Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Азийн зуны спортын XIX наадам маргааш Хятадын Ханжоу хотод хөшгөө нээнэ. Энэ удаагийн наадамд Азийн 45 Үндэсний олимпын хорооны 10 мянга гаруй тамирчин 40 спортын 61 төрөлд ур чадвар, хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Манай улсаас 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчнаа сойх юм. Үүнээс гадна 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс тус наадмыг зорьж буй нь түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт билээ. Коронавирусийн цар тахлын хөл хорионы дараа болж буй гэдгээрээ онцлогтой тус наадмыг Монгол Улсын баг ийм өргөн бүрэлдэхүүнтэй зорьж байгааг зохион байгуулагч орныхон онцолсон. Азийн наадамд зохион байгуулагч орон хамгийн олон буюу 800 орчим тамирчнаа оролцуулах бол Монгол, Япон, БНСУ, Энэтхэг эхний тавд багтаж байна. Маргааш хөшгөө нээх Азийн олимпын эргэн тойрон дахь мэдээллийг багцлан хүргэе.
Монголчууд Азийн наадамд
Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргаж, нээлтэд мандуулах төрийн далбаа гардуулах ёслол болж өнгөрсөн. Энэ удаагийн наадамд Монголын далбааг өргүүлэхээр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчин Б.Ариунцэцэг болон хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нарыг сонгожээ. Харин МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Ганбаатар баг тамирчдаа ахална. МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн “361” брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа нэг тэрбум гаруй төгрөгийн иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангасан аж. Өнгөрсөн мягмар гарагт Азийн наадмын тамирчдын хотхонд Монголын багийн төрийн далбааг албан ёсоор мандуулж, шар тивийн олимпод оролцогч гэдгийг зарласан юм. Тамирчдын тосгонд Монголын далбааг мандуулах ёслолын үеэр манай багийн ахлагч А.Ганбаатар Хятадын “CCТV”-д өгсөн ярилцлагадаа “Халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлье. Энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өндөр амжилт гаргахыг зорьж байна” гэжээ. Монголчууд 1974 оны Тегераны наадмаас хойш 11 удаа баг тамирчдаа илгээхдээ 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл, нийт 155 медаль хүртжээ. Нийт 11 удаа оролцохдоо алтан медалийн буухиа тасарсан түүхгүй. Оргил амжилтаа 2014 онд Солонгосын Инчеон хотод үзүүлсэн байдаг. Тус хотод болсон Азийн XVII наадамд монголчууд спортын 21 төрөлд 231 тамирчнаа илгээхдээ таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 16 дугаар байр эзэлж байлаа. XIX наадмын багийн тэмцээн эхэлсэн бөгөөд хөлбөмбөг, волейбол, крикетийн тэмцээнд Монголын баг өрсөлдөж байна. Эмэгтэй крикетчид түүхэндээ анх удаа тивийн олимпод өрсөлдөж буйгаараа онцлогтой. Монголын баг Азийн наадмаас жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийг өргөлт, жюү жицү, кураш, таэквондо, шатар, байт харваа, дугуй, электрон спорт, сагсан бөмбөгийн 3х3 гэсэн төрлөөр медаль авах боломжтой юм. Монголын баг Азийн наадмыг ганцхан удаа өнжсөн нь 1986 он юм. Тухайн Азийн наадам Солонгосын Сөүл хотод болсон бөгөөд манай баг хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан өнжсөн түүхтэй.
Ханжоугийн наадмыг өргөн фронтоор сурвалжилна
Монголчууд Азийн наадмыг анх 2006 онд шууд хүлээн авсан байдаг. Катарын Доха хотноо болсон эл наадмыг ТВ5 телевиз мэргэжлийн тайлбартайгаар эх орон даяар анх удаа шууд дамжуулсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголын телевизүүд тивийн олимпыг үзэгчдийн хүртээл болгосоор байгаа. Тэгвэл энэ удаа МҮОНТВ, С1, NTV, UBS, Tenger, Сүлд, ТВ9 гэсэн долоон телевизийн уран бүтээлчид Ханжоугийн наадмыг шууд дамжуулах аж. Үүнээс гадна Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, олимпын гэрэл зурагчин Ч.Ганбатаар ахлуулсан сэтгүүлчдийн баг Ханжоуг дайлаар мордож, 38 хүний бүрэлдэхүүнтэй өргөн фронтоор олон талт мэдээлэл хүргэхээр урд хөршийг зорив. МССХ-ны ерөнхийлөгч Ц.Цагаанбаатар “Ханжоу 2022” Азийн наадмыг түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу нийт 38 гишүүнтэй баг сурвалжлах болсныг онцолжээ. Харин МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг спорт, олимпизм, баг тамирчдаа дэмжин МҮОХ-той тогтмол хамтран ажилладаг хэвлэл, мэдээллийн хамт олонд талархал илэрхийлж, Азийн наадмыг сурвалжлах ажилд өндөр амжилт хүслээ. Өдгөө үргэлжилж буй Монголын хөлбөмбөгийн багийн тоглолтыг ТВ9, волейболын тоглолтыг Сүлд, эмэгтэй крикетчдийн тоглолтыг С1 телевизээр хүлээн авч үзэх боломжтой.
Хятадууд гурав дахь удаагаа Азийн наадмыг зохион байгуулна
Азийн наадмыг хамгийн олон зохион байгуулсан улс бол Тайланд. Тус улсын нийслэл Бангкок хотод 1966 оны тивийн олимпыг анх зохион явуулсан. Дөрвөн жилийн дараа БНСУ-ын Сөүлд болох байсан ч цуцлагдаж, тайландчууд тивийн наадмыг дахин хүлээн авсан билээ. Харин 1978 онд Сингапур эрх авсан ч санхүүгийн асуудлаас болоод татгалзахад Бангкок хотод гурав дахиа болж байв. Хамгийн сүүлд 1998 онд дахин Бангкок хотод болоход анх удаа 42 орны 10 мянган тамирчин оролцсон юм. Тэгвэл БНХАУ гурав дахиа зохион байгуулж байна. Урд хөршид анх 1990 онд Бээжинд тивийн шилдгүүд чуулсан бол үүнээс 20 жилийн дараа 2010 онд Гуанжоуд болсон түүхтэй. Үүнээс хойш 13 жилийн дараа тивийнхээ олимпыг эх орондоо дахин хүлээн авч байгаа нь энэ бөгөөд Ханжоу хот Азийн наадамд зориулан багагүй бүтээн байгуулалт хийсэн байна. Азийн наадам нь хамгийн анх 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотод нээлтээ хийж байв. Энэ үеэс одоог хүртэл Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын таван төрөл байдаг нь хөнгөн атлетик, сагсан бөмбөг, хөлбөмбөг, усанд сэлэлт, усны поло аж. Азийн наадмыг зохион байгуулагч орны Тамирчдын тосгоны дарга Ли Хуолин Азийн наадмын тамирчдын тосгон нь 20 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1000 гаруй сайн дурын ажилтан баг тамирчдын тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцолжээ. Түүнчлэн баг тамирчид тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг хэлсэн байна.
Эмэгтэй крикетчид шинэ хуудас нээлээ
“Ханжоу 2022” Азийн наадмын спортын төрөлд эргэн ирсэн крикетийн эмэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг урьдчилсан шатанд Индонезийн багтай учраа таарлаа. Азийн спортын их наадамд гурав дахь удаагаа багтаж буй крикетийн төрлөөр манай тамирчид анх удаа тивийн олимпод хүчээ сорьсон нь энэ юм. Урьдчилсан шатны эхний тоглолтод манай эмэгтэй баг Индонезийн шигшээд 187/4:15/10 оноогоор дийлдлээ. Тивийн төдийгүй томоохон тэмцээнд анх удаа хүч сорьсон бүсгүйчүүд хоёр дахь тоглолтоо Хонконгийн эсрэг хийж ялагдсан байна. Крикет өмнө нь 2010, 2014 онд хөтөлбөрт багтсан ч таван жилийн өмнөх Жакартагийн наадмаас хасагдсан билээ.
Хог хаягдалгүй наадам
Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ. Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ. Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулжээ. Наадмын зохион байгуулагчид энэ үеэр хог хаягдлыг ангилан ялгах системийг бий болгож, хаягдалгүй амьдрах зан үйлийг сурталчлах аян өрнүүлэхээр болсон аж. Тус улсын эрх баригчид Азийн наадмын үеэр хуримтлуулсан туршлагадаа үндэслэн ирээдүйд бусад хотоо ч хог хаягдалгүй болгохоор зорьж байгаа юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна