Б.Отгонболд: Дуу чимээтэй орчинд харвах дуртай учраас хөгжөөн дэмжигчдийн нүргээн гоё санагдсан


-Сэтгэл зүй, мэдрэмждээ анхаарал хандуулж олимпын бэлтгэлээ хийнэ-

“Ханжоу-2022” Азийн наадмын эрэгтэйчүүдийн байт харвааны төрөлд онч мэргэнээ сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.ОТГОНБОЛД аваргын алтан медаль зүүж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Хатуухан учраануудтай таарсан ч тэрбээр эзэн орны харваачтай аваргын төлөө өрсөлдөж илт давуугаар ялснаар Парисын олимпод оролцох эрхтэй болсон юм. Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас нэмсэн түүнтэй эх орондоо ирснийх нь дараахан ярилцсанаа хүргэе. 

-Сониныхоо уншигчдын өмнөөс танд баяр хүргэе. Тэмцээн эхлэхээс төвлөрлийг өөртөө бий болгосон ч сүүлийн сумуудаа тавихдаа дотроо нэлээд зөрчилдөж байх шиг харагдсан. Тэр богино хугацаанд өөрийгөө хэрхэн төвлөрүүлсэн юм бэ?
-Баярлалаа. Тэмцээн эхлэхээс дуусах хүртэл миний төвлөрөл үнэхээр сайн байсан ч өрсөлдөгч тамирчин маань сүүлийн зогсоол дээрээ 27 оноход гэнэт сул бодол толгойд орж ирсэн. Тэрүүхэн зуур “Одоо 8 харвахад л болно” гэж бодоод бага зэрэг сандарсан тал бий. Гэхдээ сүүлийн сумаа тавихдаа өөртөө бат итгэлтэй байсан учраас гүйцэтгэлээ сайн хийж чадлаа.    
-Энэ удаагийн өрсөлдөгчдөөс хэнтэй хамт талбайд харвахад хүнд байв?
-Японы харваач Фүрүкава байсан юм уу даа. 5:1-ээр хожигдож яваад нэг, нэг сум харвахдаа би 10 онож түүнийг ялсан. Фүрүкава мундаг тамирчин шүү дээ. Рио Де Жанейрогийн олимпын мөнгө, Токиогийн олимпын байт харвааны ганцаарчилсан төрөлд хүрэл, бас багийн хүрэл медальтай. Дэлхийн цом, Азийн аварга, Азийн наадам зэрэг бүх тэмцээнээс медаль хүртэж байсан шилдэг тамирчдын нэг.
-Эзэн орны тамирчинтай харвахад өөртөө маш  итгэлтэй байгаа харагдсан. Дараалан 10 оноо авсан мэдрэмжээс өөртөө итгэх итгэл улам нэмэгдсэн байх?
-Ер нь тэмцээний шат болгонд гүйцэтгэл сайтай харвасан. Маш тайван байх гэж ч хичээсэн. Хятадын тамирчинтай хамт нэг талбайд гарах үедээ байгаа дараалан онолоо гээд төвлөрлөө алдаагүй. Хүмүүс эзэн орны тамирчин учраас хөгжөөн дэмжигчдийн гаргаж байгаа үйлдэлд санаа зовсон байх. Миний хувьд тийм зүйл байгаагүй. Харин ч Азийн наадмыг зохион байгуулагч орны хөгжөөн дэмжигчдийн нүргээн надад их гоё санагдсан. Яагаад гэвэл би дуу чимээтэй, орилоон дунд харвах үнэхээр дуртай.   
-Шийдвэрлэх харвааны үеэр дасгалжуулагч танд ямар зөвлөгөө өгч байв. Сэтгэл хөдлөл, сандралаа дарахын тулд өөртэйгөө хэрхэн ажилласан бэ?
-Намайг оноогоороо илүү гараад ирвэл багш маань “Тайван харваарай” гэж хэлнэ. Тэгвэл би илүү төвлөрч чадах талаар багш бид хоёр өмнө ярилцчихсан байсан. Шийдвэрлэх харвааны үеэр багш маань “Маш тайван харваарай” гэж хэлсний үр дүнд би төвлөрч чадсан, өөрийгөө тайван байлгасан. Хүн л юм чинь сэтгэл хөдлөх үе байлгүй яах вэ. Тийм үедээ би зөвхөн амьсгалдаа илүү анхаарлаа хандуулбал үр дүнтэй санагддаг.  
-Энэ удаагийн Азийн наадмаас Парисыг зорих эрхээ авлаа. Токиогийн олимпоос эхлэлтэй зорилгоо биелүүлэхэд цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа бол?
-Эхэндээ би Парисын олимпын эрхээ авснаа мэдээгүй. Тэр талаар бодох завдал ч болоогүй. Азийн наадамд түрүүлсэн харваач Парист болох олимпод оролцоно гэсэн бодолтой явсан. Харин сүүлд нь эхний хоёр байрт шалгарсан тамирчин Парисыг зорих эрхтэй гэдгийг мэдсэн. Гэхдээ сэтгэл ханаагүй. Азийн наадмаар олимпын эрх ч дусаагүй. Тун удахгүй, аравдугаар сарын сүүлчээр Тайланд улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээний үеэр олимпын багийн эрх олгоно. Одоо түүнд л хамаг анхаарлаа хандуулж байна. Өөр зүйлд сатаарахгүйгээр тэмцээндээ сайн бэлдэнэ гэсэн бодолтой байгаа. Цаашид сэтгэл зүй, мэдрэмждээ анхаарал хандуулж олимпын бэлтгэлээ хийхээр төлөвлөж байна.  
-Тамирчны амжилтад гэр бүлийн дэмжлэг, харилцаа ихээхэн нөлөөлдөг. Таныг байт харваагаар хичээллэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авч байв?
-Намайг хамгийн их дэмждэг хүмүүс бол гэр бүлийнхэн маань. Тэр тусмаа аав, ээж хоёр миний улаан фанатууд. Аав намайг дагаж тэмцээнд явсаар байгаад байт харвааны улсын шүүгч болсон. Ээж минь өглөө эртлэн босоод миний өглөө, өдрийн хоолыг бэлдэж өгөөд явуулдаг. Орой ирэхэд халуун хоол, цай бэлэн байдаг гээд аав, ээжийн тус дэм, хайр энэрлийн талаар яривал дуусахгүй. Бас ах нар маань миний бүх нумыг авч өгсөн. Тэднийхээ итгэлийг нь алдахгүйн тулд авч өгсөн нум болгоныг тэмцээндээ хэрэглэж томоохон амжилтуудыг гаргаж явна.  
-Таны өвөө хоёр ч дайнд оролцсон мэргэн бууч. Эмээгийн талд спортын мастер зэрэгтэй мэргэн хүн байдаг гэсэн. Энэ хүмүүсийн өгөгдөл, заавар зөвлөгөө таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн үү?
-Аавын маань аав хоёр ч дайнд оролцсон мэргэн бууч хүн байсан. Ээжийн минь аав үндэсний сурын спортын мастер, Монголын хамгийн анхны, тэргүүн зэргийн цахилгаан техникч хүн байсан юм. Би хоёр өвөөгөө хараагүй, тэд эрт бурхан болсон. Аав, ээжээсээ өвөө нарынхаа талаар сонсоод өөрийн эрхгүй огшдог. Намайг харваач болоход тэдний өгөгдөл нөлөөлсөн нь гарцаагүй. 
-Тамирчин болох суурийг тавьж өгсөн анхны багш нараа танилцуулаач?
-Би анх 2009 онд энэ спортод хөл тавьсан. Ю.Ганзориг, Ө.Цэрэнмядаг багш нар маань арван жилийн сургуулиудаар байт харваагаар хичээллэх хүүхдүүдийг элсүүлэн явж таарсан. Тухайн үед надад ч байт харваа их сонирхолтой спорт шиг санагдаж “Хичээллээд үзье” гэсэн бодол төрсөн  юм. Тэгж би энэ их хөлгүй далайд буцалтгүй орсон доо. 
-Манай улсад өвлийн цагт байт харваачдад бэлтгэл хийх газар ховор. Ийм шалтгаанаар хилийн дээс алхах, хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юу?
-Манай улсад битүү ордон, 70 метрийн том заал байдаггүйгээс өвлийн улиралд гадагшаа явж, эсвэл Монголдоо зааланд бэлтгэл хийдэг. Заримдаа Цэцэрлэгт хүрээлэнгийн 360 талбайд дотроос харвадаг. Одоо ямар бэлтгэл, хэрхэн хийх талаар хэлж мэдэхгүй байна. Юутай ч удахгүй болох Азийн аварга болохоос долоо хоногийн өмнө Тайландад очиж цаг агаар, уур  амьсгалд нь дасан зохицох байх. 
-Таныг тэмдэгдэл хөтөлдөг гэж сонссон. Энэ онд хийхээр тэмдэглэсэн ямар ажил, тэм­цээн үлдээд байгаа талаар  ярилцлагын төгсгөлд сонирхъё?
-Би эшлэл үгнүүд бичих дуртай. Заримдаа хүнд тиймэрхүү өдөр таардаг даа. Тэр үед би тэмдэглэлээ уншиж урам авдаг. Одоо том зорилготой бол­сон. Токиогийн олимпод авч чадаа­гүй медалиа Парист авна гэж төлөв­лөсөн учраас түүндээ хүрэхийн төлөө хичээж байна. Олимпын эрх олгох хоёр ч тэмцээн үлдээд байна. Тэдгээр тэмцээнд өөрийгөө бэлдээд сайн оролцоно оо.


  Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө