Ц.Сүнжидмаа: Хүн бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальтай буцдаггүй

unen
23 цагийн өмнө

Тив, дэлхийн дэвжээнд зодоглосон эгч дүүс төрийн далбаагаа мандуулж, бахархам амжилт гаргалаа. Эгч нь саяхан Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртсэн бол дүү нь  хэдхэн хоногийн өмнө самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медалийн тавцанд зогслоо. Бөхийн спортын олон төрлөөр хичээллэдэг эгч дүүс аав, ээжийн талаас бөхийн удамтай. Багаасаа спортоор хичээллэхдээ бөхийн төрлүүдээр дагнасан нь энгийн үйл явдал биш. Хожим таван цагаригийн сүлдтэй хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон наадамд Төрийн дууллаа эгшиглүүлэх хувь ерөөл тэднийх байх биз ээ. Ингээд “Женко” клубийн тамирчин, жүдогийн спортын мастер Ц.СҮНЖИДМААТАЙ ярилцсанаа хүргэе. 

-Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оноолт хэр хатуу таарав. Тэмцээний явцад барилдаанаа бүрэн гаргаж чадав уу? 
-Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны шилдэг тамирчин оролцлоо. Тэмцээний сугалаагаар тамирчид хүч чадал, туршлагын хувьд хоёр хэсэгт эн тэнцүүхэн хуваагдаж таарсан. Миний барилдах хэсэгт илүү туршлагатай тамирчид хуваагдсан гэж бодож байна. Гэсэн ч барилдаанаа маш сайн гаргаж чадсан. Барилдааны үед багшийнхаа хэлсэн үг бүрийг сонссож оролцохыг хичээсэн нь ч үр дүнгээ өглөө.  
-Дэвжээнд гарахад багш нь ямар даалгавар өгсөн бэ?
-Ер нь багштайгаа барилдаан бүрийн өмнө ярилцдаг. Энэ удаад ч бид хоёр барилдахын өмнө тактик боловсруулсан.
-Аваргын төлөөх барилдаанд анхаарал дутав уу, юунд алдаж медалийн өнгөө хувиргаж чадсангүй вэ?
-Уг нь барилдахын өмнө их тайван байсан. Гэхдээ яг барилдахад санаснаар болсонгүй. Барилдаанаа гаргаж чадалгүй мөнгөн медалийн эзэн боллоо. 
-Дэлхийн аваргын медалийн тавцанд гарах боломж тамирчин бүрд олддоггүй. Тэр хэрээр хичээл зүтгэл, хөдөлмөр зарцуулсан байдаг шүү дээ. Ер нь та дэлхийн аваргын эрчимжүүлсэн бэлтгэлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Тийм ээ, хүн бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальтай буцдаггүй. Одоо зүүж байгаа мөнгөн медаль бол миний олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Би энд дэлхийн аварга болохоор ирсэн ч зорилгодоо хараахан хүрч чадсангүй. Тамирчин бүр амьдралаа золиосолж амжилтад хүрдэг. Ялангуяа эмэгтэй хүн тамирчин болох маш хэцүү. Гэр бүлийнхэндээ анхаарал хандуулахын хажуугаар бэлтгэл сургуулилалтаа эрчимжүүлнэ гэдэг тийм ч хялбар ажил биш. Үүгээрээ би тамирчны амжилт их үнэ цэнээр олддогийг хэлэх гэсэн юм.  
-Та бөхийн спортын олон төрлөөр хичээллэдэг. Тэд­гээрээс мэхээ даацтай хийж дадахын тулд самбо бөхийн спортоор хичээллэсэн гэдэг?
-Самбо бол хамгийн гоё спортын төрөл. Яагаад гэвэл, таван минутад тамирчны бүх зүйлийг нь гаргуулж чаддаг. Таван минутад хэн сайн ажилласан, хэн илүү чадвартай нь ялдаг гэсэн үг. Үүнийг саяын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн харуулсан байх.   
-Таны хичээллэдэг спор­тын үндсэн төрөл жүдо. Монголчуудад ээлтэй бөхийн энэ төрлөөр ямар амжилт гаргасан бэ?
-Би жүдогийн спортын мастер зэрэгтэй. Өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлж байсан. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний таван хүрэл медальтай. Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медальтай гэх зэрэг амжилт гаргаж байсан.  
-Манай улсын хувьд жүдогийн зарим жинд өрсөлдөөн их. Гэтэл заримд нь  бэлтгэл хангагч ч олддоггүй. Таны хувьд цаашдаа аль жинд хүчээ төвлөрүүлэх бодолтой байгаа вэ?
-Би 63 кг-ын жинд олон жил барилдаж байна. Цаашдаа ч энэ жиндээ хүч сорих байх. Одоогоор надад жин нэмж, хасах бодол байхгүй.  
-“Женко” клуб дотоодын өрсөлдөөн ихтэй. Тамирчин бүрийн зорьдог олимпын наадам таны хувьд хэр ойр байгаа гэж бодож байна вэ?
-Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Улсын аваргад гаргасан амжилтаас их зүйл шалтгаалдаг. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болдог юм. 
-Нэг айлын хоёр эмэгтэй тамирчин улс эх орныхоо нэрийг ойр ойрхон гаргалаа. Таны төрсөн эгчийн Ханжоу Азийн наадмаас авсан хүрэл медаль булган сүүлтэй байлаа гэж бодож байна?
-Эгч маань миний хувьд баатар. Би энэ л хүнээс үлгэр дуурайл авдаг. Өдий зэрэгтэй яваа маань эгчийн маань тусалж дэмжсэний ач тус юм. 
-Та өнөр өтгөн ам бүлтэй айлын отгон охин нь. Таныг бөхийн спортоор хичээллэхэд эгч нарын нөлөө их байв уу?
-Манай гэрийнхэн намайг маш их дэмждэг. Мөн Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Г.Саранзаяа, Н.Энхбаяр, Д.Энхболд багш нар маань намайг үргэлж дэмжиж тусалдаг. 
-Одоогоос хэдэн жилийн өмнө уулзахдаа цэргийн хүн болох зорилготой талаараа дурдаж байсан. Зорилгодоо хүрсэн үү?
-Нэг зорилгоо биелүүлж цэргийн хүн болж чадсан. Дотоод хэргийн их сургуулиа төгсөөд хоёр жил болж байна. 
-Одоо оролцохоор зорьж байгаа тэмцээн тань юу вэ? 
-Он гараад улсын аварга шалгаруулах тэмцээнүүд эхэлнэ. Тэдгээр тэмцээндээ амжилттай оролцох зорилготой бэлтгэл сургуулилалтаа хийж байна. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 13 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 13 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 14 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 15 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө