АТГ 2022 онд 2 их наяд 400 тэрбум төгрөгийг авлигачдаар нөхөн төлүүлжээ


Авлига.... Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь бичиг”-т “Авлига гэдэг нь ёсон бусаар шунаж авсан эд юм” хэмээн тэмдэглэжээ. Харин УИХ-аас 2006 онд баталсан Монгол Улсын Авлигын эсрэг хуульд “Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил” гэж тодорхойлсон байдаг. Монгол Улс Авлигатай тэмцэх хуулийг шинэчлэн батлаад  16 жил, Авлигатай тэмцэх газартай болоод 15 жил болж байна. 

Авлигатай тэмцсэн энэ 15 жил амар дардан байгаагүй. “АТГ бол улс төрийн махны машин”,”Улстөрчдийн бие биенээ намнах хэрэгсэл” гэсэн элдэв сэтэр зүүж өгч, үгүйсгэх,  харлуулах, муулах, хүчгүйдүүлэх элдэв оролдлого хийж, татан буулгах тухай яриа ч  мэр сэр цухалздаг байлаа.

 “Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг” гэсэн үг бий. Мэдээж АТГ-ын эсрэг гаргаж байгаа элдэв мэдээллүүдийн ард бараан, саарал авлигын эзэд л сууж байгаа нь тодорхой. Яагаад гэвэл, АТГ эрх мэдэлтэй, хүч чадалтай, хөрөнгө мөнгөтэй авлигачидтай тэмцэж байгаа учраас...

АТГ газар хуулийн дагуу авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, хуульд заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажлыг гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.  Гэхдээ иргэдийн хамгийн их сонирхдог мэдээлэл бол гэмт хэрэгтнүүдэд авсан арга хэмжээ, хохирол нөхөн төлүүлэлт байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс цөөн хэдэн тоо баримтыг АТГ-ын цахим хуудаснаас онцолж авлаа. 

“АТГ ажиллаад л байна гэх юм. Хэн ямар ял шийтгүүлж, ямар хариуцлага хүлээсэн юм бэ” гэж зарим хүн бухимдах нь бий. Тэгвэл АТГ 2017 онд 66, 2020 онд 111, 2021 онд 161 хэрэг шүүхээр шийдүүлжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2021 онд л гэхэд 161 хүн авлига албан тушаалын гэмт хэргээр шүүхээр орж ял зэм хүртсэн гэсэн үг. Үүнээс гадна АТГ-ын хохирол нөхөн төлүүлсэн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.
  

Тус газар 2007-2017 онд нийтдээ 2 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн бол  2017 онд 3.4 тэрбум, 2018 онд 17 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөг нөхөн төлүүлжээ. Харин 2022 онд 2 их наяд 400 тэрбум төгрөгийг авлигачдаар нөхөн төлүүлжээ.

Тус газраас гаргасан мэдээл­лүүдийг нэгтгэж байхад “Авлигач­даас салгаж авсан мөнгө ард түмний мөнгө шүү” гэдгийг олон нийтэд дахин нэг сануулах тухай бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Учир нь, Авлигачдаас 2020 онд 35.6 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхэд 5.6 тэрбумыг Сангийн яамны Төсвийн орлого хяналтын газарт, 2.7 тэрбумыг Хөгжлийн банканд, 15 тэрбумыг Монголбанканд, ЖДҮХС-д 4.3 тэрбумыг, 654 сая төгрөгийг төрийн байгууллагуудад тушаалгасан байдаг. 2021 онд  96.2 тэрбумын хохирол нөхөн төлүүлэхэд 11.8 тэрбумыг Сангийн яамны Төсвийн орлого хяналтын газарт, 2.4 тэрбумыг Хөгжлийн банканд, 61.8 тэрбумыг Монголбанканд, 110 сая төгрөгийг ЖДҮХС-д, 8.1 тэрбумыг төрийн байгууллагуудын дансанд тушаалгажээ. Харин 2022 оны есөн сарын байдлаар нөхөн төлүүлсэн 2 их наяд 378 тэрбум 815.5 сая төгрөгийн 2.9 тэрбум төгрөгийг Сангийн яамны Төсвийн орлого хяналтын газарт, 766.5 тэрбумыг Хөгжлийн банканд, 721.2 тэрбумыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт, 235.4 тэрбумыг Хөтөлийн цемент шохой компанид, 647.2 тэрбумыг “Эрдэнэт үйлдвэр”-т, 148.6 сая төгрөгийг төрийн байгууллагуудын дансанд нөхөн төлүүлжээ. Тус газарт шалгагдаж байгаа олон зуун хэргийн нэг нь Хөгжлийн банктай хол­боо­той хэрэг. 

Зээл нэрээр их хэмжээний мөнгө гаргаж, улсаа хүртэл хоосруулах шахсан энэ хэрэгт 83 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Зөвхөн Хөгжлийн банк л гэхэд АТГ-ын хүчээр есөн сарын хугацаанд 2.7 тэрбум төгрөгөө олж авчээ. Хохирол нөхөн төлүүлэлт, гэмт хэрэг шийдвэрлэлттэй холбоотой эдгээр сайн  мэдээ араасаа бас саар бодол дагуулж байгааг нуугаад яах вэ.

АТГ үнэхээр сайн ажиллаад авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг илрүүлээд байна уу, эсвэл Монгол Улсад авлига өдрөөс өдөрт нэмэгдээд байна уу гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрнө. Энэ асуултад АТГ-ын дарга  З.Дашдаваа “гадаад хамтын ажиллагаа” сайжирч байгаа учраас гэмт хэрэг илрүүлэлтийн тоо өсөж байгаа гэж тун товчхон хариулжээ. АТГ сүүлийн жилүүдэд гадаадын хууль сахиулах байгууллагууд, “Интерпол”, “Эгмонт”, “Старын сүлжээ” зэрэг байгууллагатай хамтын ажиллагаагаа сайж­руулахад анхаарснаар авлигачдын гадаадад нуусан, тэнд худалдан авсан хөрөнгийг буцаан авчрах, хохирлыг нь төлүүлсэн үзүүлэлт сайжирчээ.

Үүнд эрүүгийн хэргийг хялбар­шуулсан журмаар шийдвэр­лэх ажиллагаа чухал нөлөөлөл үзүүлжээ. Монгол Улсын Их хурлаас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн заалт орсон. Авлига, албан тушаалтнуудын гэмт хэргийн  илрүүлэлт сайжирч байгаа энэ цагт ялын бодлогыг чангатгаж өгөх нь ч зөв биз. Гэхдээ авлигатай тэмцэх ажил зөвхөн АТГ-ын ажил биш. Бид бүгдээрээ тэмцэж байж л авлигыг бууруулж чадна.

  Б.НҮҮДЭЛ

Эх сурвалж: Монголын Үнэн сонин №042/24523/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 9 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө