Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, усан спортын олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн Дэлхийн усны спортын холбооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан өдгөө Тайландад бэлтгэл сургуулилалтаа хийж байна. “Ханжоу-2022” Азийн наадмын финалд үлдсэн анхны монгол тамирчин болсон түүний хувьд шигшээ уралдаанд 2:02.70 минутаар бариалж, наймдугаар байрт жагсан шинэ түүхийг эхлүүлсэн. Түүнчлэн 100 метрийн чөлөөт сэлэлтэд 57.20 секундэд замаа дуусгаснаар дөрөв, 400 метрийн чөлөөт сэлэлтэд 4:21.69 минутаар гараандаа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн Парисын зуны олимпын эрхээ биелүүлэхээр дасгалаа эрчимжүүлж байгаа юм. Түүнтэй онлайнаар холбогдож, олимпын бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар ярилцлаа.
-Одоо хамрагдаж байгаа бэлтгэл сургуулилалтын талаарх асуултаар ярилцлагаа эхэлье. Тэтгэлэгт хамрагдсан зорилгодоо хүрэхэд хэр ойрхон байна вэ?
-Тайландад олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ цагийг биелүүлж оролцоно гэсэн зорилготой ирсэн. Одоогийн байдлаар дэлхийн аваргад оролцох цагаа аль хэдийнэ биелүүлсэн. Харин олимпод эрхээ авч оролцоход надад гурван секунд дутуу байгаа. Тэгэхээр зорилгодоо хүрэхэд нэлээд ойрхон ирсэн гэж бодож байна.
-Таны өнгөрсөн хугацаанд хийсэн бэлтгэлийн үр дүн Ханжоугийн Азийн наадмаар харагдлаа. Энэ эрчээрээ хичээж чадвал 2024 оны хоёрдугаар сард болох ДАШТ-ий амжилтаа ахиулах боломжтой харагдаж байна. Харин та юу гэж бодож байна?
-Ханжоуд болсон Азийн наадамд өөрийнхөө хамгийн сайн цагаар уралдсан. Одоо ирэх жилийн хоёрдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт, цагаа ахиулахыг хүсэж байна. Үр дүн надаас шалтгаалах учраас бэлтгэл сургуулилалтдаа бүхий л анхаарлаа хандуулж байгаа.
-Тамирчин болгоны зорилго олимпын наадамд оролцох байдаг. Өнгөрсөн тэмцээнүүдийн туршлагаас харахад Парисын зуны олимпын наадамд оролцоход танд юу шаардлагатай байна вэ?
-Манай улсын усан спортын тамирчид олимпын наадамд дандаа цагаан хуудсаар оролцдог байсан. Тиймээс би 2024 оны Парисы н олимпод эрхээ авч оролцохоор маш их хичээж байна. Хэдийгээр надад гурван секунд дутуу байгаа ч хүссэн үр дүнгээ үзэхэд нэлээд их ажил орно гэдгийг мэдэж байгаа. Ямар ч байсан бүх чадлаараа хичээгээд үзнэ. Олимпын наадам хаяанд ирчихээд байхад урагшлахаас биш ухарч болохгүй. 200 метрт уралдахад надад тэсвэрийн бэлтгэлүүд шаардлагатай байгаа юм. Тиймээс энэ талд түлхүү анхаарч эхэлсэн.
-Зориулалтын бассейн Монголд байхгүй учраас бэлтгэлээ гаднын улс орнуудад хийж байгаа болов уу. Та одоо хамрагдаж байгаа тэтгэлгээ дуусахаар бэлтгэлээ хэрхэн үргэлжлүүлье гэж төлөвлөж байна?
-Монголд бассейн хүрэлцээгүй байдаг болохоор тамирчдад бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг. Түүнээс биш монгол тамирчдад бэлтгэлийн бааз нь байх юм бол амжилт гаргах боломж бүрэн дүүрэн байгаа гэж боддог. Би Дэлхийн усны спортын холбооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Тайландад ирж бэлтгэл хийж байгаадаа маш их баяртай байгаа. Учир нь, энэ тэтгэлэгт хамрагдсанаар миний амжилт их ахисан. Тэтгэлэг Парисын олимпын дараа дуусна. Олимп дууссаны дараа бэлтгэлээ аль болох тасалдуулахгүй байхад анхаарч гаднын аль нэг оронд бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлэх зорилготой байна.
-Олимпын наадам болтол аль болох олон тэмцээнд оролцох зорилготой байна уу?
-Тийм ээ. 2023 оны зургадугаар сараас 2024 оны зургадугаар сар хүртэл нэлээд хэдэн тэмцээнд оролцох зорилготой байсан. Одоогийн байдлаар дөрвөөс таван тэмцээнд оролцоод байна. Цаашдаа таваас зургаан тэмцээнд оролцож өөрийнхөө дадал, техникийг биедээ суулгах зорилго тавьсан.
-Цуцаж байгаа мэдрэмжээ биедээ дасгаж, даван туулах талд та хэрхэн ажиллаж байна вэ?
-Жилийн өмнөөс 200 метрийн сэлэлтээр дагнасан. Энэ хугацаанд таны асуусан мэдрэмж бага зэрэг орж эхэлж байна. Олимпоос өмнө энэ мэдрэмжийг өөрийн болгож биедээ дасгана гэсэн зорилготой. Ер нь 200 метрийн өврөөр даллах сэлэлт нэлээд хүнд төрөлд тооцогддог. Тиймээс тамирчин бие болон сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэх шаардлагатай байдаг юм.
-Усан спортын хичээллэдэг төрлүүдээсээ сүүлийн үед алийг нь эрчимжүүлж байна вэ. Яагаад?
-Би Монголд байхдаа 100 метрийн өврөөр даллах, 100 метрийн далайн гахайн сэлэлтээр сэлдэг байсан. Тайланд дасгалжуулагч миний техник, бэлтгэлийг хараад надад 200 метрийн сэлэлтээ эрчимжүүлээд үзэхийг зөвлөсөн. Үүний дагуу би энд ирснээсээ хойш 200 метрийн сэлэлтээр бэлтгэж эхэлсэн. Одоогийн байдлаар 100 болон 200 метрийн өврөөр даллах сэлэлт миний гол төрөл болоод байна. Ер нь монголчуудын биеийн онцлог ч юм уу сэтгэлийн хат нь 200 метрт зохицох юм шиг надад санагдсан. Заримдаа би 400 метрийн өврөөр даллах сэлэлтээр сэлдэг.
-Ер нь цаашид усанд сэлэлтийн аль нэг төрлөөрөө дагнана гэсэн бодол байгаа юу?
-200 болон 400 метрийн өврөөр даллах сэлэлтийг өөрийн төрөл болгоно гэж бодож байна.
-Та дасгалжуулагчтайгаа хэр холбоотой байдаг вэ. Тамирчдын амжилтад чухал үүрэгтэй хүмүүсийн нэг нь дасгалжуулагч учраас ингэж асуулаа?
-Дасгалжуулагчтайгаа байнга холбоотой ажилладаг. Тэмцээний өмнөх үеийн бэлтгэлийнхээ талаар багш дасгалжуулагчидтайгаа зөвлөлддөг. Дээр нь монгол, тайланд дасгалжуулагчид нэгнээ сайн таньдаг учраас асуудал үүсдэггүй.
-Усан спортынхны хувьд тактикаас гадна сэтгэл зүйгээрээ өөрийгөө ялан дийлэх нь чухалд тооцогддог. Үүнд та хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
-Тамирчин болгонд сэтгэл зүй маш чухал. Миний хувьд тэмцээний үеэр өөрийгөө сандраахгүй маш тайван байлгахыг хичээдэг. Ер нь тэмцээний үеэр олимп, дэлхийн аварга байсан ч сандардаг. Энэ сандралаа давж чадвал уралдахад илүү хялбар болно. Би сандралаа аль болох ил гаргахгүй байхыг хичээдэг. Ингэж өөртэйгөө ажилласнаар тархи, булчин маань уралдаандаа илүү төвлөрч чаддаг юм.
-Тамирчин хүний амжилтад нөлөөлдөг зүйлсийн нэг нь гэр бүлийн орчин, харилцаа байдаг. Нэг гэрийн хоёр хүүхэд усан спортод бүхнээ зориулахад аав ээж нь хэрхэн хүлээн авдаг бол?
-Дүү бид хоёр хамтдаа усан спортоор хичээллээд 10 гаруй жил өнгөрч байна. Биднийг усан спортоор хичээллэж эхлэхээс л аав, ээж хоёр маань их дэмждэг байсан. Одоо ч гэсэн дэмжсээр байгаа. Амжилт гаргах нь тухайн тамирчнаас гадна эргэн тойронд нь байгаа хүмүүстэй нь холбоотой байдаг. Энэ ташрамд, дүү бид хоёрыг дэмждэг гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлье.
-Хувь хүний хөгжил, мэргэжил боловсролд хэрхэн анхаарал хандуулж байгааг асууж ярилцлагаа өндөрлөе.
-Одоо зөвхөн олимпын талаар л бодож байна. Парисын олимпын дараа сургуульдаа үргэлжлүүлээд сурна. Шинжлэх ухаан, спортын салбарт сонирхолтой учраас эдгээр чиглэлийн аль нэгнээр дагнасан мэргэжил сонгон суралцах бодолтой байгаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна