Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.НАМУУНТАЙ ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд түүний гаргасан амжилтуудыг бичвэл урт дараалал хөвөрнө. Тиймээс хамгийн сүүлд “Дэлхийн цом”-оос алтан медальтай ирснийг дуулгаад ярилцлагаа эхэлье.
-Охидын будаг шунханд дурладаг насан дээр та боксоор хичээллэж эхэлсэн. Ийм сонголт хийхэд танд юу нөлөөлсөн бэ?
-Боксоор хичээллэх болсон нь өсвөр насанд минь тохиолдсон үйл явдалтай холбоотой. Тухайн үед би гар утсаа хүнд дээрэмдүүлсэн учраас аав, ээж маань “Охин хүүхэд биеэ хамгаалж сураг” гээд боксоор хичээллүүлсэн. Ийм бодолтой боксын зааланд орохдоо өөрийгөө хожим хойно мэргэжлийн тамирчин болно гэж яахан бодох билээ. Биеэ хамгаалж сурна хэмээн бодож байсан санагддаг. Харин боксын техникүүдийг эзэмшиж хичээллэх тусам спортод дурлаж өдрийн ихэнх цагийг зааланд өнгөрөөдөг болсон юм. Одоо бодоход энэ үеэс л тамирчин болох карьераа эхлүүлж байж. Үүнд бас дасгалжуулагчийн маань нөлөө их бий. Өсвөр насны зарим хүүхэд сайн хийж чадах юм байхгүйдээ өөрийгөө голдог үе байдаг. Яг тийм л үед дасгалжуулагчийн хэлсэн үг надад урам өгсөн юм болов уу. Арван дөрөв, тавхан настай байхад дасгалжуулагч хараад “Хөдөлгөөний эвсэлтэй, боксоор хичээллэвэл авьяас байна” гэсэн. Үүнээс би “Надад хийж чаддаг юм байна” гэсэн бодол төрсөн. Магадгүй тухайн үед боксоор хичээллэхээр очсон охидоос би арай эвсэлтэй нь харагдсан байх. Бас бэлтгэлийн үеэр ганц хоёр цохиход уйлахгүй тэсээд үлдсэн болохоор дасгалжуулагчийн нүдэнд би тамирчин болчих юм шиг харагдсан байх л даа.
-Тэмцээний үеэр охидыг ажиглахад их шартай, хэр баргийн зүйлд мөчөөгөө өгдөггүй. Урагшлахаас биш ухардаггүй юм шиг харагдсан. Өсвөр насандаа та тийм шартай охидын нэг нь байв уу?
-Хор, шартай байснаа мэдэхгүй юм. Зүгээр л өдөр бүрийн бэлтгэлээ гүйцэд хийхийг боддог байлаа. Миний анх оролцсон тэмцээн Д.Банди агсны нэрэмжит “Олимпын гараа”. Анхны тэмцээн учраас 22 хоног бэлтгэл хийгээд оролцсон ч амжилт муутай. Тэмцээн эхлээд удаагүй байхад Буриадаас ирсэн тамирчинд ялагдчихсан юм. Анхны тэмцээн учраас их ч сандарсан байх. Тухайн үед рингэнээс буугаад тоглолт яаж өрнөснийг санадаггүй. Гэхдээ тэр үед надад багш, дасгалжуулагч нар их урам өгсөн. “Өрсөлдөгч чинь их туршлагатай тамирчин. Анхны тэмцээн гэхэд ийм сайн хүүхдээс дутахааргүй тоглолоо” гэж хэлснийг одоо тод санаж байна. Хэрвээ тэр үед хүмүүс надад урам зориг өгөөгүй бол магадгүй би тамирчин болохгүй ч байсан юм бил үү.
-Урам ороод ирэхээр өөрийгөө тоох мэдрэмж төрж эхэлсэн үү. Тухайн үед таныг дээрэлхдэг байсан хүүхдүүдэд юу сурч мэдсэнээ үзүүлмээр санагддаг үе байсан уу?
-Хүнд дээрэлхүүлэхгүй, хүнийг ч дээрэлхдэггүй хүүхдүүд байдаг даа. Би тийм л хүүхэд байсан. Өөрийгөө аваад явдаг, хүнд гай болдоггүй. Гэхдээ өт хүртэл биед нь хүрвэл өрвөлздөг. Хэн нэгэн намайг өдөж хоргоовол би мөчөөгүй өгдөггүй хүүхэд байлаа. Харин боксоор хичээллэсний дараа би өмнөхөөсөө ч илүү даруухан болсон. Хэн нэгэн нь намайг өдөж хоргоовол “Би энэ хүүхдийг гэмтээж болохгүй” гэж боддог. Өмнөхөөсөө ч илүү тайван, биеэ барьж сурсан. Энэ нь спортоор хичээллэсний ач тус юм.
-Эмэгтэй тамирчны хувьд спортын карьертаа анхаарал хандуулсан 10 жил тийм ч богино хугацаа биш. Өдөр бүрийн бэлтгэлийн хажуугаар хувийн амьдралдаа цаг зарцуулах шаардлага зайлшгүй тулгарсан биз?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхад бүх зүйлийг амжуулаад болоод байсан. Оюутан болж бие дааж амьдрах шаардлага үүсэхэд ачаалал нэмэгдсэнийг олон зүйлээс харж ажигласан юм. Би Орхон аймгийн хүүхэд. 2016 онд Улаанбаатарт амьдрахад төлөвлөөгүй зүйл олон гарч ирсэн. Батлан хамгаалахын их сургуульд сурдаг байсан болохоор цэрэгжилт, жагсаалын бэлтгэл олон удаа хийнэ. Үүнийхээ хажуугаар шигшээ багийн бэлтгэлээ тасалдуулахгүй байх ёстой. Тиймээс эхлээд бэлтгэлээ хийж, шаардлагатай бол хичээлээ нөхөж судалдаг оюутан байв. Ерөнхийдөө оюутны дөрвөн жил хэцүүхэн өнгөрсөн. 2020 онд их сургуулиа төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй, тамирчны карьераа хөөсөн. Одоо би Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин. Бэлтгэл миний хувьд ажил болсон. Төсвийн байгууллагын ажилтан бүртгэлээ хийж эхэлдэгтэй яг адилхан. Нэгдүгээрт, бэлтгэл байх ёстой. Харин үлдсэн хугацаанд нь бусад зүйлээ амжуулах зарчмаар л ажил амьдралаа зохицуулж байна.
-Бид чинь их сониучхан зантай. Хийж үзэхийг хүсдэг зүйл олон байдаг шүү дээ. Тамирчин гээд эмэгтэй хүн биш гэсэн үг биш. Тиймээс танд үеийнхэн шигээ чөлөөт цагаа өнгөрүүлэх юмсан гэсэн бодол төрдөг байх?
-Заримдаа энэ тэндээс залуучуудад зориулан зохион байгуулж байгаа гоё эвентэд оролцох юмсан гэж боддог. Заримд нь яг хамрагдах гэхээр тэмцээний хугацаатай давхацна. Ийм тохиолдолд мэдээж бэлтгэлээ нэгдүгээрт тавих ёстой.
-Тэгэхээр одоо бол таны ертөнц тэр чигээрээ спорт байна, тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ спортоос мэдэрсэн гоё мэдрэмж, сайхан дурсамж бас бий шүү. Би 2017 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Тухайн үед бидэнд цагаан цамц, цэнхэр өмдтэй хослолыг нэгдсэн журмаар тараасан юм. Миний хослол томдчихсон л доо. Гэхдээ тэр хувцсаа өмсөөд толинд өөрийгөө харахдаа бахархах сэтгэл төрсөн. Ганцаараа байсан болоод ч тэр үү сэтгэл маш их хөдөлж нулимс цийлэгнээд болж өгөөгүй. Тэр үе хэзээ ч дахин давтагдахгүй. Хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байсан даа.
-Тамирчид хатуу чанга, хагас цэрэгжилтийн байдалтай байх ёстой. Гэтэл хүн л юм хойно сэтгэл зүйн хувьд нөлөөлөх зүйл цөөнгүй харагддаг. Танд тийм зүйл тулгарч байсан удаа бий юү. Ер нь та өөртэйгөө хэрхэн ажилладаг вэ?
-Тамирчид сэтгэл зүйгээ багаасаа бэлддэг юм шиг санагддаг. Аливаа зүйлд бага багаар суралцаж хэр баргийн зүйлд анхаарлаа алдахгүй байхад суралцдаг. Миний хувьд тэмцээний үеэр ч юм уу тоглолтод нөлөөлөх асуудал тулгарч байгаагүй. Хэрвээ тоглолтын үеэр сэтгэл зүйд нөлөөлөх асуудал үүсвэл аль болох төвлөрч одоо цагтаа илүү анхаарал хандуулах байх.
-Медальд хүрэх үеийн өмнөх тоглолтууд боксчдын хувьд том сорил болдог. Өрсөлдөгч гэхээсээ эхлээд өөрийгөө ялан дийлбэл зорилгодоо хүрэхэд илүү ойр байдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Тэмцээний үед тэгшитгэлийн тоглолтууд тайван болж өнгөрдөг. Яагаад гэвэл, “Энэ медалийн төлөөх тоглолт шүү” гэсэн бодол толгойд орж ирдэггүй. Гэтэл медалийн төлөөх тоглолтын өмнө “Хэрвээ хожигдвол медальгүй хоцорно” гэсэн бодол эргэлзээ төрүүлчихдэг. Хэдий сэтгэл зүйгээ бэлдсэн, багаасаа энэ асуудалд анхаарч чаддаг байсан ч давахад амаргүй. Ялангуяа над шиг залуу тамирчдын хувьд барьц алдах гээд байдаг талтай. Ингэж хүн өөрийгөө хянаад эхлэхээр бүх зүйлээ хайрцагладаг. “Алдаа гаргачихвий” гэсэн бодолд автчихдаг гэсэн үг л дээ. Энэ утгаараа илүү хариуцлагатай оролцох тэмцээнүүдэд алдаа гаргах нь элбэг тохиолддог.
Би өөрийгөө сэтгэлийн хаттай хүн гэж боддог байсан. Тэгсэн 2022 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор очоод эхний тоглолтдоо хожигдоод сэтгэлээр унасан. Тэр үед тамирчны карьерын талаар ч бодож эхэлсэн. Мэргэжлээрээ ажиллая гэхээр эхнээсээ хөндийрсөн болохоор эргэж очиход хэцүү болчихдог юм билээ. Хэсэг хугацааны дараа бүх зүйлтэйгээ эвлэрсэн.
-Аливаа зүйлийг их хүндээр хүлээж авдаг байж?
-Тийм юм шиг байгаа юм. Тэр үед миний амьдрал дуусаж байгаа юм шиг санагдсан. Гэтэл байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж аваад цааш алхах хэрэгтэй байсныг сүүлд ухаарсан юм. Дараа нь ямар ч зүйлд өөрийгөө хүчлэх шаардлага байхгүй. Амжилт гаргахгүй бол тамирчны замналаа дуусгаж болно. Одоо цагтаа төвлөрч, аз жаргалтай байх нь чухал гэдгийг ойлгосон. Одоо бол өөртөө “Заавал тэгэх ёстой” гэсэн хүнд ачаа үүрүүлэхээ больсон.
-Юунаас сэргэлт авч байгаагаа ажигласан уу?
-Спортоос өөр зүйл хийж чаддагийг мэдэх надад сайхан санагддаг. Яагаад гэвэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд миний амьдрал бокс л байсан юм. Тиймээс багахан зүйлээс сэргэлт авсан. Жишээ нь, өнгөрсөн хавар жолооны дамжаанд суугаад амжилттай төгссөн.
-Тэмцээний үед оновчтой довтлоод байгаа юм шиг мөртлөө эцсийн дүнг танилцуулахад эсрэг талд ялалт заах тохиолдол олон. Ийм үед та “шатахгүйн” тулд яадаг вэ?
-Боксын спортын шүүлтийг ойлгоход хэцүү. Үзэгч, дасгалжуулагч, шүүгчийн нүдээр тоглолтыг харах өөр. Аливаа хүн рингэн дээр тулалдаж байгаа хоёр тамирчны аль дэмжиж байгаагаа илүү хардаг. Тэр нь илүү сайн тоглоод байгаа юм шиг харагдаад байдаг. Тиймээс тулаан эхлэхээс өмнө шүүгчид ринг рүү анхаарлаа хандуулдаггүй. Тоглолт эхлэх хонх цохиход аль улсыг төлөөлж байгаа хэн гэдгээс үл хамаарч зөвхөн тухайн тоглолтыг дэнсэлдэг. Ялалт, ялагдлын хувьд надад ч гэсэн тийм зүйл тохиолдож байсан. Ялсан байх даа гэж бодож байтал ялагдсан байх тохиолдол гардаг. Тэр үед шар хөдлөөд харин ч илүү ажиллах сэдэл төрдөг.
-Та хэдэн настай вэ?
-24-тэй.
-Гэр бүлийнхэн нь охиноо бүх зүйлээ спортод зориулж байгааг хараад юу гэж хүлээж авдаг вэ. Нөгөө талаараа зорьсон зорилготой урагшилна гэдэг бас хэн бүхэнд байдаг зүй биш?
-Аав, ээж маань Булган аймгийн Орхон суманд мал аж ахуй эрхэлдэг. Хоёр дүү маань Эрдэнэтэд ахлах сургуульд суралцаж байгаа. Би багаасаа спортоор хичээллэсэн болохоор аав, ээж маань миний амьдралын хэмнэлийг мэднэ. Бас их дэмждэг. Ялангуяа аав маань багадаа жүдогоор хичээллэж байсан болохоор охиноо сайн ойлгодог. Хэдийгээр аав маань хөдөө мал дээр гарах шийдвэр гаргасан ч тамирчин болж эх орныхоо нэрийг гаргах мөрөөдлөө охиноороо дамжуулан гүйцэлдүүлж байгаа юм. Намайг олон улсын тэмцээнд оролцох үеэр зарлахдаа “Хатагтай Монхор, Намуун Монхор” гэж аавын минь нэрээр танилцуулдаг. Тэр бүхнээс би миний хүсэл мөрөөдлөөс гадна аавынхаа мөрөөдлийг давхар биелүүлж байгаа юм байна гэж бодох болсон. Аав, ээж маань надад “Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг л дага. Хийхийг хүсэж байгаагаа хий” гэж хэлдэг. Түүнээс биш намайг “Зөвхөн бэлтгэлдээ анхаар” гэж шахдаггүй. Өөрөөрөө байхыг дэмждэг юм.
-Та хамгийн сүүлд хэзээ Булган руу явсан бэ?
-Өнгөрсөн зун Улсын баяр наадмын амралтаар гэртээ харьчихаад ирсэн. Ер нь тамирчин болсноос хойш гэртээ очих нь багассан. Би ээжийнхээ ажилд туслах боломжтой болсон үедээ тамирчин болохоор гэрээсээ явсан. Тиймээс ээждээ тусалж чадаагүйдээ харамсдаг. Гэхдээ аав, ээжээсээ олон зүйл шаардаж сэтгэлийг нь зовоож байгаагүйгээрээ өөрийгөө цайруулдаг. 18 настайдаа шигшээ багт дуудагдаж тодорхой хэмжээнд цалинждаг болсон. Ингэж өөрийнхөө санхүүг зохицуулаад явсан нь нэг талаараа аав, ээждээ дарамт болоогүй.
-Одоо бол олимпоос өөр зүйл бодолд чинь орж ирэхгүй байгаа болов уу?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын эхээр болно. Миний эхний зорилго энэ тэмцээнд амжилттай оролцох. Улсын аваргаас нэгээр гарч шигшээ багт орсноор олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжтой болох юм.
-“Чансаа өндөртэй тэмцээнд аз муутай байна” гэсэн бодол таны амжилтаас чинь хойш татаад байна уу гэж харагддаг. Харин та юу гэж бодож байна?
-Би болоогүй байгаа учраас ялагдаж байгаа. Хэрвээ үнэхээр мундаг ур чадвартай байсан бол би өрсөлдөгчөө хожно. Ингэж чадахгүй байна гэдэг нь би болоогүй байна аа л гэсэн үг. Түүнээс биш хэнд нэгэнд буруу өгөхгүй. Өөрийгөө өмөөрч миний бэлтгэл ханаагүй эсвэл жингээ хассанаас боллоо гэж шалтаг тоочихгүй. Ер нь техник, ур чадвараараа тааруу учраас ялагдана шүү дээ. Миний цаг үе биш юм байлгүй л гэж боддог. Хамгийн гол нь хичээж зүтгэвэл хувь тавилан байгаа гэдэгт итгэдэг. Хичээж, хөдөлмөрлөөд тууштай явахад бурхан нэг л өдөр миний хичээл зүтгэлийг харах байлгүй дээ.
-Хүмүүс тамирчдыг азтай байлаа гэдэг. Харин та азанд итгэдэг үү?
-Итгэдэг. Гэхдээ нөр их хөдөлмөр, боломж хоёр нэг цэгт огтолцохыг би аз гэж боддог. Ингээд бодохоор аз хийсвэр, нэр төдий зүйл биш. Хүний хичээл зүтгэл, хүчин чармайлтын дүнд илэрдэг зурвасхан тохиол юм уу даа. Харин хүмүүсийн хэлдэгчлэн аз бидэнд хэзээ гарах боломжтой вэ гэхээр тэмцээний сугалааны үед. Тамирчдыг чансаагаар нь ангилахгүйгээр сугалахад харьцангуй хөнгөн хэсэг таарч медалийн төлөө гараад ирэх боломж тохиолддог. Ийм л аз байхаас яг тулааны үед аз таараад хожно гэдэг юу л бол. Би хэлж мэдэхгүй юм байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна