Өнөөдөр үе үеийн үнэнчүүдийн баярын өдөр. Монгол Улсын хэвлэл мэдээллийн түүхэн дэх тэмдэглэлт өдрүүдийн нэг тохиож байна. “Монголын үнэн” сонин үүсгэн байгуулагдсан өдрөөрөө
Хөдөлмөрийн баатар, зохиолч сэтгүүлч Лодонгийн Түдэв эрхлэгчийнхээ ярилцлагыг нийтэллээ.
Манай сонины архивын үнэт бүтээлүүдийн нэг Түдэв эрхлэгчийн ярилцлагыг сэтгүүлч Л.Эрдэнэмаа авч, “Үнэн” сонины 2010 оны ойн баярт зориулан гаргасан номд хэвлэж байсан юм.
“Үнэн” сонин үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Бид ойн босгон дээрээ өнгөрсөн зууны 1980-аад оны дунд үеэс, манай нийгмийн байгууламж үндсээрээ өөрчлөгдөх нь мэдрэгдэж эхэлсэн нэн эгзэгтэй үеэс эхлэн “Үнэн” сониныг удирдаж байсан эрхлэгч нарынхаа дуртгал, үзэл бодол, үйлс зүтгэлийнх нь талаар хүүрнэсэн номыг хэвлэн гаргах гэж байна. Тус номын эхний хуудсыг нээж, “Үнэн” сонины 1960-аад оны утга зохиолын нарийн бичгийн дарга, 1984-1996 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан, Монголын нийгэм-төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуайн уг ярилцлагын хэс-
гээс уншигчдадаа хүргэж байна.
-“Үнэн” сонин бол Монголын түүхийн баталгаат гэрч гэж боддог. Та 1984 оны сүүлчээр “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр томилогдсон. СЭВ-ийн орнуудад байдал өөрчлөгдөж, нийгмийн байгуулалдаа шүүмжлэлтэй хандах нь тодорхой үзэгдэл болсон үе. Хойд хөршид өрнөсөн өөрчлөн байгуулалт нөлөөтэй болж эхэлсэн тэр үед “Үнэн” сонин нам, төр засгийн хамтын ганц индэр байлаа. Таныг ямар шалгуураар сонгож, эрхлэгчээр ажиллуулах болсон юм бол. Тэр үед та шинэ сэтгэлгээг түгээе гэсэн бодлогоор ажиллаж байв уу, эсвэл ийм замаар ингэж өөрчлөгдөх ёстой гэсэн бодлогоор сониноо залж байв уу. Танд намын зүгээс үйл ажиллагааны удирдамж тулгаж, чанд мөрдөхийг шаардаж байсан уу?
-“Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр томилогдох хүртэл урт хугацаанд юу болж байсныг товч өгүүлмээр санагдлаа. Бүр 1950-аад оны сүүлчээр хөдөөгийн сургуулийн багш байх үед минь “Үнэн” сонин тэргүүн өгүүлэлдээ намайг нэр цохон идэвхтэй тэргүүний багш хэмээн үнэлж сайшаасан билээ. Тэр үед “Үнэн” сонины тэргүүн өгүүлэлд сайшаагдана гэдэг бол том шагналтай адил чухал байлаа. Хэрвээ шүүмжлэгдсэн бол мөн л том шийтгэл байв.
“Үнэн” сонинд шүүмжлэгдсэн хүн юм уу байгууллагыг шалгах, нийтлэлийн мөрөөр арга хэмжээ авах хүртэл асуудал дэгддэг байлаа. “Үнэн” сонинд хоёр гурван удаа, ялангуяа тэргүүн өгүүлэлд сайшаагдсан хүнд төрөөс одон хүртэл шагнах юм уу албан тушаалд дэвшүүлнэ. “Үнэн” сонин тийм нэр хүндтэй, нийтлэл нь маш их нөлөөтэй хэвлэл байж билээ.
Сонины тэргүүн өгүүлэлд магтагдсанаас хойш надад сониноос захиалга /юм бичих/ ирдэг болов. Хамгийн түрүүнд “Хөгжмийн багш” гэдэг багахан сурвалжилга хэвлүүлсэн. Дараа нь “Үнэн” сониноос зарласан шог найрууллын уралдаанд “Тал дахь окоп” гэдэг шог бичсэн минь нийтлэгдсэн. Төв аймгийнхан өвс хадаж бухал босгоод гадуур нь эргэн тойрон нүхэн хамгаалалт хийсэн нь өлссөн мал тэр өвс рүү тэмүүлж байгаад нүхэн шуудуунд унаж үхээд байсан тухай шог найруулал юм.
Гэтэл Төв аймгийн удирдлагууд эсэргүүцсэнээс шог найруулал маань уралдаанд аман хүзүүдэж чадсангүй. Харин Гэгээрлийн яамны сайд М.Жамсран гуай намайг яаралтай ир гэж утас цохидог юм байна. Тэгээд багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн орос хэл заах аргын анхны мэргэжилтэн болохоор П.В.Макаровын дагалдан болсон. Хөдөө орон нутгийн сургуулиудаар явж орос хэл зааж байгаа байдалтай танилцаж улмаар “Орос хэл заах аргыг сайжруулъя” гэсэн шүүмжлэлт бичлэг маань “Үнэн” сонинд гарсан юм. Тэрнээс нэг их удалгүй намайг “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар намын Төв хороо томилсон. Энэ бол миний хувьд гайхах, аюухыг хослуулсан томилолт байлаа.
Харин 1984 оны сүүлчээр “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр томилсон нь дээр үед утга зохиолын нарийн бичгийн дарга нь байж нэлээд туршлагажсан бас асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичдэг гэхчилэн үзүүлэлтийг харгалзсан бололтой байдаг.
“Үнэн” сониндоо эргэн ирэхэд 25 шахам жилийн өмнө ямар байсан бараг л тэр янзандаа өнөөх л өөрийн гэргүй /Цагдаагийн газрын байшингийн нэгэн давхарт байрласан хэвээр/ ажилтан, сэтгүүлчдийн үс нь цайж, шүд нь унасан, сонин хэвлэх газаргүй, улсын хэвлэлийн комбинатад тугалган өрөлттэй, тугалган хэвийг буланд өмсүүлж хэвлэдэг хэвээрээ угтаж билээ.
Юуны урьд сэтгүүлчдийн нэлээд хэсгийг залуучуудаар сэлбэх, өөрийн гэсэн байртай болох /27 жилийн өмнө Төв хорооны тогтоол гарсан ч хэрэгжээгүй/ улмаар үйлдвэртэй болохсон гэсэн мөрөөдлөөр ажиллаж эхэлсэн. Сонины нийтлэлийн хувьд юуны урьд удирдамжийн чанартай тэргүүн өгүүллийг өөрөө гардан редакторлож эхэлсэн. Бичлэгийн хэв маяг болон утга санаа, сэдвийг ажилтнууддаа хуваарилан өгч бичүүлж, өөрөө засаж янзалдаг арга хэрэглэсэн.
Харин Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн хариуцсан салбаруудыг шүүмжилсэн зүйл гарвал тэд ихэд болгоомжлон бас зарим нь эсэргүүцдэг хэвээр, гэхдээ дарамталдаггүй байлаа.
-Тэр үед Монголд өрнөсөн үйл явдлын талаар та өөрийн гэсэн үзэл бодолтой байсан нь мэдээж. 1990 онд огцом өөрчлөгдсөн манай нийгмийн байгуулал, хөгжлийн хандлага таны төсөөлж байснаас хэр зөрүүтэй байв. Хэрэв бодит байдлыг өмнө нь мэдэрч байсан бол энэ бүхний тухай нийгэмд анхааруулан бичиж байдаг байж гэх харамсал төрж байсан уу?
-1960-аад оны дунд үеэс /XX зуун/ хүмүүс ялангуяа улстөрчид, урлаг соёлынхон нэлээд амжилт гарч буйг мэдэрч түүнд сэтгэл ханаж хэдэн жил өнгөрсний дараа аяндаа хоцрогдох байдал илэрхий болсон. Тэр үед “Өөрсдийн буруугаар хоцрогдож байна” гэсэн нийтлэл бичсэнийг маань “Утга зохиол, урлаг” сонин тэргүүн өгүүллээ болгон нийтэлсэн юм. /”Утга зохиол, урлаг” 1971 он ¹49/ Тэр бичлэгийг тэсрэлт болно гэж бодоогүй, ердөө л бодит байдлын үнэн зүс царайг дүрслэн харуулсан юм байлаа. Гэтэл соёл урлаг, үзэл суртал, эрдэм шинжилгээнийхнийг цочоож орхижээ. Нэр цохоогүй байхад өөрийгөө танина гэдэг бол асуудлыг онож тавьсных биз ээ.
Тэр жил Ардын хувьсгалын 60 жилийн ой тэмдэглээд хүмүүс баяр хөөртэй байсан боловч хоцрогдол буюу биеэ тоох, бүх юм болж байна, сайхан байна гэдэг сэтгэгдэл улам гүнзгийрч байлаа. Гэхдээ нийгмийг төгөлдөржүүлэхсэн гэсэн бодолтой хүн цөөнгүй байв. Түүнээс 15 жил өнгөрсөн хойно би “Үнэн” сониндоо эргэж очсон бөгөөд өнөөх “Өөрсдийн буруугаар хоцрогдож байна” гэсэн маань “Тогтолцооны буруу” гэсэн ойлголт болон хувирч байгаа нь ажиглагдав. Тэр үед гол төлөв нэг сэдвээр дагнадаг, жишээлбэл, “Хөшөө дурсгалаа хүндэтгэе” гэх юм уу “Таацын цагаан нуурыг аврагтун!” гэхчилэн ерөнхий биш тодорхой байдлын тусгал байлаа.
1980, 90-ээд оны нөхцөлд бол асуудал улстөрийн чиглэлдээ ягуухан орж, хойд хөршийн нөлөө ихсэж байсан. Михаил Горбачев манай намын их хуралд төлөөлөгч толгойлон ирж үг хэлэхдээ яг л хуучин хэвшмэл юм яриад Ю.Цэдэнбал даргыг магтаад буцсан боловч өндөр тушаалд гармагцаа шал өөр хүн болсон бөгөөд “перестройка” гэсэн ойлголтыг өргөж эхэлсэн нь манайханд бас л нөлөөлж бас магтаж байсан Ю.Цэдэнбалыгаа ч унагаах хуйвалдааныг “зоригжуулан зохион байгуулагч” байсныг түүх гэдэг шүүх тогтоох нь дамжиггүй.
Тэгээд л 1984 онд Ю.Цэдэнбал даргыг эрүүл мэндээр нь шалтаглан Москвагийн эмнэлэгт хэвтүүлж хөл хорьсон юм. Тийм юм болоод байгааг ч Монголын сэхээтнүүд гадарлаж байсан. Хамгийн сүүлд “перестройка” хойд хөршид ид өрнөж байдал огт өөр тийшээ эргэсэн нөхцөлд “Үнэн” сонинд манай уншигчид хэдэн мянган захидал ирүүлсний дотор МАХН-ын Төв хорооны Улстөрийн товчооны хэд хэдэн гишүүнийг огцруулж, залуу хүнээр солих нь зүйтэй гэсэн саналууд их олон байлаа.
Маргааш намын бүгд хурал болно гэж байх орой Х.Цэвлээ бид хоёр ярьж нөгөөх захидлуудаас хэдийг нь шилж аваад “Үнэн” сониндоо тавихаар болсон юм. Өглөөгүүр намын бүгд хурал болоход мөн л аанайхан аж ахуйн асуудал хэлэлцсэн. Харин бүгд хурлын гишүүд өглөөгүүр “Үнэн” сониныг уншаад янз бүрийн юм бодоцгоосон, зарим нь дэмжиж зарим нь эсэргүүцэж, хурал дээр “Үнэн” сониныг илэрхий шүүмжилж, хурлын завсарлагаанаар зарим хүн намайг зэмлэж байлаа. Тэр хурлыг удирдагчид хэрвээ ард түмэн, намын гишүүдийнхээ санаа бодлыг анзаарч, асуудал шийдсэнсэн бол 1990 оны эхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ч байсан юм уу, үгүй ч байсан уу. Ямар ч гэсэн “зугтаах” санаатангууд нь дийлсэн юмдаг.
Би сэтгүүлзүйн төрлүүд дотроос асуудал дэвшүүлсэн нийтлэлийг голчлон сонгож авсан. Сүүлд нь түүнийг иссэн бодлын ханд буюу исээ /эссе/ маягт оруулаад онцгой чухал гэж бодсон асуудал бүрээр бичиж байсан болохоор нийгмийн анхааралд хүргэх ёстой юмаа хэлсээр тул харамсах юм уу төсөөлөл зөрсөн зүйл байхгүй. Харин харамсах зүйл бол нэгэнт байгааг нь нотлоод дэвшүүлчихсэн асуудлыг шийдвэрлэх эрмэлзлэл улстөрчдөд их дутаж байсан, одоо бүр ч унтарч байх шив дээ!
1980-1990-ээд оны хооронд “Үнэн” сонин сэтгүүлчдээр бичүүлж, нийтлээгүй сэдэв бараг байхгүй тийм өргөн хүрээнд нийтлэлийн бодлого барьж байлаа.
Байгаль хамгаалах сэдвээр “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” /Г.Жамц/, “Далай ээж минь цаазын тавцанд” /Ц.Балдорж/, “Зарлигаар дархлагдсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” /Ш.Цэен-Ойдов/ “Нийслэлийн бохир тойрог” /С.Лочин/, “Завханыг завхруулагчдыг хазаарлая” /А.Чойжилжав/, “Түймэр! Түймэр!” /Х.Ганбат/, “Хаягдал гэгч пайзтай үнэт хөрөнгө” /Ц.Рэнцэн/ “Таван зөвлөлгөөний дараах эргэцүүлэл” /Х.Цэвлээ/, “Баярын дараах гунигт бодол” /Ц.Дашдондов/ гэхчилэн өргөн хүрээтэй сэдвээр “Үнэн” сонинд бичсэн нь олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээсэн юм.
Г.Ганбат, Жа.Пүрэв, Г.Бямбажал, Ц.Мишигдорж, Ц.Мөнхбаатар, Д.Дорждулам, П.Төмөрбаатар, О.Хахаар гэхчилэн сэтгүүлчид маань ноцтой ноцтой асуудлыг дэвшүүлж байлаа. Бас нэг онцгой зүйл гэвэл манайд хүний эрхийг зөрчих явдал газар авсан тул НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1989 онд “Үнэн” сонин албан орчуулгаар анх удаа нийтэлсэн баримт юм. Бас тэр ондоо “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг мөн дур мэдэн албан бус орчуулгаар “Үнэн” сонин нийтэлсэн төдийгүй “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах конвеци”-ийг бас тэр ондоо нийтэлж билээ. Манай улс албан ёсоор нэгдээгүй тунхаглалыг дур мэдэн нийтэллээ гэж Гадаад явдлын яам маш хилэгнэж яриа дэгдээж золтой л “Үнэн” сониныг хаалгачихаагүй юмдаг.
-Эрхлэгчээр ажиллаж байсан он жилүүдээ Та ямар үеүдэд хувааж үздэг вэ. Ерөнхийд нь, нийгмийн өөрчлөлтийн талаас нь харах юм бол тэр үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем зогсонги байдалд орж, захиргаадалт нийгмийн хэв шинжийг илэрхийлдэг нь хэвээр байсан үе. Зөвлөлт Холбоот Улсад ойр ойрхон удирдлага нь солигдож, тэр бүрийд нийгэмд өөрчлөлтийн уур амьсгал буй болсоор, Горбачевын буюу өөрчлөн байгуулалтын үе үргэлжилсэн. Их л донсолгоотой үе. Та энэ бүх өөрчлөлтийг хэрхэн харж байв. Тэр бүх өөрчлөлтөд “Үнэн” сонин, төр засгийн удирдлагын хооронд үзэл бодлын зөрчил байв уу?
-Миний ажиллахаар очсон цаг нь “Үнэн” сонины тэр үеийн үүрэг болох Үндсэн хуулиар баталгаажиж нийгмийн удирдах хүчин хэмээн өргөмжлөгдсөн МАХН-ын бодлогыг сурталчлах гол зарчим хэвээрээ үе л дээ. Эхний хоёр гурван жилд тэр л янзаар сонин гарч, тэргүүн өгүүллүүдийг нь нам, засгийн удирдах ажилтнууд бичдэг байлаа. Өглөө нь Монголын радиогоор тэр өгүүллийг бүрэн уншиж олонд хүргэдэг байв.
Тэгэхээр тэргүүн өгүүллийг чанаржуулах нь чухал гэдгийг бодож 1984 оны сүүлчээс 1996 оны дунд хүртэл “Үнэн” сонинд гарсан бүх тэргүүн өгүүллийг би үг үсэгчлэн засч заримыг нь дахин бичсэнтэй тэнцэхээр болгон найруулж байлаа. Өдөр бүр “Үнэн” сонин тэргүүн өгүүлэлтэй гардаг гээд бодоход 12 жилээр бодвол овоохон тоо гарна биз дээ. Харин 1987-1995 он хүртэл “Үнэн” сонин өөрчлөн байгуулалтын жинхэнэ индэр болсон юм. 1996 онд МАХН сонгуулиар ялагдал хүлээсэн жил би сониноосоо явсан.
-“Үнэн” сонин улс орны амьдралын толь байлаа. Тухайн үед үзэл суртлын дарамт, загварчлал байсан ч ажлын арга барилын хоцрогдол, хариуцлагагүй байдал, хүнд суртлыг хурц шүүмжилдэг байсныг нийтээр мэднэ. Шүүмжлэлийн дагуу ямар ажил гүйцэтгэснээ ч мэдээлдэг байсан гэдэг. Та эрхлэгчийн хувьд шүүмжлэлийн тунг тааруулах, ямрыг нь нийтлэх, нийтлэхдээ ямар байдлаар нийтлэх гэх мэтийн олон асуудалтай тулгардаг байсан болов уу. Нийтлэлийн бодлого, нийгэм хүлээн авах чадвар хоёрын холбооны тухай Та юу хэлэх вэ?
-”Үнэн” сонин 1990 он хүртэлх хугацаанд улс орны амьдрал, улстөрчдийн ажил, эгэл хүмүүсийн амжилт ололтыг сайшаахын хамт нэлээн хурцаар шүүмжилдэг зарчмаа барьсаар байсан. “Үнэн” сонинд магтагдвал шагнагдах юм уу тушаал дэвших, шүүмжлэгдвэл зэмлэл хүлээх, ажлаас ч халагдахад хүрдэг тийм их нөлөөтэй сонин байлаа. Гэхдээ 1990-ээд оноос хойш тэр байдал өөрчлөгдсөн. Учир нь МАХН Үндсэн хуульд заагдсан үүргээсээ татгалзан, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн болохоор төв хэвлэл нь түүнийг тооцоолохоос аргагүйд хүрсэн.
Чөлөөт сонголтын сонинууд буй болж “олон ургальч үзлийн” талбар өргөссөн. Тэр чинээгээрээ “Үнэн” сонины уншигчид олон хуваагдсан. Цаг үеийн эрхшээл ч тийм байлаа. Миний баримтлал бол бичлэг нь шүүмжлэлтэй ч, магтаалтай ч яг үнэн баримтад л тулгуурлаж байвал сонинд чөлөөтэй нэвтрэх эрхтэй.
-Амьдралын хэв маяг, биеэ авч явах байдал, мэдлэг боловсрол, ажлын арга барилыг нь хүмүүс сониучирхан ярьдаг хуруу дарам хэдхэн хүн манайд байсан тухай ахмадууд ярьдаг. Ринчен гуайг, тэгээд Таныг ийн ярьдаг байсан гэдэг. Өдрийн амралтын цагаараа дугхийдэг, архи огт амсдаггүй, гэрээсээ өөр газар үдийн хоол иддэггүй гээд л Таны тухай яриа бишгүй сонсож байлаа. Энэ тухай өөрөөс тань сонсмоор байна л даа. Амьдралынхаа дадал зуршил, зан араншингийнхаа онцлогоос уншигчдад сонирхуулан товч ярьж өгөөч?
-Миний тухай хүмүүс юу гэж ярьдаг нь надад ердөө ч сонсогддоггүй. Яагаад гэвэл нүүрэн дээр минь хэлдэг хүн байдаггүй. Гэхдээ таны асуултаар илэрсэн тэр хэдэн зүйлийн зарим нь үнэний талтай юм байна. “Өдрийн амралтын цагаар дуг хийдэг” гэдэг нь миний мэдэхгүй, хийдэггүй зүйл байна.
Харин “Гэрээсээ өөр газар үдийн хоол иддэггүй” гэдэг нь бараг үнэн бололтой. Юу гэвэл “Хүн хоолоо өөрөө олж идэх ёстой” гэдэг түгээмэл хуулийг би дагадаг. Гагцхүү хүн ч биш шувуу, хонь мал, өт хорхой цөмөөрөө л “Өөрөө хоолоо олж иддэг”. Тэдгээрээс хүний ялгарах нь хүн өөрөө хоолоо олоод зогсохгүй хоолоо өөрөө хийж иддэгтээ байгаа юм.
Тэгээд л “Өөрөө хоолоо олоод өөрөө хоолоо хийж ид” гэдэг хуулиар багаасаа хүмүүжсэн хүний нэг л дээ, би. Гэхдээ бас хүний хийсэн хоолыг айлд зочлох, дайллага, будаалганд уригдах, гадаадад явахад идэхээс аргагүй болдог үе бий л дээ. Архи амсаж болохгүйдээ биш. Харин “Дөч хүрээд дөнгөж амс! Жар хүрээд жаргаж уу” гэсэн монгол ардын аман хуультай болохоор би түүнийг л дагадаг. Миний бас нэг хачин гэгддэг зан бол хуулиар тогтоож өгсөн ажлын найман цагаас илүү ажиллах дургүй. Үдийн завсарлагааг ч, оройн ажил тарах цаг ч, ямар ч их ажилтай байсан хаяад л яваад өгдөг. Илүү сууж хууль зөрчдөггүй.
-Та манай сэтгүүлч, зохиолчдоос тухайн цагтаа хамгийн олон орноор явсан хүн. “Нью-Йорк урт чацтай хот” гэдэг тэмдэглэлээс тань би хүүхэд байхдаа анх Америкийн тухай уншиж байсан. Замын тэмдэглэл гэдэг сэтгүүл зүйн томоохон төрлөөр хамгийн сонирхолтой ажлуудыг хийсэн хүний нэг. Таны бодлоор манай сэтгүүлчид замын тэмдэглэлийг хэр бичиж байна?
-Сэтгүүлч, зохиолч, парламентын бүлгийн даргын хувьд бас залуучуудын байгууллага, Энх тайвны хороо, Ази, Африкийн зохиолчдын байгууллагыг толгойлж байсны хувьд эдгээр ажил мэргэжлийн эрхшээлээр гадаадын улс орнуудаар нэг бус удаа явж байлаа. Тэгэхдээ хэнийг төлөөлөн, хэний хөрөнгөөр тийнхүү явж байгаагаа эргэцүүлэн бодохуйд монгол хүн алс газраар яваад ирсэн хүнээс “Сонин юу байна” гэж асуудаг бас монгол ардын аман хуулиар “Сайн хүн үзсэнээ, муу хүн идсэнээ” гэж заадгийг бодоод ард түмэн, уншигчдадаа очсон газар орныхоо талаар юу үзэж харсан тухайгаа тайлагнах хэрэгтэй юм байна гэж шийдсэн.
Тэгээд очсон, явсан газар орныхоо талаар үзэж харснаа тэмдэглэн бичиж тухай тухайд нь олны хүртээл болгох үүргийг өөртөө хүлээсэн. Хамгийн анх очсон бас дараа нь хэдэнтээ айлчилсан орон бол Бүгд Найрамдах Болгар ард улс юм. Болгарт надаас өмнө нэрт орчуулагч, сэтгүүлч С.Бадраа тэмдэглэлийн нэгэн ном бичиж гаргасан байлаа. Гэвч би тэрнээс жаахан өөрөөр бичиж “Болгар нутагт” гэсэн нэр өгөөд зураг чимэглэлийг нь өөрөө хийж хэвлүүлсэн. /1957/ Тэр цагаас хойш Куба, Франц, АНУ, Энэтхэг, Индонези, Этиопи, Йемен, Аргентин, Бразил, Эквадор, Гватемала зэрэг нэлээд улс орноор цөөн цөөн хоногоор явж тус бүрийд нь тэмдэглэл бичсэн маань “Бүтээлийн чуулган”-ы долдугаар ботид эмхэтгэгдсэн.
Ер нь сэтгүүл зүйн олон төрөл зүйл дотроос тэмдэглэл бол /заавал ч замын гэх албагүй/ хамгийн түгээмэл /мэдээ, сурвалжилгын дараагаар/ бас богино ч бичиж болдог, урт ч бичиж болдог, яг үнэн байдлыг дүрслэн харуулах журамтай төрөл зүйл юм. Тэмдэглэл бичихэд уул хүний мэдлэг, мэдээллийн цар хүрээ их нөлөөлдөг.
Далай үзээгүй хүн томоохон нуурыг далай гэж бодох магадлалтай. Юм үзэж, нүд тайлаагүй нөхцөлд тэмдэглэл, тэр тусмаа замын тэмдэглэл бол мөн л явцуухан болдог нь хууль. Ядаж л очсон газар орныхоо тухай лавлах болон бусад ном хэвлэлийг урьдчилан унших шаардлагатай юм. Цээжний бангаар харь орны тухай тэмдэглэл бичих нь цээртэй зүйл.
Сүүлийн үед монголчууд гадаадад явах бүрэн эрх чөлөөтэй болж дэлхийн таван тив, 100 гаруй оронд монголчууд хөл тавьж бараг л их Монгол Улсын цэрэг очоогүй хязгаар нутгуудаар явж бас зарим нь суурьшин аж төрдөг боллоо. Гэхдээ манай хэвлэл мэдээллийн хуудаснаа тэмдэглэл тэр хэрээр өргөжин баяжлаа гэж хэлэх боломжгүй харагдах боллоо. Ер нь шинэ зууны буюу мэдээллийн гэгдсэн зууны оюуны хэрэгцээ нь уран зохиол гэхээсээ уран сайхны баримтат зохиол давамгайлсаар байна. Ийм төрлийн хамгийн чухал нь тэмдэглэл юм аа.
-“Үнэн” сонин манай сэтгүүл зүйн амьдралд сэтгүүлчдийн их сургууль болж ирсэн. “Үнэн” сонинд ажиллаж байсан сэтгүүлчид одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудад хариуцлагатай ажил хийж байна. Та сэтгүүлчдэдээ юуг чухалчлан сануулж шаарддаг байв. Бичсэн зүйлийг нь ер нь л засаж өгдөг байсан гэж үнэн үү. Засварыг тань хүлээж авдаггүй сэтгүүлч байв уу?
-”Үнэн” сонин бол нам, төр, засаг гэдэг гурван эзний нэг “зарц” байлаа. Харин 1990 онд хоёр эзэн нь өрх тусгаарласан юм. Гэхдээ “Үнэн” сонин тэрхүү хоёр эзэндээ мөн л өмч хөрөнгөө хувааж өгсөн. Өмч хөрөнгө гэдэг нь боловсон хүчин буюу одоогийнхоор хүний нөөц байлаа. Хамаг л авьяаслаг, туршлагатай, идэвхтэй сэтгүүлчдээ төр, засгийн шинэ индэрт ажиллуулахаар харамгүй тасалж өгсөн. Тэгээд “Ардын эрх”, “Засгийн мэдээ” сонинууд төрж, өсөж өндийсэн. Ер нь “Үнэн” сонин өмнөх зуунд ч гэсэн олон сониныг өөрийн гэрээс өндийлгөж мөн л сайн сайн сэтгүүлчдийг “хадамд гаргаж” ирсэн уламжлалтай. “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, “Шинэ хөдөө” гэхчилэн өрх тусгаарлан төлөвшсөн том том сонинуудыг нэрлэж болно. Харин “Ардын эрх” бол “Монголын үнэн” сонины нэр “Уриа”, “Ардын эрх” гэж өөрчлөгдөж байсан 1930-аад оны өмнөх үеийн нэр өөр ч нэдэр нэгтэй сонинууд.
Бүр 1940-өөд онд “Ардын эрх” сонин “Үнэн” сониндоо шингэсэн юм. Харин 1990-ээд оны “Ардын эрх” бол “Үнэн”-ийхнээс тасарч гарсан айл мөн. Энэ олон төрлийн сонинуудаас “Үнэн” сонины их сургуульд суралцаж төлөвшсөн сэтгүүлчид гэвэл бодохуйяа амаргүй жагсаалт гарна. Зөвхөн сэтгүүлч биш зохиолч нар “Үнэн” сонины өргөмөл болоод төрмөл хүүхдүүд цөөнгүй буй. Монголын шинэ уран зохиолын тулгын гурван чулууны нэг Цэндийн Дамдинсүрэн гуайгаас эхлээд Монголын зохиолчдын хороог олон жил толгойлж байсан Сономын Удвал ахайтанг хүртэл “Үнэн” сониноос гараагаа авч өндөрлөг өөд дэвшсэн зохиолч нар бас цөөнгүй.
Хэрвээ “Үнэн” сонины шарласан боловч шармал алт шиг хуудсуудыг нэг бүрчлэн эргүүлж үзвээс Монголын орчин үеийн нэртэй зохиолчид, алдартай сэтгүүлчдийн бараг ихэнх нь оюуныхаа өв, бүтээлийнхээ мөрийг үлдээснийг олж үзэхсэн билээ. “Үнэн” сонинд ажиллаж байсан нэгэн мөчлөгийн хугацаанд хамтран зүтгэж явсан сэтгүүлчид үнэн зөв баримттай, сайн найруулгатай бичихийг л сануулдаг байснаас өөр номчирхол айлдаж байсангүй. Харин бичсэн зүйлийнх нь өөг билүүдэхэд гар дүрдэг байлаа. Тэр бол сонины эрхлэгчийн үүрэг юм. Миний зассан зүйлд нөхөд маань дургүйцдэггүй байсан.
-Эрхлэгчийн ажлаа ямар учир шалтгаанаар өгсөн юм бэ. Дараа нь “Үнэн” сониноо хөндлөнгөөс хараад, нийтлэлийн бодлогынх нь талаар шүүмжлэлтэй хандаж байв уу. Санал бодлоо хэлж байв уу?
-”Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчийн албыг 1984 оны есдүгээр сарын 16-нд тэр үедээ нэгэнт нэрт гараад байсан сэтгүүлч, одоо бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгсөн. Түүнээс тав хоногийн өмнө МАХН-ын удирдагчид Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар намайг албан өрөөндөө дуудаж уулзаад:
-Сонины ажлаа өгчихийг бид хүсэж байна. Та юу гэж бодож байна гэж асуусан юм.
- Ажлаа буюу сониноо өгч болно. Уг нь намын бага хурал шийдэх дүрмийн заалттай биз дээ гэсэнд
-Бага хурлыг хүлээх аргагүй байна. Намын сонин намаас мөнгө авах биш олж өгөх ёстой. Намдаа ашиг өгөх хэрэгтэй гэж Энхбаяр ярив.
Миний ажлыг өөрчлөх гэж байгааг аль түрүүн би мэдэж зарим явуулга хийгдэж буйг ч гадарласан байлаа.
-Сониныг өгч болно. Гэхдээ сэтгүүлчийн хувьд, Намын төв хорооны нарийн бичгийн даргын хувьд Энхтүвшин дарга сониноо эрхлэхээр авбал би үг дуугүй өгнө. Эсвэл Энхбаяр дарга ч авч болно. Өөр хүнд бол намын энэ чухал зэвсгийг дүрэм зөрчиж өгөхгүй гэж намайг хэлэхэд Энхбаяр дарга олзуурхаж,
-Энхтүвшин чи зөвшөөрөл дөө гэж шахав. Тэрбээр жаахан тээнэгэлзсэнээ зөвшөөрсөн юм. Тэгмэгц хажуугийн өрөөнд хүлээж буй намын удирдах зөвлөлийн хуралд оруулж, уул мэдээллийг сонсгосон юм. Удирдах зөвлөлийн гишүүд дуугүй сууцгаагаад байхад нь би босож товч үг хэлж хэлэлцэх гэж буй хувилбарыг зөвшөөрч, намын удирдах зөвлөл сониноо шууд хамааралдаа авч байгаа бол надад санаа зовох юм алга.
Би томоохон газрын цэвэрлэгчийн цалинтайгаар сүүлийн жилүүдэд намаа л бодож зүтгэж байлаа. Эндээс одоо явахад алдах юм байхгүй гэхчилэн ярьж билээ. Харин удирдах зөвлөлийн гишүүн Н.Баярсайхан л “Энэ хувилбарыг зөвшөөрч болох юм” гэж ганц өгүүлбэр хэлээд асуудал шийдэгдсэн. “Үнэн” сониноос хэдийгээр гарсан боловч яваагүйтэй адил байсаар өнөөг хүрлээ.
Надад хамгийн чухал архивын өрөөндөө ажиллахыг залуу эрхлэгч Ц.Ганбат зөвшөөрснөөр барахгүй шинээр тохижуулсан тусгай өрөөг өгч, сониндоо “долоон үг” гэдэг нийтлэл бичиж өгөхийг хүссэнд би хоёр жил тэрхүү “долоон үг”-ээ бичиж “Үнэн” сонинд нийтлүүлсэн юм. Намын индэр бас зэвсэг нь болсон “Үнэн” сонин үнэн үгтэй хэвээрээ байгаа нь сайн хэрэг.
-“Үнэн” сонин манай нийгэм-улстөрийн үг хэллэгийг тогтоож төлөвшүүлсэн газар. Та ямар ямар үг хэллэгийг орчуулж, хэрэглээнд оруулсан бол?
- “Үнэн” сонин манай олон үеийн сэтгүүлчдийн хэл найруулга, бичлэгийн арга зүйн “зам заагч нь” байсаар ирсэн юм. Хэл бичгийн ухааны эрдэмтэд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нараас эхлээд тус сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Н.Жамбалсүрэн гуайн зүтгэл бүтээл, үг хэллэг нэг хэсэгтээ л “Үнэн” сонины лавлах байсан. “Үнэн” сонин яаж бичиж, юу гэж орчуулж вэ гэж бусад сонинууд байтугай хэл шинжлэлтэн, орчуулагч нар асууж тус сониныг эргүүлцгээдэг байв.
“Таван үгийн толь” гэдэг ахар богино толь хүртэл булан нээж нэлээн үгээр тусгай толь гаргасан юмдаг. Тэгтэл дургүйцэгчид ч гараад ирсэн. Гарах гарахдаа бүр Хэл зохиолын хүрээлэн хавьцаагаас л эсэргүүцэл дэгдээсэн юм. “Бүх л нэр томъёог орчуулах гэдэг хандлага бол пуристуудын явуулга” гэж ирээд л номчирхогчид гараад ирлээ. Пурист буюу “рurus” цэвэр гэсэн үгнээс үүдсэн нэр томъёо бөгөөд эх хэлээ гадаад үгнээс цэвэрлэх, шинэ үг /неологизм/ бүдүүлэг үг /вульгаризм/ зэргээс зайлсхийхийг францчууд пуризм /рurise/ хэмээн тогтсон ойлголт. Уул нь муу юм огт биш ч манайхны зарим эрдэмтэд “муу юм” гээд ойлгочихсон хэрэг. Тийнхүү тэд “Таван үгийн толь”-ийг “Үнэн” сониноос арчсан. Гэтэл бас Улсын нэр томъёоны комисст тэр өвчин бүр улс төржин хувирч “Хэлний шовинизм” /хэлний үндсэрхэг дээрэнгүй үзэл/ гэж илтгэл хүртэл тавигдаж хавчлага эхэлснийг тэр комиссын нарийн бичгийн дарга байсан олон хэлтэй нэрт эрдэмтэн Ц.Шагдарсүрэн саяхан нэг сонинд ярьсан байна билээ.
“Үнэн” сонины хувьд нам, төр засгийн хамтын сонин байсан болохоор тэгээд ч хэвлэл мэдээллийн ганц гол тулгуур байсны хувьд гадаадын улс орнуудад болж буй үйл явдлыг хамгийн түрүүн уншигчдадаа мэдээлэх алба хааж, шинэ гадаад үгнүүдтэй хамгийн түрүүн тулгарч орчуулах хэрэг гардаг байсан. Өнгөрсөн зууны төгсгөл рүү дэлхийн хэмжээнд “террорист” гэдэг үгээр тодорхойлогдсон бусармаг, алан хядах ажиллагаа идэвхэжсэн юм. Тэр үгийг “зандалчин” гэж орчуулан хэрэглэх гэтэл Гадаад явдлын яамны сайд эсэргүүцэж “дэлхий нийтийн үг тул хэвээр нь хэрэглэх нь зохимжтой” хэмээн хатуу байр суурь баримталж байв.
Харин 1990-ээд оноос хойш манай маш олон сонин шинээр буй болж /голдуу хувийн/ телевизийн суваг ч олширсноос болоод гол төлөв хувийн сонинууд дур дураараа бичиж, гадаад үгийг орчуулах мэдлэг дутахаараа шууд л “бүхлээр нь залгиад” хэвээр нь хэрэглэх “хэлний хямрал” дэгдсэн юм. Тэдэнд бол “Үнэн” сонин намын хэвлэл учраас хөндий байх, улсын нэр томъёоны комисс гэж байхгүй болсон зэрэг нь гадаад үгээр хээлтэж, хэл найруулгаар эрлийзжих нөхцөл бүрдсэн хэрэг. Лицензээс эхлээд л ипотек, аудит, брокер, ломбард, дилер, брэнд гэхчилэн харь үгээр манай улстөрчид, сонин хэвлэлүүд өтчихөөд байна. Иймд “Үнэн” сонины “Таван үгийн толь”-ийг сэргээж “Дал” сониндоо “Ахар толь” гэдэг булан саяхнаас нээлээ.
-Та зохиолч, сэтгүүлчээс гадна улстөрийн амьдралд идэвхтэй оролцож явсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үед олон нийт Таныг ихээхэн дэмжиж байсан. Том намын сонины эрхлэгч байсан нь улстөрд хөл тавихаас аргагүй нөхцөл байдлыг буй болгосон уу, эсвэл Таны хувийн сонирхлын нэг хэсэг нь улстөр үү?
-Улстөрч гэхээсээ олон нийтийн байгууллагуудад ажиллаж хагас зууныг өнгөрөөсөн билээ. Харин 1993 онд болсон МАХН-ын нэгэн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид эрх барьж буй нам гишүүдээсээ нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэхэд нэлээн хэдэн хүний нэр гарсан боловч тэдний ихэнх нь нэрээ татсаар байгаад би ганцаараа үлдчихсэн юм.
Тэгээд л намын хамт олны бодол санааг хүндлэн нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн. Нэгэнт нэр дэвшсэн болохоор “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээс төдхөн чөлөөлөгдөж сонгуулийн кампанит ажилд орохоос аргагүй болж билээ.
Түүнээс биш миний хувийн сонирхол ч юм уу том сонины эрхлэгчийн аль нь ч биш, намын хамт олны үнэлгээ шийдвэрлэх үүрэгтэй байв.
Хуйвалдаан, явуулга их гарсан учир сонгуулийн сурталчилгааны дунд үед би нэрээ татъя гэж намын удирдлагад албан ёсоор хэлсэн боловч зөвшөөрөөгүй юм.
-Монголд чөлөөт хэвлэл үүсч хөгжөөд 10-аад жилийг ардаа орхиж. Бидний хэлж заншсан “шар” хэвлэлүүд өндийх нь өндийж, замын дундаас гээгдэх нь гээгдэж. Өдгөө өдөр тутмын 10 орчим сонин, арав хол давсан ТВ ажиллаж байна. Бүгд цензургүй, хараат бус сэтгүүлзүйг дээдлэн ажиллана гэж байгаа ч, хэвлэл мэдээллийн ихэнх хэрэгсэл улстөрийн нам, олигарх улстөрчдийн гарт орсон. Энэ байдал тэнцвэртэй мэдээллийг иргэдэд олгохгүйгээр үл барам, уншигч үзэгчдийг улстөржүүлэх, залхаах байдалд оруулжээ. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?
-Хэвлэл мэдээллийн тухай хууль, тэр чиглэлээр бусад хуульд орсон заалтуудын дутуу дулимаг, буруу зөрүү, хөнгөн хуумгайгаас болж юуны урьд сэтгүүлчид, тэдний ажилладаг хэвлэл мэдээллийн газруудын үйл ажиллагаа самуурч, дампуурахад тун ойрхон очоод байна. Ганцхан баримт дурдахад МҮОНТ-ийн тухай хууль бол нэрнээсээ эхлээд “доголон” болсон. Зүгээр л “Монголын үндэсний телевиз” гэхийн оронд “Монголын үндэсний олон нийтийн телевиз” гэсэн сунжруу, хазгай нэр өгсөн. “Монголын үндэсний олон нийт” гэхээр казахуудыг хэлээд байгаа ч юм шиг, гэтэл Баян-Өлгийн амьдрал алдаг оног гардаг. Бас “олон нийтийн” гэхээр монголын олон нийтийн амьдрал, асуудал бас олон нийт, түүний байгууллагуудынх юм шиг. Гэтэл УИХ-ын хэдхэн гишүүд голдуу биеэ өмөөрч, бие биенээ муулж бараг л жижүүр нь юм шиг гараад, яриад салдаггүй. Бас зарим суваг нь хэн нэгний хувийн индэр болчихоод “захиалгат муна” далайсаар удлаа.
Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тодорхой хувь хүний өмч байх боловч тэд хөрөнгө санхүүгийн асуудлыг нь мэдэхээс биш нийтлэлийн бодлогод нь гар дүрээд байдаггүй. Харин манайд бол Улсын Их хурлын гишүүн хүн аж ахуйн юм уу үүрэгт нь хамаагүй ажил давхар эрхлэхийг хуулиар хаасан боловч түүнийг үл хайхран хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувьдаа эзэмших байтугай хэд хэдэн компани, сургуулиудын “ар талын эзэн” болон бизнес эрхэлсээр олон оныг, олон удаагийн сонгуулийг өнгөрөөлөө. Хэвлэл мэдээллийг эрх чөлөөтэй болгосон мэт амаараа яриад гартаа тэдэнд таарах “гав”, “гинж” атгаж суудаг олигархууд /олигорууд/ байсан цагт Монголын хэвлэл мэдээллийн нэлээд хэрэгсэл, олон суваг эрх чөлөөгүй шивэгчин байхаас өөр тавилангүй.
Харин намуудын хэвлэл, түүний дотор Монголын шинэ үеийн сонин хэвлэлийн эцэг “Үнэн” сонин бол намынхаа индэр байсан, байсаар ч байгаагаа нуудаггүй, эрх барих намын дуу хоолой болсоор ирлээ.
-Нэгэн зуун хүрэхэд 10-хан жил дутуу яваа “Үнэн” сонины ирээдүйг Та ямраар төсөөлж байна. Урд цагт “айлд” сууж байсныг бодвол өөрийн гэр орон, үйлдвэртэй болж “МАХН-ын төв хэвлэл” гэж статусаа ил тод зарласан ганц сонин бол “Үнэн” шүү дээ. Цахим ертөнц хөгжин, мэдээлэл асар хурдтай шинэчлэгдэж байгаа энэ үед “Үнэн” нийтлэлийн ямар бодлого барьж ажиллах ёстой вэ?
-МАХН байгаа цагт түүний улстөрийн болон үзэл санааны индэр “Үнэн” сонин байх болно. Хэрвээ МАХН ямар нэгэн ноцтой шалтгаанаар оршин тогтнохоо болих юм бол “Үнэн” сонин намаа аврахаар үлдэж хоцрох ёстой. Монгол Ардын Нам өөрийгөө байгуулж, нэр, хөтөлбөрөө зарлахаас өмнө 1920 онд “Үнэн” сонин төрснөөрөө намаасаа ч ах сонин.
Намаа төрүүлж, эх барьж авахын тулд ч “Монголын үнэн” сониныг намын ууган зүтгэлтнүүд гаргаж, Д.Сүхбаатар, Д.Бодоогоос эхлээд өөрсдөө эхлэн бичигчид болсон нь учиртай. Тэгэхээр нам байхгүй үед төрөөд намынхаа дуу хоолой болсон “Үнэн” сонин нам нь байхгүй болох аюулд тулгарвал эзнээ сэхээн амьдруулахын тулд амьд бөгөөд дайчин байх тавилантай Монголын бүх тогтмол хэвлэлийн эцэг бөгөөд ээж “Үнэн” сонин урт нас насална аа. Харин өөрийнхөө дуу хоолой, индэр болсон сониноо МАХН “хойд эцэг шиг” бодож үзэл санаанаас гадна санхүүжилтийн болон “зэвсэглэх” /цахим тоноглол, үйлдвэр/ талаар гар сунгахгүй байгаад байвал намаас урьдаар сонин нь “амьсгал хурааж” мэдэх юм. Дагавар юм уу өргөмөл хүүхэд шиг бас заримдаа зарц нь юм шиг хандлагаар “Үнэн” сониноо дээрэнгүй харцаар хардаг хүн намын удирдлагад өмнөх тогтолцоонд байгаагүй биш.
Харин шинэ тогтолцоонд тэр “өвчнийг” халдаахгүйг нам бодох ёстой. Харин сүүлийн үед Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сониндоо нэлээн халамжтай хандаж байгааг сонсоод шинэ үеийнхэнд талархах сэтгэл төрсөн. “Үнэн” сонины нийтлэлийн бодлогыг нам нь тодорхойлдог болохоос хэн нэгэн архаг сэтгүүлч юм уу, улстөрчид тодорхойлохгүй. Цахим хувилбартай болсон “Үнэн” сонин цаасан сонин устсан ч цахим хэлбэрээр хүмүүст үйлчлэн мэдээлэл түгээсээр байх нь лавтай.
-“Үнэн” сониноос үе үеийн зохиолчид төрсөн. Бас олон сонин төрж бие даан гарсан. Таны удирдлага дор ажиллаж асан уран бүтээлчдийн тухай ярилцвал ямар вэ. Зохиолчдоос хэнийх нь тухайд мартагдашгүй сонин дурсамжтай байдаг бол?
-”Үнэн” сонин бол Монголын шинэ үеийн шилдэг зохиолч, сэтгүүлчдийг төрүүлэн бойжуулсаар ирсэн өрлөг эх нь юм аа. “Монголын үнэн” сонины анхны дугааруудын утга зохиолын ажилтан нь хожим нэрд гарсан зохиолч, сэтгүүлч Содномдоржийн Буяннэмэх байлаа. Монголын шинэ үеийн уран зохиолыг үүсгэн байгуулагчийн нэг Цэндийн Дамдинсүрэн гуай “Үнэн” сонинд уран бүтээлийн гараагаа эхэлснээр зогсоогүй тус сонины эрхлэгчээр дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд /1942 оноос/ ажиллаж байлаа. Тэрбээр хожмын нэрд гарсан зохиолч Санжмятавын Дашдэндэв гуайгаас энэхүү ажлыг хүлээн авсан байна. Түүнээс өмнөх жилүүдэд “Өвгөөдэй” хэмээн хожим алдаршсан Цэндийн Дамдинсүрэн гуай сонины эрхлэгч байжээ. Түүний өмнөх эрхлэгч нь бас л хожим сайн зохиолч, сэтгүүлч болсон Буджавын Чойндон гуай умраас дэгдсэн хэлмэгдүүлэлтийн хар салхи дайрсан жилүүдэд “Үнэн” сонины эрхлэгч байсан.
Түүнчлэн Ардын хувьсгал ялсны дараах жилүүдэд гарч байсан “Уриа” /”Үнэн” сонины тэр үеийн нэр/ сониныг хожим “Толбо нуур” гэдэг баримтат дурсамжийн тууж бичсэн Цэрэн-Очирын Дамбадорж эрхлэн гаргаж байсан юм. Мөн “Үнэн” сониноос өрх тусгаарлан 1920-оод оны эхээр гарч эхэлсэн “Залуучуудын үнэн” сонинд их зохиолч Дашдоржийн Нацагдорж ажиллаж байсан билээ. Тэр жилүүдэд бас өрх тусгаарлан гараад ахин эргэж “Үнэн” сониндоо нэгдсэн “Ардын эрх”, “Нийслэлийн сонин бичиг” зэрэгт бас л Дамбадорж, Навааннамжил гэхчлэн нэрт зохиолч сэтгүүлчид ажиллаж байжээ. 1959 оны сүүлчээр намайг Намын төв хорооны шийдвэрээр “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар томилон ажиллуулах үед мөн тэр зэргэмжийн ажлыг яруу найрагч Цэгмидийн Гайтав хийж байлаа.
“Үнэн” сонины хэвлэл “Матар” хожим нь “Тоншуул” болсон үед сэтгүүлд Д.Пүрэвдорж ажиллаж байсан юм. Биднээс өмнөх жилүүдэд Л.Бадарч, Сономын Удвал, Бямбын Ринчен гуай нар бас “Үнэн” сонинд ажиллаж байсан. Ингээд тоочоод байвал монголын шинэ цагийн уран зохиолын авьяаслаг, бүхэл бүтэн салаа цэрэг “Үнэн” сонинд алба хааж, уран бүтээлийн хос морьтой зохиолч, сэтгүүлч болсон ажээ.
Олон жилийн дараа намайг “Үнэн” сонинд минь Ерөнхий эрхлэгчээр томилон ахин ирүүлснээс хойших жилүүдэд ч зохиолчийн сандал тэнд эзгүйрсэнгүй, Бажуудайн Ганбат, Цэрэндоржийн Балдорж, Гаажидын Дамба, Минжаахайн Гүрсэд, Сономын Лочин, Ц.Доржготов, И.Батсүх, Ш.Дулмаа, Даг.Жамъян, Н.Иштавхай, Л.Нямготов, Ш.Цэен-Ойдов, Т.Баасансүрэн гэхчлэн цөөнгүй зохиолч ажиллаж байсан юм. Зуун хөгжмөөс бүрдсэн яруу тунгалаг найрал хөгжимд бүрээ, бөмбөр, цан сэлнэн, хуур, хийл цөм л өөр өөрийнхөөр дуугардаг бөгөөд харин нэг нь байхгүй юм уу дуугарахгүй бол найрал хөгжим найраа алддаг юм даа.
-Түдэв гэж хувь хүнийхээ хувьд Та маш тусгаар, нууцлаг амьдарч ирсэн санагддаг. Нийгэмд танигдсан хүмүүсийн гэр бүлийн амьдралыг сонирхдог нь хүмүүсийн нэгэн сониуч зан юм уу даа. Таны гэргий Цагаач гуайг бас чиг мэдэх байх аа. Хүүхдүүд, ач, зээ нараар хэр өнөр вэ?
-Хүмүүсийн дунд амьдарч байгаа болохоор нууцлаг байх аргагүй бас тэгэх нь утгагүй юм л даа. Миний хувьд бол айл хэсдэггүй бас гэрээрээ ч хүмүүсийг бужигнуулаад уриад, найрлаад байдаггүй учраас “нууцлаг” юм шиг санагддаг биз. Харин намайг эхээс мэндлэхэд нэр өгсөн лам ах “Янз бүрийн айл хэсүүлэх, бэлбэсний газраар очуулах хэрэггүй” гэж ээжид захисан юм гэнэ лээ. Заримдаа үнэний талтай ч юм шиг.
Хаа нэг айлд очсоны дараа ханиад мэтийн юм хүрдэг нь хар эрчим хүч хургасан айл ч байсан юм уу, бүү мэд. “Бурхан гурвалд дуртай” гэдэг шиг манайх гурван хүүхэдтэй тэд цөмөөрөө ажил, амьдралтай. Бас хойч үеийнхэн ч элбэгтэй.
“Үнэн” сонинд анх очихдоо л Ерөнхий эрхлэгчийн нарийн бичгийн дарга Цагаачийгаа хармагц зүрх минь ёгхийгээд л түүнд сэтгэлтэй болж удалгүй гэрлэсэн юмдаг. Хоёр өрөөний дунд байрласан жижигхэн өрөөнд тэр маань суудаг байлаа. Баруун өрөөнд эрхлэгч, зүүн өрөөнд орлогч эрхлэгч О.Пунцаг гуай ажилладаг.
Аз болж миний хариуцан гаргах болсон “Үнэн” сонины хоёрдугаар нүүрийн нийтлэлийг Пунцаг гуай үзэж зөвшөөрвөл гарын үсэг зурдаг байлаа. Тэгэхээр орлогч эрхлэгч дээр цаас барьж байн байн орох шаардлагатай тул далимд нь нарийн бичгийн дарга хүүхнийг өдөрт хэд хэдэн удаа хардагсан...
Эхнэр маань дараа нь номын санчийн мэргэжил эзэмшээд 40 гаруй жил хийсээр л байна. Улсын үндэсний номын сангийн үе үеийн захирлуудын жаазтай зураг танхимын хананд эгнүүлэн өлгөсний дотор эхнэрийн маань зураг байхыг саяхан инээмсэглэн харлаа. Миний “Бүтээлийн чуулган” 33 ботийг эмхэтгэн хэвлэлд бэлтгэсэн хүн л дээ.
-”Үнэн” сонины өнөөдрийн уншигчид, сэтгүүлчдэд хандан юу хэлэх вэ. “Үнэн” сонин 1990-ээд оноос хойш сэтгүүл зүй судлаачдын анхааралд өртөхгүй болсон мэт сэтгэгдэл төрдөг юм.
-”Үнэн” сонины өнөөдрийн уншигчид бол миний ажиллаж байх үеийнх биш, тэднээс асар өөр сэтгэлгээ, хүсэл мөрөөдөл, зан суртахуунтай хүмүүс учир тэдэнд хандан сургамжлах аргагүй. “Үнэн” сонин улс төр, аж ахуйн сэдэвт дарагддаг байснаа өөрчилж, шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон соёл боловсрол, эрүүл мэндийн асуудлыг илүүтэй тусгадаг болсон нь шинэ хамтлагийнхны том хувь нэмэр юм. “Үнэн” сонин бол зүсээ биш сэтгэлгээгээ харах толь байж цаашдаа урт зам туулах нь мэдээж. Бартаатай зам туулсан туршлагаараа ирээдүй этгээдийг ойртуулах биз ээ.
Л.Эрдэнэмаа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна