Д.Баатаржав: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхалд өртөхгүй байх эхлэлийг би тавьсан


Одоогоос 15 жилийн өмнө Монголын Төрийн дуулал Бээжинд гурван удаа эгшиглэж, төрийн далбаа гурвантаа хамгийн өндөрт мандсан түүхтэй. Тухайн үе бол Монголын спортын ноён оргил цаг байлаа. Энэ гайхалтай мөчөөс хойш жүдо, бокс, буудлага, байт харваагаар хичээллэх сонирхолтой хүүхэд, залуусын тоо огцом нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Тэд Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр, Д.Баатаржав, П.Сэрдамба, О.Гүндэгмаа нар шиг амжилтад хүрч, тамирчны замналаар замнахаа илэрхийлсэн. 2008 оноос хойш их спортод хөл тавьсан тамирчдаас өдгөө алдар нэрээ дуурсгасан цөөнгүй тамирчин бий. 2008 оны баатрууд дундаас Д.Баатаржавыг онцлохгүй байхын аргагүй. Тухайн цаг үеийн паралимпийн наадамд Монголын төрийн дуулал ганцхан удаа эгшиглэж, төрийн далбаа ганцхан удаа мандсан түүхтэй. Энэ амжилт бол Д.Баатаржавынх. Нийт таван удаа паралимпэд оролцохдоо нэг түрүүлж, хоёр ч удаа шагналт байрт шалгарсан “яс” сайтай тамирчин, гурван удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн адармаатай, Монгол Улсын начин Д.Дамбадондогийн хүү Баатаржавыг энэ удаагийн зочин хоймортоо урьж ярилцлаа. Бидний ярилцлага спорт, улс төр, зочин, гэр бүлийн сэдвийн хүрээнд өрнөсөн юм. 

Манай тамирчдын хэрэглэл, материал дэлхийгээс хоцрогджээ

-Тантай уулзаж ярилцаагүй уджээ. Урилга хүлээж авсанд баярлалаа. Сайхан намаржиж байна уу?
-Сайхан намаржиж байна. Дүү сайхан намаржиж байна уу. Чавганцын шар нар гэдэг шиг нарлаг сайхан намар болж байна. Удахгүй Азийн наадам болно. Дараа нь Азийн аваргад өрсөлдөнө. Паралимпийн эрх авах учраас тун хариуцлагатай байж, бэлтгэл сургуулилалтаа тамирчид маань базааж байна. Саяхан манайхан дэлхийн аваргад оролцлоо. Тамирчдын хувьд зай завсаргүй л бэлтгэл хийсэн завгүй өдрүүд үргэлжилж байна даа. Би харвахаа больсон учраас хүүхдүүдийнхээ сургалт, бэлтгэлд л анхаарал хандуулж явна. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлууд хүнд байгаа учраас анхаарч байна.  

-Нэг сарын дараа Азийн наадам болно. Хэр өргөн бүрэлдэхүүнтэй оролцох вэ?

-Уг нь Азийн наадам өнгөрсөн жил болох ёстой байсан шүү дээ. Гэвч коронавирусээс болоод нэг жилээр хойшилсон. Ингээд хоёр том тэмцээн ойрхон зайтай болж байгаа юм. Ер нь энэ жил гурван том тэмцээнд оролцож байна шүү дээ, манай тамирчид. Тамирчдын бэлтгэл шахуу хуваарьтай шаргуу явж байна. Хэдий тийм ч төсвийн хэмнэлттэй жилүүдээс болж цугларалт, хэрэглэл материалын мөнгөгүй болсон. Тиймээс хэрэглэл материал муутай, дутмаг байна. Бэлтгэл хийх нөхцөл тааруу. Үндэсний шигшээ багийнхан байнгын бэлтгэлтэй байх үүрэгтэй учраас хуваарийн дагуу бэлтгэл хийж байна. Харин шигшээд багтдаггүй тамирчдын бэлтгэлжилт тааруу. Саяхан дэлхийн аваргад оролцлоо. Тамирчдын чадвар муугүй шүү. Гэвч хэрэглэл материал хуучирсан, муудсан, хоцрогджээ.

-Гурван ч том тэмцээн нэг жилд давхацсан байна. Тамирчид ачаалал ихтэй байна уу?

-Тийм ээ, нэлээд өндөр. Онцгой жил болж байна гэх үү дээ. Он гарснаас хойш олон улсын хоёр, дотоодын таван тэмцээнд оролцлоо. Дэлхийн аваргад манай тамирчид эхний дөрөвт орлоо. Бусад орныхонтой харьцуулахад хэрэглэл материалаар үнэхээр хоцрогдсон. Сүүлийн үеийнх нь хурдтай, тусгал сайтай, чанарын хувьд өөрчлөгджээ. Бид сайддаа санал тавьсан. “Хэрэглэл материалаа сайжруулмаар байна. Хуучин нумаар тэмцээнд оролцоод байвал амжилт ахихгүй нь ээ. Хэчнээн сайн тамирчин байсан ч хэрэглэл материал муутай болохоор амжилтад нөлөөлж байна” гэж хэлсэн. Үүний дагуу асуудлыг шийдэхээр тодорхой хэмжээний төсөв гаргаж байгаа тухай сонслоо. Биеийн, тамир спортын салбарт гурван тэрбум төгрөг хуваарилсан сурагтай. Гэхдээ зөвхөн пара гэлтгүй бүх спортын төрөлд хамааралтай учраас хүрэлцэх эсэхийг мэдэхгүй. Ямартай ч оргүй байснаас дээр юм даа. 

-Байт харвааны төрөлд олимпын эрх олгодог болсноос хойш өрсөлдөөн улам нэмэгдсэн байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь Азийн бүсэд эхний найман байрт шалгарсан тамирчдад эрх олгодог байсан. Харин сүүлдээ нарийн нягтралтай болсон учраас өрсөлдөөн илүү ширүүн болжээ. Өмнө нь гурван тамирчинтай баг болдог байлаа шүү дээ. Харин Токиогийн олимпоос хойш хоёр тамирчин нэг баг болдог болжээ. Дүрмийг сайжруулахын тулд өөрчилдөг учраас тамирчдын чадвар дээшилж, чансаа нэмэгдэж байна. Бас нэг тал нь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 50:50 болгосон нь жендэрийн тэгш байдлыг хангаж буй нэг хэлбэр юм.

-Пара байтын тамирчдын нас хэр залуужсан бэ?

-Харьцангуй залуужсан шүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал төвөгтэй юм. Эдийн засгийн боломжоосоо шалтгаалаад спорт руу хүч түрэн орж ирэх залуусын тоо бага л даа. Үнэхээр өөрийгөө зориулах хүсэл эрмэлзэлтэй, спортын төлөө гэсэн сэтгэлтэй залуучууд ч байна. Саяхан манай эмэгтэйчүүд Дубайд болсон дэлхийн аваргаас багаараа хүрэл медаль хүртлээ. Энэ бол түүхэн амжилт юм. Монголд хөгжсөн спортын төрлүүдээс байт харваагаар Д.Дэмбэрэл гуай анхны дэлхийн аварга болж байлаа. Тэгвэл багийн төрөлд эмэгтэйчүүд дэлхийн аваргаас анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Энэ бол бахархахгүй байхын аргагүй амжилт. Гаргасан амжилтаараа Засгийн газрын тогтоолд хамрагдаж, ахуй амьдралдаа бага ч гэсэн мөнгөний нэмэр болж байгаа нь сайхан хэрэг. Спортоор хичээллэсний үр шимээ хүртэж, урам зориг авч байна. Хүүхэд залуус спортыг сонирхох нэг төрлийн хөшүүрэг болж байгаа юм.

-Токиогийн олимпын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх талаар хэлж байсан. Яг өнөөдөр тамирчдын дундаж цалин хэд болов. Ахуй амьдрал нь дээшлэхэд нөлөөлөх хэмжээнд хүрсэн үү?

-Цалин нэмсэн нь сайн хэрэг. Дундаж цалин нэг сая гаруй төгрөг байна. Гэвч инфляцаа дагахаар яг л дүндээ дүн болж байгаа юм. Дээр үед спортыг дэмжиж маш их хөрөнгө зарцуулдаг байлаа. Одоогийн шинэ хуулиар спортод мөнгө хаядаг хүн бараг үгүй болсон. Ард түмний зүгээс тамирчдыг төрийн бус байгууллагууд ивээн тэтгээд явдаг гэж ойлгоод байх шиг. Тийм биш юм.

 

Олимпод түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэх нь тамирчин хүний, миний үүрэг юм

 

-2008 оны есдүгээр сарын 14-нийг бид мартах учиргүй. 15 жилийн өмнө Бээжинд Монгол Улсын Төрийн дуулал гурвантаа эгшиглэсэн баярт мөч саяхан мэт боловч цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрчээ. Тэр сайхан өдрийг өнөөдөр дурсаж яримаар санагдлаа. Түүхэн мөчийн талаар товчхон өгүүлэх үү?

-Тэр цаг хугацааг яаж мартах билээ. Гайхалтай мөч байсан. Тамирчин хүн бүр олимпын аварга болохыг зорьдог. Гэвч дуртай аавын хүү нь олимп, дэлхийн аварга болохгүй. Зорилгоо биелүүлж чадахгүй нартаас буцах, карьераа дуусгах тохиолдол олон шүү дээ. Тэгвэл би зорилгоо биелүүлж чадсан азтай хүмүүсийн нэг. Тэр зорилгод хүрэхийн төлөө харин залуу насаа зориулсан. Юу үнэн энэ үнэн.

-15 жилийн өмнө Төрийн дуул­лаа сонсоод, далбаагаа ман­дуу­лаад зогсож байхад юуны тухай бодож байсан бол?

-Сэтгэлд тань хүртэл хариулж чадах эсэхээ мэдэхгүй юм. Гэхдээ тамирчин хүн үүргээ л биелүүлсэн. Тамирчин хүн ялах ёстой, аварга болохын төлөө бүхнээ дайчилж, шавхах ёстой. Тэр медалийг авахын тулд л бэлтгэлээ тултал хийх ёстой. Тамирчин болсны хэрэг энэ шүү дээ. Бүх зүйл болоод дууссаны дараа буюу медалиа зүүгээд, цолоо авсны дараа өөртөө баяр хүргэсэн дээ. Би чадсан учраас өөртөө баяр хүргэх нь зүйн хэрэг. Тамирчин хүн бүр олимпын аварга болно гэж дотроо мөрөөддөг ч бүгд чадахгүй. Тэр өдөр од, аз нь шовойсон хүн олимпын алтан медальд хүрдэг. Тамирчин азтай, одтой байхын тулд ямар хэмжээний бэлтгэл хийсэн байх ёстой вэ, хийморио яаж дагуулах вэ гэдгийг тухайн тамирчин өөрийнхөө сэтгэл зүйг бүрэн бэлдэх ёстой юм. Зорилгодоо хүрсний дараа эх орон, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ. Эх орон, ард түмэн гэдгийг тэр үед л жинхэнэ утгаар нь мэдэрдэг дээ. Тэр хэрээр олимпын аваргын нэр хүнд дээшээ өсөж явна.

-Та үнэ цэнийн тухай цухас дурдлаа л даа. Бээжингийн олимпын алтан медаль танд ямар үнэ цэнээр ирэв?

-Маш их үнэ цэнээр ирсэн алтан медаль шүү дээ. Би анх 2000 оны Сиднейн олимпод оролцож байсан хүн. Энэ олимпод хүрэх хүртэлх өндөр түвшний бэлтгэл гэхээр бараг 10 жилийн хугацаа ярих хэрэгтэй. Дараа нь 2004 оны Афин, тэгээд Бээжин. Ингээд бодохоор 12 жилийн олимпын циклийн бэлтгэл, хөлс хөдөлмөр гээд төсөөлөөд үз. 2004 оны олимпод би шагналт байранд шалгарч байсан шүү. Медалиас атгаад мултарсан. Аварга болох зорилго дахиад л биелээгүй. 12 жилийн хичээл зүтгэлээр олимпын алтан медаль авна гэдэг үнэ цэнтэй байхаас аргагүй. Товчхондоо байт харваагаар хичээллэж эхэлснээс хойш 30 жилийн дараа би олимпын алтан медальд хүрсний үнэ цэнийг хэмжишгүй. Энэ хугацаанд над шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар зовлон зүдгүүр, тэсвэр тэвчээрийг туулсан байх вэ. Энэ тухайн яривал цаг хүрэхгүй. Нум сум, сум маш ховор байсан цаг. Хүнээс авсан сумнуудаа эвлүүлж, наагаад сум бүрдүүлдэг үе байлаа. Хугарсан нумаа наагаад бэлтгэл хийж л байсан. Бээжингийн олимпын өмнө нум хугарахад тухайн үеийн БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар шинэ нум авч өгч байсан. Ингээд дурдаад байвал асар их тэвчээр, олон хүний хөлс хүч, хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэлийн үнэ цэнээр алтан медаль надад ирсэн юм.

-Таныг ид тамирчин байх үеийнхээс одоогийн цаг мөч хэр өөр болсон байна вэ?

-Өнөөдрийн өндөрлөгөөс харахад сонин байна. Өөрөө тамирчин байсан учраас зав муутай л өдрүүд өнгөрч. Тогтмол бэлтгэлтэй, өмнөө зорилготой байсан учраас маш завгүй байсаар нэг мэдэхэд Бээжингийн олимп хаяанд тулж билээ. Цаг хугацаа хэрхэн өнгөрснийг нь мэдээгүй шахам байв. Бэлтгэлээс бэлтгэлд, тэмцээнээс тэмцээнд л явна. Өөр зүйлд анхаарал хандуулах боломжгүй. Бид спортынхоо төлөө, эх орныхоо  төлөө гэсэн сэтгэлтэй явдаг байж. Харин одоогийн тамирчдад ийм зан чанар бага болсон юм шиг санагддаг. Үг даахгүй, ачаалал ч даахаа больж. Яавал медальд хүрэх вэ, яавал мөнгөтэй болох вэ гэсэн сэтгэхүй давамгайлаад байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн аваргууд, медальтнуудад мөнгөн шагнал олгодог болсноос хойш Монголын спортод үсрэнгүй хөгжил бий болсон. Амжилт гаргахын төлөө зүтгэж байгаа нь бахархууштай ч түүндээ тултал бэлтгэл хийж чадаж байна уу гэвэл үгүй. Үүнээс гадна хэвлэл мэдээлэл, сошиал орчин тамирчны сэтгэл зүйд нөлөөлдөг болжээ. Тиймээс аливаа мэдээлэлд цензуртай баймаар санагддаг.

-Олимп, дэлхийн медальтнууд хөдөлмөрөө үнэлүүлж насан туршдаа сар бүрийн цалин авдаг болсон нь олимпын гурван аваргын буян гэлтэй. Тэр мөнгөн дэмжлэг тамирчдын амьдралд нэмэр болж чадаж байна уу?

-Тамирчдаас гадна хувь хүндээ ач холбогдолтой юм. Ганцхан Монгол Улс өгдөг юм биш. Дэлхийн бүх улс орон тодорхой хэмжээний мөнгөн шагналаа олимпын аваргууддаа олгодог. Түүнийг Монгол Улс анх удаа хэрэгжүүлсэн нь сайн хэрэг. Энэ бол тамирчдад маш том урам зориг өгсөн алхам, шийдвэр юм. Яг өнөөдөр тамирчид олимп, дэлхийгээс медаль авахын төлөө бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Дээр нь Монголын ард түмэн, тамирчдын гэр бүл, хамаатан садан, хамт олон, нутаг ус, ивээн тэтгэгч компаниудад эергээр нөлөөлсөн юм. Нэг ёсондоо тухайн тамирчнаараа бахархах нэг шалтгаан болсон гэсэн үг. Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг ямар нэгэн аргаар байхгүй болгох гэсэн хэсэг бүлэг хүн байх шиг. Гэхдээ Монголын ард түмэн үүнийг даагаад, эсэргүүцээд гарчих чадалтай гэдэгт итгэж явдаг даа.

-2008 оны дараа олон амлалт өгсөн дөө. Бодит биеллээ олж, хэрэгжсэн  болов уу?

-Үүнийг сэтгүүлч бүр асуудаг. Цаашид ийм асуулт битгий асуугаасай гэж хүсдэг, хэлмээр санагддаг. Яагаад гэвэл, тэр асуулт надаар дамжиж нийгэмд буруу ойлголт өгөх магадлалтай. Надад амласан амлалт бусдын хор шарыг малтах, атаархал төрүүлэх гэх мэт хар хэл ам ихтэй. Жишээ нь, бидэнд нийслэлээс газар өгсөн. Нөгөөх дээр нь байшин барих гэтэл цэвдэгтэй, бургастай, модтой газар. Нөгөө модыг нь авч болдоггүй. Ингэж явсаар газрыг маань хүчингүй болгосон. Энэ мэтчилэн асуудал дагуулдаг учраас надад иймэрхүү асуулт эмзэг тусдаг болсон. Тиймээс дахин битгий асуугаарай.

-Хэвлэл мэдээллийн бай­гууллагын үүрэг бий шүү дээ. Хүмүүсийн сонирхож байгаа сэдэвт хариулт өгөхийг эр­мэлздэг. Тэр үүднээс асуудаг байх. Түүнээс биш талцуулах, хагаралдуулах, буруу ойлголт өгөх зорилготой биш шүү?

-Хүмүүс амласан. Чадаж байгаа нь өгсөн. Чадаагүй нь өгөөгүй. Төр бол өгдгөө өгсөн. 120 сая төгрөгөө тоолоод л өгсөн. 10 хувийн шимтгэлээ бид төлсөн. Эрдэнэт болон бусад орон нутгийнхан ч амласнаа өгсөн. Тийм сонирхолтой байдаг бол ингэж л хариулъя даа.

-Бээжингийн олимпод амжилт гаргасан спортын төрлүүдээр хичээллэх тамирчдын тоо огцом өссөн үзүүлэлт гарсан шүү дээ. Тэгэхээр та бүхэн спортын хөгжилд маш том нөлөө үзүүлж чадсан байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Монголчуудын хийморь, цус, ген зэрэг Монголыг илтгэх бүх зүйл нь бүрдсэн гурван төрөл л олимпоос аваргатай боллоо шүү дээ. Монголчуудын ганц бахархал болсон бөхийн төрлөөр олимпын аварга төрлөө. Эр зоригийг илтгэх халз тулааны төрөл буюу боксоор аваргатай боллоо. Эрт дээр үеэс дэлхийг байлдан дагуулсан нум сумаар олимпын аварга мэндэлсэн. Энэ бүхэн цаанаа учир жанцантай юм. Монголчуудын түүхэнд байдаг бахархлаар олимпын аварга болсон учраас ард түмний бахархлыг төрүүлж байгаа юм. Усанд сэлэлтээр монголчууд олимпын аварга болбол жинхнээсээ гайхаж, алмайрна биз дээ. Монголын төдийгүй дэлхийн сонин болох байхгүй юу. Харин дээрх бөх, халз тулаан, байт харваа бол монгол хүн бүрийн цусанд бий. Тийм ч учраас огшиж байгаа юм.

-2000 онд анх удаа олимпод оролцохдоо хэдэн настай байв?

-31 настай байж. Би хожуу байт харваа руу орсон хүн шүү дээ. 1989 онд юм даа. Түүнээс өмнө залуудаа Сөүлийн олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Н.Энхбат агсантай хамт боксын дугуйланд хичээллэдэг байлаа. Оюутан болж байтал осолд ороод боксоо орхисон. Дараа нь аавыгаа дуурайж анчин болохын тулд буудлагын спортоор дөрөв, таван жил хичээллэж үзлээ. Тэгээд л байт харваа руу орсон доо. Миний аав Монгол Улсын начин, улсын анчин хүн. Тэгэхээр тэр хүний ген л надад яваад байна гэсэн үг. Энэ бүх тохироо бүрдэнэ гэдэг бол бурхны хишиг гэж бодож явдаг даа.

 

Байтаар харвахад оносон бай нь цэцэг шиг гоё харагддаг байлаа. Түүнд нь татагдсан

 

-Бокс, буудлагаас байт харваа руу урвасан түүх сонирхолтой биз?

-Боксоо орхисон шалтгаанаа дээр цухас дурдсан шүү дээ. Аваарт орсноос болж орхисон гэж. Боксоор чамгүй амжилт гаргаж явлаа. Намайг мэдэх нь мэднэ. Харин буудлага уйтгартай санагдаж билээ, тухайн үедээ. Оносон бай нь жижигхэн хар нүхнүүд. Гэтэл байт харвааны оносон бай яагаад ч юм цэцэг шиг харагддаг байсан. Тэр нь намайг байт руу уруу татсан юм даа. Цэцгэнд дуртай байсан юм шиг. Намайг байт харваагаар хичээллэж эхлэхэд Монголд пара спортын төрлүүд огт байгаагүй. Хөгжиж эхлээгүй байсан. Оросууд нэг удаа манай багийг урьсан. Тэгэхэд л анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчид буудлага, волейбол, байтаар хичээллэж байхыг харсан, мэдсэн. Оросоос ирсний дараа Ази, Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээний урилга ирсэн. Үүнд явуулах тамирчнаа сонгохын тулд Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд анхны тэмцээнээ явуулсан түүхтэй. Тэндээс шалгарсан тамирчид тэмцээнд оролцох эрхээ авч хилийн дээс алхаж байлаа. Энэ бол 1989 оны үйл явдал юм. Тэр цаг мөчөөс хойш Монголын ард түмэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн, спортын төрөл байдгийг мэдсэн хэрэг. Монголын пара тамирчдын анхны олон улсын тэмцээн 1989 оноос эхлэлтэй бол олимп нь 2000 оноос эхэлсэн түүхтэй.

-Та таван олимпод оролцсон байх аа?

-Тэгсэн. Сидней, Афин, Бээжин, Рио Де Жанейро, Токиогийн олимпод өрсөлдөж нэг алтан медаль хүртэж, хоёр удаа шагналт IV байрт шалгарсан амжилттай.

-Бөх аавын хүү гэхээр хэзээ нэгэн цагт ямар нэг спорттой холбогдох л байсан тавилантай юмаа даа?

-Цусанд нь байгаа учраас хүссэн, хүсээгүй л спортоор явах байсан биз. Миний гэр бүлийнхэн тэр чигээрээ л спортынхон шүү дээ. Боксоор явсан хүмүүс. Боксчин ах, дүү нарыг маань миний үеийнхэн, боксынхон бүгд мэднэ. Намайг ч гэсэн мэдэх нь мэднэ. Байтаар анх хичээллэж байхдаа дандаа эрүүл хүмүүстэй өрсөлддөг байлаа. Тэдэнтэй өрсөлдөж байж л амжилтад хүрсэн дээ. Пара спорт байдаг гэдгийг бид 2000 оноос л мэдэж байгаа юм. Түүнээс хойш дагнасан спортын төрөл рүү орсон доо.

-Таныг аав тань бөх болгох гэж зүтгээгүй юү?

-Би хүүхэд байхдаа гоё биетэй байлаа шүү дээ. Барилдвал барилдахаар бие хаатай. Гэвч яагаад ч юм бөхийг сонгоогүй. Аав, ээж биеийг төрүүлснээс ухааныг минь төрүүлээгүй. Хамгийн түрүүнд боксыг хүлээж авсан. Ахын ач юм даа. Ах намайг хөтөлж секцэд оруулж байсан юм. Хүн харахад зодоон хийгээд байгаа мэт боловч рингэн дээр шатар тоглож байгаа байхгүй юу. Бокс тоглоно гэдэг тэр чигээрээ ухаан.

-Боксоор хэр амжилт гаргав?

-Боломжийн амжилттай. Намайг миний үеийнхэн ямар боксчин байсан бэ гэдгийг бүгд мэднэ. Нэг гэрээс гурван боксчин байна гэдэг онцгой ховор тохиолдол юм. Одоо ч цөөн тоогоор бий. Миний ахыг, намайг, дүүг бүгд л мэддэг байсан. Бас л чанга гартай явлаа. Бид гурав үлгэр жишээ явсан шүү.

 

Азаар надад сайн хань заяажээ

 

-Тогтвортой амжилт гаргах эх үндэс нь ар гэрийг найдвартай дааж яваа гэргий шүү дээ. Гэргийнхээ тухай ярьж болох уу?

-Миний хань тэтгэвэртээ гарсан. Ач, зээ нараа зөв хүн болгохын төлөө зүтгэж явна. Сургууль, цэцэрлэгээс нь зөөх, хичээл хийлгэх ажилтай. Нийгэмд үлгэр жишээ байх хэрэгтэй учраас үргэлж зөвд чиглүүлэхийн төлөө хичээдэг дээ. Би спорт хөөгөөд гэртээ цөөхөн ирдэг, хонодог үе байлаа. Тэр хооронд хүүхдээ өсгөнө, ар гэрийн асуудлаа зохицуулна. Энэ бүхнийг гэргий минь л хийсэн. Надад ямар нэгэн байдлаар төвөг болсон тохиолдол огт байхгүй. Ийм хүнийг хайрлахгүй байхын аргагүй. Нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн учраас би амжилт гаргаж байгаа юм. Үргэлж загнаад л, эрүүний шөл уулгаад л, бэлтгэл ч тайван хийлгэхгүй байсан бол өдийд би ийм амжилт, алдрын эзэн болоо ч уу, үгүй ч үү. Магадгүй гэр бүр тогтвортой оршин тогтнох тухай асуудал хүртэл ярих хэмжээнд байна шүү дээ. Азаар надад сайн хань заяажээ. Түүний хүчинд би өдий зэрэгтээ явна. Хувьсгалын тохироо, хань ижлийн бие биеэ ойлгох нөхцөл бүрдсэний үндсэн дээр л сайхан амьдрал оршин тогтнож байгаа юм. Тиймээс эрчүүд минь ханиа хайрлаж яваарай. Хамгийн чухал нь ойлголцол. Бие биеэ ойлгохгүй бол гэр бүл удаан оршин тогтнохгүй. Тамирчны амжилтад нөлөөлөх нь энүүхэнд.

-Аавыгаа дагаж спортын замнал сонгосон таны хувьд хүүдээ их баярладаг байх. Яагаад гэвэл аавынхаа хичээллэдэг спортыг сонгоод өдгөө шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна шүү дээ?

-Баярлалгүй яах вэ. Миний хүү  хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын нийгмийн амьдралыг маш сайн ойлгодог. Тэс хөндлөн хүн ороод ирвэл зовлонг нь ойлгохгүй. Гэтэл миний хүү хэрхэн асрах, яаж авч явах, хамгаалахаас эхлээд олон зүйлийг мэднэ.

-Ач, зээ нар дотор спортын “булчирхайтай” хүүхэд байна уу?

-Байна, байна. Би ч анхаарал тавьж байгаа. Спорт хүнд шүү дээ. Халшрах хэмжээнд дайрч болохгүй. Зөв чиглүүлбэл аяндаа өөрөө сонирхоод явах байх.

-Олимпын аварга болохоор олны танил болно. Гудамжинд таарсан хүн бүр мэндэлнэ. Тэр мэдрэмж ямар байсан бэ?

-Ёстой хэцүү юм билээ. Одоо ч тийм. Хүүхэд байхаасаа л хөдөлгөөнтэй, шогч нэгэн байлаа. Сав л хийвэл шоглох гээд байдаг зантай. Гэтэл өнөөдөр тэр бүхэн минь алга боллоо. Буруу ярихвий, буруу гишгэхвий, буруу үг хэлэхвий гэх мэтээр алхам тутамдаа өөрийгөө хянаж, биеэ барьдаг болсон байна. Нэг талаараа энэ бол маш том дарамт юм. Жижигхэн түр зуурын жаргалаас болоод хэрэг төвөгт холбогдсон хүн ч байна. Үүнээс болж тамирчны ёс зүйн асуудлыг хөндөх болсон. Жижиг алдаан дээр ажиллагсад өнөөгийн нийгэмд их байна. Тиймээс алхам тутамдаа өөрийгөө хянах шаардлагатай нийгэм бий болжээ. Харц зөв, харилцаа зөв, хандлага зөв, хувцаслалт зөв байх хэрэгтэй. Ард түмний хайр хүндлэлийг дааж явна гэдэг хэцүү юм. Миний нэр сэвтэхэд Монголын спортын нэр хүнд унана. Ганцхан Баатаржавын асуудал биш. Нэг хүн алдахад бусад нь алдсан мэт толгой гудайлгах шаардлагатай цаг үед бид амьдарч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ганцхан хүнээр бусдыг нь төлөөлүүлдэг болжээ. Энэ бол маш том дарамт. Нэг хүний алдаанаас болж бусдыг нь үзэн ядаж, чичлэх шаардлагагүй л байгаа юм.

-Хор шартай хүн мөн үү?

-Хоргүй шаргүй хүн гэж байхгүй. Чадахгүйгээ чадахын төлөө, хийдэггүй юмаа хийдэг болохын төлөө зүтгэж байж нийгэмд идэвхтэй амьдарна. Тамирчин хүн хор шараа ил гаргахгүй. Дотор хүндээ л гаргадаг. Өөртөө шатах асуудал олон. Хор шараа зөв гаргахгүй бол бусдын амны бай болох энүүхэнд учраас өөрийгөө хянах ёстой. Хийж чаддаг зүйлээ чадахгүй бол тэр тамирчин айдастай байна л гэсэн үг. Айдсаа даван туулахгүй бол амжилтад хүрэхгүй.

-Шашин шүтдэг үү?

-Өөрийнхөө хэмжээнд шүтнэ. Олон шашин дотроос зөвийг нь л хэрэгжүүлдэг. Христийн сур­гаалд ч зөв зүйл байдаг. Түү­нийг нь амьдралдаа, ажилдаа хэ­рэгжүүлэхийг хичээдэг хүн.

 

Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд улс төрд орсон

 

-2008 оны паралимпийн дараа таныг зодог тайлах нь гэх яриа гарсан. Тийм яриа гараад удаагүй байтал та УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсноо зарласан. Гэнэтийн байсан шүү. Яагаад сонгуульд өрсөлдөх болов?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал үнэхээр хүнд, хэцүү байсан. Энэ хүнд байдлыг улстөрчдөд, нийгэмд мэдрүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газарт хандаж эхэлсэн. Энэ бол улс төрийг сонгох замналын эхлэл. 2012 оны олимпын үеэр УИХ-ын сонгууль болж таарсан. Ингээд алийг нь сонгох вэ гэдэг шийдвэр гаргах болсон. Би ч нэгэнт эхлүүлсэн асуудлынхаа үр дүнг үзэхийн тулд спортоо хойш тавьж, улс төрийг сонгосон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцыг НҮБ баталсан. Тэр конвенцын үзэл баримтлалыг Монголд нутагшуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдсөн маань энэ.

Тухайн сонгуульд өрсөлд­сө­нөөрөө өнөөдөр хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн нийгмийн асуудал арай дээрдэж, төрийн хэмжээнд ярьдаг болсон. Дээр дурдсан конвенцоор Монгол Улсын Засгийн газар нэлээд хэдэн том арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль санаачилж батлууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар нэртэй агентлаг байгуулав.

-УИХ-д нэр дэвшихээр болоход хүмүүс хэр хүлээж авч байсан бэ?

-Ард түмэн сайхан хүлээж авсан. Намайг их сайхан хүлээж авсан гэж боддог. Тэр үед хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн асуудлыг авч хэлэлцдэггүй байсан учраас би тухайн үед УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнээ хэзээ ч буруутгадаггүй. Харин ч зөв гэж үздэг. Магадгүй нийгэмших, бусадтай адилхан хөдөлмөр эрхлэх, гадуурхалд өртөхгүй байхын эхлэлийг тавьсан биз. Наанадаж л автобус нь, албан байгууллагууд нь налуу замтай боллоо шүү дээ. Бид НҮБ-д тайлан тавьдаг болсон. Энэ мэтчилэн аажим аажмаар урагшилж л байна. Гэхдээ улам л сайжруулах хэрэгтэй. Төрийн агентлагтай болно гэдэг том ажил шүү. Бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтэй болсон. Төр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ харж үздэг болсон. Засаг даргын дэргэд зөвлөлтэй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хаалгыг нээж өгсөн учраас тэд надад баярладаг. Энэ бол үнэн. Үүний араас ганцхан Баатаржав биш олон залуучууд явах ёстой.

-Энэ үеэс улстөрчийн карьер албан ёсоор эхэлсэн гэхэд болох уу?

-Болох л юм даа. Анх бие дааж нэр дэвшсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоог байгуулсан. Түүнээс хойш олуулаа эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо өргөх болсон. УИХ-д төлөөлөлтэй болох оролдлого хийлээ. Даун, тулгуур эрхтэн, сонсгол, хараа, сэтгэц гэсэн зургаан төрлийн хөгжлийн бэрхшээл бий. Энэ бүхний эрх ашгийг хамгаалах, нийгмийг асуудлыг нь дээшлүүлэх гэж зүтгэж явсаар өнөөдөртэй золгосон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төрийн хэмжээнд авч үздэг болсон нь сайшаалтай.

-Та улс төрийн карьераа эхлүүлснийхээ дараа ШИНЭ намыг сонгосон. Яагаад энэ намыг сонгосон юм бэ?

-Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэсэн нэртэй шүү дээ. Шударга байх, хэн нэгнийг ялгаварлахгүй хамтдаа байхыг хүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгдэх шаардлагатай тулгарсан. Ингээд миний үзэл санаа, зорилгод ШИНЭ нам тохирсон учраас сонгосон юм. Зөв голдирлоор явж байгаа гэж бодсон учраас намын сонголтоо хийсэн дээ.

-Гурван сонгуульд нэр дэвшсэн хүн туршлагатай болсон байх. Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Та нэр дэвших үү?

-Намын даалгавар ямар байхаас шалтгаална. Журмын нөхөд минь итгээд нэр дэвшүүлбэл татгалзахгүй. Миний зорилгын нэг хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д нэг суудалтай болох. Аль ч намаас нэр дэвшсэн хэн ч байж болно. Дэлхийн ихэнх орны парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой нь болоод төлөөлөл сууж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээрээ л дандаа халамжийн хүмүүс байдаг гэх ойлголтоос салмаар байна. Бид халамжийнхан биш. Баялаг бүтээж чадна, сурч чадна. Хаана ч очсон нийгэмшээд ажиллаж чадна. Хаалгыг нь нээгээд өгвөл хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил амьдраад явах чадалтай. Халамж хүртэгсэд гээд л нийгэмд ад үзэгдмээргүй байна шүү дээ.

-Анх сонгуульд нэр дэвших шийдвэр гаргахад ойр дотнынхон, гэрийнхэн хэр хүлээж авсан бол?

-Хэцүү л хүлээж авсан. Маш их хөрөнгө зарцуулна. Ах, дүү нараасаа мөнгө гуйна. Группийн мөнгөө зээлнэ. Шагналын хуримтлуулсан мөнгөө үрэн таран хийсэн. Манай гэр бүлд хамгийн хэрэггүй зүйл. Маш их мөнгө үрдэг. Гэхдээ би мөнгөө дэмий зүйлд зарцуулаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрэлт ирээдүйн төлөө л үрсэн. Над шиг битгий зовоосой гэж үзсэн учраас мөнгө үрсэн, хаалгыг нь нээж өгөхийг хүссэн.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?

-Хүн хоорондын харилцаа зөв байгаасай. Бие биеэ хүндэлж амьдраарай л гэж хэлье.

 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/



0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө