П.Товуудорж: Хэмнэлтийг дадал болгох үүднээс “Тогоо тохируулъя 17-22” аяныг зарлалаа


“Тогоо тохируулъя 17-22” аяны хүрээнд Эрчим хүч­ний зохицуулах хорооны зохи­цуулагч П.Товуудоржтой ярилцлаа. 

 

“Тогоо тохируулъя 17-22” аян зарлалаа. Эрчим хүчний зохицуулах хороо чиг үүргийн дагуу ажлуудаа хийсэн байх?

-Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний хэмнэлтийн хууль, төрийн бодлогын чиг үүргийг  хэрэгжүүлдэг байгууллага. Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг 2015 онд баталснаас хойш тодорхой ажлуудыг хийгээд явж байна. Сүүлийн жилүүдэд төвийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал, хэрэглээ дээд цэгтээ тулаад байгаа юм. Ялангуяа өвлийн ачааллын үед импортын эрчим хүч огцом нэмэгддэг. Бүх дулааны цахилгаан станц суурилагдсан хүчин чадлаа 100 хувь ашиглаж ажиллаж байна. Ийм үед 24 цаг тасралтгүй ажилладаг тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл, техникийн саатал тохиолдохыг үгүйсгэхгүй. Саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ. Тийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны арваннэгдүгээр сарын 26-нд эрчим хүчний хэмнэлтийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Нэг МВт эрчим хүч үйлдвэрлэх зардал болон нэг МВт эрчим хүч хэмнэх зардал цаг хугацаа, хөрөнгө оруулалтын үнийн хувьд асар их зөрүүтэй, нэг меговатыг хэмнэх нь эдийн засгийн хувьд маш их үр өгөөжтэй гэж үздэг. Нэг МВт эрчим хүч хэмнэх нь нэг МВт эрчим хүч үйлдвэрлэхтэй чанарын хувьд тэнцдэг. Ийм учраас өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаад Эрчим хүчний сайдын зөвлөлийн хурлаар танилцуулаад энэ оны хоёрдугаар сард сайдын тушаалаар гурван ажлын хэсэг байгуулагдсан. 

-Ямар чиг үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулсан тухайгаа тодруулна уу?

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавин­бэхээр ахлуулсан ажлын хэсэг нь Эрчим хүчний хэмнэлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон дүрэм, журам стандартыг шинэчлэн сайжруулах чиг үүрэгтэй. Энэ ажлын хэсгийн удирдлага дор хоёр дэд ажлын хэсэг байгаа. Нэг нь ерөнхий диспетчер Б.Баатараар ахлуулсан ажлын хэсэг.Тус ажлын хэсэг нь үүрэг хүлээсэн томоохон хэрэглэгчид болох аж ахуйн нэгжүүдийг өвлийн ид ачааллын үед тодорхой хэмжээгээр ачаал­лыг хөнгөвчлөх боломжийг диспетчерийн зохицуулалтаар хийж гүйцэтгэнэ. Эрчим хүчний зохицуулах хороо, зохицуулагч миний биеэр ахлуулсан ажлын хэсэг олон нийтийг эрчим хүчний хэмнэх дадал зуршилд уриалъя, эрчим хүчийг хэмнэх нь ямар хэрэгтэй юм бэ гэдэг ойлголт өгөх замаар мэдлэгжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм. 

-Эдгээрээс таны ахалж байгаа ажлын хэсгийн хийж буй ажлыг дурдвал?

-Ажлын хэсэг өнгөрсөн хуга­цаанд хуралдаж төлөвлөгөө гаргалаа. Ажлын төлөвлөгөөнд тусгасан ёсоор иргэн, айл өр­хүүдээс судалгаа авсан. Судал­гаагаар нэгдүгээрт, эрчим хүч­ний талаар, эрчим хүчний зөв хэ­рэглээний талаар олон нийтийн мэдлэг ойлгоц тун тааруухан байлаа. Утаа, түгжрэл гэх мэт хурц асуудлуудтай харьцуулахад эрчим хүчний асуудал өөрөө нийгмийн анхаарлыг татахуйц сэдэв биш байна. Судалгаанд оролцсон 100 гаруй өрхийн 70 гаруй хувь нь гэр хороолол, үлдсэн нь орон сууцны хэрэглэгчид байсан. Эдгээр иргэн эрчим хүчний хангамж хүртээмж болон үнэ тарифт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Гэр хорооллын алслагдсан хэсгүүдэд хүчдэлийн уналт зэрэг чанарын доголдол гардаг асуудлуудыг эс тооцвол. Хоёрдугаарт, 17-22 цагийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэг­лээ хэрхэн хэлбэлзэж, ОХУ-аас авах эрчим хүч ямар хэмжээгээр нэмэгдэж, яагаад хязгаарлах нөхцөл байдал гардаг, ер нь эрчим хүчний хэрэглээний өсөлт, оргил ачааллын талаар иргэд, олон нийтийн ойлголт тун бага байгаа юм байна гэдэг дүгнэлт гарсан. 

-Судалгааны үр дүн тааруухан гарсан юм байж. Тэгэхээр ний­гэмд эрчим хүчний зөв хэрэг­лээний талаарх ойлголт өгөхөд ямар ажил хийж эхлэх вэ?

-Шийдэл ярихгүйгээр олон нийтийг айлгаж цочирдуулахаас илүү тодорхой гарц гаргалгааг нь зааж өгье. Тухайн иргэн, айл өрх цахилгаан эрчим хүчээ хэмнэе гэж байвч аргаа олохгүй байж болох шүү дээ. Тэгэхээр тодорхой зан үйлийг хэвшүүлэх, дадалд сургахад үлгэр үзүүлэх байдлаар эрчим хүчний хэрэглээний соёл, хэв маягийг сурталчилъя. Сурталчлаад зогсохгүй иргэд, аж ахуйн нэгжийг оргил ачааллын үеэр эрчим хүчний зөв хэрэглээнд дадах зуршлыг уриалъя. Энэ уриалга маань эрчим хүчний өвлийн цагийн хуваарийн оргил ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд бид “Тогоо тохируулъя 17-22 цаг” гэдэг уриалга гаргаад, эрчим хүч хэм­нэх энгийн аргуудын талаар ойлголт, мэдлэг өгсөн цуврал контент бэлтгэж олон нийтэд хүргэж байна. Ингэснээр иргэд юуны өмнө тогийг яаж хэмнэлттэй хэрэглэх боломж байна вэ гэдэг мэдлэг, ойлголттой болно. Тогоо тохируулъя гэсэн нь системийн оргил ачааллын үед тог-оо тохируулж, яг тэр цагт заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ унтрааж, бүрэн салгаж  зүй зохистой хэрэглэе гэдгийг уриалж байгаа юм. 

-Эрчим хүчний хэмнэлт, зөв хэрэглээ гэдэг юм өөр улс оронд байдаг зүйл үү, манайх л ингэж хомстолд ороод байдаг хэрэг үү?  

-Эрчим хүчний хэмнэлт гэдэг зүйл 1970-аад онд дэлхий дахинд нүүрлэсэн газрын тосны хямралаас үүдэлтэйгээр бий болсон байдаг. Хямралаас үүдэлтэйгээр улс орнууд “Эрчим хүчний хэмнэлтийн хууль гэдгийг баталж эхэлсэн. Эрчим хүчний өсөлт, хэрэглээ төдийгөөс өдий хүртэл тодорхой цаг хугацаанд сорилтуудтай тулгарч ирсэн түүх бий. Хамгийн сүүлд гэхэд л ОХУ-Украины дайнаас үүдэлтэй түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой хямралд Европ тив бүхлээрээ шахуу өртөөд байгааг бид харж байна. Европын холбооны улсууд эрчим хүчний бага зарцуулалтад анхаарлаа хандуулж арга хэмжээ авч байна. Эрчим хүчний хамгийн бага зарцуулалтыг стандартчилж өглөө.

-Тэгвэл бид эрчим хүчний хэм­нэлтийг хэрэглэгчдэд дадуулах өөр ямар арга зам байна вэ? 

-Эрчим хүчний хэмнэлтийг, хэрэг­лээ талд удирддаг хоёр төр­лийн арга байдаг юм. Нэгдүгээрт (Demand side management) эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих арга байгаа юм. Энэ нь эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмждэг, тог цахилгаан бага хэрэглэдэг тоног төхөөрөмж сонгох гэх мэт. Хоёрдугаарт, (Demand response) хэрэгцээг удирдах. Хэрэгцээг удирдах гэдэг нь нөөцийн хомстол арилгах, системийн найдвартай байдлыг хангах зорилгоор эцсийн хэрэглэгчдийн хэрэглээг бууруулж хамтран ажиллах зарчим гэж ойлгож болно. Хэрэглэгчид шаардлагагүй хэрэгцээгээ хязгаарлахыг санал болгоно гэсэн үг. Шаардлагагүй хэрэглээ гэдэг нь хүнгүй өрөөний гэрэлтүүлгийг унтраах, ханын розеткаас цэнэглэгч, цахилгаан хэрэгслийг салгаж бүрэн унтраах зэрэг наад захын соёл багтана. Үүнээс гадна өндөр ачааллын үед буюу 17-22 цагийн үед цахилгааны өндөр хэрэглээтэй тоног төхөө­рөмжийг ахуйн хэрэглээндээ ашиглахгүй байхыг санал болгох юм. Дэлхий нийт ч ийм хоёр аргаар зохицуулалт хийгээд явдаг. 

-Дэлхийд ийм улс ингэж зохи­цуулалт хийгээд явдаг гэж жишээ дурдвал, хамгийн ойр байгаагаас нь?

-Саяхан 2011онд Японд болсон цунамигаас үүдэлтэй Фүкүшима цөмийн цахилгаан станцын ослыг бид мэдэж байгаа. Ослын дараа цөмийн станцыг зогсоосон. Цөмийн станц нь нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадлын 4/1 хувийг эзэлж байлаа. Станцын үйл ажиллагааг зогсоосны улмаас бий болсон цахилгаан, эрчим хүчний хямралыг давахын тулд Японы Засгийн газар ийм зохицуулалтыг хийсэн. Жишээлбэл, ачааллыг шилжүүлэх, хязгаарлах, дутагдалтай газруудад явуулын эх үүсвэр ашиглах зэргээр маш олон арга хэмжээг засгийн газар ард иргэд, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч компаниудтайгаа хамтарч хийж хэрэгжүүлснээр 3-4 жилийн хооронд эрчим хүчний хямралаа давсан байдаг. Харин манай урд хөрш БНХАУ арай өөр хэлбэрээр буюу тодорхой хууль тогтоомжоор хэмнэлтийг хуульчилж хэрэглээг удирдах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг орон. Канад зэрэг зарим улс орон оргил ачааллыг эдийн засгийн аргаар буюу оргил цагийн тарифыг өсгөх замаар бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлдэг жишээ байна. Манай улсад ахуйн хэрэглээний оргил ачааллын үеийн тариф гэж байдаггүй. Бид энэ тарифыг бий болгохоор судлаад явж байна.

-Тэгэхээр хоёулаа эргээд нө­лөөл­лийн аяны талаарх яриандаа оръё. Аяны хүрээнд хийх өөр ямар ажил төлөвлөж байна вэ?

-Эрчим хүч бидний амьдралыг тав тухтай болгож нийгмийн идэвхтэй, ажил үүргийн бүтээмж өндөртэй байхад нөлөөлдөг чухал үнэ цэнтэй бүтээгдэхүүн юм. Гэхдээ энэ үнэ цэнтэй бүтээгдэхүүн маань нөөц, хүчин чадал хязгаартай гэдгийг ухуулан сэнхрүүлэхийн тулд “Тог-оо тохируулъя 17-22” аяны хүрээнд бид 10 ажил хийхээр төлөвлөж байна. Эрчим хүчний зохицуулах хороо төрийн бодлогын чиг үүргийг Эрчим хүчний хэмнэлтийн хууль бусад хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллагын хувьд БШУЯ, нийслэлийн Боловсролын газартай санамж бичиг байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд гэр бүлд эрчим хүчний хэмнэлт хийх дадал зуршлыг бий болгоход насанд хүрэгчдээс илүү үүргээ ухамсарлаж, сурч дадахад амархан гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Бид хүүхдүүдэд хандсан дүр бүтээж, видео хэлбэрээр сошиал платформуудаар түгээх ажлыг хийнэ. Фото зургаар эрчим хүчний хэмнэлттэй холбоотой архив үүсгэж нийгэмд эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулж мэдээлэл өгнө. Бидний хийж хэрэгжүүлэх ажлыг олон нийт, нийгэмд түгээх ажлыг мэдээж сэтгүүлчид гардан гүйцэтгэнэ. Тэгэхээр сэтгүүлчдийнхээ эрчим хүч, түүний хэмнэлтийн талаарх ойлголтыг дээшлүүлэхэд хандсан дөрвөн удаагийн сургалт зохион байгуулах гэж байна. Эрчим хүч, уур амьсгалын чиглэлээр дагнасан нийгмийн нөлөөлөгчдийг бий болгох зорилгоор эрчим хүчний салбарын экспертүүдтэй хамтарсан 1:1 гэдэг баг үүсгэж сургалт зохион байгуулна. Энэ сургалтад эрчим хүч, эдийн засаг, уур амьсгалын сэдвээр дагнаж бичих хүсэлтэй залуу сэтгүүлчид хамтарч ажиллахад нээлттэй. Эрчим хүч, дулааны оргил ачааллын үеийн хэмнэлт, зохистой хэрэглээний дадалд уриалсан бүтээлч постер, видеонууд гаргана. Энэ ажил маань эхнээсээ хийгдээд явж байна. Мөн байгууллагуудад чиглэсэн аян. Системийн ачааллын 3/2 нь аж ахуйн нэгж байдаг. Аж ахуйн нэгжүүд дотор үүрэг хүлээсэн хэрэглэгчид байгаа. Тэдгээр хэрэглэгчдийг оргил ачааллын үеэр ээлжээ зохион байгуулах, засвар үйлчилгээгээ хийх, шаардлагагүй тоног төхөөрөмжөө унтраах зохи­цуулалтын ажлыг диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспет­чер Б.Баатараар ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ. Энэ ажилд ч зохицуулах хорооны ажлын хэсэг нөлөөллийн ажлуудаа эдгээр бай­гууллагууд руу мөн чиглүүлнэ. Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгслүүд, эрчим хүч хэмнэх арга аргачлал, танин мэдэхүйг багтаа­сан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хэрэглэгчдэд таниулж мэдүүлье. Жишээ нь цагийн тохи­руул­гатай тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа байж болно. Үзэсгэлэн худалдааг он гараад зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

-Хүүхдүүдэд хандсан ажил хийнэ гэж байсан. Видео контент бүтээгээд зогсчих­гүй байх гэж бодогдоод байх юм?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүдэд зориулсан “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяныг зохион байгуулж эрчим хүчний зөв хэрэглээ, зөв дадалд суралцуулах уралдааныг сургуулиудын дунд зохион байгуулах, ахлах ангийн сурагчдын дунд эрчим хүчний оргил ачааллын үеийн хэмнэлт, зөв хэрэглээ дадалд уриалсан мэтгэлцээн, уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхдүүдийг идэвхжүүлье. Олон нийтийг эрчим хүчний салбарын өнөөгийн тулгамдсан асуудлууд, нөхцөл байдлын мэдээллээр хангая. Иргэд, олон нийт мэдээлэлтэй байвал бидний ажлыг дэмжиж, хамтран ажиллана. Илүү хүнд байдалд орохоос хамтдаа урьдчилан сэргийлж чадна. 

-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувь өсөж байдаг гэж сонсож байсан. “Тог-оо тохируулъя 17-22” нөлөөллийн аянаар жил бүр өсөж байдаг хэрэглээний энэ өсөлтийг хэдэн хувь болгож бууруулж чадах бол?

-Хэдхэн жилийн өмнө дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр эрчим хүчний үнийг төрөөс даасан. Эрчим хүчний үнийг төрөөс даана гэдэг тогтоол 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд гарсан. Тогтоол гарсан өдөр эрчим хүчний урд өдрийн хэрэглээнээс даруй 100 МВт-аар нэмэгдсэн. Хэдийгээр гадна агаарын хэмтэй эрчим хүчний хэрэглээ шууд хамааралтай байдаг ч тэр өдөр гадна агаарын хэм огцом өөрчлөлтгүй байсан. Тухайн үед бий болсон нөхцөл байдлыг засгийн газарт танилцуулж арванхоёрдугаар сарын 15-ны өдөр эрчим хүчний сайдын “Эрчим хүчний хөнгөлөлтийг тухайн өрхийн урьд жилийнх нь мөн үеийн хэрэглээтэй харьцуулсан дүнг хөнгөлнө. Харьцуулалтаас илүү гарсан үнийн дүнг хэрэглэгч өөрөө төлнө” гэдэг утгатай тушаал гарахад эрчим хүчний хэрэглээ даруй 80-90 МВт-аар буурч байсан. Энэ нь хэрэглэгчдийг эдийн засгийн хөшүүргээр удирдаж, хэрэглээний зөв зүйтэй арга зам руу оруулах нэг аргачлал байгаа юм гэдгийг харуулсан. Оргил ачааллын үнэ тарифыг үе шаттайгаар бий болгох ёстой. Дээр миний ярьдаг хэрэгцээг удирдах, хэрэглээг үр ашигтай болгох хоёр арга замаар 15 орчим хувь буюу энергийн хэмжээгээр 200-300 сая кВт цагийг хэмнэх боломж харагдаж байгаа юм. Энэ хэмнэж болох 200-300 сая кВт цаг эрчим хүч баруун гурван аймгийн бүтэн жи­лийн хэрэгцээ гэж ойлгож болно. Энэ бо­ломжийг бий болгоход хүн бү­рийн хүчин чармайлт хэрэгтэй. Тэгэ­хээр бид 50-80 МВт хэрэглээг бууруулчих боломж байна. Тэгвэл бид дараа­гийн шинэ эх үүсвэр ортол хяз­гаар­лалт, хөнгөлөлт хийхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

-Та манай сониноор дамжуулан хэрэглэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Товчхондоо дүгнээд хэлэхэд “Тогоо тохируулъя 17-22” нөлөөл­лийн аяны зорилго маань олон нийтийг соён гэгээрүүлэх, эрчим хүчний салбарынхаа нөхцөл байдлыг ойлгуулах, хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлтийн арга аргачлалыг зааж дадал зуршлыг суулгах юм. Эцэст нь хэн хожих вэ гэхээр хэрэглэгч, эрчим хүчний салбар ч хожно. Хэмнэж хэрэглэвэл хэрэглэгчийн эрчим хүч ашигласны төлбөр бага гарна шүү дээ. Бүр том утгаараа Монгол Улс эрчим хүчний хомстолд орж, тэр чигээрээ харанхуй болох эрсдэлээс хамтын хүчээр зайлж болох юм. Мөн Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудын өмнө хүлэмжийн хийг бууруулах тодорхой үүрэг хүлээсэн байгаа. Эдгээр зорил­тыг биелүүлэхэд эрчим хүчний хэмнэлт тодорхой хувь нэмрээ оруулах юмаа.

ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө