Цайны цагийн тамирчин


“Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Э.САРАНГУАТАЙ ярилцлаа. Тэрбээр “Ханжоу-2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 100 метрт хурд хүчээ сорьж, 13.07 секундэд замаа дуусгажээ.    

-“Ханжоу-2022” Азийн наадмаас онцлох тамирчдын нэг нь та байлаа. Хэдий хугацаанд бэлтгэж улсын болон хувийн амжилтаа ахиулаад ирэв? 
-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн намайг сониныхоо спортын буланд зочноор урьсанд баярлалаа. Би өсвөрийн тамирчин байхаасаа залуучууд, насанд хүрэгчид, олон улсын нийт 200 гаруй тэмцээн уралдаанд оролцож чамлахааргүй амжилт гаргасаар нэг мэдэхэд 16 жилийг ардаа үджээ. Анх Б.Саяням, Д.Бат-Оргил багш нарынхаа удирдлагад спортоор хичээллэсэн. Дараа нь 2012 онд Улаанбаатарт оюутан болж очоод “Алдар” спорт хорооны дасгалжуулагч  Х.Уянга багшийнхаа шавь болж бэлтгэл сургуулилалтаа эхлүүлж байв. Тухайн үед хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн тэмцээний урьдчилсан гараанд дэд мастерын болзол хангасан бөгөөд шигшээ уралдаандаа спортын мастерын болзлыг 12:12 долийн амжилттай гүйж нэг өдөр хоёр мастерын   болзлоо хангаж байлаа. Мөн Тянжинд болсон Зүүн Азийн наадамд багштайгаа хамтдаа оролцсоноос хойш тасралтгүй бэлтгэлээ хийсээр 2020 оны дөрөвдүгээр сард хүүгээ өлгийдөн авсан. Миний хувьд төрснийхөө дараа формдоо ороход нэлээд хүнд байсан ч хөнгөн атлетикийн спортдоо дурласан учраас хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй дахин зүтгэсэн. Улмаар өнгөрсөн оны Бүх ард түмний 15 дугаар их наадмын 100 метрийн төрөлд хувийн амжилт болох 12:12 долийг 12:10 болгож шинэчлэн тогтоосноос гадна “Ханжоу-2022” Азийн наадмын эрхээ биелүүлсэн. Төрийн албан хаагч, энгийн нэгэн ээж болохоор өөрт олдож байгаа өдөр тутмын 12:00-14:00 цагийг л бэлтгэлдээ зарцуулдаг. 


-Цайны цагаа бэлтгэл сургуулилалтдаа зарцуулдаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Үүнээс болоод намайг “Цайны цагийн тамирчин” гэж зарим хүн дуудах болсон. Гэхдээ энэ нэг их чухал биш. Би хөнгөн атлетикийн спортоор хичээллэх дуртай учраас хэзээ ч зорилгоосоо няцахгүй. 2023 оны хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр би бэртэлтэй байсан. Бүтэн жилийн хөдөлмөр нүдэн дээр нуран унах мэдрэмж шиг хэцүү зүйл байдаггүй юм билээ. Гэхдээ би зогсоогүй, бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлэн хийсээр л байсан. Ханжоуд болсон Азийн наадмын бэлтгэлээ БНСУ-ын Инчон хотод хийсэн. Орчин нөхцөлд нь дасахын тулд биеэ бэлдэж төлөвлөгөөний дагуу тасралтгүй бэлтгэлээ хийж хоёр ч тэмцээнд сорилтоор орсон. Эхний  сорилтоор 13:07, хоёр дахь тэмцээний сорилтоороо авто цагаар 12.76 гүйж хугацаагаа баталгаажуулан итгэл дүүрэн Ханжоугийн Азийн наадмыг зорьсон.


-Энэ үеэс л тэмцээндээ амжилттай оролцож чадна гэдэгтээ бүрэн итгэжээ дээ?
-Бэлтгэлээ бүрэн хангасан боловч тэмцээний үеэр гараанаас хүчтэй түлхэхэд нэг л сонин мэдрэмж төрөөд итгэлгүй болчихсон. “Ахилийн шөрмөс маань хүчтэй түлхэх юм бол замаа дуусгаж чадахгүй болов уу” гэж өөртэйгөө ярилцаж каал рүм рүү ороход түгшиж эхэлсэн л дээ. Гэсэн ч “Чиний ард эх орон, гэр бүл чинь харахаар хүлээж байгаа шүү дээ. Итгэлийг нь алдаж болохгүй. 81 мянган хүний өмнө уралдах байж өвдөлтөө март” гэж өөрийгөө их зоригжуулсан. /инээв/  Уралдааны цаг болж гарах боллоо. Хаширлаад гараанаас огт түлхээгүй зөөлөн гарч замаа дуусгахдаа нийтдээ 100 метрийн төрөлд гурван гараанд найман тамирчин өрсөлдсөнөөс долдугаарт орсон. 
Зорьж, төлөвлөж ирсэн тэмцээн маань эхний өдрөөсөө хувийн зайндаа орсон ч хүссэн амжилтаа үзүүлж чадаагүйдээ харамсаж нулимс дуслуулан эмнэлэг рүү явахдаа үнэхээр итгэж өгөхгүй хүнд байсан. Эмч “Яаж ийм хөлтэй гүйсэн юм бэ” гэж асуусан. Олон жил бэлтгэл хийгээд ирэхээр өөрийгөө мэдэрдэг болдог юм билээ. Ахилийн шөрмөст цус хурсан, сэмрэлттэй байна. Тэмцээнд оролцуулахгүй гэхэд дотор харанхуйлсан. “Би тэмцээнээ дуусгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж хэлээд эмчилгээ хийлгэж эхэлсэн. Үр  дүн нь ч сайн байлаа. 
Амжилтын тухайд Ханжоуд болсон Азийн наадмын охидын 4х400 метрийн төрлийн шигшээ уралдаанд шалгараад бид Монгол Улсынхаа рекордыг 3:52:33 долийн амжилтаар тогтоож бүртгүүлсэн л дээ. Гэхдээ гол зайндаа ингээд орчихсон бол гэж бодогдоод харамсаад болдоггүй. Сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрөөд болохгүй байсан юм.


-Олимпод гаргасан түүх, спортын төрлөөс хамаарч тамирчид харилцан адилгүй нөхцөлд тэмцээнд оролцож, бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тухайлбал, та Азийн наадамд хувийн зардлаараа оролцоод ирлээ. Хэрвээ дэмжлэг, илүү боломж байсан бол гэсэн бодол Азийн наадмын үеэр төрсөн үү?
-Манай Хөнгөн атлетикийн холбоо олон улсын тэмцээн уралдааны зардлыг огт гаргаж байгаагүй. Тамирчид өөрсдөө тэмцээнд оролцох бүх зардлаа гаргаж оролцдог. Мөн ойрын зайн төрлийн тэмцээн, уралдаан ховор зохион байгуулагддаг манай холбоог  хөгжүүлэхэд улс орон маань анхаараасай гэж маш их хүсдэг. 
Ханжоу явахдаа Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон, аймгийн ЗДТГ, ИТХ-ын дарга нарт хүсэлт гаргаснаар зардлын маань тодорхой хэсгийг бүрдүүлэхэд маш их тусалж дэмжсэн. Энэ ташрамд тэдэнд маш их баярлаж, талархсанаа илэрхийлье.  


-Азийн бусад орны тамирчидтай өөрийнхөө ур чадварыг харьцуулаад ямар бодол төрөв?
-Ур чадварын хувьд дутуу дулимаг зүйл олон байсан. Энэ нь тухайн улсын хөнгөн атлетикийн ойрын  зайн хөгжилтэй холбоотой санагдсаныг нуухгүй. Бас багш дасгалжуулагч нар маань илүү өндөр түвшинд бэлтгэл  сургуулилалтын төлөвлөгөөгөө гаргаж хийлгэдэг байгаасай, орчин нөхцөл бүх тал дээр нь анхаардаг болоосой гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.


-Монголын хөнгөн атлетикийн холбооноос та бүхний өвлийн бэлтгэлд хэрхэн анхаарал хандуулж байгаа бол. Хамтарсан бэлтгэл хийх нөхцөлөөр хангаж өгдөг үү?
-Хөнгөн атлетикийн холбоо гэхээсээ илүү тамирчид хувиараа  жилийн дөрвөн улиралдаа бэлтгэл сургуулилалтаа төлөвлөж, зохион байгуулдаг.


-Олимпын наадамд оролцох тамирчин бүрд зорилго байдаг. Энэ их оргил өөд өгсөх замаа хэрхэн төлөвлөж байна вэ?
-Гэрэлтэйгээр харж байгаа... Ханжоуд болсон Азийн наадам бидэнд илүү том боломж байгааг харуулж туршлагатай болголоо. Одоо бол урам ороод сэтгэл илүү өег болж байна. 


-Өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан цаг хугацаатай уралдахад та нарт хамгийн их тулгамддаг асуудал юу байдаг бол?
-Тулгамдаж байгаа зүйл зөндөө байна. Бэлтгэл сургуулилалтаа системтэйгээр хийх орчин нөхцөл, санхүүгийн дэмжлэг боломж,  нөхцөл бололцоо дутагддаг. Мөн хамтарсан цугларалт бэлтгэлүүд байдаггүй. Тамирчин бид өөрсдөө бэлтгэл сургуулилалтдаа анхаарч хангадаг юм шүү дээ.


-Би буруугаар ойлгоогүй бол та Монголын богино зайн гүйлтэд хамгийн хурдан гүйдэг хүмүүсийн нэг нь. Таныг амжилтаа ахиулахад юу шаардлагатай байна вэ?    
-Бусад улс орны ойрын зайн тамирчин багш дасгалжуулагчидтай хамтар­сан бэлтгэл хийж, туршлага солилцохыг хүсэж байна.


-Та Эрдэнэтийн ууган тамирчин уу. Хөнгөн атлетикаар хичээллэх болсон үеийнхээ талаар сонирхуулаач?
-Тийм ээ. Би Эрдэнэтийн унаган хүүхэд.  Хөнгөн атлетикийн спортыг сонгон төрөлх Эрдэнэт хотдоо бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Бас энд мэргэжлийн тамирчин болж техник ур чадвараа суулгасандаа баяртай байдаг юм.


-Эцэст нь, таны оролцохыг хүсэж, зорьж байгаа тэмцээн уралдаан юу байна вэ?
-Мэдээж залуу насныхаа бүхий л цаг хугацааг хөнгөн атлетиктай холбосон болохоор тамирчин хүний  хувьд олимпод оролцох чин хүсэлтэй. Тиймээс ч өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилалтаа тасалдуулалгүй гүйсээр байгаа. Хэрвээ биднийг дэмждэгсэн бол илүү их амжилт гаргамаар байна. Тиймээс энэ ярилцлагын төгсгөлд  хөнгөн атлетикийн ойрын зайн төрлийг дэмжээд өгөөч ээ гэж л хүсмээр байна даа. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө