Ц.Баттулга: Спортоор хичээллэснийх оргилд нь хүрэхийг хүсэж байна



“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүч чадлаа сорьж хүрэл медаль хүртсэн Ц.БАТТУЛГАТАЙ ярилцлаа. Хөнгөн атлетикийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор оролцсон тэрбээр Азийн наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болсноороо онцлогтой.  Ц.Баттулгын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг найман тамирчны нэг болж байсан төдийгүй Бээжингийн гранприйн аварга, Бүх Оросын алтан медальтай тамирчин юм.          

-Ярилцлагын эхэнд “Ханжоу-2022” Азийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг. Азийн наадмын бэлтгэлээ хэдийнээс эрчимжүүлсэн бэ?
-Тамирчин бүр зорьж байгаа тэмцээндээ амжилттай оролцохыг хүсдэг. Миний хувьд ч гэсэн Азийн зуны спортын наадамд чамлахааргүй амжилт гаргасандаа туйлын баяртай байна.  Тэмцээндээ жилийн өмнөөс бага багаар бэлдэж эхэлсэн. Өмнө нь хичээллэж байсан учраас бэлтгэлээ сэргээхэд хүндрэл бага байлаа.  
-Тэмцээний өмнө та сайн төвлөрч, өөртөө итгэлтэй байсан. Медалийн тавцанд зогсох зөнтэй байв уу?
-“Чадна” гэж өөртөө хэлээд тэмцээнээ эхлүүлсэн л дээ. Ийм сэтгэл зүйгээр тэмцээндээ оролцохгүй бол амжилтын талаар бодоод ч хэрэггүй биз. Миний бодлоор хүн эхлээд өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол замын дундаас эргэлзээ төрөх эрсдэлтэй юм шиг санагддаг. Тиймээс Азийн наадмын тухайд эндээс явахаасаа өмнө медалийн тавцанд зогсоно гэж бодсон. Энэ эрчээрээ өдөр бүрийн бэлтгэлээ гүйцэтгэл сайтай хийхийг хичээдэг байлаа.  Ингэж явсаар тэмцээнд оролцох өдөр болоход өөрийгөө сайн төвлөрүүлсэн. Бэлтгэлээ сайн хийсэн учраас юунаас ч айж, сандрахгүйгээр бодож төлөвлөсөн зүйлээ гаргаж чадсан гэж бодож байна.   
-“Ханжоу-2022” таны хувьд анхны Азийн наадам биш, өмнө нь 2014 оны Инчонд болсон наадамд хүч чадлаа сорьж байсан. Есөн жилийн өмнө олсон туршлага энэ жил их нэмэр болсон байх гэж бодож байна?
-Тийм ээ, энэ миний оролцсон хоёр дахь Азийн наадам. Би 2014 онд Инчоны Азийн наадамд Д.Махашири багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа маш сайн хангаж оролцож байсан. Тухайн үед өөрийнхөө алдаанаас болж байгаа зүйлээ бүрэн дүүрэн гаргаж чадаагүй. Түүнээс хойш тэр үеийг бодож “Хэрвээ дахин боломж гарвал алдаагаа дахин давтахгүй” гэж боддог байлаа. Магадгүй тийм ч учраас Ханжоугийн Азийн наадамд зоригтой өрсөлдсөн байх. Алдаагаа давтахгүйн тулд бэлтгэл сургуулилалтаа ч маш сайн хийсэн дээ. Хажуугаар нь сэтгэл зүйн тал дээр анхаарал хандуулсан нь үр дүнгээ өглөө. 
-Энэ жилийн Азийн наадамд оролцсон тамирчид хэр хүчтэй байв. Тэмцээний явцад өөрийгөө хэрхэн зоригжуулсан бол?
-Мэдээж бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Улс улсын урдаа барьдаг тамирчид л энэ тэмцээнд ирж байгаа шүү дээ. Манай өрсөлдөгч дунд олимп, дэлхийн медальтан төдийгүй  рекорд тогтоосон тамирчид байсан. Тэдний бэлтгэлийн орчин нөхцөл, хангамжийн талаар яриад ч хэрэггүй. Над шиг ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг тамирчин ховор.  
-Медалийн тавцанд зогсох үеийн мэдрэмжээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар байсан бэ?
-Би энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охиныг хайр­ладаг. Түүн рүүгээ хамгийн түрүүнд залгаж баярт мэдээгээ хуваалцсан. Бас медалийн тавцанд зогсох нь үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж. Огшсон, хайртай хүмүүсээ бодохоор өөрийн эрхгүй нулимс гарах гээд байдаг юм билээ. 
-Танд спортоор хичээллэх сэдлийг өгсөн хүн хэн байв?
-Би багын л спортлог хүүхэд байсан. Ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, биллиард гээд бүгдийг нь тоглох дуртай. Одоо ч гэсэн зав гарвал заал руу гүйдэг. Надад бөөрөнцөг түлхэлтийн спортоор хичээллэх сэдлийг төрүүлсэн хүн бол Булган аймгийн Чинван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ханддорж. Зуны амралтаараа манай найзууд багшид тусалсан юм билээ. Тэр үед Хандаа багш “Тулгаа маань паралимпийн спортоор цаашид хичээллэвэл амжилт гаргах бүрэн боломжтой” гэж хэлснийг найзууд маань надад хэлж байсан юм. Би тэр тухай сонсоод спортын ямар төрлүүд байдаг, хэнтэй уулзвал мэдээлэл олж авах талаар юу ч мэддэггүй байсан. Гэхдээ л багшийн хэлснээр нэг оролдоод үзэх юмсан, өөрийнхөө юу чаддагийг мэдэхийг хүсэх болсон. Тэгж яваад нэг удаа сонирхолтой үйл явдал тохиолдсон нь өнөөдрийн эхлэлийг тавьсан. Ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт очих гээд Спортын төв ордны урдуур өнгөрч явсан чинь пальтотой хоёр хүн намайг ээрээд явуулдаггүй. Тэгсэн нэг нь “Намайг Батдорж гэдэг. Пара хөнгөн атлетикийн ерөнхийлөгч. Энэ хүн бол манай хөнгөн атлетикийн багш Төмөр” гэж танилцуулаад надад олон зүйлийн талаар ярьсан. Тэгээд болоогүй “Чамайг паралимпийн спортоор хичээллүүлмээр байна. Хичээллэх үү” гэсэн санал тавьсан юм. Ингэж миний бодож явсан зүйл биеллээ олж өөр нэгэн шинэ зүйлийг амьдралдаа оруулах гэж хичээсэн. Тэгж паралимпийн спортоор хичээллэснээс хойш өнөөдрийг хүртэл спортдоо үнэнчээр зүтгэж байна. Тухайн үед намайг олж харж санал тавьсан багш нартаа маш их баярлаж явдаг юм.  
-Спортын олон төрлөөс яагаад бөөрөнцөг түлхэлтийг сонгон хичээллэх болов. Багш, дасгалжуулагчид чинь санал болгосон уу?
-Паралимпийн хувьд тухайн хүнд нь тохирсон спортын төрлүүдтэй байдаг. Миний хувьд бөөрөнцөг, жад, зээрэнцэг шидэлтийн төрлүүдээр хичээллэх боломжтой байсан. 
-Та манай уншигчдад аавыгаа танилцуулж болох уу. Үндэсний бөхийн цолтой хүн гэж сонссон?
-Миний аавыг Чунагийн Цэгмид гэдэг. Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн хурц арслан цолтой хүн байсан. Том биетэй, хүчтэй, монгол эр хүний шинжийг агуулсан сайхан хүн байсан юм. Аав минь одоо бурхны орноос хүүгээ хараад бахархаж суугаа байх даа гэж би боддог. 
-Та эмч мэргэжилтэй. Энэ их ажлын хажуугаар бэлтгэл сургуулилалтдаа цаг гаргах тийм ч хялбар зүйл биш. Танаас нарийн төлөвлөгөөтэй байхыг шаардаж байна уу?
-Анагаахын дээд сургуульд сурдаг байсан учраас уншиж, судлах зүйл ихтэй, өдөр болгон шүүлэг өгдөг байсан. Үүний хажуугаар спортын бэлтгэл хийхэд амар байгаагүй. Манай бэлтгэл 15:00 цагаас эхэлдэг, хүчний болон шидэлтийн бэлтгэл хийдэг байв. Бэлтгэлээ аль болох таслахгүйн тулд хэрвээ хичээлийн цаг давхацвал ихэвчлэн чөлөө авчихдаг оюутан байлаа. Багш нар чөлөө өгөхдөө юу гэж дуртай байх вэ. Олон удаа чөлөө авсан болохоор багш нар заримдаа “Эмч болох юм уу, тамирчин болох юм уу” гэж зэмлэнгүй асууна. Гэсэн ч би алийг нь ч орхихыг хүсээгүй. Өглөөнөөс оройн 20:00 цаг хүртэл хичээлдээ явж, бэлтгэлээ хийсний дараа гэртээ харьдаг байсан юм. Тэгээд болоогүй оронгуутаа шууд унтаад 24:00 цагт босож үүрийн 04:00 цаг хүртэл хичээлээ хийж цагаа зохицуулдаг оюутан байсан. Ингэж хичээсний үр дүнд өнөөдрийн өөрийгөө бүтээж чадсан.  
-Парисын олимпын наадам болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тамирчин бүрийн мөрөөддөг замаар алхахдаа өөртөө хэр итгэлтэй байна вэ?
-Тамирчин бүрийн мөрөөдөл олимпын наадамд оролцох байдаг. Хүн болж төрснийх хүн төрөлхтний их цэнгэл наадамд оролцоно гэдэг хувь тавилан. Хүн бүрд олдоод байдаг зүйл биш шүү дээ. Спортоор хичээллэснийх хамгийн оргил цэгт нь хүрэхийг зорьж, хүсэж байна.  

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.114
2023/11/14
0
0
Бидний бахархаж хүндэлж явдаг сайхан дүү юм шүү.Тулгаадаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.зорисон үйлстээ тууштай байж түмний итгэл хүндлэлийг дааж яваарай
Хариулах
202.179.21.214
2023/11/14
0
0
Манай Тулгаа хичээнгүй зүтгэлтэйдээ илүү их амжилт хүсье.
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 14 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 15 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө