“Шуудангийн салбарын зохицуулалт-2023” зөвлөгөөн өнгөрсөн мягмар гарагт боллоо. Тус зөвлөгөөнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулав.
Г.Чинзориг: Шуудангийн салбарын хүний нөөцийг чадавхжуулна
Зөвлөгөөнийг нээж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн технологийн шийдлүүдийг боловсруулж, шинэ төрлийн инновацыг нэвтрүүлээд байгаа энэ үед цахим хөгжлийг дагасан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ биднээс илүү хурдтай, найдвартай, шинэлэгч дэвшилттэй бүтээгдэхүүн үйлчилгээг шаардаж байна.
Иймд бид энэ удаагийн зөвлөгөөнийг дотоодын болон улс хоорондын шуудангийн тээвэрлэлт, хүргэлтийн үйл ажиллагаа, цахим худалдааны орчны нөхцөл байдал, шуудангийн үйлчилгээний цахим шилжилт, шуудан болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбооны талаар оролцогч талууд мэдээллээ солилцсон, хамтын ажиллагаа, шуудангийн харилцан холболтыг шинэ шатанд гаргахыг зорьж зохион байгуулж байна. Мөн шуудангийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч, Ази, Номхон далайн шуудангийн коллежийн зөвлөх багшийг энэхүү зөвлөгөөний үеэр урин авчирч, үйлчилгээ эрхлэгчдэд хоёр өдрийн сургалт зохион байгуулж байгаа нь энэ жилийн зөвлөгөөний онцлог юм. Харилцаа холбооны зохицуулах хороо шуудангийн хөгжлийг дэмжих, үйлчилгээгээ улам сайжруулж, чанаржуулах талаар та бүхний гаргасан үнэтэй санал зөвлөгөөг байнга дэмжин ажиллана" хэмээн хэллээ.
Мөн ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү “Цар тахлын улмаас цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдсаж, шуудангийн салбарт ахиц авчирсан.
Цахим худалдаа, шуудан хүргэлтийн үйлчилгээнд чухал зүйлийн нэг бол хаягжилт. Манай улсад хаягжилт хангалтгүйн улмаас хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг бөгөөд илгээмжийн хүргэлт удаашрах, хугацаандаа очихгүй байх, төөрөх бэрхшээл гарсаар байгаа нь хаягжилтаа цэгцлэх шаардлагатайг харуулж байна. Үүнтэй холбоотой Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолын дагуу Цахим хөгжил, харилцааны холбооны сайд болон Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн.
Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, "Монгол шуудан" ХК хамтран шинэ дэд бүтэц, аюулгүй байдал, цахим худалдааны шинэ төслүүдэд "what3words" технологийг ашиглаж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт байрших 2200 гаруй айл өрхийн хашаанд “what3words” хаягийн самбар байршууллаа. Тус хаягийг байршуулснаар оршин суугчийн хаягийг шуудан хүргэгч, яаралтай тусламжийн 103,102,101-ийн баг түргэн шуурхай шууд олж очих боломжтой боллоо.
Цаашид "Amazon flex", "Shepra" зэрэг аппликейшнд суурилсан хүргэлтийн үйлчилгээ болно гэж харж байна. Үр дүнд нь төрийн болон хувийн өмчит шуудан хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчид заавал хувийн хүргэлтийн машин тэрэгтэй байхаас илүү машинтай иргэдтэй гэрээ хийж шуудан хүргэлтийн үйлчилгээний нэг хэсэг болох загвар бүрдэнэ.
Цахим худалдааны бас нэг томоохон асуудал нь олон улсын төлбөр тооцоо гэж яамнаас харж байгаа. Энэ ажлын хүрээнд "Apply pay", "Google pay", "Paypal" зэрэг гадаад төлбөр тооцооны хэрэгслүүдийг нэвтрүүлэхэд анхаарч, уг ажлыг хэрэгжүүлэхэд урт хугацааны гэрээ хэлцэл хийх тул хугацаа авах ч ойрын ирээдүйд шийдэгдэнэ.
Мөн манай яамнаас шуудангийн маркийг виртуал орчинд байршуулан, nft хэлбэрээр борлуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж байгаа. Цахим хөгжлийг хурдасгахад шуудангийн салбар чухал үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй. Иймээс төр ба хувийн хэвшил хамтдаа нэг зорилготойгоор салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая гэсэн юм.
П.Цэрэнням: Шуудангийн салбарын цахим шилжилтэд анхаарч ажиллана
Шуудангийн салбарын зохицуулалтын талаар ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ дотоодын болон улс хоорондын шуудан харилцааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдлаа. ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням “Шуудангийн салбарынхныг мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулсан. Шуудангийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод автомашины дугаарын хязгаарлалт харгалзахгүй замын хөдөлгөөнд оролцуулж байна. Цаашид дижитал систем нэвтрүүлэх, илгээмжийн аюулгүй байдалд анхаарч ажиллана. Шуудангийн салбарын цахим шилжилтэд анхаарч ажиллана” гэлээ.
Улс хоорондын шуудан илгээлтийн тусгай зөвшөөрөл бүхий 99 байгууллага байдаг. Улс хоорондын тусгай зөвшөөрлийн тоо энэ онд нэмэгдсэн байна. Мөн тусгай зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа эрхлээгүй, цуцалсан тохиолдол гардаг байна. Энэ нь гадаад харилцагч нь солигдсон, хамтран ажиллах боломжгүй болсон, эдийн засгийн хүндрэлд орсон, бэлтгэл ажил бүрэн хангаагүй зэрэг нөхцөл үүсдэг. Шуудангийн тусгай зөвшөөрлийн тоо жилээс жилд нэмэгдсээр иржээ. Манай улсын тухайд олон улсын агаарын тээвэр болон боомтын тоог нэмэгдүүлсэн хэдий ч ачаа хүлээн авах бэлтгэл хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар 92 орноос илгээмж хүлээн авдгаас АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Австрали, Сингапур улсаас хамгийн их илгээмж хүлээж авдаг гэнэ.
Гаалийн тухай хууль 2008 онд батлагдсанаасаа хойш өөрчлөлт ороогүй, өнөөдрийг хүртэл хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн нөхцөлд шуудан илгээмжийн журмыг өөрчлөх шаардлагатай байгаа аж.
Тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, хариулт авав. Хил дамжсан илгээмжид манайх шуудан илгээмжийн гарц нээсэн эсэх, гаалийн хяналтын бүсийг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаарх асуултад гаалийн мэргэжилтэн “Боомтын болон гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг зэрэг боомтод транзит ачааны гарцыг тусад нь төлөвлөсөн. Энэ хүрээнд дамжин өнгөрөх ачаа бараа тусдаа гарцаар гарна. “Монгол шуудан”-гаас хүсэлтээ тавьснаар гаалийн хяналтын бүсэд шилжүүлэн ачих нь нээлттэй байдаг. Цахимаар хүсэлтээ гаргаад гаалийн хяналтын бүсийг шинээр тогтоох нь нээлттэй. Эхлээд төслөө гаалийн байгууллагад танилцуулж, зөвшөөрөл авна. Шуудан илгээмжийн төрөлжсөн гаалийн хяналтын бүс дутагдалтай байгаа” гэдгийг тайлбарлав. Улс хоорондын шуудан илгээмжийн терминалыг нэмж байгуулахад төсөв мөнгө шаардсан, өртөг зардал өндөртэй байдаг. Өнөөдөр албан ёсны зөвшөөрөлтэй гурван компани үйл ажиллагаа явуулдаг аж. “Чингис хаан” нисэх онгоцны буудалд “Монгол шуудан”-гийн терминал ашиглалад орсноор ачаалал буурна. Газар шуудангийн терминалыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дахь “Монгол шуудан” компанийн терминалыг үйлчилгээ эрхлэгчдэд зориулж хэвийн ажиллуулж байна. Улс хоорондын газрын ачаа нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтарч ажиллана” гэдгийг ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням тодотгов.
Мөн иргэдээс ачаа, илгээмж авахад утасны дугаар, регистрийн дугаар аван, хүлээлгэж өгдөг. Гэтэл Хувь хүний нууцын хуулиар иргэд регистрийн дугаараа өгөхөөс татгалздаг талаар оролцогчид учирлаж, тайлбар хүсэж байлаа. Гаалийн ерөнхий газраас шуудангаар үйлчлүүлэгчдийн мэдээлэл бүхий регистрийн дугаарыг мэдүүлэгтээ бөглөхийг шаарддаг байна. “Үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдийг төлөөлж гаалийн байгууллагатай харилцдаг. Үйлчилгээ эрхлэгчид ч хувь хүний нууцлалын тухай асуудлыг хөнддөг. Энэ асуудлаар ХЗДХЯ руу бичиг явуулсан. Цахим шилжилтийн хүрээнд бүртгэгдсэн албан ёсны бүртгэлтэй и-мэйл хаягийг бөглөхөд энэ асуудал цэгцрэх байх. Үүнд бэлтгэл ажил хэрэгтэй” гэсэн хариултыг ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням хэлэв.
Улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтад оржээ
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчид орон нутагт зам, гүүрээр нэвтрэх бүрдээ хураамж төлдөг. Үүнд зохицуулалт хийх шаардлагатайг оролцогчид хэллээ. Уг нь Шуудангийн тухай хуульд шуудангийн тээврийн хэрэгсэл нь зогсоол дээр зогсох, зам, гүүрээр нэвтрэх эрхтэй гэж заасан байдаг аж. Гэвч зогсоол болон зам, гүүр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшилтэй холбоотой. Хэлэлцүүлгийн үеэр дайвар ачааны асуудлыг сөхсөн юм. Албан ёсны бүртгэлтэй үйлчилгээ эрхлэгчдийн зэрэгцээ орон нутагт хувиараа тээвэрлэлт хийдэг иргэд илгээмж авдаг. Учир нь, албан ёсны бүртгэлтэй үйлчилгээний тээвэр тогтсон цаг, хугацаандаа илгээмжийг хүргэдэг бол хувийн тээврийн хэрэгсэл цаг хугацаа үл хамаардаг, шуурхай хүргэдэг онцлогтой. Цаашид ачаа тээврийн аюулгүй байдалд анхаарч, хууль бус үйлчилгээг зогсооход зохицуулалт хийх талаар ярилцлаа.
Улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээ эрхлэгчдийн ашиг сонирхлыг нэгтгэсэн “Улс хоорондын шуудангийн холбоо” төрийн бус байгууллага байдаг байна. Харин дотоодын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтад ороогүй байгаа аж.
Тус зөвлөгөөнөөр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан”, “МИАТ”, “Ток ток”, компани, Улс хоорондын шуудангийн холбоо тус тус үйл ажиллагааны танилцуулга хийсэн юм. Дотоодын шуудан үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хэрэглэгчдэд илгээмжийг шуурхай, хурдан хүргэхэд анхаарах хэрэгтэйг дурдаж байлаа.
Түүнчлэн инновац, шинэ үйлчилгээ, дроны хүргэлтийн талаар ХХЗХ-ны Технологийн хөгжлийн төвийн дарга С.Долгорсүрэн илтгэлдээ онцолсон. Нисгэгчгүй агаары н тээвэр шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэгчдийн анхаарлыг татах болсон. 2002 онд батлагдсан хуулиар хүнгүй агаарын тээврийг тусгаж өгсөн байна. Шуудан илгээмжийн үйлчилгээнд дроныг нэвтрүүлэх талаар хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байгаа аж.
Ийнхүү шуудангийн салбарын үйлчилгээ дижитал технологид шилжилж, дроны хууль батлагдсанаар шинэ түвшинд гарах бэлтгэл ажлаа хэрэгжүүлж байна.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна