Ханжоугийн базаа


Азийн зуны спортын XIX наадам Хятадын Ханжоу хотод ид үргэлжилж байна. Нээлтийн ёслолоос хойш жүдогийн төрөл албан ёсоор өндөрлөсөн. Азийн улс орнууд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Ханжоуд ирж байгааг зохион байгуулагчид онцолж байгаа юм. Тухайлбал, Тайланд 934, Монгол 403, Япон 773, Хятад 887, Энэтхэг 655, Индонез 415 тамирчинтай Ханжоуд иржээ. Мөн Казахстан, Узбекистан зэрэг орон 300-гаас дээш тооны тамирчинтай Ханжоуд ирсэн нь түүхэн үзүүлэлт юм. Энэ удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны 12 мянга гаруй тамирчин 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөж байна. Олон зүйлээрээ зочин, гийчин, тамирчин болон албаныхан, хэвлэл, мэдээллийнхэн, аялагчдыг алмайруулж буй Ханжоугийн наадмын эргэн тойрон дахь мэдээллээс багцлан хүргэе. 

Дэлхийн анхаарлын төвд орсон Ханжоу

Ханжоу хот ойрын өдрүүдэд дэлхий нийтийн анхааралд өртөж, спортын ертөнцийн төв цэг болоод байна. Өмнөд Сүн улсын нийслэл байсан тус хотод Азийн 19 дэх удаагийн наадам үргэлжилж байгаа юм. Нээлт нь 80 мянган хүний суудалтай Олимпын цэнгэлдэхэд болсон бөгөөд Хятадын дарга Ши Жиньпин, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах, Сирийн ерөнхийлөгч Башар Асад тэргүүтэй удирдагчид оролцсон. Наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагч Шао Шиаолан “Бид Хятадын спорт, нинжин сэтгэл, байгалийн сайхан, орчин үеийн иргэншлийг ногоон уул, цэнхэр усны дүрслэлээр дэлхий нийтэд харуулахыг зорьсон” хэмээн тайлбарлалаа. Түүний үг ч үнэн байж, нээлтийн ёслол олныг уулга алдуулав. Нээлтийг цэнхэр дэлгэцээр үзсэн хүмүүс дуу алдан гайхширч байхад дэргэдээс нь үзэгсэд хэрхэн хүлээн авсан нь тодорхой биз. Хятадын гэхээсээ илүүтэй Ханжоу хотын үүсэл хөгжил, түүхэн замналыг өгүүлж “Газрын диваажин” гэдгээ толилуулсан юм. Гэхдээ энэ бүхнийг орчин үеийн техник, технологитой хоршуулсан нь гайхмаар. Ханжоугийн наадмын нээлтийн тоглолтын гол сэдэв нь ус, хотын эртний түүх, байгаль. Өндөр хамгаалалт дор болж өндөрлөсөн нээлтийн ёслолыг 108 мянган хүн үзсэн бөгөөд тасалбар 3000-5000 юань буюу 1428600-2381000  төгрөгийн үнэтэй байжээ. Нээлт үзэхээр ирсэн үзэгчдэд гарын бэлэг болгож шүхэр болон ус, хоол, дэвүүр тэргүүтнийг өгсөн байна. Цай, торгоороо алдартай байсан Ханжоу хот XXI зуунд Жек Ма болон түүний “Алибаба”-гаар цуу алдраа буухиалав. Уг группийн төв энэхүү хотод байрлах бөгөөд энэ удаагийн Азийн наадмын гол ивээн тэтгэгч аж. Хятадын албан бус технологийн төв цэг нь Ханжоу гэгддэг. Азийн олимпын зөвлөлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ража Рандхир Сингхийн зүгээс Ханжоу хотод талархлаа илэрхийлсэн бол Жөжян мужийн захирагч Ван Хао баг тамирчдыг Ханжоу хотод тавтай морил хэмээн хэлсний дараа Хятадын дарга Ши Жиньпин 19 дэх удаагийн Азийн наадам албан ёсоор эхэлснийг зарлав. Афганистан энэ удаагийн наадамд хоёр баг илгээсэн нь сонирхолтой. Талибууд эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглосон учир нийт 130 эрэгтэй тамирчин илгээжээ. Харин нөгөө талд дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн 17 эмэгтэй тамирчин эх орныхоо нэр дээрээс наадамд оролцохоор ирсэн гэнэ. Тэгвэл 19 дэх наадмын галт бамбарыг хэн асаах вэ гэдэг нь сонирхол татаж байв. Олимп, дэлхийн аваргынх нь тоо хэдэн зуугаар яригдаж ч магадгүй Ханжоу хотын бахархал болсон тамирчин бамбар асаах болов уу гэсэн таамаглал олны дунд хөвөрчээ. Гэвч хятадууд бамбар асаах шинэ шийдэл харууллаа. 2000 гаруй хүн галт буухиаг өртөөлж, эцэст нь 100 сая хүн хамтдаа галт бамбарыг тулганд асаах нь тэр. Үзэгчид “Alipay” хэрэглүүрийн тусламжтай “QR” код уншуулан наадмын галт бамбарыг буухиалж, эцэст нь дижитал буухиач тэдний төлөөлөл болон тулганд галыг шилжүүлсэн аж.

Хятадууд зохион байгуулалтын гайхамшгийг харуулж байна 

Азийн олимпыг зохион байгуулахын тулд Ханжоу хот их бүтээн байгуулалт өрнүүлжээ. 2010 оны Гуанжоугийн Азийн наадам, 2008 оны Бээжингийн олимп, 2023 оны Азийн наадам, 2022 оны Өвлийн олимп гээд хамгийн сүүлд хүлээн авсан дөрвөн том наадамдаа хятадууд технологийн гайхамшгийг мэдрүүлэв. Бас үйлчилгээний гайхамшгийг мэдрүүлж чадаж байгаа гэнэ. Томоохон наадам зохион байгуулагчид зөвхөн тамирчдад зориулж хотхон байгуулдаг. Тэгвэл Ханжоу хот хэвлэл, мэдээллийнхэнд зориулсан хотхон байгуулснаараа онцлог байлаа. Сайн дурын ажилтнуудтай хэл нэвтрэлцэхгүй байна гэх зовлон үгүй. Учир нь, бүх сайн дурын ажилтан энгэртээ орчуулгын программ бүхий чанга яригч суулгажээ. Өөрөөр хэлбэл, хэл нэвтрэлцэхийн тулд заавал англи, хятад, японоор ярих шаардлагагүй. Монголоороо ярихад л хангалттай. Энэ талаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, багийн ахлагч Ч.Ганбат хэлэхдээ “Надад хамгийн их таалагдсан нь “Сэтгүүлчдийн хотхон”. Тэнд шаардлагатай юм бүхэн байна. Ажлын байрыг хангалттай бэлдэж, шаардлагатай бүхнийг бэлдсэн нь таалагдлаа. Дутагдах юу ч алга. Өглөөний цай үнэгүй. Өдөр, оройн хоол маш хямд бөгөөд хоолны чанар дээд зэргийн. Миний бие таван олимп, Азийн дөрвөн наадамд фото сурвалжлагчаар ажилласан. Их л юм үзэж, нүд тайлсан. Гэтэл зохион байгуулалтаараа хятадууд үнэхээр алмайруулж чадаж байна. Сайн дурын ажилтнуудын үйлчилгээ өндөр зэрэглэлийнх. Монголоос Ханжоуд ирсэн сэтгүүлчид сэтгэл хангалуун байгаа” гэв. 

2030, 2034 оны Азийн олимп Арабын ертөнцөд

2030 оны Азийн наадам зохион байгуулах хотыг Азийн олимпын зөвлөлийн 39 дүгээр ерөнхий ассемблейгаар сонголоо. Тус эрхийн төлөө Арабын хоёр хот тунан өрсөлдсөн бөгөөд сонгуульд хамгийн олон санал авч чадсан хот 2030 оны, удаалсан нь 2034 оны Азийн наадмыг зохион байгуулахаар болов. Азийн олимпын зөвлөлийн хуралдаанд 26 орны төлөөлөл Мускат хотноо биечлэн оролцсон бол бусад 19 орны Үндэсний олимпын хороо цахимаар саналаа өгчээ. Ингээд санал хураалтын дүн гарахад Катарын нийслэл Доха 27 саналаар тэргүүлж, Саудын Арабын Рияд хотыг 10 орон дэмжив. Харин найман орны ҮОХ шийдвэр гаргахаас түдгэлзсэн байна. 2006 онд Дохад болсон Азийн наадмын хөтөлбөрт триатлоны спорт анх удаа багтаж, 12 орны тамирчид өрсөлдсөний дунд Монгол Улсын тамирчин Н.Наранбат, М.Цэнгүүн нар байсан билээ. Ийнхүү Доха хот 24 жилийн дараа дахин Азийн наадмыг эх орондоо хүлээн авах нь. Тэгвэл 2034 оны тивийн наадам Саудын Арабын Рияд хотод болно. Тус улс түүхэндээ анх удаа Азийн наадам зохион байгуулахаар болсон нь энэ. Харин дөрвөн жилийн дараах буюу 2026 оны Азийн олимпыг Японы Аичи, Нагоя хот хүлээх юм. Япончууд 1958 онд Токиод, 1994 онд Хирошима хотод Азийн наадмыг зохион байгуулж байв. 

Монгол хүүхдүүдийн бүтээл шилдэг 100-д шалгарчээ 

Азийн олимпын зөвлөлөөс “Ханжоу-2022” наадмыг сурталчлах зорилгоор шар тивийн хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан зарласан билээ. Азийн наадмын гар зургийн уралдааны үзэсгэлэн “Ханжоу-2022” хэвлэл, мэдээллийн төвд хөшгөө нээж, нийт 100 гаруй бүтээл танилцуулжээ. Гар зургийн уралдаанд Монгол Улсаас шалгарсан 13 хүртэлх насны 20 сурагчийн бүтээл оролцсоноос Б.Үжингуа, М.Рид, А.Хулан нарын бүтээл тодорч, наадам үргэлжлэх хугацаанд үзэсгэлэнд олны нүдийг хужирлаж байна. 

Түүхэн бүрэлдэхүүн,  түүхэн амжилт

Азийн наадамд монголчууд анх удаа 403 тамирчин, 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Харин нээлтийн ёслолд 239 хүн жагссан нь дээд үзүүлэлт. Спортын 36 төрөлд оролцож буй манайхан түүхэн тоглолт хийж, түүхэн амжилт гаргасаар байна. Тухайлбал, усанд сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн анх удаа финалд шалгарав. Монголын усан спортын түүхэнд шигшээ уралдаанд манай тамирчин шалгарсан түүхгүй бөгөөд Ханжоуд шинэ хуудас нээлээ. Монголын усанд сэлэгчид 29-үүлээ Ханжоуд очсон бөгөөд 14-22 насныхан энэ багийг бүрдүүлжээ. Нийт 29 тамирчнаас 20 нь 18-аас доош насныхан гэхээр маш залуу бүрэлдэхүүн Ханжоугийн усан замд хурд сорьж байна. Түүнчлэн крикетийн бүсгүйчүүд анх удаа тивийн наадамдаа оролцсон бол талбайн теннисний тамирчин Ч.Маралгоо дэлхийн топ теннисчинтэй түүхэн тоглолт хийв. Монголчууд одоогоор долоон медаль хүртсэний 95 хувийг жүдочид авчээ. Жүдогийн шигшээ багийнхан ганцаарчилсан төрлөөр хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Харин холимог багийн төрөлд Азийн наадмаас анхны медалиа зүүлээ. Жүдочид 2014 оны наадамд оргил амжилтаа үзүүлж байв. Тодруулбал, зургаан тамирчин финалд шалгарч гурав нь алтан медалийн тавцанд зогссон. Эрэгтэйчүүдийн долоон жинд бүх тамирчин медаль хүртсэн байдаг. Харин 2018, 2023 оны Азийн наадамд алтан медаль хүртэж чадсангүй. Хувийн төрөлд 2014 онд 10, 2018 онд долоон медаль авсан бол 2023 онд уг амжилт нь тав болж буурчээ. Тэгвэл мэргэн буучид урт буугаар Монголын багийн медалийн салхийг хагалсан юм. Үлдсэн өдрүүдэд Монголын багаас чөлөөт бөх, бокс, таэквондо, кураш, жюү жицү, хүндийг өргөлтөөр медалийн тавцанд зогсох боломжтой. 

Хятадууд илт давуу тэргүүлсээр... 

Азийн наадамд оролцогч 45 орноос 33 нь ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. Тэгвэл 19 орны тамирчин төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн байна. Оролцогч орнуудын медалийн чанар болон тоогоор зохион байгуулагч орон илт давуу тэргүүлж байгаа юм. Тэд өчигдрийн 15:00 цагийн байдлаар 81 алт, 44 мөнгө, 21 хүрэл медаль хүртжээ. Араас нь БНСУ 19 алт бүхий 73 медаль, Япон 15 алт бүхий 66 медальтайгаар удаалж байна. Харин Узбекистан, Энэтхэг, Тайланд зургаан алттайгаар араас нь нэхсээр. Тэгвэл Монголын баг хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар 21 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм. Монгол Улсын шигшээ баг Инчеоноос 21, Жакартагаас 24 медаль авсан нь түүхэн дээд амжилт. Харин 1974 онд Азийн наадамд анх удаа оролцохдоо хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар шилдэг 10 багийн нэг болж байлаа. Монголоос медаль авах гол төрлүүдийн нэг чөлөөт бөхөөр эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Э.Даваачимэг, 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар зодоглохоор болжээ. 


  Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө