Ц.Батцэцэг: Төрийн дууллаа эгшиглүүлээгүй ч төрийнхөө далбааг Ханжоугийн тэнгэрт мандууллаа


“Ханжоу 2022” Азийн наадмын кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн “Эрч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Ц.БАТЦЭЦЭГТЭЙ онлайнаар холбогдож, ярилцлаа. Кураш бөхийн дэлхийн аварга тэрбээр ийнхүү Азийн наадмын хошой хүрэл медальтан болж байгаа юм.

-Азийн наадмын кураш бөхийн төрөлд зодоглож хүрэл медалийн тавцанд зогслоо. Барилдааны оноолт таны бодсоноос ямархуу байв. Санасандаа хүртэл барилдаж чадсан уу?

-Барилдааны оноолт чанга байлаа. Эхний тойрогт кураш бөхийн дэлхийн аварга Өмнөд Солонгосын тамирчинтай барилдаж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөхтэй учраа таарсан. Энэ барилдаан хүндхэн болсон ч этэх мэхээр өрсөлдөгчөө унагаж хожлоо.

-Хятадын бөхийг ялсан тохиолдолд танд медалийн өнгөө хувиргах боломж байсан. Барилдаанаа бүрэн гаргахад танд юу саад болсон бэ?

-Хятадын тамирчин Юү Дантай барилдахаас өмнө сэргэлт авч чадаагүй. Өмнөхөн нь хүнд барилдаан хийсэн нь нөлөөлсөн байх. Бас нэг зүйл ажиглагдсан нь Юү Дан миний барилдааныг маш сайн судалсан байна билээ. Миний хувьд үндсэн барьцандаа хүрч чадахгүй байсаар барилдаанаа дуусгалаа.

-Мэдээж зохион байгуулагч орны бөхтэй дэвжээнд гарахад хөгжөөн дэмжигчдээс эхлээд сэтгэл зүйд нөлөөлөх зүйл олон. Үүний дээр нэмээд жин их хасаж, нойр дутуу зэрэг асуудал байв уу?

-Ковидоос хойш тэмцээнд бараг оролцоогүй болохоор жин хасах ямар байдгийг бараг мартсан байжээ. Нутгийн тамирчныг дэвжээн дээр гарахад хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал ямархуу байхыг анхнаасаа мэдэж байсан болохоор түүнд нэг их ач холбогдол өгөөгүй.  Харин ч хожно гэсэн итгэлтэйгээр дэвжээн дээр гарсан. Гэхдээ Хятадын бөх Юү Дан санасныг бодоход хүчтэй, барьцны барилдаан сайтай тамирчин. Дээр нь жүдогоор барилддаг нь барилдаанд нөлөөллөө. Миний барилдааны үр дүнд цаг агаарын онцлог нөлөөлсөн байж магадгүй. Яагаад гэвэл, барилдаанаас өмнө нэг л сайн унтаж чадахгүй байсан.

-Та Азийн наадмын хошой хүрэл медальтан болж байна. Өмнөх наадмаас “Ханжоу-2022” юугаараа онцлог санагдав?

-Бусад орны тамирчид маань маш туршлагатай, сайн бэлдэж иржээ. Бүгд жигд хүчтэй, форм сайтай байлаа. Наадам зохион байгуулалтын хувьд ч өндөр түвшинд болсон.

-Тамирчны алдар, амжилт хямдхан олддоггүй. Энэ удаад та алтын дайтай хүрэл медаль авлаа. Хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Манай баг том зорилготой ирсэн боловч санаснаар болсонгүй. Жижиг саад бэрхшээлүүд тулгарч байсан. Төрийн дууллаа эгшиглүүлээгүй ч төрийнхөө далбааг Ханжоугийн тэнгэрт мандуулж чадсандаа миний хувьд баяртай байна.

-Хэдийгээр та Азийн наадамд анхлан оролцоогүй ч их туршлага хуримтлууллаа. Цаашид юунд анхаарах вэ. Ажиглахад бөхчүүд их хурдтай болсон юм шиг харагдсан шүү?

-Бэлтгэл сургуулилалтаа улам чанаржуулж, жиндээ анхаарах хэрэгтэйг ойлголоо. Энэ удаагийн Азийн наадамд шинэ, залуу тамирчин олноор оролцсон.

-Та бөхийн спортын олон төрлөөр хичээллэдэг, кураш бөхийн дэлхийн  хошой аварга. Энэ алдрыг хүртэхэд хэн таныг хамгийн их дэмжсэн бэ?

-Намайг дэмжиж, тусалдаг олон хүн бий. Энэ бүх хугацаанд үргэлж намайг дэмждэг Д.Энхболд дасгалжуулагчтай "Хурд” бөхийн дэвжээнийхэн, ажлын газрын хамт олон, "Эрч” спорт хорооны бэлтгэл сургуулилалтаа хамтдаа хийдэг дүү нартаа баярлалаа. Мөн надад үргэлж тусалдаг Д.Удвал, Л.Чинзориг, “Даймонд хаус”-ын Н.Отгоо эгчдээ баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

-Багадаа спортоор хичээллэж байгаад хэсэг завсарласан талаар сонссон. Яагаад тийм шийдвэр гаргаж байсан талаараа ярьж болох уу?

-Манай том эгч барилддаг байсан. Эмэгтэй хүүхдээ барилдахад аав, ээжид маань тийм ч таатай байгаагүй байх. Намайг эгч шигээ болно гээд тухайн үед барилдуулаагүй. Тиймээс хэсэг хугацаанд спортоосоо хөндийрсөн тал бий.

-Олон хүн асууж байсан байх. Гэхдээ таны удамд спортын хүн байсан эсэх талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Энэ их бярыг хэнээс өвлөсөн юм бэ?

-Аав, ээж хоёр маань Увс аймгийн Тэс сумын хүмүүс. Манайх хоёр талаасаа бөхийн удамтай. Бас Тэс хамгийн олон улсын цолтон төрсөн сум шүү дээ.

-Хэдийгээр та эрчимтэй бэлтгэлээ оройтож эхлүүлсэн ч жиү жицү, самбо, жүдо, кураш бөхийн төрлөөр өндөр амжилтад хүрээд байна. Одоо ямар “оргил”-ыг эзэлье гэж бодож байна?

-Азийн тулааны спортын танхимын их наадамдаа түрүүлэхийг хүсэж байна. Энэ миний хамгийн ойрын зорилго юм даа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 19 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 19 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 19 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 19 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 19 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 20 цагийн өмнө