Т.Отгонжаргал: Монголоос төрсөн олимпын анхны аварга эмэгтэй болмоор байна


Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорватын Загреб хотноо өндөрлөж, Монголын баг цор ганц мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Өнөө цагийн шилдэг жүдочдын залгамж халаа болсон өсвөрийнхөн шүүгчийн буруу шүүлтээс болж хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Гэхдээ нэр төрийн медалиа эмэгтэйчүүдийн хамгийн бага жин буюу 44 кг-д хүртсэн. Энэхүү медалийн эзэн нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын харьяат “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Тогтбаатарын Отгонжаргал юм. Эгчийгээ дагаж есөн настайдаа жүдод хөл тавьсан тэрбээр Монголоос төрсөн олимпын анхны эмэгтэй аварга болох том зорилго тээж яваа аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 -Дэлхийн дэвжээнд үзүүрлэ­сэнд баяр хүргэе. Баярт мөчийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Хоёр том тэмцээнд дараалан финалдлаа. Нутагтаа түрүүлж болсон юм чинь дэлхийн аваргад бас түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэсэн зорилготой очсон. Гэвч финалын барилдаанд жижигхэн алдаа гаргаад хожигдсон. Түүндээ жоохон сэтгэл дундуур үлдсэн.

-Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг авсан шүү дээ. Тэр тэмцээнээс хойш хоёр хоногийн дараа Загребыг зорьсон. Ойрхон хоёр том тэмцээнд оролцоод ядарсан уу?

-Бага зэрэг ядарсан. Гэхдээ багш, хамт олныхоо өгсөн сэтгэлийн дэмээр богино хугацаанд сэргэлт авсны хүчинд Монголын багийн цор ганц медалийг авч чадлаа. Загребт төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой очсон учраас нэлээд хүч шавхсан барилдаан хийсэн шүү. Өөрөөс гарч болох бүхнээ л дайчилсан даа. Үр дүнд нь мөнгөн медальтай эх орондоо ирлээ. 

-Нутагтаа түрүүлж, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө төрийн дууллаа сонсох ямар байсан бэ?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж. Анх удаа ийм том тэмцээнд оролцож, тэр мэдрэмжийг авсан шүү дээ. Яг шагнал гардах мөчид төрийн дуулал эгшиглэхээр өөрийн эрхгүй монгол хүн болж төрснөөрөө бахархаж огшдог юм билээ. Тэр гоё мэдрэмжийг хүн бүр аваад байж чадахгүй. Тамирчин хүнд л олдох онцгой тохиол юм шиг санагдсан.

-Зүүн Азийн залуучуудын наадам анхны том тэмцээн байв уу?

-Тийм. Тэр утгаараа өөртөө өндөр шаардлага тавьсан хэрэг.

-Зүүн Азийн залуучуудын наадам, өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртэх гээд шагналын тавцан дээр зогсож байхад юу бодогдох юм бэ?

-Эх орон, ээж, аав, багш нар маань бодогдсон доо. Намайг өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн ээж, аавдаа хамгийн түрүүнд баярласнаа хэлмээр санагдсан. Бас миний амжилтын гол түлхүүр болсон багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулсан юм шиг мэдрэмж төрж байлаа. Зүүн Азийн залуучуудын наадамд төрийн дууллаа сонсоод уйлмаар санагдсан ч биеэ барьсан. Олон хүний өмнө баярын нулимсаа үзүүлэхгүйн тулд сэтгэл хөдлөлөө ил гаргахгүйг хичээсэн. Хэдийгээр би дэлхийн аваргаас медаль хүртсэн ч бусад маань зорилгодоо хүрч чадаагүй. Ялангуяа медалийн төлөө барилдаад ялагдсан тамирчдад маш хэцүү байсан. Тэднийг хараад надад баярлах, баяраа тэмдэглэх мэдрэмж төрөөгүй. “Хамтын хүч амжилт” гэдэг шүү дээ. Баг хамт олныхоо дэргэд амжилтаа тэмдэглэх нь зохимжгүй санагдсан учраас би сэтгэл хөдлөлөө барьж чадсан. Бид нэг л баг учраас ялалтаа ч, ялагдлаа ч хамтдаа тэмдэглэх, үүрэх ёстой гэж боддог.

-Дэлхийн аваргад өөрийгөө хэрхэн бэлдэв?

-Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлсний хүчинд өөртөө итгэлтэй болсон. Тэр алтан медаль надад маш их эрч хүч, урам зориг өгсөн. “Яг энэ эрчээ алдалгүй барилдах юм шүү. Хэдийгээр хүний нутаг ч гэлээ адилхан л жүдогийн дэвжээ. Тиймээс хийх ёстойгоо л хийгээрэй” гэж өөртэйгөө ярилцаж байлаа. Бас миний аав явахын өмнө надад захьсан. “Хүн бүр адилхан гар, хөлтэй. Тиймээс айж бэргэх зүйлгүй. Ялсан ч, ялагдсан ч зоригтой барилдаж бай” гэж аав минь үргэлж хэлдэг юм. Энэ үг надад хүч хайрласан. Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багш “Чаддаг зүйлээ тултал хийгээд сайн барилдаарай. Тэр чамайг ялалтад хүргэнэ. Чамаас илүү хүн байхгүй шүү. Өөрийнхөө мэхийг өрсөж л хийвэл ялна, түрүүлнэ” гэсэн. Багш өөрөө эмоцитой хүн учраас зөвхөн надад бус шавь нартаа маш их эрч хүч бэлэглэдэг юм. 

-Анх удаа дэлхийн аваргад барилдлаа. Өөрийнхөө үеийн орон орны шилдгүүдтэй барилдах ямар байсан бэ?

-“Би үнэхээр чадлаа” гэж хамгийн түрүүнд бодсон. Хагас шигшээд маш хүнд барилдаан хийсэн. Тэр ерөөсөө санаанаас гарахгүй байгаа юм. Барилдаан эхлээгүй удаагүй байтал юу юугүй намайг хоёр торгосон. Эндээс л бүх зүйл эхэлсэн. Үнэлгээ аваагүй, торгуулиар ялагдаж явсан учраас “Одоо л юу чаддагаа харуулах юм шүү” гэсэн бодолтойгоор барилдаанаа үргэлжлүүлсэн. Сандарч, тэвдэхгүйг хичээсэн. Барилдааны санаачилгыг гартаа авснаар ялалтыг өөрийн талд эргүүлж, өрсөлдөгчөө торгуулиар хожлоо. Яг энэ мөчид цээжнээс нэг том бул хар чулуу аваад хаясан юм шиг санагдаж билээ. Финалдсандаа итгэж чаддаггүй. Магадгүй дотроо сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулсан байсан болохоор жижиг алдаа гаргасан байх. Гаднаа сэтгэл хөдлөлөө барьж байгаа мэт боловч дотроо асар их хөөрөлтэй байсан. “Алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлнэ шүү” гэсэн бодол минь надад финалын барилдааны үеэр дарамт болсон байж ч мэднэ. Гэхдээ энэ тэмцээн надад том сургамж боллоо. Дээрээс нь өрсөлдөгчөө бассан тал бий. Өөртөө хэт итгэлтэй байж, өрсөлдөгчөө дутуу үнэлсэн нь миний алдаа болсон.

-Дээр дурдсан хоёроос өмнө ямар тэмцээнд оролцов?

-Монголдоо болсон бүх тэмцээнд оролцохдоо медалиас мултарч байгаагүй. Улсын аваргад л гэхэд хоёр түрүүлсэн. Самбын улсын аваргаас иж бүрэн медальтай. Залуучуудын улсын аваргаас хүрэл медаль авч байлаа. Олон улсын том тэмцээнд барилдаж үзэж зорилготой байсан нь биеллээ оллоо. Миний нэг давуу чанар байдаг юм. Тэр нь өөртөө дэндүү итгэлтэй байж чаддаг.

-Дэлхийн дэвжээнээс медаль хүртээд эх орондоо ирэхэд олон хүн тоссон харагдлаа. Бас л сайхан мэдрэмж биз?

-Тэгэлгүй яах вэ. Ёстой сайхан мэдрэмж. Өмнө нь зурагтаар, сошиалаар амжилт үзүүлсэн ах, эгч нарыг сүр дуулиантайгаар тосон угтаж байхыг л харж байлаа. Тэр мөч өөрт ирэхэд үнэхээр огшиж байгаа юм чинь. Бид үүрийн 05:00 цагт эх орондоо ирсэн. Гэтэл Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багш минь өөрийн биеэр намайг тосох тэр мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй. Багшдаа үнсүүлээд, алдаан дээрээ ярилцаад явах сайхан байсан. Том тэмцээнээс ирээд нэг ч хоноогүй бэлтгэлдээ орсон ч энэ зааландаа ирэх гоё байна. Хамт олонтойгоо хөлсөө гаргах шиг сайхан зүйл үгүй. Найзууд маань ч намайг сайхан хүлээж авч, бүгд баяр хүргэсэн. Яг үнэндээ “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Мон-Алтиус” ахлах сургуульд орсноосоо хойш огцом сайжирсан шүү.

-Ингэхэд энэ спортыг сонгосон шалтгаан юу вэ?

-Эгчийн нөлөө юм даа. Миний эгч жүдогоор барилдаж байсан. Мөн самбо бөхийн залуучуудын Азийн аварга болж байсан. Харамсалтай нь, бэртэл гэмтлээс болж их спортоо орхисон. Үүнд нь харамсдаг. Жүдо бол хүндлэл юм. Ялсан ч, ялагдсан ч ёслоод, гар бариад дэвжээнээс буух нь надад таалагдсан. Миний жүдог сонгосон шалтгаан энэ юм болов уу. Эгчийн бэлтгэл, барилдааныг харах гоё санагддаг байж. Эгчийнхээ гараас атган жүдо бөхөд хөл тавьж байлаа. Тэр үед есөн настай байсан юм. Хөвсгөл аймгийн дасгалжуулагч Очирбат багшаараа жүдогийн “А” үсэг заалгаж, анхны сууриа тавьсан. Багш минь “Чамд ирээдүй байна. Хотод Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар шинэ дэвжээ нээж, элсэлт авч эхэлсэн байна. Чи очоод үзэх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Ингэж л хотод анх ирж байлаа. “Мон-Алтиус Цагаанбаатар” академид ирээд системтэй бэлтгэл хийж эхэлснээр богино хугацаанд сайжирсан. Болохгүй байгаагаа ярилцаж, нэг амжилтын төлөө хамтдаа зүтгэж байгаа нь миний энэ том амжилтын үндэс суурь юм болов уу. Миний амжилт зөвхөн надтай хамааралгүй. Бид бүгдийн, надтай хамт бэлтгэл хийж байгаа бүх тамирчны, багш нарын минь амжилт юм. “Мон-Алтиус Цагаанбаатар” академийнхан хамтдаа энэ амжилтыг гаргасан юмаа. Яагаад гэвэл би энд ирэхдээ тонгордог ганц мэхтэй л байлаа. Одоо бол үүрнэ, унаж шиднэ, жийнэ, нааж хавирна. Цаашдаа хэвтээ барилдаанд өөрийгөө сайжруулах зорилготой. 

-Жүдогоор барилдахаар болсноо гэрийнхэндээ дуулгахад хэр хүлээж авсан бол?

-Дуртай зүйлээ л хий гэсэн. “Битгий шантраарай” гэж аав хэлсэн. Намайг цаг ямагт дэмждэг учраас өнөөдөр би жүдогоороо тууштай явж байна. Аав, ээж минь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумандаа, харин би хотод ах, эгчтэйгээ амьдардаг. Энэ ташрамд, намайг хориглоогүй, миний хүсэл мөрөөдлийг дэмжсэн аав, ээждээ баярлалаа гэж хэлье.

-Анх удаа хилийн дээс давахад ямар санагдсан бэ?

-Гоё юм билээ. Монголоос тэс өөр орчин. Шинэ мэдрэмж төрүүлсэн. Миний очиж үзсэн анхны гадаад орон учраас сэтгэлд тод үлдэх байх. Дэлхийн дэвжээ миний төсөөлснөөс том юм билээ.

-Шантрах үе байсан биз?

-Байлгүй яах вэ. Шантраад спортоо орхино гэхэд миний эгч аргаддаг байлаа. “Чаддаг, дуртай зүйлээ болихоор чи цаашид юу хийх вэ. Өөртэйгөө сайн ярилцаад үз” гэж хэлнэ. Ингээд өөртэйгөө бүтэн өдөр ярилцсан. Шантарсан ч жүдог орхиж чадахгүй юм байна гэдгээ мэдэрсэн. Тиймээс үргэлжлүүлсээр байх болно. Шантрах тухай дахин бодохгүй.

-Зорилгоо тодорхойлсон уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ удаад дэлхийн аваргад үзүүрлэлээ. Тиймээс алдаагаа засаж, заавал дэлхийн дэвжээнд түрүүлнэ. Дараа нь Монголоос төрсөн олимпын анхны эмэгтэй аварга болохыг зорьж, мөрөөдөж байна. Хэдийгээр спортоо орхисон ч миний эгчийн мөрөөдөл бас олимп, дэлхийн аварга байсан. Тиймээс өөрийн зорилгоос гадна эгчийнхээ мөрөөдлийг биелүүлнэ. Хэрвээ эгч минь энэ сайхан спортыг гоё, сайхныг мэдрүүлээгүй бол би өнөөдөр жүдогийн тамирчин болоод дэлхийн аваргаас медаль хүртэхгүй байсан биз. Тиймээс эгчдээ баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг өөрт тань үлдээе?

-Маш их баярлалаа. Энэ спортоор хичээллэхэд дэм үзүүлэн ялалт, ялагдал бүхэнтэй хамт байдаг хайртай гэр бүлдээ талархал илэрхийлье. Амжилтын эх үндэс болсон ачит багш нартаа, бэлтгэл хийдэг хамт олондоо баярлалаа. Дэлхийн аваргад оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн удирдлагууд, Монголын жүдо бөхийн холбоо болон намайг дэмжсэн бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид олон тэмцээнд амжилт гаргаж, та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахаа амлаж байна.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө