эрхээ авсан юм. Дэлхийн аваргад оролцсон тамирчдын түрүүч өнөөдөр эх орондоо ирж байна. Бид Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд эрхээ авсан олон улсын хэмжээний мастер О.Есүгэнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
-Олимпын эрхээ авсанд баяр хүргэе. Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд эрх өвөртөллөө шүү дээ. Сэтгэгдлээ хуваалцах уу?
-Маш их баярлалаа. Сэтгэгдэл өндөр байлгүй яах вэ. Баг, хамт олноороо маш их баярласан. Сайхан байна.
-Олимпын эрх олгох тэмцээн гэдэг утгаараа өрсөлдөөн ихтэй байх шиг. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Дэлхийн аварга, дээрээс нь олимпын эрх олгодог гэдгээрээ өрсөлдөөн маш ширүүн байлаа. Буудлагын тамирчдын хувьд хамгийн их найдвар тавьдаг тэмцээн л дээ. Яагаад гэвэл дэлхийн аваргаас хамгийн олон буюу эхний дөрвөн тамирчинд эрх өгдөг. Миний хувьд ч хамгийн шаанстай, боломжтой тэмцээн нь ДАШТ учраас сүүлийн сум хүртлээ хичээлээ. Миний бэлтгэл сайн байсан учраас эрхээ авна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ дэлхийн аваргаас бус өөр тэмцээнээс. Харин ДАШТ-д эрх авах магадлал бага байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс гэнэтийн байлаа.
-Бэлтгэл хийхэд сумны хүрэлцээ тааруу байгаа талаар оны эхэнд ярьж байсан. Энэ асуудлыг хэрхэн даван туулсан бэ. Санасандаа хүртэл бэлтгэл хийж чадсан уу?
-Манай багийнхан өөрсдийнхөө байж болох бүх бололцоог ашиглаж бэлтгэлээ хийсэн. Бүгдээрээ формдоо орсон байлаа. Миний хувьд дээр хэлсэнчлэн бэлтгэл сайтай байгаа учраас үр шим нь гарч байгаа болов уу.
-Хоёр дахь олимпдоо оролцох эрхээ авсан хүн шууд л зорилгоо тодорхойлоод эхэлсэн болов уу?
-Буудлагын спортоор анх хичээллэж эхлэхдээ л олимпод өндөр амжилт үзүүлэх, медаль авахыг мөрөөдөж, хамгийн том зорилгоо болгосон юм. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Олимпод орохын тулд, амжилтын үзүүлэхийн өөрийгөө болон сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэхээс эхлээд шаргуу хөдөлмөрлөсөн. Үр дүнд нь хоёр дахь удаагаа олимпод цэц сорихоор болоод байна.
-Буудлагын спортод маш богино хугацаанд амжилт үзүүллээ гэж хувьдаа дүгнэж байна. 10 жилийн дотор хоёр дахь олимпдоо оролцох нь. Бас л том амжилт биз?
-Хүмүүст богино мэт санагдаж магадгүй. Харин надад бол урт хугацаа байлаа. 10 жилийн хугацаанд би тууштай байсан. Хэзээ ч бэлтгэлээ тасалж, хоцорч байсангүй. Шантрах үе маш олон байсан. Гэхдээ шантарлаа гээд бэлтгэлээ тасалж, буудлагаа орхисон тохиолдол огт байгаагүй юм. Тэгэхээр тууштай байж чадсаны үр дүн юм болов уу даа.
-Тэгвэл энэ спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?
-Анх 10 настайгаасаа биатлоноор хичээллэдэг байлаа. Хүч, хурд муутай хүн учраас буудлагаа сайжруулах нь зөв юм байна гэдэг сонголт дээр тогтож буудлагын төв дээр Энхжаргал багшдаа анх шавь орсон. Түүнээс хойш хоёр сарын дараа анхны тэмцээндээ оролцож нэгдүгээр зэрэгтэй болж байв. Багш ч надад урам өгсөн. “Дажгүй шүү. Буудаж болж байна. Гайгүй явахаар шинжтэй. Буудлагаараа үргэлжлүүлээд явж бай” гэсэн. Ингээд буудлага, биатлоныг нэг хэсэгтээ хослуулж байгаад сүүлдээ буудлагадаа сайн болж эхэлсэн учраас эргэлт буцалтгүй энэ спортдоо үлдсэн дээ.
-Токиод анх удаа олимпод оролцож байлаа. Анхны олимп гэдэг утгаараа сэтгэлд тань тод дурсамж үлдээсэн байх. Анхны олимпдоо оролцсон дурсамжаа хуваалцаач?
-Ер нь удаан хүлээж орсон олимп шүү дээ. Коронавирусийн цар тахлын улмаас бүтэн жил олимп хойшилж байгаа юм. Энэ хугацаан дахь хүлээлт маш удаан өнгөрсөн. Дээрээс нь олимпын эрх авсан шигшээ багийн тамирчдыг тусгаарлаж, долоон сар бэлтгэл хийсэн. Токиод очоод ч хотхоноосоо гарч болохгүй. Зөвхөн тэмцээн болох ордондоо л очдог. Сэлгүүцэх, зугаалах боломжгүй. Өглөө бүр шүлсээр ковидын тест өгнө. Хэдийгээр хэцүү байсан ч анх удаа олимпын хотхонд байрлаж, олимпод оролцсон гэдгээрээ маш гоё байлаа. Токиогийн олимпоос сэтгэлд хамгийн тод үлдсэн нь хотхон, зохион байгуулалт, хүмүүсийн харилцаа, уур амьсгал юм даа.
-Тэгвэл нэгэнт эрхээ авсан хүний хувьд Парисын олимпыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Францын Парист очихыг хүсэж, мөрөөддөг байлаа. Тэр утгаараа хүлээж, догдолж байна. Олимп ч гоё болно гэдэгт итгэлтэй байна. Дээрээс нь ковид байхгүй. Туршлагажсан Есүгэн очно. Их догдолж байна.
-Та урт буугаар бууддаг. Хийх бэлтгэл өөр байх уу. Ер нь ямар бэлтгэл голдуу хийдэг нь уншигчдад сонин байх болов уу?
-Бэлтгэл 10:00 цагаас бие халаалт, сунгалтын дасгалаар эхэлнэ. Дараа нь буугаа шагайж хэсэг зогсоно. Дараа нь буудна. Эхлээд хийн бууны 10 метрийн бэлтгэл хийгээд завсарладаг. Ингээд өдрийн хоолоо идэж, хэсэг амраад үдээс хойших бэлтгэл эхэлнэ. Улмаар 50 метрийн бэлтгэл рүү орно доо. Буудаж, шагайхаас гадна хүчний бэлтгэлийг долоо хоногт 2-3 удаа хийдэг. Хүчний бэлтгэл гэхээр төмөр өргөнө гэж төсөөлөх хэрэггүй. Гүйнэ, цанаар явна, усанд, сэлнэ. иогаар хичээллэнэ. Бэлтгэлжилт дуусаад ирэхэд долоо хоногт хоёр удаа гүйж формоо хадгалдаг. Мөн ууланд алхана, дугуй унана. Хүмүүс буудлагын тамирчин гэхээр л буу шагайхаас өөр бэлтгэл хийдэггүй мэтээр ойлгодог. Гэтэл тэмцээний үед тэсвэр, тэвчээртэй дээр дурдсанчлэн хүчний бэлтгэлийг хөнгөн хэлбэрээр хийж байгаа юм.
-Та сэтгэл хөдлөл хэр ихтэй вэ. Түүнийгээ яаж илэрхийлдэг бол?
-Амьдрал дээр бол сэтгэл хөдлөлөө ил гаргаж чаддаг хүн. Бүр сэтгэл хөдлөл ихтэй хүмүүсийг бодвол харьцангуй гайгүй. Харин бэлтгэл болон тэмцээний үед түүнийгээ дарж чаддаг. Өөртэйгээ ярилцаж, өөрийгөө хянадаг. Ер нь бол хичээллэдэг спортоос шалтгаалаад сэтгэл хөдлөлөө дарж, нууж чаддаг хүн дээ.
-Тамирчдад цаг зав бага гардаг. Тэр хэрээр чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг юм билээ. Таны хувьд юу хийдэг вэ. Үйлэнд уран гэж сонссон юм байна?
-Завгүй гээд залуу насаа золиослоно гэж юу байх вэ. Гэр бүлдээ ч, найз нөхдөдөө ч зав гаргадаг. Завгүй байсан ч өөртөө зав гаргаж байж энэ амьдралаас таашаал авна шүү дээ. Сайн сайхныг мэдэрнэ. Зөвхөн бэлтгэлд л анхаарал хандуулаад байвал стресстэнэ, дарамтад орж эхэлдэг. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийж, ням гарагт амардаг. Амарч байгаа үедээ гэрийнхэндээ гарын хоолоо хийж өгнө. Зун хөдөө явах дуртай. Аав мужаан, ээж оёдолчин. Аав, ээжийн минь мэргэжлээс надад бага зэрэг өвлөсөн юм шиг байна билээ. Даалин оёж байгаа ч цаг заваас шалтгаалаад удаашралтай, одоо болтол дуусаагүй л байна. Гоё хийцтэй даалин хийхийн тулд заавал суух шаардлага гардаг ч надад тийм зав одоогоор алга.
-Дарамтаас хэр эмээдэг вэ. Монголчууд амжилт тааруу тамирчныг элдвээр шүүмжилж, доромжлох нь энүүхэнд. Энэ хандлага буудлагынханд гайгүй байдаг юм шиг санагдсан?
-Миний тухай мэдээ сайтууд дээр гарахад доор бичсэн сэтгэгдлүүд их эвгүй санагдаж билээ. Анх удаа сэтгэгдэл уншиж үзээд дотор давчдаж уйлж байлаа. Одоо болтол ямар ч дарамтаас айдаггүй. Өөртөө дарамт, ачаалал өгч тэмцээнд оролцвол хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй. Сэтгэл зүй ч тогтворгүй байна. Өөрөө энэ спортыг сонгоод хичээллэж байгаа учраас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Би буудлагаас аз жаргал мэдэрч, таашаал авахын тулд хичээллэж байгаа. Хэн нэгний өмнөөс яваагүй. Хэн нэгэнд таалагдахын тулд буудлагаар хичээллээггүй учраас өөрийнхөөрөө байж, өөрөө л дүрмээ зохиодог.
-Дарамттай, сэтгэлээр унасан үед хэрхэн тайтгардаг вэ. Тамирчин хүнд энэ чухал байх?
-Сэтгэлээр унах үе байлгүй яах вэ. Эморно, дуулна, уйлна. Хамгийн ойр дотны, найдвартай хүмүүстээ дотроо уудалж яриад л тайвширдаг.
-Буудлагаар хичээллээд 10 жил болжээ, та. Энэ хугацаанд спортоо орхих тухай бодож байсан уу. Энэ бол уламжлалт асуулт л даа?
-Олон олон. Ярих юм биш. Наснаасаа олон удаа болилоо, бүтэхгүй юм байна гэж бодож байлаа. Нэг тэмцээнд ороод тааруу амжилт үзүүлбэл “За за, ерөөсөө больсон нь дээр юм байна” гэж бодно. Гэхдээ энэ спортыг нэгэнт сонгоод, сэтгэл зүрхээ зориулаад өдий олон жил явсан болохоор больж чаддаггүй юм билээ. Болиогүй учраас өнөөдөр би хоёр дахь олимпдоо оролцох эрхээ аваад зогсож байна. Хэдийгээр болих тухай боддог ч спортоо, бэлтгэлийн заалаа орхиж явсан тохиолдол огт гараагүй шүү, харин.
-Танд өгсөн хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ. Хэн өгсөн бэ?
-Хийж байгаа зүйлээсээ таашаал мэдэр. Өөрийгөө аз жаргалтай болгож байгаа мэдрэмжийг мэдэр. Энэ үгийг миний хүргэн ах надад хэлж байлаа. Тэр үг миний одоогийн амжилтад маш их нөлөөлдөг. Хүн дуртай зүйлээ хийж, түүнээсээ зугтах, төвөгшөөх хэрэггүй. Дурлаж хийсэн зүйлээ дарамттайгаар хүлээн авах хэрэггүй юм байна гэдгийг ахынхаа үгнээс ойлгосон доо. Би ганц л амьдарна. Хийж байгаа зүйлээсээ аз жаргал, таашаал мэдрэх ёстой юм билээ. “Хүний амьдралд нэг их зүйл хэрэггүй дээ” гэдэг шиг.
-Хэдийгээр тэмцээнд оролцоод завгүй байгаа ч цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Парисын тэнгэр дор зорилгоо биелүүлээд уулзахын ерөөл өргөөд сүүлийн хормыг танд үлдээе?
-Маш их баярлалаа. Намайг үргэлж дэмждэг аавдаа, гэр бүлийнхэндээ баярлалаа. Хайртай шүү. Монголын буудлага спортын холбоо, МҮОХ, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Монгол чех металл” компанийн Далай захирал, “Гео сан” компанийн Ихбаяр ахдаа, “X Meta”-гийнхаа хамт олон, буудлагын спортын анхны “А” үсгийг зааж өгсөн Энхжаргал багшдаа, баяр хөөр, гунигтай бүхий л цаг үед минь хамт байдаг хайрт Ганхуяг багшдаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Надад итгэдэг бүх хүнд талархаж байна.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна